Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 220

 

Д.А-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хохирогч Ч.Энэрэл түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ө.Одончимэг, нарын нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10ы өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Д.А-холбогдох 2015000000196 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 31ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, А.

 

Шүүгдэгч Д.А- нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын чанартай А-27 дугаартай асфальтан зам дээр 58-80 АРА улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Д.Хишигдэлгэр, Э.Наранчимэг нарын эрүүл мэндэд хөнгөн, А.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан, А.Чимэгсайханы амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.А-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

хохирогч А.Буянжаргалд 4.139.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Хишигдэлгэрт 695.000 төгрөг, Э.Наранчимэгт 1.007.000 төгрөг төлсөн, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэлийн нэхэмжилсэн 160.842.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Буянжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэл  нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.А-холбогдох 2015000000196 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Харин давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд бага насны гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд элэгний В болон 0 буюу дельта вирустай, эмнэлгийн байнгын хяналтад байдаг хүн юм. Хохирогч талаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувьд оршуулгын зардлыг төлсөн. Харин цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Д.А- нь осолтой холбоотой ямар нэгэн гэм хорын зардал гарсан тохиолдолд төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Болорчулуун хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох учиртай. Гэтэл анхан шатны шүүх хор уршгийн шинж чанарын талаар тодорхойлж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан гэмтлийн зэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг залруулах эрх зүйн зохицуулалт бий. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ө.Одончимэг хэлсэн саналдаа “... амь хохирогчийн хүүхдийг өөрийн боломжоор байнга тусалж дэмжинэ гэдгээ бүрэн илэрхийлдэг гэж худал бичсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш огт холбоо бариагүй, ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлээгүй. Бага насны гурван хүүхэд өнчин үлдсэн бөгөөд эгч нь дөнгөж 20 настай. Гэтэл ямар нэгэн байдлаар холбогдохгүй байгаа нь цаашид ямар байдалтай байхыг тодорхой харуулж байна. Анхан шатны шүүхэд хэргийг буцааснаар бидний зүгээс учирсан гэм хорыг нэхэмжилнэ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна гэж гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Прокуророос Д.А-ыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын чанартай А-27 дугаартай асфальтан замаар 58-80 АРА дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар Д.Хишигдэлгэр, Э.Наранчимэг нарын эрүүл мэндэд хөнгөн, А.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Чимэгсайханы амь насыг хохироосон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энэрэл хохирол, гомдол болон иргэний нэхэмжлэлийн талаар мэдүүлсэн байтал үүнийг хэрхэн шийдвэрлэж буй талаар дүгнэлт хийлгүй, хохирлын тооцоог бодитой дүгнэлгүй, шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын хяналтын шатны шүүхэд гаргасан “магадлалыг хүчингүй болгох тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         С.БАТДЭЛГЭР

 

ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                             Б.БАТЦЭРЭН

 

                                                             Б.ЦОГТ

 

                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН