Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 109/2015/0015/З |
Дугаар | 001/ХТ2016/0063 |
Огноо | 2016-02-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2016/0063
“Жөн Юан” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалагтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Банзрагч, хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Жөн Юан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Их тамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
“Жөн Юан” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жөн Юан” ХХК нь Архангай аймгийн Их тамир сумын нутаг дэвсгэрт орших 2089 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 13402Х тоот тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 2008 оноос хойш эзэмшиж ирсэн.
Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” 06 дугаар тогтоол гарсан болохыг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хайгуулын ажил хийж байх үед бидэнд танилцуулсан. Дээрх тогтоолтой танилцахад “Байгалийн унаган төрхийг хамгаалах, доройтсон орчныг сэргээх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор Эрдэнэтолгой багийн “Мөнгөт” хэмээх газар нутгийг Ой, амьтан, ургамал, усны нөөц газрын ангилалд орон нутгийн хамгаалалтад авлаа” гэсэн утга бүхий байсан. Дээрх тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нь манай эзэмшдэг 13402Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйлдэл болсон.
Уг тогтоолыг гаргах зорилго нь иргэдийн санал хүсэлт, тухайн газар өвгөдийн булш, бунхан байдаг гэсэн үндэслэл дурдсан. Хэдийгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэдийн саналыг үндэслээд тогтоол гаргах эрх байгаа ч энэ тогтоолоо гаргахдаа үндэслэлтэй гаргах ёстой. Энэ тогтоолын үндэслэл нь ой, амьтан, ургамал, усны нөөцийн ангилалд оруулсан. Гэтэл үндэслэл нь өвгөдийн булш, бунхан, хэрэгсүүр байна гэсэн иргэдийн санал хүсэлтийг үндэслэж гаргасан. “Жөн Юан” ХХК-ний тусгай зөвшөөрөл бүхий талбайд ой, амьтан, усны нөөц газар байхгүй. Иймд Архангай аймгийн Их тамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг Архангай аймгийн Их тамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Жөн Юан” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар сумын ард иргэдээс өөрсдийн нутгийг хамгаалах үүднээс маш их өндөр шаардлага тавьсан, бидэнд өргөх бичиг барьсан учраас уг асуудлыг авч хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт тогтоолоо явуулахад Ихтамир сумын “Мөнгөт” хэмээх газрыг тусгай хамгаалалттай газрын бүртгэлд бүртгэлээ гэсэн хариуг ирүүлсэн. Уг тогтоолыг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр танилцуулсан. Бид хэлэлцээд хууль, журмын дагуу хилийн цэсийг тогтоож, яаж хамгаалах талаар дүрэм журмыг хавсралтаар, кадастрын зурагтай нь гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэсэн хуулийн заалтуудыг мөн орон нутгийн иргэдийн саналыг үндэслэсэн. Уг тусгай зөвшөөрлийг анхнаасаа хууль бусаар авч байсан нь тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн тогтоол гарсаар байхад 2008 оны 03 сард тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Орон нутгийн саналыг аваагүй. Байгаль орчин, аялал жуучлал, ногоон хөгжлийн яамнаас ирүүлж байгаа албан тооттой танилцахад, тогтоолд дурдагдаж байгаа ой, амьтан, нутаг усны нөөцийг орон нутгийн хамгаалалтад авч байгаа нь тухайн нутгийн онгон байдал, түүх соёлын дурсгалт газар, усны нөөц газар байх боломжтой учраас энэ ангилалд нь оруулж тусгай хамгаалалтад авсан байдаг. Иймд 06 тоот тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4, 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 5, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 28 дугаар зүйлийн 3, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь хэсгийн к, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Жөн-Юан” ХХК-ийн Архангай аймгийн Ихтамир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг Архангай аймгийн Ихтамир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар магадлалаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Жөн Юан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Тунгалагтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хуульд заасан шаардлагыг хангаж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хайгуулын талбайд хамаарах газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тохиолдолд Архангай аймгийн Их тамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хуулийн зохицуулалтын биелэлтийг хангаж ямар үндэслэлээр газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах гэж байгаа тухай шийдвэрээ "Жөн Юан" ХХК-д мэдэгдээгүйн дээр нөхөн олговор олгох талаар ямар ч тохиролцоо хийгээгүй. Ашигт малтмалын газар 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар албан тоотоор “нөхөн олговорыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг анхаарна уу” гэж Архангай аймгийн Их тамир сумын Засаг дарга Д.Хүрэлшагайд ирүүлсэн байдаг. “Жөн Юан” ХХК нь хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж ямар нотлох баримт болон хуулийг үндэслэж дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноо шийдвэртээ тодорхой тусгалгүй хэргийг шийдвэрлэжээ.
Мөн “Жөн Юан” ХХК нь хайгуулын үйл ажиллагааг явуулах явцдаа ямар ч булш, хиргисүүрийг хөндөөгүй бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлж, археологи болон палеонтологийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, тухайн хайгуулын талбайд байсан булш, хиргисүүрийг археологийн хүрээлэнгийн хамгаалалтад шилжүүлсэн байдаг.
Архангай аймгийн Их тамир сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчийн Хурал "Мөнгөт" хэмээх газар нутгийг тусгай хамгаалалтад авах болсон үндэслэл шаардлагаа “50 гаруй өрхийн өвөлжөө, хаваржаа, намаржаа байдаг. Эрдэнэтолгой багийн бэлчээр ашиглалтын “Нарийн хужирт” хэсэгт 2007 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна, энэ газар нь эрт дээр үеэс эхлэн бидний эцэг, өвгөдийг хөдөөлүүлдэг газар байсан тул одоогоор булш, шарил ихтэй ба сумын төвийн салхины дээд талд байрлалтай газар юм" гэж тодорхойлсон байдаг. Энэхүү үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч ой, амьтан, ургамал, усны нөөц газрын ангилалд оруулсан байдаг.
Гэтэл Архангай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаар албан тоотоор малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар тухайн газарт газар олгогдоогүй гэдэг нь нотлогддог. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд мөн хуульд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд хэрэв орон нутгийн газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа тохиолдолд тухайн газрын газар зохион байгуулалтыг төрийн захиргааны байгууллагаар хийлгэх ёстой байтал аймгийн Газрын албанаас газар зохион байгуулалтын талаар, судалгааны ажил хийгдсэн байдал, болон тухайн газрын ой, амьтан, ургамал, усны нөөцийг тогтоосон судалгаа шинжилгээ байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй.
Хариуцагч талын төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа “иргэд тус газрыг орон нутгийн хамгаалалтад ав гэсэн өргөх бичгийн дагуу тусгай хамгаалалтад авсан, бидний зүгээс ой, амьтан, ургамал, усны нөөцийг тогтоолгож судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулсан баримт байхгүй” гэх тайлбаруудаар 06 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн 06 дугаар тогтоол нь “Мөнгөт” хэмээх газрыг байгаль, түүхийн дурсгалт газрын ангилалд оруулаагүй бөгөөд харин ой, амьтан ургамал, усны нөөц газрын ангилалд үндэслэлгүйгээр оруулсныг шүүх анхаарч үзээгүйгээс гадна иргэдийн Хурлыг Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг үндэслэж тогтоол гаргаагүй гэж үзсэн атлаа, харин 2015 оны Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын дагуу энэхүү журмыг үндэслэл болгож тогтоол гарсан гэж яагаад үзэх болов? сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү журмыг үндэслэж шийдвэр гаргасан тухай нотлох баримт хэрэгт байхгүй болно.
Дээрх байдлаас дүгнэхэд шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан нь илт байгаа бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан болоод хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч тал нь тус тогтоолыг гаргах эрхтэй этгээд нь хэн байсан бэ гэдэг асуудал дээр маргаагүй бөгөөд харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь үндэслэлгүйн дээр, хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлэхгүйгээр гарсан тогтоол юм. Энэхүү тогтоол нь “Жөн Юан” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй гэдэг асуудал дээр маргаж байгаа билээ.
Гэтэл шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж магадлалаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Жөн-Юан” ХХК нь Архангай аймгийн Их тамир сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Уг тогтоолоор байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах доройтсон орчныг нөхөн сэргээх зорилгоор “Мөнгөт” хэмээх 2089 гектар талбайг хамарсан газар нутгийг ойн амьтан, ургамал, усны нөөцийн газрын ангилалд оруулж, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд нэхэмжлэгчээс “орон нутгийн тусгай хамгаалалтад авах нөхцөл үүсээгүй” гэсэн үндэслэлээр маргаж байна.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хил зааг, хамгаалалтын горимыг тогтоох эрхтэй байна.
Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүхэлдээ давхцалтай бөгөөд уг газарт хүрэл зэвсгийн үед холбогдох хиргэсүүр 7, булш, чулуу, оршуулгын дурсгал 24, нийт 31 дурсгалт зүйл байрлаж байгаа, мөн усны хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газрын хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай болох нь Шинжлэх ухааны академи, түүх археологийн хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1/401 дүгээр албан бичиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05/6225 дугаар албан бичиг зэргээр тогтоогджээ.
Иймээс захиргааны байгууллагын маргаан бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоол хууль зүйн үндэслэлтэй, захиргааны байгууллагын нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго, чиг үүрэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв болжээ.
Харин хариуцагчийн “нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг анхнаасаа хууль бусаар авсан” гэх үндэслэлийн хувьд нэхэмжлэгч хуулийн этгээдэд хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон гэх асуудал нь түүнд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад хамааралтай, хариуцагчаас энэ талаар эрх бүхий байгууллагад хандаж, маргаан үүсгээгүй тул энэхүү маргаанд шууд хамааралгүй байна.
Нэхэмжлэгчийн “тухайн талбай ойн амьтан, ургамал, усны нөөц газар гэдэг нь тогтоогдоогүй, ямар ч судалгаа шинжилгээ хийлгүй тогтоол гаргасан” гэх гомдлын тухайд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон байх бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05/6225 дугаар албан бичиг, газрын кадастрын зургаар маргаан бүхий газар нь усны хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газрын хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай болох нь тогтоогдсон тул дээрх гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс “мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиалгаар хийгдсэн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн палеонтологи стратиграфийн төвийн захирал, доктор Г.Сэрсмаагийн “палеонтологийн талаас нөлөөлөх зүйлгүй” тухай гэрээт ажлын дүгнэлт болон Шинжлэх ухааны академи, түүх археологийн хүрээлэнгийн Археологийн авран хамгаалах хайгуул судалгааны тайланд хайгуул хийхийг зөвшөөрсөн үг, өгүүлбэр байхгүй, сөрөг үр дагавар үүсэхгүй тухай мэргэжлийн байгууллагын үндэслэл тодорхой тусгагдаагүй, дээрх хуульд зааснаар палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуул хийхдээ соёлын өвийг хамгаалах, палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон нөхөн олговрын хэмжээ, төлөх хугацааг тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор заасан, энэ хугацаанд төлөөгүй бол үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ