Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2024/00019

 

2024 02 08 207/МА2024/00019

 

 

Н ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13.286.197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-, нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Б- нь тус байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ................... дугаартай зээлийн гэрээ байгуулж 7.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. ............ дугаартай ОРХ улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ................................ арлын дугаартай С 300 машиныг ................... тоот фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. ...зээлдэгч нь зээл төлөхгүй 1278 хоног хугацаа хэтрээд байгаа. Зээлдэгчийн төлөх үндсэн зээл 7.000.000 төгрөг, үндсэн хүү 5.266.831 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.019.366 төгрөг нийт 13.286.197 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж уулзаж байсан боловч зээлээ төлөөгүй гэжээ.

 

Хариуцагч Т.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б овогт Т-ын Б-ээс 7.947.332 төгрөг гаргуулж Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.338.865 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Зээлдэгч зээл олгогч хоёрын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний дагуу бол тус барьцаанд авагдсан авто машин нь байдаг. Тус автомашинаар гэрээний гүйцэтгэл хангагдах учиртай. Гэвч энэ талаар анхан шатны шүүх харгалзан үзэж гэрээнд тусгагдсан асуудлыг огт авч хэлэлцээгүй ... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Н ББСБ нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.Б-ээс 13.286.197,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Т.Б- нь фидуцийн гэрээ байгуулж машинаа тэдний өмчлөлд шилжүүлсэн, барьцаа хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулахаар гэрээнд заасан тул машиныг зарж борлуулсан дүнгээр зээлийг хаах боломжтой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч Н ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ............... дугаартай зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Т.Б- нь нэхэмжлэгч Н ББСБ-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ................... дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан ба мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж .......... маркийн ............ ОРХ улсын дугаартай автомашиныг түргэн борлогдох үнэ 8.400.000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд авсан.

Хариуцагч Т.Б- зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй, фидуцийн гэрээний дагуу барьцаалагдсан .......... маркийн ............ ОРХ улсын дугаартай автомашиныг Н ББСБ өөрийн нэр дээр шилжүүлэн авсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ........... дугаар шийдвэрийг хариуцагчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэвийн ажиллаж байсан тээврийн хэрэгслийг Н ББСБ нь барьцаанд авчихаад их хэмжээний эвдрэлтэй болгосон нь хэргийг шийдвэрлэх үед илрээгүй мэдэх боломжгүй байсан үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоолгохоор хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ........ дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хүчингүй болгож, ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн байхад шүүх хариуцагч талаас нэхэмжлэгч Н ББСБ-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай зарчим буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-т нийцээгүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Фидуцийн гэрээ нь зээлийн гэрээний дагалдах гэрээ байдаг тул зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд барьцаалагдсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгч тал заавал сөрөг нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүй.

Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 3.1.2-т үл маргах журмаар энэхүү гэрээнд тохиролцсон түргэн борлогдох үнээр худалдаж хохирлоо гаргуулан авч үүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх, 3.1.5-д төлбөр төлөгчөөс Корпорацийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд автомашин өмчлөх эрхийг корпорацийн нэр дээр бүртгүүлж, холбогдох бичиг баримтыг банкинд хадгалуулах, 3.2.2-т барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан орлогоор зээлийн төлбөрийг төлүүлэх талаар тус тус зохицуулжээ.

Фидуцийн гэрээгээр хүлээсэн эрх үүргээ нэхэмжлэгч Н ББСБ хэрхэн биелүүлсэн болох нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд барьцаалагдсан автомашиныг нэхэмжлэгч Н ББСБ яаж хүлээн авсан барьцаа хөдлөх хөрөнгө болох тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан болох анх барьцаалснаас хойш тээврийн хэрэгслийн чанар байдал дордсон эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг И ББСБ гэж буруу бичсэн байгаа нь шүүгч, шүүгчийн туслахын хариуцлагагүй алдаа байгааг анхааруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.107 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У