Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2024/00022

 

2024 02 29 207/МА2024/00022

 

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Л-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Л-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 28.950.022 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Д.С-ээс хохирлын 94.878.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.Л-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г /цахим/, нарийн бичгийн дарга Б.Ма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.С- миний бие 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Я баг Х-ийн 1-5 тоот байршилтай хашаа байшинг Д нэртэй дэлгүүрийн хамт 40.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож авсан. Би С.Л-ас дэлгүүрийг авахад надад 1.000.000 орчим төгрөгний барааг хүлээлгэн өгсөн ба би 2021 оны 09 сарын 15-ны өдөр 16.000.000 төгрөг, 2022 оны 01 сарын 21-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, мөн банкны зээлэнд 2.980.022 төгрөгийг буюу нийтдээ 24.980.022 төгрөгийг С.Л-д шилжүүлсэн. Би ковид цар тахлын улмаас, мөн хувийн ажлаас шалтгаалан дэлгүүрийг ажиллуулж чадахгүй нөхцөл байдал үүсч энэ талаар С.Л-д хэлэн дэлгүүрийг өөр хүнд зараад мөнгийг нь өгье тэр хүнд дэлгүүрийн эрх бичиг баримтаа шилжүүлж өгч болох уу гэдэг саналыг тавьсан ба С.Л- зөвшөөрсөн тул би 2021 оны 10 сарын 19-ний үед Б.Ут 28.000.000 төгрөгөөр зарсан. Гэтэл С.Л-, Б.Уаас дэлгүүрээ авахаар нэхэж эхэлсэн ба улмаар цагдаагийн байгууллагад С.Л- өргөдөл өгсөн ба уг өргөдлийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Миний хувьд дэлгүүр ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч үлдээд байна, иймд би С.Л-д өгсөн 24.980.022 төгрөгийг буцаан шаардах эрх үүсээд байна. Мөн би С.Л-д 2022 оны 04 сарын 18-ны өдөр 80.000 төгрөг, 2022 оны 01 сарын 03-ны өдөр 250.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 140.000 төгрөг, 2022 оны 03 сарын 30-нд 50.000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 450.000 төгрөг, 2020 оны 10 сарын 21-нд 1.000.000 төгрөгийг дансаар өгсөн, С.Л- өөрийнхөө хүүхдэд өгчих гээд надаас 2019 оны 09 сарын үед 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, нийтдээ 3.970.000 төгрөгийг авсан. С.Л-ас дэлгүүр худалдаж авахаар тохиролцож төлсөн болон бусад байдлаар авсан 28.950.022 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие гэр бүлийн дундын өмч болох О аймаг Б сум Я баг Х-ийн 1-5 тоотод байрлах газар, хашаатай дэлгүүрийн зориулалтгай үл хөдлөх хөрөнгө бүхий 1 хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд байхад нь Д.С-тэй ярилцаж 50.000.000 төгрөгөөр худалдах болж, улмаар Д.С- нь тодорхой хэмжээний төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг эхнэр бид хоёрын хамтран авсан К банкны зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байхаар тохиролцсон. Гэтэл Д.С- нь бидний банкны зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй ба тэр ч бүү хэл миний хөрөнгийг бусдад өөрийнх гэж худал хэлж зах зээлийн үнээс хэт бага үнээр зарж байгаа мэтээр хуурч бусдыг залилсан байсан. Миний хувьд түүний худал хэлснээс болж К банкны зээл төлөгдөөгүй, их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрт ороод байгаа ба түүний зальт үйлдлээс болж би маш ихээр хохирч байна. Иймд миний хохирлыг Д.С-ээс гаргуулж өгөхийг хүсье. Мөн нэхэмжлэлдээ дурьдаад буй мөнгө өгсөн гэж тайлбарласан нь худал байх бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.Л- би 2020 оны 06 дугаар сарын сүүлээр О аймаг Б сум Я Х-ийн 01-05 тоот хаягт байрлах Д нэртэй, 8 нэрийн зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрээ худалдахаар 50.000.000 төгрөгөөр Д.С-тэй харилцан тохиролцсон. Дэлгүүрийг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд амаар харилцан тохиролцсон бөгөөд 50.000.000 төгрөгөөр дэлгүүрийг К банк ХХК-ийн нэр дээр барьцаанд байсан тул банкны зээлийн 40.000.000 төгрөгийг нь Д.С- үргэлжлүүлж, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг надад бэлнээр өгөхөөр тохирсон. 2020 оны 06 дугаар сард дэлгүүрийг Д.С-д худалдах үед дэлгүүрт 6 сая орчим төгрөгийн бараа байсан бөгөөд дэлгүүрийг бараатай нь цуг өгч барааны мөнгийг үлдэгдэл 10.000.000 төгрөгийн хамт Д.С-ээс авахаар ярьж тохиролцсон юм. Гэтэл Д.С- нь К банк ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд төлөхгүй явсаар зээлийн гэрээний дагуу банк надаас мөнгөө нэхэмжилж тус иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн юм. У гэх хүнд дэлгүүрийг худалдан борлуулах нэрийдлээр худал хэлж залилан мэхэлж зарсан бөгөөд энэ хэргийг тус аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Д.С- нь дэлгүүрийг худалдаж авах нэрийдлээр 2020 оны 06 дугаар сараас хойш дэлгүүрийг ажиллуулж ирсэн бөгөөд С.Л- би 2023 оны 8 дугаар сард У гэдэг хүнээс дэгүүрийн түлхүүрээ буцааж авсан юм. С.Л- би эхнэрийн хамт дэлгүүрээ ажиллуулж байсан бөгөөд манай дэлгүүр нь өдрийн цагийн хуваарийн дагуу бүтэн ажилласан 3 өдрийн орлогоор тооцож үзэхэд: ...нийт 1.317.750 төгрөгийн орлого орж байсан байна. ...Ингээд бодохоор 1 сарын орлого нь 13.177.500 төгрөг болж байгаа ба дээрх дүнгийн 20 хувиар бодож ашгаа тооцоолоход 2.635.500 төгрөг гарч байна. Д.С-ын дэлгүүрийг ашигласан 36 сардаа тооцоолж бодоход 94.878.000 төгрөгийн цэвэр ашиг олох бүрэн боломжтой байна. Иймд Д.С- нь 2020 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд дэлгүүрийг ашигласан байх тул бид өөрсдөө дэлгүүрээ ажиллуулж байсан бол олох байсан ашиг буюу Д.С-ын бидэнд учруулсан хохиролд 94.878.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л-ас 23.970.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.980.022 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.С-ээс 94.878.000 төгрөг гаргуулах С.Л-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус шийдвэриин ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Нэхэмжлэгч Д.С-, хариуцагч С.Л- нар 2021 оны 06 дугаар сард О аймгийн Б сум Я баг Х-ийн 1-5 тоотод байршилтай хашаа байшинг Д нэртэй дэлгүүрийн хамт худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.гэж дүгнэсэн байна. ...116.2 Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн үйл баримтыг буруу ойлгож шийдвэрлэсэн байна. Учир нь Д.С-, С.Л- нар нь 2020 оны 06 дугаар сард хашаа байшинг дэлгүүрийн хамтаар худалдахаар харилцан тохиролцсон юм. Маргааны үйл баримтаа ойлгоогүй, хашаа байшинг худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх хугацаа үйл баримтыг гүйцэт ойлгохгүйгээр шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтын шийдвэр нь үндэслэл бүхий байхыг зөрчиж байна. Мөн шийдвэрийн 5 дахь талд ...Нэхэмжлэгч Д.С- хариуцагчид 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 16.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 80.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 250.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 140.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 30-нд 50.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 450.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-нд 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч эн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн... гэжээ. Гэвч хариуцагч нь эдгээр мөнгө дансаар орсоныг хүлээн зөвшөөрч байгаа боловч эдгээр мөнгийг өгсөн зориулалт нь дэлгүүрийн мөнгө гэж өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй маргасан. Анхан шатны шүүх нь дээрх дансаар шилжсэн мөнгөний гүйлгээний утгыг анхаараагүй юм. ...Нэхэмжлэгч Д.С нь дэлгүүрийн мөнгийг өгөхдөө Дэлгүүрийн үнэ С-ээс" гэх утгаар шилжүүлдэг юм. Мөн Д.С- болон С.Л- нарын харилцан тохиролцсоноор дэлгүүрийг 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 10.000.000 төгрөгийг С.Л- авч үлдэгдэл 40.000.000 төгрөгийг Д.С- нь К банкны ззэлийг төлж барагдуулахаар тохирсон тул С.Л- нь дахиж дэлгүүрийн мөнгө гэж авахгүй Д.С- нь дэлгүүрийн мөнгө гэж өгөхгүй учир С.Л-ын дансаар мөнгө шилжүүлэхдээ дэлгүүрийн үнэ гэж шилжүүлээгүй юм. Шийдвэрийн 7 дахь талд ...Худалдан авагч Д.С-ийг гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй гэж үзэх үндэслэлгуй бөгөөд төлбөрийг харилцан тохиролцсоны дагуу цувуулан өгч байсан байдал тогтоогдсон. Харин талуудын хооронд гэрээний үүргээ хэзээ биелүүлж дуусах талаар тохиролцоо тодорхойгүй бөгөөд хариуцагч С.Л- ч эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шилжүүлж өгөөгүй буруутай байна. Иймд хариуцагч С.Л- нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй боловч үүнд нэхэмжпэгч Д.С- ганц буруутай гэж үзэхгүй...гэжээ. Талуудын хооронд бичгэн хэлбэрээр гэрээ байгуулаагүй ч талуудын хооронд ярилцаж тохиролцсон тохиролцоо нь хашаа байшинг дэлгүүрийн хамт 50.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах бөгөөд 10.000.000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 40.000.000 төгрөгийг нь К банкны зээлийг үргэлжлүүлэн төлж зээлийг төлж дууссанаар хашаа байшинг чөлөөлж нэхэмжлэгч Д.С-ын нэр дээр шилжүүлэн өгөх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсоноор үлдэгдэл 40.000.000 төгрөгийн зээлийг төлж барагдуулахгүйгээр С.Л-ыг зээлийн дарамтанд оруулсан, харилцан тохиролцсоны дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тул гэрээний үүргээ зөрчсөн байтал С.Л-ыг эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шилжүүлж өгөөгүй буруутай байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. 2. Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг баталгаажуулж ............. дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэгдсэн бөгөөд тус тэмдэглэлийн 7 дугаар талд ...Даргапагчаас: Дэвтэрт үзлэг хийхээр хөндлөнгийн гэрчүүдийг оруулж ирээд хөндлөнгийн гэрчүүдийн биеийн байцаалттай танилцая гэхэд... гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тул шүүх үзлэг ... хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна... гэж заасан байна. Мөн хуулиин 51 дүгээр зүйлийн 51.2-д Үзлэг...зэрэг авах хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны дундуур хэргийг завсарлуулж үзлэг хийх ажиллагааг явуулсан бөгөөд үзлэгт оролцсон хөндлөнгийн гэрч болон хэргийн оролцогч нарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл танилцуулаагүй, үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй юм. Үзлэгийн тэмдэглэлтэй хэргийн оролцогч болон хөндлөнгийн гэрч нар танилцаж өөрчлөлт оруулах эсэх саналыг гаргах эрхтэй байхад уг эрхийг хязгаарлаж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бичсэн нь хэргийн оролцогчийн эрхийг минь ноцтой зөрчсөн байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.16-д заасан ...болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцах эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй байх тул О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч С.Л-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 28.950.022 төгрөг гаргуулах, хариуцагч С.Л- нь нэхэмжлэгч Д.С-ээс хохирлын 94.878.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л-ас 23.970.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.980.022 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.С-ээс 94.878.000 төгрөг гаргуулах С.Л-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааны явцад хэрэгт хавсаргаж өгсөн дэвтэрт үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д ...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тул шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна..., мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2.-т үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ. 51.5.-д тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө. 51.6.-д тэмдэглэлд уг ажиллагааг явуулсан этгээд болон түүнд оролцсон буюу байлцсан бүх хүн гарын үсэг зурна. Тэдгээр нь гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй гэж заасан хуулийн заалтыг зөрчжээ.

Хэргийн 2 дугаар хавтасны 18 дугаар хуудсанд хөндлөнгийн гэрчид хууль тайлбарлан өгсөн баримтанд 2 хүний гарын үсэг зурагдсан байх ба хэнийг оролцуулж гарын үсэг зуруулсан болох нь тодорхойгүй, хууль тайлбарласан баримт нь өөр шүүгч, туслахын нэрээр үйлдэгдсэн, шүүх хуралдааныг шүүгч Б.Х даргалсан ба шүүх үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргаагүй, хэргийн нотлох баримтанд үзлэг хийх тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хариуцагчийн өмгөөлөгч Г.Гын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч С.Л-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 632.340 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч С.Л-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 632.340 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б