Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2024/00024

 

2024 03 07 207/МА2024/00024

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Б-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШШ2023/............ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 869.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Б-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, хариуцагч Б.Б-, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний эзэмшлийн 4-27-.... тоот байранд 2023 оны 02 сарын 26-27-ны өдөр дээд айлаас ус алдсан (4-27-...). Үүний улмаас зочны өрөө, ванны өрөө, 00-ын өрөөнд 798.600 төгрөг (материал, ажлын хөлс)-ийн хохирол учирсан. Үнэлгээний зардалд 71.000 төгрөгийг төлсөн. Иргэн Болормаагаас нийт хохирол болох 869.600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манайх Х багийн 4-27-.... тоот байранд буюу тус байрны 4-27-... тоот айлын доод талд амьдардаг. Амралтын өдрөөр гэртээ байхгүй байх үед буюу 2023 оны 02 сарын 26, 27-ны өдрүүдэд дээд айлаас ус алдсан байсан. Гэртээ ирээд ус алдсан гэдгийг мэдээд уулзах гээд манай эхнэр очиход гэрт нь хүн байхгүй байна гээд орж ирсэн. Ажлын өдөр Э ДТС ОНӨХК дээр очиж ус алдсан тохиолдолд яах ёстой талаар асуухад даатгалтай бол даатгалаар энэ хохирлыг барагдуулж болно гэж хэлсэн. ...Тантай уулзах гээд очиход та тухайн үед хаалгаа тайлж өгөөгүй, хаалгыг чинь нүдэхэд нохой чинь цаана нь дугарч байсан. Хаалгаа тавихгүй болохоор би гэртээ орж ирээд тан руу залгахад та утсаа аваад ярихад цаана нь нохой чинь дугарч байсан. Тэгэхээр та тухайн үед та гэртээ байсан. Та өөрөө хаалгаа онгойлгож өгөөгүй байж ингэж гүтгэж болохгүй байх. Хаалгаа онгойлгож өгөхгүй байгаа нь анхны тохиолдол биш. ... Даатгалаас мөнгө авах гээд шуналтаад байгаа зүйл биш. Хоёулаа даатгалтай учир энэ мөнгийг ийм байдлаар гаргуулах нь зүйтэй байх гэсэн үүднээс л даатгалд хандсан. Би өөрөө ус цацчихаад мөнгө нэхээд байгаа зүйл биш. Манай 3-н өрөөнд ус алдсан. Хэрвээ хариуцагчийн дээд айлаас нь ус алдсан бол манайх шиг бүх өрөөнд нь ус алдах байсан. Ус алдсан гэдгийг мэдэхгүй өнгөрөх боломжгүй гэв.

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Г- нь 2023 оны 02 сарын 26-27-ны өдөр ус алдаж зочны өрөө, ванны өрөө, 00-ын өрөө бохирдож засвар хийх шаардлагатай болсон гээд 869.600 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ цаг үед огт ус алдаагүй бөгөөд энэ ус алдсан гэсэн мэдээллийг нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 23-нд анх удаа утсаар ярьж мэдэгдсэн. Энэ хооронд огт хэлээ ч үгүй, уулзаа ч үгүй. Энэ 2 сарын 26-27-нд манай гэрт байнга хүнтэй байсан. ...хэрэв ус алдсан бол доод айл тухайн үед нь орж ирж мэдэгдэх боломж бүрэн байсан. Гэтэл сарын дараа утсаар яриад л маргааш нь шүүхэд нэхэмжлэх гаргаж байгаа нь тун сонин байна. ...2 хоногийн дараа даатгалын ажилтан гэж хүн ярьсан. Би мөн адил ус алдаагүй гэдгээ хэлсэн. Хэрэв ус алдсан бол тэр айл шууд л гүйгээд ороод ирнэ. Тухайн үед нь орж ирээд харах, уулзах, зураг бичлэгээ хийх бүрэн боломж нь байсан. ...Эцэст нь дүгнэж хэлэхэд би крантаа онгорхой орхиж ус алдаагүй нь үнэн бөгөөд яг энэ ус алдсан гэх цаг мөчдөө орж ирээгүй байгаа. Нэхэмжлэгч ч өөрөө үүнийг баталж байгаа. ...Манайхаас ус алдах учиргүй гэдгийг тайлбарлаж хэлэхэд маргааш шүүх дээр уулзъя гээд утсаа салгасан. Буцаагаад залгаад учраа ольё гэж хэлсэн тэгэхэд над руу эргэж залгаагүй. Ард даатгалаас над руу ярьсан. Танайхаас ус алдсан юм уу гэж асуухаар нь үгүй ээ манайхаас ус алдаагүй наад залуу чинь өргөдөл бичиж өг гээд байгаа гэж хэлсэн чинь даатгалаар хохирлоо барагдуулахын тулд орон сууцнаасаа ус алдсан нь үнэн гэдэг нь тодорхойлолт авдаг гэж хэлсэн. ... Манайх ганцхан энэ айлын дээд талд амьдардаггүй, манайхаас дээш айлууд байгаа. Хэрвээ дээрээс ус алдсан бол ганцхан доод айл руу биш яг тэр шугам дагасан бүх айлд мэдэгдэх ёстой. Манайхаас ус алдсан гэдэг нотлогдоогүй байхад надаас яагаад мөнгө нэхэмжлээд байгаа юм, үүнийг ойлгохгүй байна. Дээрээс ус орж ирвэл ганцхан дээд айлаас алдсан гэж бодож болохгүй. 2023 оны 02 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд ус алдсан гэдгийг гэртээ байгаагүй учир хаанаас ямар айлаас ус алдсан гэдгийг мэдэхгүй байна. Орон сууцны хүнээс асуухад бүгд нэг шугамаар явдаг учир бүх айлд мэдэгдэх ёстой. Тэр үед би гэртээ байхгүй байсан учир дээд айлаас ус алдсан гэдгийг мэдэж чадаагүй. Манайх ванны өрөөгөө бүгдийг нь лампирдсан учир ханаар дагаж урссан ус манайд харагдахгүй. Хаанаас бол хаанаас ч ус алдаж болно. Манай дээд айлаас бас ус алддаг. Манай лампирыг сөхөөд харвал хана нь нэлээн шарласан байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр байрны одоо ямар байгаа байдлыг дурдаж тус өдрүүдэд ус алдсан гэсэн дуудлага өгөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Тиймээс тухайн өдрүүдэд ус алдаагүй юм байна гэж ойлгосон... гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШШ2023/............ дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 869.600 /найман зуун жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,406 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г-аас дутуу төлсөн 16 /арван зургаа/ төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 25,...0 /хорин таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-ийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ. Нотлох баримыг үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой юм. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Э, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн 2023.11.28-ны өдрийн .......... дугаартай албан бичгийг үндэслэн үнэлсэн нь үндэслэлгүй, энэ өдөр тус байгууллагаас тодорхойлолт байхгүй байна. Тус байгууллагаас хэрэгт авагдсан албан бичиг нь 2023.11.29-ний өдөр гарсан байх бөгөөд тус албан бичигт дараах байдлыг дурьдсан байна. Үүнд: 4-27-.... тоот айлын том өрөө, 00 өрөө, банны өрөөний хана таазаар ус алдаж хатсан байдалтай байна. Дундын шугамнаас алдсан тохиолдолд СӨХ-нөөс дуудлага өгч ажпын байр бэлдүүлэн засвар үйлчилгээ авсан байх ёстой. Тухайн үед СӨХ-нөөс 7711..... дугаарт 2023.02 сарын 26,27-ний өдөр болон 2-р сард манай байгууллагад ус алдсан гэсэн талаар дуудлага, үйлчилгээ бүртгээгүй байна. Үүнийг шүүх үнэлээгүй 4-27-... тоот айлд орж үзлэг хийхэд 00-н хөвүүр, хэрэглээний хүйтэн усны уян шланк сольсон боловч хэзээ сольсон хугацааг тодорхойлох боломжгүй байна. 2023 оны 2-р сарын 26,27-ны өдрүүдэд манайхаас ус алдаагүй алдсан зүйл байхгүй гэж би хэлсэн. Харин нь би 2023.01.22-ны өдөр автомат угаалгын машин суурьлуулахдаа 00-ийн өрөөний хөвүүр нь цэвэр усны шугамнаас усаа татаж болохгүй байсан учир хөвүүрийг солиулсан. Почки руу усаа татахгүй байсны улмаас сольсон. Мөн 00 өрөөний автомат угаалгын машин суурьлуулахад хүйтэн усны шланкийг шинээр тавьсан байдаг. Гэтэл шийдвэрт сольсон мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Хариуцагч намайг тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Үүнийг үгүйсгэж 2023.01.22-ны өдөр хөвүүр, хүйтэн усны шланкийг 150.000 төгрөгөөр худалдаж авсан баримтыг хавсаргасан байгаа болно. Гэтэл тус айлд хэзээ ус алдсан нь тодорхойгүй, эргэлзээтэй, нотлогдохгүй байхад шүүх 2023 оны 2-р сарын 26, 27-ны өдөр ус алдсан гэж шүүх үзсэн нь хэргийн бодит байдлыг тогтоож, эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлж чадсангүй гэж үзэж байна. Өмнө нь нэхэмжлэгч нь шүүх хурал дээр хэлж байхдаа гэртээ байсан мэтээр ярьж байсан чинь давж заалдахаас хэргийг буцааж дахин шийдвэрлэхэд шүүх хурал дээр хотод байсан, хүнгүй байсан гэж зөрүүтэй ярьж байгааг шүүх анзаарсангүй.

Ус алдсан шугамыг тодорхойлох боломжгүй байна. Шугам хоолойд ус алдаж гэмтэл гарсан бол мэргэжлийн байгууллагад хандаж засвар үйлчилгээ авах ба Э, Дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ны 7711..... дугаарт 2023 оны 2-р сарын 26,27-ны өдөр болон 2-р сард манай байгууллагад ус алдсан гэсэн талаар Сууц Өмчлөгчдийн холбоо болон тухайн байрнуудаас дуудлага \үйлчилгээ\ бүртгэгдээгүй байна гэсэн. Гэтэл шүүх заавал манайхыг ус алдаж бусдад хохирол учруулсан гэж үзээд байгаа нотлох баримт хэрэгт юу ч байхгүй, нэхэмжпэгч шаардлагаа нотолж чадаагүй байхад өмнөөс шүүх нотлоод буруутгаад байгаад гомдолтой байна Шүүх хурал дээр миний ярьсан зүйлийг дурьдаж бичээгүй байна.

Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д АХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг үнэлж хохирол учирсан нь тогтоогдож байна гэсэн нь нэг талыг баримталж нотлох баримтыг үнэлсэн, давж заалдах шатнаас хэргийг буцаахад тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гарсан гэдгийг би дурьдаж гомдол гаргасан байдаг. Гэтэл шүүх үүнийг үнэлсэн. Мөн шүүх хуралд иргэдийн төлөөлөгчгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн ............ дугаартай шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул шнйдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Жич: Шүүх хуралд биечлэн оролцоно. Зарыг мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 869.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Б- нь шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Д.Г- нь 2023 оны 02 дугаар сарын 26-27-ны өдөр миний эзэмшлийн 4-27-.... тоот байрны дээд давхрын айл болох 4-27-... тоот байрнаас ус алдаж зочны болон ванн, 00 өрөөнд хохирол учирсан гэсэн үйл баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Хариуцагч Б.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд манай гэрээс ус алдаагүй. Ус алдсан гэсэн талаар тухайн үед хэлээгүй, сүүлд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр анх удаа утсаар ярьж мэдэгдсэн. Хэрэв ус алдсан бол тухайн үед нь орон сууцанд мэдэгдэх, манайд орж ирээд харах, уулзах, зураг авах, бичлэг хийх бүрэн боломж байсан. Манайхаас ус алдсан гэдэг нь нотлогдоогүй, тус өдөр ус алдсан талаар Э ДТС ОНӨХК-д дуудлага өгөөгүй байсан гэсэн татгалзсан тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 4-27-.... тоот байранд АХХК үзлэг хийж 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ДХҮ-23/............. дугаартай дүгнэлтэнд Тус байрны дээд айлаас ус алдаж том өрөөний таазны эмульс замаск ховхорч хуурсан гэж тэмдэглэгдсэн, Э ДТС ОНӨХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэгээр 4-27-.... тоот айлын том өрөө, 00 ванны өрөөний хана таазаар ус алдаж хатсан байдалтай, 4-27-... тоот айлын 00-ийн хөвүүр, хэрэглээний хүйтэн усны уян шланкийг сольсон байдалтай хэдийд сольсныг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, нэхэмжлэгч Д.Г-ын ус алдсанаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирол болон засвар үйлчилгээнд гарсан зардлын талаар АХХК-д хүсэлт гаргаж нийт 798.600 төгрөгийн зардал гарсан, үнэлгээний хөлсөнд 71.000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн хариуцагчийн өмчлөлийн орон сууцнаас доод айл буюу нэхэмжлэгч Д.Г-ын орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг хариуцагч Б.Б- хариуцах үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж хариуцагч Б.Б-гаар эд хөрөнгөнд учирсан хохирол 869.600 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд нийцсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар хариуцагч Б.Б- нь ус алдсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотлоогүй, энэ талаар нотлох баримт шүүхэд гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагч Б.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШШ2023/............ дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.Б-гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25....0 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

 

ШҮҮГЧ С.У