Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0449

 

                   “Э-И” ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагч Н.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0428 дугаар шийдвэртэй, “Э-И” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-д холбогдох зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0428 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж  шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “...Захиргааны байгүуллагын үйл ажиллагаа нь хууль бус, нэхэмжлэгчийн эрхэд үндэслэлгүйгээр халдаж байгаа нь тогтоогдож байгаа атал шүүхээс чухам ямар нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагын илэрхий алдаатай үйл ажиллагааг өөрт нь засах, дахин нэхэмжлэгчийн эрхэд халдах боломж олгож байгаад гомдолтой байна.

Маргаан бүхий 2018/03 дугаар “Шийтгэлийн хуудас”-ны 1, 2 дахь заалт нь нэгж хийгээд мөнгөн дүнгийн хувьд зөрүүтэй. Мөн яг тухайн шийтгэлийн хуудаст “Э-И” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн хэд дүгээр зүйл, заалтад заасан зөрчлийг гаргасан учир ямар хэм хэмжээтэй шийтгэл оногдуулаад байгаа нь тодорхойгүй, атварын улсын байцаагч нь өөрийн эрхийн хурээнд нотлох баримт цуглуулсан нь бодит байдал дээр тухайн тохиолдол нь зөрчил биш болохыг нотлох үнэн зөв дүгнээгүй, манай компанийг тайлбар, баримт гаргах боломжоор хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаагүй, маргаж байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зарим гомдол гаргасан иргэд нь манай компанитай огт гэрээний харилцаанд ороогүй, хамааралгүй, Орон сууц захиалсан иргэд бүрийн хувьд харилцан адилгүй талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн билээ.

Эдгээрээс дүгнэвэл шийтгэлийн хуудас, түүнийг оногдуулсан татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5. 4.2.6. 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1. 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40,4,. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл, 7.1 дүгээр зуйлийн 1.1, 1.3, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хууль бус акт, үйл ажиллагаа юм.

Иргэд нь анхнаасаа манай компанитай гэрээ байгуулах үедээ тухайн орон сууц нь НӨАТ-гүй дүнгээр өмнө нь гэрээ цуцлагдсан, хэрэв НӨАТ-ын баримт авах бол нэмж 10 хувийн татварын дүнг төлөх ёстойг тайлбарлаж, харилцан зөвшөөрч орон сууцаа авсан атлаа хожим ийнхүү гомдол санал гаргаж байгаад гайхаж байна. Бодит байдал дээрээ тухайн орон сууцны барилгын борлуулалтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд хүлээн зөвшөөрч тайлагнасан ба эдгээр нь гэрээ байгуулах үеийн уулзалтын тэмдэглэл, санхүүгийн тайлангуудаар нотлогдож байгаа болно.

Хэрэв нөхөн 10 хувийн НӨАТ төлж, НӨАТ-ын баримт олгохыг татварын улсын байцаагч нь шаардаж, ийнхүү шийтгэл ногдуулбал энэ нь Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай 5 хуулийн дугаар зүйлийн 5.1-д "... хариуцлагаас нэг удаа чөлөөлнө", 5.2 "...албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй ”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно”, 6.2-т заасан “...үүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэснийг зөрчихөд хүргэж байна.

Захиргааны акт хуулийн шаардлага хангаагүй, төрийн албан хаагч хуулийн дагуу шийдвэр гаргаагүй байдал болон уг ажиллагаанд эрх ашгаа хамгаалан оролцож чадаагүй аж ахуйн нэгжийн нөхцөл байдлыг шударгаар тогтоолгүй, нэг талыг барьж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй гэдгийг шүүх тогтоосон атлаа уг актыг дахин шинээр гаргахаар түдгэлзүүлсэн нь Төрийн байгууллагын албан хаагчийн хууль бус, хуульд нийцээгүй үйлдлийг зөвтгөх боломж олгож, аж ахуйн нэгжийг чирэгдүүлсэн шударга бус шийдвэр юм.

Тодруулбал, Татварын улсын байцаагч Т.Н нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасанчлан уг асуудлаар шалгалт явуулах, материал шаардах бүрэн эрхтэй албан хаагч бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн материалуудыг цуглуулсан бөгөөд энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.15-д заасан үүргийн хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан болох Татварын улсын байцаагч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, хуульд заасан үүргээ биелүүлсэн нь хуульд нийцээгүй болохыг шүүх тогтоосон атлаа зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь хэт нэг талыг барьсан шийдвэр төдийгүй аливаа ажиллагаа хийхдээ эрх бүхий албан хаагч хууль зөрчвөл дахин хуулийн дагуу хийгээд ирж болно гэх буруу практик тогтох нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн Татварын улсын байцаагч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь гомдол гаргагч компанийн зүгээс аливаа саад болсон үйлдэл нэг ч байхгүй бөгөөд манай хуулийн этгээдийг хариуцаж шалгадаг онцгой эрх бүхий албан тушаалтан гэдгийг шүүх анхаарсангүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...иргэнд Е-баримт олгоогүй, эсхүл огт Е-баримт хэвлэх төхөөрөмж хэрэглээгүй болохыг тогтоосон зүйлгүй байна.” гэсэн атлаа “... “Э-И” ХХК нь нэр бүхий 12 иргэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын Е-баримт  олгоогүй” зөрчлийг нотлох үүрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтанд байгаа бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх үзэв” гэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй юм.

Учир нь шүүх эхний дүгнэлтээр “Е-баримт олгоогүй, эсхүл огт Е-баримт хэвлэх төхөөрөмж хэрэглээгүй” гэх зөрчлийн аль нь болохыг тогтоогоогүй байна” гэсэн хэр нь 2 дахь дүгнэлтээр “ .... Е-баримт олгоогүй зөрчил” хэмээн зөрүүтэй, агуулгын зөрчилтэй дүгнэлтийг хийж, улмаар үүнийгээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр агуулгын зөрчилгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Мөн шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэх бодит нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Т.Н нь гомдол гаргасан иргэдийн талаар буюу маргааны үйл баримтын талаар шалгуулахаар Татварын ерөнхий газрын хяналт, шалгалтын газарт өгсөн талаар хэлж байсан бөгөөд “Э-И” ХХК-ийн 2014.01.01-2018.12.31-ний өдрийг дуустал хугацааны үйл ажиллагаанд Татварын төлөвлөгөөт хяналт шалгалт орж байгаа уг шалгалт хийгдэж дуусаагүй байна. Улмаар шалгалт явуулж буй Татварын ерөнхий газрын улсын байцаагч нар иргэдийн өргөдөл гомдолтой холбогдох бүхий л баримт материалыг шаардаж аван шалгалт явуулж байгаа болно. Гэтэл Татварын нэгдсэн хяналт, шалгалт явуул байгаа асуудлаар татварын улсын байцаагч дахин шалгаж ажиллагаа явуулах нь хуульд нийцэхгүй бөгөөд “нэг үйл баримтыг нэг байгууллагын 2 албан тушаалтан давхардуулан шалгах нөхцөлийг үүсгэлээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0428 дугаар шийдвэрт “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан” өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Зөрчилд холбогдсон “Э-И” ХХК-ийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

             Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/03 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э-И” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасныг зөрчиж,  НӨАТ-ын төлбөрийн баримтыг олгоогүй” гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          Хариуцагч татварын улсын байцаагч нар иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн гэх боловч хэрэгт авагдсан иргэдийн гомдлоос үзвэл Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэд “орон сууц худалдан авахдаа НӨАТ-ын Е-баримтыг хавсаргаагүй” гэх үндэслэлээр хөнгөлөлтөд хамруулаагүйд гомдол гаргасан, уг гомдолд тус компанийг е- баримт өгөөгүй талаар дурдсан байна.

          Тус компани давж заалдах гомдол болон тайлбартаа “... Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнасан НӨАТ учраас иргэдээс НӨАТ авалгүй хямдаар борлуулсан, гомдол гаргагч иргэд нь 2017 онд орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ байгуулсан, төлбөрөө гүйцэд төлөөгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнүүд иргэдийн нэр дээр гараагүй, анхнаасаа гэрээ байгуулахдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр байгуулж, төлбөр олгохгүй талаар иргэдтэй харилцан тохирсон” гэх зэргээр маргасан байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар уг тайлбар үндэслэлтэй эсэх, татварын улсын байцаагч нар НӨАТ төлөх үүрэгтэй эсэхийг тогтоогоогүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэл муутай болжээ.

          Учир нь дээрх хуулийн заалт нь НӨАТ-ыг суутган авсан этгээдэд хамааралтай байх бөгөөд тус компанийн тайлбараас үзвэл НӨАТ-ыг суутган аваагүй тул төсөвт төлөх болон е-баримт олгох үндэслэлгүй гэж маргаж байх тул нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төлөх үүрэгтэй эсэхийг тогтоосны дараа баримт хэвлэж өгөөгүй зөрчил үйлдсэн эсэхийг тодруулах шаардлагатай.

          Мөн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийг баримтлаагүй боловч “1500000”  төгрөгөөр торгосноос үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг баримталсан гэж үзэж болохоор байх бөгөөд НӨАТ суутган төлөх үүргээ зөрчсөн эсэх, эсхүл баримт хэвлэж өгөөгүй, эсхүл кассын машин, хэвлэх төхөөрөмж хэрэглэх үүргээ зөрчсөн зөрчлийн аль нь болох талаарх нөхцөл байдлыг тодруулж шинэ акт гаргах хүртэл шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн нь зөв болжээ. 

          Татварын улсын байцаагч нь татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд хариуцлага ногдуулах, нөхөн татвар, холбогдох төлбөрийг төлүүлэх, харин татвар төлөгч татварын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд захиргааны шүүхээс дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь татвар төлөгчийг заавал шийтгүүлэх зорилготой биш, хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны үндсэн дээр тухайн зөрчил байхгүй гэж үзвэл татварын улсын байцаагч шийтгэлийн хуудсаа хүчингүй болгох эрхтэй тул давж заалдах гомдолд дурдсан “... алдаатай үйлдлийг засаж дахин нэхэмжлэгчийн эрхэд халдах боломж олгосон” гэсэн нь үндэслэлгүй.

Иймд гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.