Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/0071

 

Б.Болортуулын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Б.Болортуул нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.Болортуулын нэхэмжлэлтэй, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Болортуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-08 тоот тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Миний бие 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ээлжийн амралтын хуваарийн дагуу Улаанбаатар хотод амарч байхдаа сургалтад хамрагдах гэтэл хэл амаар дайрч доромжилж, ажлын байранд танхайрч дээрэнгүй хандсан. Улмаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б-10 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн.

Иймд Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-08 тоот тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулсантай тэнцэх хэмжээний буюу 348.396 төгрөгийг гаргуулж, 2015 оны үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгож, 2015 оны Б-10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэболд шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тоот тушаал эрх зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд Б.Болортуулын гаргасан ёс зүйн зөрчилд тохирсон шийтгэл болсон гэж үзэж байна. Байгууллагын эд хогшилд зүй бусаар хандсан, удирдлагаа олны өмнө хэл амаар дайрч доромжилсон. 2015 оны хагас жилээр төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд Гадаргын усны нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болортуул 59.5 хувийн үнэлгээтэй үнэлэгдсэн. Б.Болортуул нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Б.Болортуулын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Болортуулын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлт, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б-10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Болортуулыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Болортуулын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 1.302.608 төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгч Б.Болортуулд олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б-06 дугаар тушаал, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б-10 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Болортуулыг урьд эрхэлж байсан Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “...1.302.608 төгрөг...” гэснийг “...1.529.361 төгрөг...” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дугаар заалтын дараа “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 3 дугаар заалтыг нэмж, “3” дугаар заалтын дугаарыг “4” болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Одонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримталсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгөн дүнг 1.529.361 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 70 дугаар зүйлийн 70.4-т заасныг буруу хэрэглэсэн. Мөн БОНХАЖЯ-ны сайдын 2015 оны А-441 тоот тушаалаар гадаргын усны нөөц, чанар хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог өөрчилж, цалингийн санг хассан тул Б.Болортуулыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилох бодит боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Болортуул нь Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн б-06 дугаар тушаалаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Гэвч хариуцагчаас уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын Хоёрын 4-т заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тодорхойгүй, нотлох баримтгүй байх тул цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв байна          

Улмаар хариуцагчаас 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн б-10 дугаар тушаалаар “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх боловч нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлээгүй болох нь тодорхойгүй,  үр дүнгийн гэрээний үзүүлэлт тус бүрээр оноо өгөөгүй зэргээр зөрчилтэй болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 6.3-т зааснаар Үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэхээр байтал хариуцагчаас хагас жилээр нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн байна.

Хариуцагчаас “хугацаа хэтрүүлсэн тайлан гаргасан, судалгаа хийгээгүй байж судалгаа хийсэн мэтээр тайлагнасан” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч түүнийг нотолсон баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор, цалингийн зөрүүг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн “давж заалдах шатны шүүхээс цалингийн хэмжээг нэмсэн нь шүүх нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэх зарчимтай нийцээгүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны нөхөх олговор болон цалингийн зөрүүг нэхэмжилсэн байснаас давж заалдах шатны шүүх тооцооллын алдааг зассан байхаас гадна хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалингийн үнийн дүнтэй холбогдуулан маргаж байгаагүй байна.  

“Орон тоо өөрчлөгдөж, цалингийн сан хасагдсан тул урьд эрхэлж байсан ажилд нь томилох бодит боломжгүй” гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй, байгууллагын бүтэц, орон тоо хасагдах нь тусдаа хуулийн зохицуулалт журамтай, энэ маргаанд хамааралгүй асуудал юм.  

Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг “захиргааны байгууллагад үл хамаарах иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, дотогшоо чиглэсэн” гэж дүгнэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар гадагш чиглэсэн буюу үр дүнгийн гэрээний дүгнэлт нь нэхэмжлэгч иргэнд шууд чиглэж, төрийн албанд ажиллах эрхэд нөлөөлсөн, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэж, “хангалтгүй” гэж дүгнэснээр нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар учруулсан, захиргааны актын шинжийг агуулсан байна.  

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг эс зөвшөөрөх, үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргах эрхтэй байна. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгчээс “үндэслэлгүйгээр бага оноогоор үнэлсэн” гэж маргаж байгаа тул захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хийж, гүйцэтгэсэн ажлын үнэлгээг хэрхэн үнэлсэн, түүний үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгаж, нэхэмжлэлийг хангаж, үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “ажлаас чөлөөлөх тухай Б-10 дугаар тушаалыг” гэсний дараа “2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Үр дүнгийн гэрээний дүгнэлтийг” гэж нэмж,  2 дахь заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ