Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0035

 

Б.Б*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Б******* нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Х******* холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханыилтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээХөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*******ын 2015 оны 05 дугаар сарын 22-ныөдрийн Б-06 дугаар тушаалыг хүчингүй болгож, үндсэн цалинг 20 хувиар бууруулсантай тэнцэх хэмжээний 348.396 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадааХөвсгөл нуур-Эгийн голынсав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*******ын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгож, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын Захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*******ын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б-10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилох хүртэлххугацааны цалинг нөхөн олгуулахаар Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанд даалгажажил албаны нэр хүнд болон сэтгэл санаанд учруулсан хохирлын хэмжээг нэмэгдүүлэн байгууллагын ахлах мэргэжилтний 1 сарын үндсэн цалин буюу 662.545 төгрөгийг байгууллагын удирдах албан тушаалтнаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тоот тушаал эрх зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд Б.Б*******ын гаргасан ёс зүйн зөрчилд тохирсон шийтгэл болсон гэж үзэж байна. Тэрээр нэхэмжлэлдээ өөрийн үйлдлээ зөвтгөж зөрчил гаргасан зүйлгүй, ёс зүйн шаардлага тавьсан гэж байна. Иймд байгууллагын эд хогшилд зүй бусаар хандсан, удирдлагаа олны өмнө хэл амаар дайрч доромжилсон үйлдлээ ёс зүйн шаардлага тавьсан гэж байгаа нь үндэслэлгүй юм.

2015 оны хагас жилээр төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд Гадаргын усны нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б******* 59.5 хувийн үнэлгээтэй үнэлэгдсэн. Б.Б******* нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлж төрийн жинхэнэ албан хаагчаар томилох боломжгүй болсон учир ажлаас чөлөөлсөн тул Б.Б*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлт, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Б*******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 1.302.608 төгрөгийг хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б******* давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараахүндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ... гэж, ...хариуцагч Д.Э*******ын гаргасан 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, учруулсан хохирол болох 331.608 төгрөгийг Б.Б*******д буцаан гаргуулах нь зүйтэй... гэж тус тус дүгнэсэн.

Мөн шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулан сонсгохдоо Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэж тайлбарлаж байсан. Гэтэл шүүгч тухайн шийдвэрийн агуулгыг бүрэн эхээрнь бичгээр үйлдэж гаргахдаа алдаа гаргаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохирооход хүрээд байна. Учир нь шийдвэрийн тогтоох хэсэгт зөвхөн ажил олгогчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б-10 тоот тушаалыг л хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, миний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин ажил олгогчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 тоот тушаалыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт зааж өгөөгүй байгаа ньажил олгогчийн Б.Б******* надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авсан шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзэхээр байна.

Иймд Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ныөдрийн 35 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаан бүхий актуудад зөв дүгнэлт хийсэн боловч маргааны үйл баримтыг орхигдуулж дутуу шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*******ын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар тушаалаар ээлжийн амралттай боловч ирж, удирдлагын шийдвэрт шууд нөлөөлөхийг оролдож, ажил хийхэд саад болж, хэл ам үүсгэн эд хогшилтой зүй бусаар хандсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б*******д үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э******* дээрх тушаалыг гаргахдаа ажилтныг ээлжийн амралттай байхад сахилгын шийтгэл ногдуулсан учир сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийн талаар ажилтанд танилцуулаагүй, түүнчлэн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ шалгаж тогтоогоогүй, сахилгын зөрчил гаргасныг нотлох баримт байхгүй, ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхой бус, тушаал нь ойлгомжгүй гарсан зэрэг нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*******ын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Сахилгын шийтгэл ноогдуулах тухай Б-06 дугаар тушаалыг хүчингүй болгож, энэхүү хууль бус захиргааны актаар учруулсан хохирол 331.608 төгрөгийг Б.Б*******д буцаан гаргуулах нь зүйтэй... гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий Б-06 дугаар тушаалыг хүчингүй болголгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Мөн нэхэмжлэгч энэхүү хууль бус актын улмаас учирсан хохирлыг ...үндсэн цалинг 20 хувиар бууруулсантай тэнцэх хэмжээний 348.396 нөхөн төлбөр гаргуулах гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаан дээр 331.608 төгрөг гэж багасгажээ.

Харин хавтаст хэрэгт Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны гадаргын усны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б*******ын 2015 онд авсан цалингийн тооцооны хүснэгт[1] авагдсан байх ба Б.Б*******ын цалингаас сахилгын шийтгэлийн 20 хувь хэмээн 6 дугаар сард 110.611 төгрөг, 7 дугаар сард 116.142 төгрөг, нийт 226.753 төгрөгийг суутган авсан байна. Гэтэл шүүх уг баримтыг анхааралгүй нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгийн хэмжээнд дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүх Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Э*******ын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгуулах... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актыг хуульд нийцсэн эсэхийг шалгаж шийдвэрлэдэг бөгөөд захиргааны акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зөвхөн гадагш дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх шаардлагыг хангасан тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан гадагш дагаж мөрдөх гэдгийг захиргааны байгууллагад үл хамаарах нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдэд хандсан, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны байгууллагын дотоод харилцаанаас тусдаа үйлчлэлтэй байхыг ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгч Б.Б*******ын үр дүнгийн гэрээний дүгнэлт нь захиргааны байгууллагад үл хамаарах иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, дотогшоо чиглэсэн, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан гадагш дагаж мөрдөх захиргааны акт биш байх тулзахиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байна.

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах байжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Сахилгын шийтгэл ноогдуулах тухай Б-06 дугаар тушаал, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-10 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Б*******ыг урьд эрхэлж байсан Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж, 2 дахь заалтын ...1.302.608 төгрөг... гэснийг ...1.529.361 төгрөг... гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн 2 дугаар заалтын дараа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай гэсэн 3 дугаар заалтыг нэмж, 3 дугаар заалтын дугаарыг 4 болгон өөрчилсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН