Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00490

 

 

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00490

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/05573 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХХК-д холбогдох, нийт 96,309,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.О /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: М ХХК нь 2014 оны 08 сарын 20-ны өдөр 14-40 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г Г ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 64,206,000 төгрөгийн үнэ бүхий 35,670 литр дизель түлш зээлээр нийлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй. Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.8, 4.2-т тус тус заасны дагуу алданги 32,103,000 төгрөг, нийт 96,309,000 төгрөгийг гаргуулна. Г ХХК-ийн хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд В.Г-ийн хаягийг тодруулан нэхэмжлэл гаргасан болно. Иймд нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 96,309,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Г ХХК нь 2014 оны 08 сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээнд гарын үсэг зурсан Ц.Л гэх хүн захирлаар ажиллаж байгаагүй. Гэрээний хугацаа 14 хоног байсан, гэрээний дагуу шатахуун нийлүүлсэн баримт байхгүй, хүлээж аваагүй. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил дууссан. 2014 оны 09 сарын 04-ний өдрөөс шаардах эрх үүссэн. 8 жилийн дараа шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тооцоо нийлсэн баримтгүй, нефтийн бүтээгдэхүүнийг компани хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Г ХХК-д холбогдох 96,309,000 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639,495 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч тал заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Хариуцагч тал шатахуун хүлээн аваагүй, манайд гүйцэтгэх захирал Ц.Л, менежер З.Э гэх хүн ажиллаж байгаагүй гэж маргаж байгааг эргэлзээгүй тогтоох нотлох баримт байхгүй байхад энэ талаар нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг зөрчсөн. Учир нь талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Ц.Л байсан эсэхэд маргадаг, одоо ажиллаж байгаа гүйцэтгэх захирал В.Г хэдэн оноос компанийн захирал болсон эсэх тодорхойгүй байхад шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

4.2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасныг зөрчин агуулгын хувьд алдаатай, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийг 116.2-т заасныг зөрчсөн. Талуудын маргааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлээгүй, нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.3.  Манай компани Г ХХК-тай олон жил хамтран ажиллаж байсан. Гэрээний үүргээ биелүүлэхээ илэрхийлж байсан тул үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсаар 2019 он хүрсэн. Манайх 2022 оноос гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж эхэлсэн. 2022 оны 04 сард Баянзүрх дүүргийн 15-р хорооны Засаг даргад хүсэлт гарган тухайн хаягтаа үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар мэдсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01705 дугаар шийдвэрээр Г ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсан. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 78 дугаар зүйлийн 78.1.1, 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй болсон 2019 оноос хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой байсныг шүүх зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж, шийдвэр гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс яагаад шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагч талтай тооцоо нийлээгүй, тооцоо нийлэх талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулахад нотлох баримтаар гаргаж өгөх зүйлгүй гэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дизель түлшний үнэ 64,206,000 төгрөг, алданги 32,103,000 төгрөг, нийт 96,309,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, дизель түлш хүлээн аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 65, 67-74/

3.   М ХХК, Г ХХК-иуд 2014 оны 08 сарын 20-ны өдөр 14-40 тоот Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь чанарын шаардлага хангасан 30 тонн дизель түлш нийлүүлэх, худалдан авагч нь 30 тонн дизель түлшний үнэ 54,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 5-9/

Дээрх гэрээнд М ХХК-ийг төлөөлж захирал Р.Б, Г ХХК-ийг төлөөлж захирал Ц.Л нар гарын үсэг зурсан, компанийн тамга дарагдсан байна. /хх 5-9/

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

5.   Хариуцагч талын ...Г ХХК-д Ц.Л гэх хүн захирлаар ажиллаж байгаагүй... гэх тайлбар нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

Учир нь, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм.

Иймд ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй... гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

6.1.  Өмнө дурдсанчлан, худалдан авагч Г ХХК нь дизель түлшийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн тул худалдагч М ХХК-ийн шаардах эрх 2014 оны 09 сарын 05-ны өдөр үүснэ. /хх 5, 11, 12/

6.2.  2014 оны 09 сарын 05-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 09 сарын 05-ны өдөр дуусгавар болжээ.

6.3.  ...Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа тоолно... гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

6.4.  Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа хариуцагч Г ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулсан үйл баримт нь Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох үндэслэлд хамаарахгүй. /хх 13-15/

7. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Г ХХК нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч М ХХК-ийн түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ...982,420 төгрөг гаргуулах... гэж буруу бичсэн алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/05573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 639,495 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР