Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 218/МА2024/00004

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2024/00066 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Дундговь аймгийн *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ...******* миний бие Дундговь аймгийн *******, ОНӨААТҮГазарт 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ахлах мэргэжилтэн-ээр ажилд орсон. Ажилд орсон цаг үеэс эхлээд ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хэрэгжүүлж ажиллаж ирсэн. 2023 оны эхэнд манай байгууллага орон нутгийн өмчит байгууллага болж, нэршлээ өөрчилж, Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, миний ажлын нэршил, чиглэл Ерөнхий инженер болсон. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ажилдаа ирэхэд захирал ******* нь өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгд, эсвэл би чөлөөлсөн тушаал гаргана гээд байсан. Тэгээд миний бие 10 дугаар сарын 6-ны өглөө ажил дээрээ очиход 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөр *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган хүний нөөцөд үлдээсэн байсныг авсан. Дундговь аймгийн *******, ОНӨААТҮГазрын захирлын 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Б/101 тоот тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн, урьд сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Иймээс Дундговь аймгийн *******, ОНӨААТҮГазрын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Дундговь аймгийн ******* ОНӨААТҮгазрын дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ы нэхэмжлэлтэй Дундговь аймгийн ******* ОНӨААТҮГазарт хариуцагдах нэхэмжлэлийг гардаж аваад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. ******* нь 2023 оны 09 дүгээр саруудад болон 10 дугаар сарын 03, 04, 05-ны өдрүүдэд дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ нь манай байгууллагын цагийн бүртгэл, бусад баримтаар нотлогдоно. Ажлын цаг ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар чөлөөг албан бичгээр авалгүйгээр ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, ажил байнга тасалдаг байсан ч үргэлж боломж олгож ирсэн. Гэтэл өөдөөс согтуу эрүүл нь мэдэгдэхгүй элдэв мессеж илгээж, войс явуулж, элдэв хараалын үг хэлж хүн доромжилдог. Удирдах, удирдуулах ёс мэдэхгүй, хэт дураараа дээрэнгүй зантай, ёс зүйн зөрчилтэй албан хаагч юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн ******* ОНӨААТҮГазарт 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан. 2023 оны эхэнд манай байгууллага орон нутгийн өмчит байгууллага болж Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон. Ингэснээр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, ерөнхий инженер болсон. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд захирал ******* өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгд эсхүл би чөлөөлөх тушаал гаргана гэж хэлсэн. Тэгээд миний бие 10 дугаар сарын 06-ны өглөө ажилд ирэхэд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. Дундговь аймгийн ******* ОНӨААТҮГазрын захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/101 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн. Зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Дундговь аймгийн ******* ОНӨААТҮГазарт ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гаргасан тушаалаа үндэслэлтэй гэж үзэж байна. ******* удаа дараа ажил тасалж байсан. Байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд харшилж байгаа тул үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн гэж байгаа боловч ирээгүй. Маргааш нь 10 цаг хагасын үед ирээд танилцуулангуут хаяад гараад явсан. Цайны цаг болох гэж байхад ирэхдээ 2 найзтайгаа согтуурсан байдалтай ирсэн. Агсам тавиад байхаар нь цагдаа дуудсан. Ажил тасалж байсныг баримтаар нотолсон. 5 сард дараалан 5 хоног ажил тасалсан. Түүн дээр цалинг нь 5 хоногоор хасаж тооцсон. 10 сард цалинг нь өгөөгүй гэжээ.

5. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар *******ыг Дундговь аймгийн ******* ОНӨААТҮГазрын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Дундговь аймгийн ******* ОНӨАТҮгазраас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5367518 /таван сая гурван зуун жаран долоон мянга таван зуун арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******д олгох 5367518 /таван сая гурван зуун жаран долоон мянга таван зуун арван найман/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Дундговь аймгийн ******* ОНӨААТҮгазарт даалгаж,

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Дундговь аймгийн ******* ОНӨААТҮгазраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2024/00066 дугаар шийдвэрээр *******ы нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн *******, ОНАААТҮГ-т хариуцагдах иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. *******ыг ажлаас чөлөөлсөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг Б/101 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан ******* ОНӨААТҮГазрын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох тухайд:

******* нь 2023 оны 09 дүгээр саруудад болон 10 дугаар сарын 03, 04, 05-ны өдрүүдэд дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ нь манай байгууллагын цагийн бүртгэл, Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, гэрч *******, нарын мэдүүлгээр нотлогдоно.

Ажлын цаг ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар ... чөлөөг албан бичгээр авалгүйгээр, ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, ажил байнга тасалдаг бөгөөд үргэлж боломж олгож ирсэн. Гэтэл өөдөөс согтуу, эрүүл нь мэдэгдэхгүй элдэв мессеж илгээж, voice явуулж, элдэв хараалын үг хэлж хүн доромжилдог. Удирдах, удирдуулах ёс мэдэхгүй, хэт дураараа дээрэнгүй зантай, ёс зүйн зөрчилтэй албан хаагч юм.

Гэрч *******гийн мэдүүлэгт: ... ******* нь дээрх өдрүүдэд ажилдаа ирээгүй, ажилдаа ирэхдээ дөнгөж үзэгдээд гараад явчихдаг ...Ямар шалтгааны улсаас ажил тасалсан талаар би мэдэхгүй. ...Ерөнхий инженер ******* нь байгууллагын захиргааны ажилчдын cap бүрийн тайлан мэдээг нэгтгэх, үнэлж дүгнэх, урамшуулал бодох зэргийг хийх ёстой наад захын ажил, гэвч энэ ажлыг хийдэггүй, би эдгээр ажлыг нь хийж гүйцэтгэдэг" гэж, гэрч мэдүүлэгтээ "... Байгууллагын ажилчдыг өглөө ажилдаа гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг, өдөр тутмын аюулгүй ажиллагааны дэвтэр дээр гарын үсэг зуруулж ажилд гаргадаг. Би ерөнхий инженер *******д аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. ... Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэртэй уншиж танилцаагүй, гарын үсэг зураагүй бол ажилдаа ирээгүй гэж үздэг. ... 2023 оны 10 дугаар сарын 02,03,04,05-ны өдрүүдэд ерөнхий инженер ******* тухайн өдрүүдэд аюулгүй ажиллагааны дэвтэр дээр ажилдаа ирээгүй учир зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурагдаагүй гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлэг, цагийн бүртгэл, Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааны баримтаар ******* нь 2023 оны 10 дугаар сарын 02,03,04,05-ны өдрүүдэд ажлаа тасалсан нь, хариуцсан ажлаа бүрэн дүүрэн хийж гүйцэтгэдэггүй, арга буюу түүний зарим ажлыг бусад албан тушаалтнууд хийж гүйцэтгэдэг болох нь гэрч *******гийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх эдгээр нотлох баримтыг огт үнэлэлгүй, үнэлэхгүй байгаа үндэслэлээ тайлбарлалгүйгээр хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхээс хавтаст хэргийн 60-64-р талд байгаа Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа-ны баримт, дэвтрийг нүүр хэсэгт нь огноог засварласан нь уг баримт үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байна гэж шүүхээс тухайн нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч талаас энэхүү баримтыг үгүйсгэж мэтгэлцдэггүй, үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэхүү баримт үнэн болохыг гэрч гэрчилдэг. Нөгөө талаас нэхэмжлэгч талаас хариуцагч талаас гаргаж өгсөн цагийн бүртгэлийн баримт, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааны баримттай холбогдуулан үзлэг хийлгэх хүсэлт гаргаснаасаа өөрсдөө татгалзсан, өөрөөр хэлбэл тухайн баримттай маргаж, үгүйсгэх баримтыг хэрэгт бүрдүүлээгүй байхад шүүхээс үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэнгүй.

2. Шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т зааснаар ... байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх ёстой байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 155.2-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн Үндэсний хороо батална. гэсний дагуу Үндэсний хорооны 2022.02.10-ны өдрийн 05 тоот тогтоолоор Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм-ийг хавсралтаар баталсан. Энэхүү дүрмийн 2.3.2-т аймгийн төвийн суманд хороо байгуулах бол аймгийн болон сумын ЗД-ын тамгын газар , аймгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага-3, төлөөлөлтэйгөөр байгуулна гэж дүрэмд заасан. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2022.12.04-ний өдрийн 30 тоот тогтоолоор Дундговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан, байдаг бөгөөд энэхүү бүрэлдэхүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-ын дарга томилогдсон байдаг. Гэтэл өөрөө энэ хорооны гишүүн нь байж 2023.11.20-ны өдрийн 04/547 тоот албан бичгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо үйл ажиллагаа явуулдаггүй гэх албан бичгийг хийж өгсөн байдаг. Дундговь аймгийн төвийн суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2022 онд байгуулагдчихаад байхад нэхэмжлэгч ******* нь тухайн хороонд гомдлоо гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

3. Шүүхээс хариуцагч миний өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангаагүй тухай:

Хариуцагчийн төлөөлөгч миний зүгээс өмгөөлөгч *******ыг сонгон авч хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаан дээр миний өмгөөлөгчийн зүгээс *******аас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн хийгдсэн талаар, мөн өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг та мөрдөх ёстой эсэх талаар асууж шүүхийн мэтгэлцээн өрнөж байхад миний өмгөөлөгчийг шүүх хурлын танхимаас үндэслэлгүй гаргасан-аар би өмгөөлүүлэх эрхээ хангуулж чадалгүй, шүүх хуралдаанд тэгш оролцох боломжоо хязгаарлуулсан.

Шүүгчээс миний өмгөөлөгчийг шүүх хурлын танхимаас гаргачхаад намайг өмгөөлүүлэх эрхээр хангах, дахин өмгөөлөгч авах, шүүх хуралдааныг хойшлуулах боломжоор хангаагүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч над руу давшилсан асуулт тавьж байхад огт хориглолгүйгээр намайг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулж, би нотлох баримтыг шинжлэн судлах, дүгнэлт хэлэх гол үе шатандаа өмгөөлөгчийн туслалцаа авч чадаагүйдээ гомдолтой байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 -т Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна, 8.2-т ... нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана" гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Зохигч хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж хуульчилсан байхад мэтгэлцээний шатнаас миний өмгөөлөгчийг хурлын танхимаас гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах хуулийн заалтыг шүүгч хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайн үед миний өмгөөлөгч шүүх хуралдааны журмыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, журмыг зөрчөөгүй, хурлын танхимаас гаргах үндэслэлгүй байхад, харин нэхэмжлэгч талаас асуулт асуух эрхийнхээ хүрээнд асуулт асууж байхад хурлын танхимаас гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж би үзэж байна.

Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2024/00066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Анхан шатны шүүхийн 02 сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байгаа. 1 дүгээрт анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж шийдээгүй. Өөрөөр хэлбэл аюулгүй ажиллагааны журам, гэрч , нарын мэдүүлэг, хавтаст хэргийн 60-64 дүгээр талд, аюулгүй ажиллагааны журмыг үнэлэх боломжгүй гэдэг байдлаар хандсан. Гэтэл нэхэмжлэгч талаас үүнтэй холбогдуулаад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Гэтэл үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан. Манай талаас гаргаж өгсөн баримтыг засвартай баримт байна гэдэг байдлаар үнэлэхээс татгалзсан нь шүүх үнэлэх ёстой баримтыг үнэлээгүй гэж үзэж байгаа. Нөгөө талаас аюулгүй ажиллагааны журам нь 2023 оны 10 дугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд ******* гэдэг хүн ажилдаа ирээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй болохыг нотолдог. Үүнийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй байхад энэхүү баримтыг үнэлээгүйд гомдолтой байгаа. Дараа нь гэрч , гэдэг хүмүүс ******* гэдэг хүн ажлаа хийдэггүй, ажлыг нь гэдэг хүн хийдэг мөн ажлаа 5, 9 сард тасалж байсан талаар тодорхой мэдүүлгүүдийг өгсөн байхад анхан шатны шүүхээс , нарын мэдүүлгийг үнэлээд байгаа юм уу, үнэлэхгүй байгаа юм уу гэдэг талаараа огт дүгнэлтийг хийгээгүй шийдвэрлэсэнд мөн адил гомдолтой байна. Хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн тушаалыг гарснаас хойш 1 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад хандах хууль зүйн зохицуулалттай. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 нөгөө талаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсний дараа нэхэмжлэлийг хүлээж авах тусгайлсан хуулийн зохицуулалттай. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, шүүгч Уранчимэгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байсан хэр нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 044547 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэдэг хүний албан бичгийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэдэг үндэслэлээр хүлээж аваад хэргийг шийдвэрлэчихсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 65.1.3-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Дундговь аймгийн Сайнцагаан сум буюу Дундговь аймаг хөдөлмөрийн эрхийн 3 талт хороо 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 30 дугаар тогтоолоор 3 талт Үндэсний хорооны тогтоолоор байгуулагдсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь албан тушаалынхаа хувьд гэдэг нэрээрээ энэ хорооны гишүүн байж энэ хороо байхгүй мэтээр өөрөө энэхүү тоотыг өгсөн нь хууль зөрчсөн, нөгөө талаасаа албан тушаалын байдлаа хэтрүүлээд байгаа юм уу, эсвэл хийх ёстой ажлаа хийхгүй байгаа юм уу гэдэг нөхцөл байдал болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсан. Дараа нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөх эрхээр хангах эрхийг хангаагүй гэдэг дээр миний үйлчлүүлэгчийн зүгээс гомдол гаргасан. Шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ байх гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д талууд шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хангах ёстой 8.2-т шүүх өөрөө мэтгэлцэхийн тулд мэтгэлцэх боломжоор тэгш хангана гэж байгаа. *******ын хувьд намайг өмгөөлөгчөөр сонгон авсан. Гэтэл би шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэх үндэслэлээр хуралдааны танхимаас гарсан. Ингээд хуралдааны танхимаас гарснаар ******* гэдэг хүн өмгөөлөх эрхээр хангагдаж чадаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.5-д заасан. Хэрэв зөрчлийн улмаас хэргийн оролцогч болох Чимэддулам миний бие шүүх хуралдааны танхимаас гарсан тохиолдолд шүүх хуралдааныг шүүх хуралдаан даргалагчийн захирамжаар тодорхой хугацаагаар хойшлуулах, тэдгээрийн тайлбар мэдүүлгийг сонсохгүйгээр явуулах үндэслэл байсан. Гэтэл би хурлын танхимаас гараад явчихсан байдаг. Шүүх хуралдааны нотлох баримт судлах, өмгөөлөгчийн дүгнэлтийн шатанд хариуцагч өмгөөлөх эрхээ хангуулж чадаагүй, өмгөөлүүлэх эрхтэй байтал хариуцагчаас шүүгч асуулгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь өмгөөлүүлэх эрхийг нь ноцтой зөрчсөн. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Шүүхийн тухай хуульд зааснаар талуудыг тэгш боломжоор хангах нөхцөлийг хангаагүй гэж үзэж байгаа учраас талуудын эрхийг зөрчсөн. Мөн үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй, хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд байгаа учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү, хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргасныг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн ,, орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн тооцолт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анх нэхэмжлэлийг гаргахад шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна, өөрөөр хэлбэл маргаан зохицуулах 3 талт хороонд хандаагүй байна, энэ хороогоор шийдвэрлэх бүрэн боломжтой гэдэг үндэслэлээр татгалзсан. Шүүгчийн захирамжид татгалзахдаа Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газарт хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаа хийлгэж ир гэдэг үндэслэлийг зааж нэхэмжлэгчид буцаасан байгаа. Энэ үед би өмгөөлөгчөөр орж ирээгүй байсан. Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тамгын газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр хөдөлмөрийн маргааныг зохицуулах 3 талт хороонд өргөдөл гаргасан. Өргөдлийг Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар хянаж үзээд таны өргөдлийг хянаж үзэхэд манай байгууллагад 3 талт хороо үйл ажиллагаа явуулдаггүй, тийм учраас өргөдлийг хянах боломжгүй байна гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоот өгөөд нэхэмжлэлийг буцааж өгсөн. Шүүх нэхэмжлэлийг одоо хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хандсан байна гэдэг үндэслэлээр хэрэг үүсгээд явсан. Хариуцагчийн төлөөлөгчөөс 3 үндэслэлээр гомдол гаргаж байна. Эхний үндэслэл нь *******ыг ажилд эгүүлэн тогтоогоод шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д тодорхой журмуудын заалтуудыг барьж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д бол хөдөлмөрийн харилцааг цуцлах 2 шалтгаан нөхцөлийг тодотгон зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол хөдөлмөрийн харилцааг цуцлах хуулийн зохицуулалт байдаг. Энэ хүрээнд хариуцагчийн төлөөлөгч маань гаргасан тушаалынхаа үндэслэлийг нотолж чадаагүй. Үндсэндээ тушаал гаргахаасаа өмнө нотлох байтал тушаал гарсныхаа дараа нотлох оролдлогыг удаа дараа хийсэн. Хавтаст хэрэгт ажлын цагийг тодорхой өдрүүдэд тасалсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд тасалсан гэдэг байдлаар нотлох баримт бүрдүүлж мэтгэлцсэн. Гаргаж ирж байгаа нотлох баримтууд нь эргэлзээ төрөхүйц байсан. Учир нь тухайн бүртгэсэн хүний гарын үсэг байдаггүй. Өөрөөр хэлбэл нүүрэн хэсэгт нь засвартай аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэдэг баримтыг авчирсан. Энэ нь цагийн бүртгэл гэж үзэх боломж байхгүй. Цагийн бүртгэл нь бүртгэсэн хүний гарын үсэг байдаггүй, хэн бүртгээд байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлууд байдаг. Тодорхой гэрчүүдийг асуулгасан, гэрчүүд мэдээж ******* даргын удирдлага дор ажиллаж байгаа хүмүүс ирээд тасалсан гэдэг байдлыг хэлэх нь тодорхой. Үндсэндээ хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл буюу түүнийг нотолсон баримтууд хэрэгт цугларч бүрдээгүй байдаг. Тушаалын 1 дэх заалтаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цаг ашиглалтыг баримталдаггүй гэдэг үндэслэлүүдийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчөөс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй юм бэ? захирлын өгсөн ямар ямар үүрэг даалгаврыг ямар цаг хугацаанд биелүүлээгүй юм бэ гэдэг талаарх нотлох баримтыг ирүүлээгүй. Энэ гараад байгаа тушаал нь нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулаад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхгүй бол болохгүй нь гэдэг баримтаа бүрдүүлээд дараа нь чөлөөлөх байтал эхлээд худал тушаалаа гаргачхаад дараа нь тушаалынхаа үндэслэлийг нотлох гээд баримт цуглуулж явсан зүйлүүд болсон. Дараагийн асуудал нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар маргадаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг сая би дурдсан. Сайнцагаан сумд хандахад манайд 3 талт хороо байхгүй, бид шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга 3 талт хорооны төрийн албаны орлон гүйцэтгэх гишүүнээр байж байдаг. Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас 3 талт хороонд хандсан өргөдөл гомдол гаргавал цаашаа хороо руугаа шилжүүлэх боломж нь байж байсан. Гэтэл албан тоот гаргаад өгчихдөг, манайд 3 талт хороо байхгүй гээд энэ албан тоотыг гаргаад өгчихөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2, 158.2.2-т зааснаар шууд шүүхээр шийдвэрлэх нэхэмжлэл гэж үзээд шийдсэн нь ямар нэг байдлаар үгүйсгэх боломж байхгүй, хуульд нийцсэн гэж үзэж байна. Дараагийн үндэслэл нь хэргийн оролцогч буюу хариуцагчийг өмгөөлөх эрхээр хангаагүй гэдэг асуудал дурдаж ирдэг. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдааны шатанд даргалагчаас дэгийг сахиулж байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89.2-т зааснаар шүүх хуралдаан даргалагч нь хэргийг шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогчийн эрх үүрэг хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна гэж шүүгчид олгосон үүрэг нь байж байна. Энэ үүргээ хэрэгжүүлээд шүүх хуралдаан явагдах шатанд миний бие асуулт хариултын үед хариуцагчийн төлөөлөгчөөс асуусан асуулт дээр хариуцагчийн өмгөөлөгч өмнөөс нь хариулах, миний асуултыг хориглох зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Шүүгчээс эхний удаа сануулсан. Энэ нь хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой харагдаж байгаа. Эхний удаа сануулсны дараа би даргалагчийн хориглосон зүйлийг хүлээж авч дэгээ сахисан. Дараа нь хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчээс асуулт асуусан. Нэхэмжлэгчээс асуулт асуухдаа эрхэм ерөнхий инженер гуай гэх үг хэллэгийн хувьд ч гэсэн нэхэмжлэгч рүү дайрсан байдалтай мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд саад болж байсан. Шүүгчээс 2 дахь удаа дахин сануулсан. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой болон ажлын байрны тодорхойлолттой холбоотой асуудлыг ярьж мэтгэлцэхгүй, өөрөөр хэлбэл дуут мессежний талаар ярьсан. Мессежийг гаргаж ирэх үү, одоо гаргаж ирэхийг хүсэж байгаа юм уу гэх зэргээр миний үйлчлүүлэгчээс хэрэгт авагдаагүй баримтын хүрээнд биш өөр зүйлээр дайрсан нөхцөл байдал үүсгэсэн. Нэхэмжлэгчийн хувьд ч гэсэн шүүх хуралдаан дээр инээсэн үйлдлийг гаргасны улмаас шүүгчээс 3 дахь удаагаа сануулаад шүүх хуралдааны танхимаас гаргасан үйл баримт болсон. Сая Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг дурдаж байна. Энэ нь зөрчлийн улмаас хэргийн оролцогч, гэрч, шинжээчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд шүүх хуралдааны даргалагчийн захирамжаар тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлгийг сонсохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл тэмдэглэлд тусгаад шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэдэг заалт байгаа. Тэгэхээр шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны танхимаас гаргасан сануулсан зүйлсийг тэмдэглээд явчихсан байгаа. Иймд ямар нэгэн байдлаар хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөх эрхэд халдсан, өмгөөлөх эрхийг нь хэрэгжүүлэхгүй гэсэн зарчмыг алдагдуулсан зүйл байхгүй. Тодорхой мэтгэлцэх зарчим, өмгөөлөх эрхийн хүрээний эрхүүдээ дурдаад байгаа хэдий ч шүүхийн танхимд мэтгэлцэх, шүүх хуралдаан даргалагчийн дэгийг зөрчих нөхцөл байдлыг үүсгэж болохгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой арга хэмжээнүүдээ аваад шүүх хуралдааны танхимаас гаргаад эдгээр хүмүүсийн мэдүүлэг, тайлбарыг сонсох шаардлагагүй гэж үзээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэхээр хандсан, хандахад тухайн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх боломжгүй. Үүнийг шүүхээр авч шийдвэрлэе гэсэн. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2-оор шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дундговь аймгийн ******* ОНӨААТҮгазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй, хариуцагч тал нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болсон зөрчлийг нэхэмжлэгч ******* удаа дараа, давтан гаргасан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч *******ы гаргасан ямар зөрчилд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, хууль зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

  4.1. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.5 дахь хэсэгт Зөрчлийн улмаас хэргийн оролцогч, гэрч, шинжээчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг хуралдаан даргалагчийн захирамжаар тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлгийг сонсохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч үзвэл үргэлжлүүлэн явуулна гэж заасан боловч үүнд өмгөөлөгч хамаарах эсэх нь эргэлзээтэй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар хэргийн бие даасан оролцогч биш харин өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд юм.

4.3. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хуульчлан заасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн хувьд энэ эрхээ эдэлж өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон байна.

Хэргийн оролцогч нар нь шүүх хуралдааны дэгийг сахих үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны дэгийг сахиулах, шүүх хуралдааны дэг зөрчсөн этгээдийг танхимаас гаргах, хуульд заасан арга хэмжээ авах нь шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээний асуудал юм. Гэвч хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийг дэг зөрчсөн үндэслэлээр шүүх хуралдааны танхимаас гаргасны дараа хариуцагчийн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хэрхэн хангах, эдлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй нь түүний эрхийг ноцтой зөрчсөн, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна, 8.2-т ...нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасныг тус тус зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.

5. Давж заалдах шатны шүүхэд уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан нотлох баримт үнэлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2024/00066 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Дундговь аймгийн ******* ОНӨАТҮгазраас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

 

Г.МӨНХБАТ