Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 285

 

                                          

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Хохирогч И.Б,

Гэрч И.Д,

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Боржигон  овогт Цэрэнгийн Доржхандад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808044421378 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Д нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлэгдсэн И.Д, Б.Мөнхжаргал нарыг батлан даалтанд өгнө гэж иргэн И.Дгийн эгч И.Бийг хуурч 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 40.000 төгрөг, түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн И.Д, Б.Мөнхжаргал нарыг Зөрчлийн тухай хуульд зааснаар тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно гэж Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ойролцоо 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

- хохирогч И.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018.05.14-ний өдөр...дүү И.Д залгаад Cонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд орчихсон байна гэсэн...тэр орой Доржсүрэнгийн найз Ундрах над руу 22 цагийн үед залгаад эрүүлжүүлэхийн эмчтэй нь уулзлаа. Доржсүрэн найзтайгаа хамт явж байгаад Сутайн буянт зах дээр хүн зодсон гээд эрүүлжүүлэгдсэн байна гэсэн...Маргааш нь Ундрах бид эрүүлжүүлэх байранд очсон, Ундрах эмчтэй нь уулзаад гарч ирээд : Доржсүрэн найзтайгаа хамт орсон байна,  эрүүлжүүлэхийн хөлс 9000 төгрөг юм байна...хэл амтай хүмүүстэй таарсан байна, охин нь цагдаад хэрэг бүртгэгч хийдэг гэнэ, өргөдөл өгсөн байгаа гэж хэлсэн. Манай хэлтсийн байр руу очоод өргөдөл нь хэн байцаагч дээр байгааг мэдчихээд ир гэж хэллээ гэхээр нь Ундах бид 2 цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү очиж асуухад манай 2 хүний нэр дээр өргөдөл гараагүй байсан...Буцаад эрүүлжүүлэхийн эмч дээр очиж уулзсан, өргөдөл гараагүй тухай хэлсэн...Эмч хэлэхдээ тухайн хүмүүс гомдолтой гээд байсан, хүрээд ирэх байх...хэл амтай хүмүүс байна лээ, зураг аваад битгий явуулаарай...Гэхдээ та нар 40.000 төгрөг үлдээгээд батлан даана гэсэн хүсэлтээ бичээд дүүгээ аваад яв гэхлээр нь би 40.000 төгрөг өгөөд, Ундрах хүсэлтээ бичсэн...Бид хоёрыг гадаа байж байхад 10 гаран минутын дараа манай дүү Доржсүрэн найзтайгаа гарч ирээд эмчтэй уулзахад нөгөө хүнээ гомдолгүй болго, өргөдөл бичээд өгчихвөл хэцүүднэ шүү гэж хэлсэн тухай ярьсан...Тэгээд бид 4 хамтдаа “Сутайн буянт” зах орж нөгөө зодуулсан гэх өвгөнийг хайсан боловч олдоогүй...Тэр өдрийн орой манай дүү над руу залгаад нөгөө зодуулсан хүнтэй уулзаад уучлал гуйгаад учраа олчихсон, та эмчтэй яриад зохицуулчих гэж хэлсэн...Үүнээс хойш 2 хоногийн дараа Ундрах над руу утсаар яриад эрүүлжүүлэхийн эмч цагдаа эгч залгаад торгуулиа өгөөч гээд байна гэхээр нь нөгөө эрүүлжүүлэхийн эмчийн дугаар луу нь залгахад Зөрчлийн хуулиар эрүүлжүүлэхэд орсон хүн болгон тэгж торгуулдаг болсон, дээрээс нь олон нийтийн газар танхайрсан учир торгож байгаа юм гэж хэлэхээр нь би ойлгохдоо 102-т дуудлага өгөөд цагдаа очиж авсан тохиолдолд торгодог юм биш үү гэж асуусан чинь тэр хамаагүй, эрүүлжүүлэхэд орсон тохиолдолд заавал торгодог, би угаасаа гаргах ёсгүй дүүг чинь бодоод гаргасан гэж хэлээд баахан хууль яриад байсан...Мөнгө олдоогүй учир тэр өдрөөс хойш 7 хоносон байх, Баянхошууны эмнэлэг дээр хүүхдээ үзүүлээд явж байхад нөгөө эрүүлжүүлэхийн эмч миний утас  руу залгаад нөгөө мөнгөө яасан бэ гээд асуухаар нь би Баянхошуунд явж байна одоо аваачаад өгье гэхэд тэр эмч би дүүргээс гарч байна наана чинь байдаг Цагдаагийн хэлтэс дээр ажилтай учраас наана чинь уулзая гэж ярилцаад...160.000 төгрөгөө өгөөд мөнгө төлсөн баримтаа яах юм бэ гэж асуусан чинь цагдаагаар Сутай дээр байдаг дүүд чинь өгүүлчихнэ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-23-25, 22 /,   

- гэрч И.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би “Сутайн буянт” зах дээр 2018.05.13-ны өдөр найз Мөнхжаргалтай хамт архи хувааж уусан, нилээн согтсон байсан, нэг мэдсэн чинь бид эрүүлжүүлэгдсэн байсан...Тэгэхэд би Сутайн буянт зах дээр хуушуур зардаг өвгөн рүү чулуу шидсэн юм шиг байна лээ, тэр хүн эхнэртэйгээ хамт явж байсан болохоор орилж хашгираад тэнд байсан цагдаа бид 2-ыг эрүүлжүүлсэн байсан...Эрүүлжүүлэхэд орсны дараа хуушуур зардаг хүний эхнэр эрүүлжүүлэх байр дээр хүрч ирээд “наад залуу чинь миний нөхрийн толгойг чулуугаар хагалсан, гомдолтой, битгий гаргаарай гэж хэлээд” явсан талаар эрүүлжүүлэх байрны эмч хэлсэн...Эрүүлжүүлэхэд орсны маргааш эхнэр Ундрахжаргал, эгч Батчимэг 2 намайг эрүүлжүүлэхээс батлан даалтад авсан байсан...Эрүүлжүүлэх байрны эмч намайг камерт байхад хүрч ирээд : чиний чулуу шидсэн хүний хүүхэд цагдаад том ажил хийдэг юм шиг байна, чи тэр хүнтэйгээ очиж уулзаад уучлалт гуйгаад буцаад ир гэж хэлсэн...Намайг “Сутайн буянт” зах дээр очиход нөгөө өвөө байгаагүй. Харин тэр хүний эхнэр нь надтай таараад “чи манай нөхрийн толгойг хагалсан, чи яасан их том ар талтай юм бэ, яаж яваад эрүүлжүүлэхээс гардаг юм бэ” гээд над руу дайраад байхаар нь уучлалт гуйгаад 60.000 төгрөг өгсөн. Тэр эмэгтэй манай нөхөр гомдолтой шүү гэж хэлээд явсан...Батчимэг эгч тухайн асуудал болсноос хойш хэд хоногийн дараа “би чиний өмнөөс цагдаад нийт 200.000 төгрөг өгсөн шүү, чи надад буцааж өгөөрэй” гэж хэлж байсан. Би түүнийг тухайн үед эрүүлжүүлэх байрны эмч хүүхэнд мөнгө өгснийг мэдээгүй. Дараа нь ийм асуудал болсныг мэдсэн. Батчимэг эгч надад “цагдаа мөнгө нэхээд байна” гэж хэлж байсан болохоос “эрүүлжүүлэх байрны эмч” гэж тодорхой хэлээгүй. Би Батчимэг эгчийн цагдаад өгсөн мөнгийг торгуулийн мөнгө гэж ойлгосон...Доржханд нь ”намайг АТГ-аас дуудаад шалгаад байна, танай эгч чинь надад мөнгө өгчихөөд тэрнийгээ бичээд авчихсан байна, та нарт би тусалж байхад хүний ачийг ингэж  хариулдаг юм уу? Би уг нь торгуулийн хуудас өгөх гэж байсан чинь эгч  чинь ажилтай гээд яараад яваад өгсөн шүүдээ гэж хэлсэн. Гэхдээ надад торгуулийн хуудас өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-33-34/

- гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд:... Би “Сутайн буянт” зах дээр 2018.05.13-ны өдөр Доржсүрэнтэй хамт архи хувааж уусан, нэг мэдсэн чинь Доржсүрэн нэг хүнтэй маргалдсан бололтой 2-3 цагдаа ирчихсэн байсан, би нилээд согтсон байсан...Бид хоёрыг эрүүлжүүлэхэд аваачаад хийчихсэн...Доржсүрэнгийн эгч, найз хүүхэн 2 нь биднийг эрүүлжүүлэх байрнаас ирж авсан...Бид нар эрүүлжүүлэхээс гарч Сутайн буянт руу очиж нөгөө маргалдсан хүнийг хайсан боловч олоогүй...Дараа нь сонсоход Доржсүрэн Сутайн буянт зах дээр хоол зардаг ах руу чулуу шидсэнээс бүх зүйл болсон гэсэн...Эрүүлжүүлэх байрны эмч гээд хүүхэн нь “та 2 тус бүр 100.000 төгрөгний торгууль төлөөд гараарай, гарч яваад нөгөө хүнээсээ уучлал гуйж, учраа олно шүү” гэж хэлж байсан. Би түүнийг тэгж хэлэх үед нь өөрийгөө 100.000 төгрөг төлөх ёстой юм байна л гэж ойлгосон...гэх  мэдүүлэг /хх-36-37/,

- гэрч О.Ундрахжаргалын мөрдөн байцаалтын шатанд:...Эрүүлжүүлэх байрных нь наад талын нэг том өрөөнд Батчимэг эгч бид хоёр ороод уулзахад нэг хүний  нэг зуун мянган төгрөгөөр, хоёр хүний хоёр зуун мянган төгрөгөөр торгоно гэсэн бөгөөд тухайн үед мөнгө байгаагүй болохоор Батчимэг эгч 40.000 төгрөгөө өгсөн. Түүнээс хойш 7 хоног арай болоогүй байхад тэр эрүүлжүүлэхийн эмч эмэгтэй над руу утсаар яриад үлдэгдэл  мөнгөө өг гэж ярьсан. Тэгэхээр нь би Батчимэг эгч рүү яриад нөгөө эмч яриад үлдэгдэл мөнгөө  өг гээд байна гэж хэлсэн. Би тэр эмчид Батчимэг эгчийн утасны дугаарыг нь  өгөөд, Батчимэг эгчид тэр эмч чинь надаас мөнгө нэхээд байна гэдгийг хэлсэн... гэх мэдүүлэг /хх- 39/,

- гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Дэлгүүрийн худалдагч Чимгээ гэдэг эмэгтэй надад: тэр эмч надаас наад хүмүүс дээр торгуулийн арга хэмжээ авна, 200.000 төгрөгөөр торгоно гээд нэхээд байна гэхээр нь би барьцааны мөнгө яах гэж авсан юм бэ гэхэд танай дүүг гаргаж байгаа учраас барьцааны мөнгө авч байгаа юм. 200.000 төгрөг нь болохоор хүн тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн гэхээр нь би Зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгодог гэж хэлсэн. Хэрэв торгууль төлөх юм бол торгуулийн уудсаа аваарай гэж хэлсэн. Тэгээд би 2-3 хоногийн дараа нөгөө дэлгүүрт дахин ороход Чимгээ гэдэг худалдагч нь нөгөө эмч нь 200.000 төгрөг нэхээд байна 2-3 хоночихоод байхад яагаад нэхээд байгаа юм бол, наадах чинь асуудлыг нь шийдчихмээр юм даа гэж би хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахиад би нөгөө дэлгүүртээ ороход нөгөө худалдагч Чимгээ нь нөгөө эмч чинь дахин дахин нэхээд байна гэхээр нь би утсаар юу гэж ярьдаг юм бэ, утасных нь бичлэгийг бичээд авчихгүй юу гээд хэлсэн юм. Тэгээд дараа нь утасныхаа бичлэгийг хийчихлээ гээд над руу ярихаар нь би утасных нь бичлэгийг сонсоё гээд сонсоход тэр эмч гээд яриад байгаа эмэгтэй нь мөнгөө түргэн төлөөч арга хэмжээ авна гэсэн. Хэн арга хэмжээ авах юм бэ гэхэд манайхан л авна шүү дээ гэсэн яриа байхаар нь би чи ямар ч байсан тэр мөнгийг нь төлөөрэй харин торгуулийн хуудсаа аваарай гэдгийг нь хэлээд салсан. Түүнээс хойш би  Сонгинохайрхан дүүргээр ажилтай явж байгаад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ганбаяртай уулзаад танай эрүүлжүүлэх байрны эмч чинь мөнгө төгрөгний асуудалд холбогдоод байгаа юм байна шүү. Чи шалгаарай гэдгийг нь хэлсэн. Тэгээд ямар асуудал болсон талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-42/

- гэрч Б.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд:...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018.01.31-ний өдрийн А/45 тоот тушаалаар Эрүүлжүүлэх байрны эмчид Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцох эрх олгогдсон...Тэр эрхээ Зөрчлийн тухай хуульд цагдаагийн байгууллагад харьяалуулсан бүхий л зөрчилд арга хэмжээ тооцуулахаар журамласан...гэх мэдүүлэг /х-44/, 

- эрүүлжүүлэх байрны 2018.05.13-ны өдрийн рапорт, холбогдох бусад баримт  :...И.Д, Б.Мөнхжаргал нар танхайрсан /Сутай зах дээр бусадтай маргалдсан, чулуугаар цохисон/, согтуурсан шалтгаанаар эрүүлжүүлэгдсэн тухай /х-8, 12-16/,  

- Эрүүлжүүлэх байрны алба хаагчдын ажлын хуваарь /хх-64/,

- цагдаагийн ахлах ахлагч Ц.Дыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулах байрны эмчээр томилох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал /х-73/,  

- Цагдаагийн Эрүүлжүүлэх байрны эмчийн ажлын байрны тодорхойлолт :...албан тушаалын ангилал-гүйцэтгэх албан тушаалтан /хх-69-70/,    

- Эрх олгох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018.01.31-ний өдрийн А/45 дугаар тушаал: цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчид Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан зөрчлөөс бусад зөрчилд зөрчлийг шалган шийдвэрлэх эрх /ердийн болон тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах/ олгосугай /х-84/,     

- гэрч С.Доржхандын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 хэлтсийн эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж ажиллахаар ээлж хүлээн авахад “Сутайн буянт” гэх газарт согтуугаар бусадтай маргалдаж хүний толгой хагалсан гэх асуудлаар И.Д гэх залуу найзынхаа хамт эрүүлжүүлэгдсэн байсан. Тэдний гаргасан зөрчлийн асуудлыг бүртгэж аваагүй байсан болохоор хүлээж авах хүн олдоогүй. Үндсэндээ бол би хүний толгой хагалж гэмтээсэн тэр И.Д гэдэг залууд тусалсан.  Намайг түүнд туслалаа гээд тэд нар надад ямар нэгэн шан харамж өгөөгүй. Дараа нь И.Дтэй холбоотой гомдол, мэдээлэл ирж магадгүй гээд бичиг баримтыг нь авч үлдэх гэтэл байгаагүй. Тэгээд би Доржсүрэнд “та 2 эрүүлжүүлэх байрныхаа төлбөрийг төлөөд бичиг баримтаа үлдээгээд яваарай” гэж хэлсэн боловч төлөх төлбөр бас байхгүй” гэсэн. Тэр үед Доржсүрэнгийн эхнэр эгч хоёр ирж эрүүлжүүлэх байрны мөнгө болох 10.000 төгрөг, бичиг баримт байхгүй барьцаанд нь 30.000 төгрөг үлдээгээд явья гээд нийт 40.000 төгрөг үлдээгээд дуудсан цагт бэлэн байлгана гэсэн бичиг хийлгүүлээд явуулсан. Би Доржсүрэн, түүний эхнэр, эгч нарт зөрчлийн тухай хуулиар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журам зөрчсөн, бусдын биед гэмтэл учруулаагүй нөхцөлд хүн тус бүрийг 100.000 төгрөгөөр торгодог юм шүү. Та нар ямар ч гэсэн цохиж зодсон хүнтэйгээ уулзаарай, зөрчлийн хуулиар ямар ч байсан арга хэмжээ авагдана шүү” гэж хэлж явуулсан. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа Доржсүрэнгийн эхнэр нь над руу утсаар яриад “эмчээ бид нар зөрчлийн тухай хуулиар торгууль төлөх ёстой шүү дээ, торгуулиа төлье, хаана уулзаж төлөх вэ? Манай эгч таньд төлнө шүү” гэж хэлсэн. Би И.Бтэй уулзаж бэлнээр 160.000 төгрөг авсан. Би та хэд очиж торгуулийнхаа хуудсыг очиж аваарай гэж зөндөө хэлсэн. Тэр цагаас хойш И.Б гэдэг надтай огт холбоо бариагүй...Толгойгоо хагалуулсан хүнтэй эвлэрүүлээд өгөөч гэж надаас гуйсан хүмүүс нь Доржсүрэн, түүний эхнэр болон түүний эгч И.Б нар...Миний бодлоор Ганбаяр нь И.Б гэдэг хүнтэй холбоотой учраас “надад мөнгө өгч, түүнийгээ баримтжуулах талаар зааварчилгаа өгсөн байх” гэж бодож байна...Тухайн хүмүүс надтай холбогдуулж Авлигатай тэмцэх газарт хандаж албан ёсоор хандаж яваагүй байхад Ганбаяр нь Батчимэгээр мөнгө өгүүлэх асуудлыг зохион байгуулчихаад миний дарга хүн байж энэ тухайгаа надад  огт хэлж, албаны шалгалт явуулалгүйгээр шууд ЦЕГ-ын дотоод хяналт шалгат руу явуулсанд гомдолтой байна...Миний хувьд И.Бээс авсан нийт 200.000 төгрөгнөөс 9000 төгрөгийг эрүүлжүүлэхийн байрны төлбөрт төрийн санд, 91.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан байгаа. Үлдсэн 100.000 төгрөг нь миний ажлын сейфэнд байгаа...гэх мэдүүлэг /хх-27-29/,   

- шүүгдэгч Ц.Дын мөрдөн байцаалтын шатанд:...тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгодог. Манайд эрүүлжүүлэгдсэн хүмүүс ихэнхдээ Зөрчлийн тухай хуулиар торгодог. Манайд эрүүлжүүлэгдсэн хүмүүс ихэнхдээ торгуулийн мөнгө байхгүй, ар гэрийнх нь  тоохгүй байдаг болохоор би торгох үед нь торгуулийн мөнгийг нь бэлэн байлгах үүднээс энэ мөнгийг авсан байсан... мөн тогтоолд дурьдсан нэмж авсан гээд байгаа 160.000 төгрөгийг би торгууль төлүүлэх л  гэж авсан. Гэвч энэ мэдээлэл нь манай гомдол мэдээллийн бүртгэлд ороогүй байсан. Харин Батчимэгийг мөнгөө ав гэж сүүлд нь хэлэхэд таньд байж байг гэж хэлсэн болохоор тухайн мөнгийг нь хадгалж байсан юм...гэх мэдүүлэг /хх-126/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Д нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчлийг шалган шийдвэрлэх эрх буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж танхайрах зөрчил гаргасны улмаас эрүүлжүүлэгдсэн И.Д, Б.Мөнхжаргал нарт холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэхгүйгээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:         

 - цагдаагийн ахлах ахлагч Ц.Дыг 2015 оны 11 сарын 26-ны өдрөөс Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэт саатуулах байрны эмчээр томилох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал /х-73/,

- цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрны эмчийн ажлын байрны тодорхойлолт:...албан тушаалын ангилал: гүйцэтгэх албан тушаалтан /хх-69-70/,

- эрх олгох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018.01.31-ний өдрийн А/45 дугаар тушаал: цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчид Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан зөрчлөөс бусад зөрчилд зөрчлийг шалган шийдвэрлэх эрх /ердийн болон тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах/ олгосугай /х-84/,

- эрүүлжүүлэх байрны 2018.05.13-ны өдрийн рапорт, холбогдох бусад баримт  :...И.Д, Б.Мөнхжаргал нар танхайрсан /Сутай зах дээр бусадтай маргалдсан, чулуугаар цохисон/ болон согтуурсан шалтгаанаар эрүүлжүүлэгдсэн тухай /х-8, 12-16/,    

- гэрч Б.Ганбаярын:...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018.01.31-ний өдрийн А/45 тоот тушаалаар Эрүүлжүүлэх байрны эмчид Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцох эрх олгогдсон...Тэр эрхээ Зөрчлийн тухай хуульд цагдаагийн байгууллагад харьяалуулсан бүхий л зөрчилд арга хэмжээ тооцуулахаар журамласан...гэх мэдүүлэг /х-44/,     

- хохирогч И.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018.05.14-ний өдөр...дүү И.Д залгаад Cонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд орчихсон байна гэсэн...тэр орой Доржсүрэнгийн найз Ундрах над руу 22 цагийн үед залгаад эрүүлжүүлэхийн эмчтэй уулзахад Доржсүрэн найзтайгаа хамт явж байгаад Сутайн буянт зах дээр хүн зодсон гээд эрүүлжүүлэгдсэн байна гэсэн...Маргааш нь Ундрах бид эрүүлжүүлэх байранд очсон, Ундрах эмчтэй нь уулзаад гарч ирээд: Доржсүрэн найзтайгаа хамт орсон байна,  эрүүлжүүлэхийн хөлс 9000 төгрөг юм байна...хэл амтай хүмүүстэй таарсан байна, охин нь цагдаад хэрэг бүртгэгч хийдэг гэнэ, өргөдөл өгсөн байгаа тухай ярьсан...Эмч хэлэхдээ тухайн хүмүүс гомдолтой гээд байсан, хүрээд ирэх байх...хэл амтай хүмүүс байна лээ, зураг аваад битгий явуулаарай...Гэхдээ та нар 40,000 төгрөг үлдээгээд батлан даана гэсэн хүсэлтээ бичээд дүүгээ аваад яв гэхлээр нь би 40,000 төгрөг өгөөд, Ундрах хүсэлтээ бичсэн...Бид хоёрыг гадаа байж байхад 10 гаран минутын дараа манай дүү Доржсүрэн найзтайгаа гарч ирээд : нөгөө хүнээ гомдолгүй болго, өргөдөл бичээд өгчихвөл хэцүүднэ шүү гэж эмч хэлсэн тухай ярьсан...Тэгээд бид 4 хамтдаа Сутайн буянт зах орж нөгөө зодуулсан гэх өвгөнийг хайсан боловч олдоогүй...Тэр өдрийн орой манай дүү залгаад нөгөө зодуулсан хүнтэй уулзаад уучлал гуйгаад учраа олчихсон, та эмчтэй яриад зохицуулчих гэж хэлсэн...Үүнээс хойш 2 хоногийн дараа Ундрах над руу утсаар яриад эрүүлжүүлэхийн эмч цагдаа эгч залгаад торгуулиа өгөөч гээд байна гэсэн...би нөгөө эрүүлжүүлэхийн эмчийн дугаар руу нь залгахад Зөрчлийн хуулиар эрүүлжүүлэхэд орсон хүн болгон тэгж торгуульдаг, олон нийтийн газар танхайрсан учир торгож байгаа юм гэж хэлсэн...Тэр өдрөөс хойш 7 хоносон байх, эрүүлжүүлэхийн эмч миний утас  руу залгаад нөгөө мөнгөө яасан гэхээр нь 160.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-23-25, 22/,    

- гэрч О.Ундрахжаргалын мөрдөн байцаалтын шатанд:...Эрүүлжүүлэх байрны нэг өрөөнд Батчимэг эгч бид хоёр ороод эмчтэй уулзахад нэг хүний  нэг зуун мянган төгрөгөөр, хоёр хүний хоёр зуун мянган төгрөгөөр торгоно гэсэн бөгөөд тухайн үед мөнгө байгаагүй болохоор Батчимэг эгч 40.000 төгрөгөө өгсөн. Түүнээс хойш 7 хоног арай болоогүй байхад тэр эрүүлжүүлэхийн эмч эмэгтэй над руу утсаар яриад үлдэгдэл  мөнгөө өг гэж ярьсан, би Батчимэг эгчид эмч надаас мөнгө нэхээд байна гэдгийг хэлсэн... гэх мэдүүлэг /хх- 39/,   

- гэрч И.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сутайн буянт зах дээр 2018.05.13-ны өдөр найз Мөнхжаргалтай хамт архи хувааж уусан, нилээн согтсон байсан, нэг мэдсэн чинь бид эрүүлжүүлэгдсэн байсан...Тэгэхэд би Сутайн буянт зах дээр хуушуур зардаг өвгөн рүү чулуу шидсэн юм шиг байна лээ...Эрүүлжүүлэхэд орсны дараа хуушуур зардаг хүний эхнэр эрүүлжүүлэх байр дээр хүрч ирээд “наад залуу чинь миний нөхрийн толгойг чулуугаар хагалсан, гомдолтой, битгий гаргаарай гэж хэлээд” явсан талаар эрүүлжүүлэх байрны эмч хэлсэн...Эрүүлжүүлэхэд орсны маргааш эхнэр Ундрахжаргал, эгч Батчимэг 2 намайг эрүүлжүүлэхээс батлан даалтад авсан байсан...Эрүүлжүүлэх байрны эмч намайг камерт байхад хүрч ирээд : чиний чулуу шидсэн хүний хүүхэд цагдаад том ажил хийдэг юм шиг байна, чи тэр хүнтэйгээ очиж уулзаад уучлалт гуйгаад буцаад ир гэж хэлсэн...Намайг Сутайн буянт зах дээр очиход нөгөө өвөө байгаагүй, харин тэр хүний эхнэр нь надтай таараад “ чи манай нөхрийн толгойг хагалсан, чи яасан их том ар талтай юм бэ, яаж яваад эрүүлжүүлэхээс гардаг юм бэ” гээд над руу дайраад байхаар нь уучлалт гуйгаад 60,000 төгрөг өгсөн. Тэр эмэгтэй манай нөхөр гомдолтой шүү гэж хэлээд явсан...Батчимэг эгч тухайн асуудал болсноос хойш хэд хоногийн дараа “би чиний өмнөөс цагдаад нийт 200.000 төгрөг өгсөн шүү, чи надад буцааж өгөөрэй” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-33-34/

- гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд:...Би Сутайн буянт зах дээр 2018.05.13-ны өдөр Доржсүрэнтэй хамт архи хувааж уусан, нэг мэдсэн чинь Доржсүрэн нэг хүнтэй маргалдсан бололтой 2-3 цагдаа ирчихсэн байсан, би нилээд согтсон байсан...Бид хоёрыг эрүүлжүүлэхэд аваачаад хийчихсэн...Доржсүрэнгийн эгч, найз хүүхэн 2 нь биднийг эрүүлжүүлэх байрнаас ирж авсан...Бид нар эрүүлжүүлэхээс гарч Сутайн буянт руу очиж нөгөө маргалдсан хүнийг хайсан боловч олоогүй...Дараа нь сонсоход Доржсүрэн “Сутайн буянт” зах дээр хоол зардаг ах руу чулуу шидсэнээс бүх зүйл болсон гэсэн...Эрүүлжүүлэх байрны эмч гээд хүүхэн нь “та 2 тус бүр 100.000 төгрөгийн торгууль төлөөд гараарай, гарч яваад нөгөө хүнээсээ уучлал гуйж, учраа олно шүү” гэж хэлж байсан. Би түүнийг тэгж хэлэх үед нь өөрийгөө 100.000 төгрөг төлөх ёстой юм байна л гэж ойлгосон...гэх  мэдүүлэг /хх-36-37/,  

- гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Дэлгүүрийн худалдагч Чимгээ гэдэг эмэгтэй надад: тэр эмч надаас наад хүмүүс дээр торгуулийн арга хэмжээ авна, 200.000 төгрөгөөр торгоно гээд нэхээд байна гэхээр нь...Зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгодог гэж хэлсэн. Хэрэв торгууль төлөх юм бол торгуулийн хуудсаа аваарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-42/, 

- Эрүүлжүүлэх байрны алба хаагчдын ажлын хуваарь /хх-64/,

- С.Доржхандын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:...Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 хэлтсийн эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж ажиллахаар ээлж хүлээн авахад Сутайн буянт гэх газарт согтуугаар бусадтай маргалдаж хүний толгой хагалсан гэх асуудлаар И.Д гэх залуу найзынхаа хамт эрүүлжүүлэгдсэн байсан. Тэдний гаргасан зөрчлийн асуудлыг бүртгэж аваагүй байсан болохоор хүлээж авах хүн олдоогүй. Үндсэндээ бол би хүний толгой хагалж гэмтээсэн тэр И.Д гэдэг залууд тусалсан...Доржсүрэнгийн эхнэр, эгч хоёр ирж эрүүлжүүлэх байрны мөнгө болох 10.000 төгрөг, бичиг баримт байхгүй барьцаанд нь 30.000 төгрөг үлдээгээд явсан...Би Доржсүрэн, түүний эхнэр, эгч нарт зөрчлийн тухай хуулиар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журам зөрчсөн, бусдын биед гэмтэл учруулаагүй нөхцөлд хүн тус бүрийг 100.000 төгрөгөөр торгодог юм шүү. Та нар ямар ч гэсэн цохиж зодсон хүнтэйгээ уулзаарай, зөрчлийн хуулиар ямар ч байсан арга хэмжээ авагдана шүү” гэж хэлж явуулсан...Би И.Бтэй уулзаж бэлнээр 160.000 төгрөг авсан...Толгойгоо хагалуулсан хүнтэй эвлэрүүлээд өгөөч гэж надаас гуйсан хүмүүс нь Доржсүрэн, түүний эхнэр болон түүний эгч И.Б нар...гэх мэдүүлэг /хх-27-29/,    

- Ц.Дын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн...Манайд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг ихэнхдээ Зөрчлийн тухай хуулиар торгодог. Манайд эрүүлжүүлэгдсэн хүмүүс ихэнхдээ торгуулийн мөнгө байхгүй, ар гэрийнх нь  тоохгүй байдаг болохоор би торгох үед нь торгуулийн мөнгийг нь бэлэн байлгах үүднээс энэ мөнгийг авсан байсан...гэх мэдүүлэг /хх-126/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Дыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаар:     

- шүүгдэгч Ц.Д нь цагдаагийн ахлах ахлагч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүлжүүлэх байрны эмч бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан зөрчлөөс бусад зөрчилд зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны (шинэчилсэн найруулга) тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан мөн гэж үзнэ,

- шүүгдэгч Ц.Д нь нийтийн албан тушаалтны хувьд Зөрчил шалган  шийвэрлэх тухай болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар олгогдсон эрхийн дагуу архи согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэж танхайрах зөрчил гаргасны улмаас саатуулагдсан И.Д, Б.Мөнхжаргал нарын танхайрах зөрчилд ердийн болон тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх хэмжээ, чиг үүрэгтэй байсан атлаа эсрэгээр холбогдох хууль тогтоомжийг санаатай зөрчсөн үйлдэл хийсэн байх тул албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзнэ,     

- зөрчилд холбогдогч И.Д, Б.Мөнхжаргал нар эрүүлжүүлэгдсэн тухайн өдөр олон нийтийн газар буюу “Сутайн буянт” захад танхайрах зөрчил гаргасан болох нь үгүйсгэгдэхгүй байх бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулан шалгахгүй буюу шалгуулахгүй байх асуудлыг шүүгдэгч нь өөрөө санаачлан, зохион байгуулж улмаар өөртөө эдийн ашигтай байдал буюу давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байх тул дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.     

Шүүгдэгч нь холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй байдал нь түүнд холбогдох хэргийг нотлогдоогүй гэж үзэх үндэслэлд  хамаарахгүй байна.    

Тус хэрэгт мөрдөн шалгах, хянах ажиллагааны хүрээнд хийвэл зохих зарим дутуу ажиллагаа байх боловч энэ тус хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөхгүй гэж үзэн  тус хэргийг прокурор буцаахгүйгээр шийдвэрлэсэн болно.  

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд гэм буруугийн хуралдаанд  шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзнэ. 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан /х-91/ байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь 8 настай хүүхэдтэй, тус хүүхэд нь хүнд өвчний улмаас Солонгос улсад эмчлүүлдэг /х-123, 86-87/ байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Бусад асуудал:

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

 

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Дад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ц.Дыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дад оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 01 жил 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Дад мэдэгдсүгэй.  

  

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР