Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 435

 

Ц.Дад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 513 дугаар магадлалтай, Ц.Дад холбогдох 1808044421378 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц.Д нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц.Дад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ц.Дыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 1 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ц.Д нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн прокуророос сонсгосон хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрдөггүй, Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн мөнгийг зөрчил гаргасан иргэн Д, Б.М нараас авсан талаар тогтвортой мэдүүлдэг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд дан ганц яллах талын нотлох баримтыг цуглуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн.

Прокуророос Ц.Дад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, шүүх хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар буруу зүйлчлэн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Д нь шүүхийн тогтоолд дурдсан нийтийн албан тушаалтан мөн боловч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах субъект биш болох нь ажлын байрны тодорхойлолт, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Иймд Ц.Дад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, дээрх зүйл ангид заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 285 тоот шийтгэх тогтоолд оруулж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 513 тоот магадлалыг хүчингүй болгуулахаар өмгөөлөгчийн гомдол гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Дад холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай тушаал, эрүүлжүүлэх байрны эмчийн ажлын байрны тодорхойлолт, эрүүлжүүлэх байрны алба хаагчдын ажпын хуваарь, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль зэргийг үндэслэн түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Ц.Д нь Зөрчлийн тухай хуулиар эрүүлжүүлэхэд орсон хүн бүр 100.000 төгрөгөөр торгуулдаг гэж төөрөгдөлд оруулан торгуулийн мөнгө нэхсэн талаар хохирогч И.Б, гэрч О.У нар мэдүүлсэн байхад шүүх хохирогчийн мэдүүлгийг үнэлээгүйгээс хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчлөхөд хүрсэн байна.

Эрүүлжүүлэх байрны эмчийн ажлын байрны тодорхойлолт, ажлын хуваарь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрүүлжүүлэх байрны эмч зөрчлийн хэрэг шийдвэрлэх зохицуулалт байхгүйгээс гадна гэрч Б.Гын мэдүүлэгт эмч нар зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн тохиолдол байхгүй, зөвхөн хэсгийн байцаагч нар зөрчлийн хэрэг шалгаж байгаа гэжээ.

Ц.Д нь эрүүлжүүлэгдсэн хүнийг Зөрчлийн тухай хуулиар торгодог, ихэнх хүмүүс торгуулийн мөнгө байхгүй, гэрийнхэн нь тоохгүй байдаг болохоор торгуулийн мөнгийг нь бэлэн байлгах үүднээс энэ мөнгийг авсан гэж мэдүүлж байгаа нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийн шинжтэй гэж үзэв. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокурорын яллах дүгнэлтээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Дад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Дыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байрны эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Сонгихайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлэгдсэн И.Д, Б.М нарыг батлан даалтад өгнө гэж иргэн И.Дгийн эгч И.Бийг хуурч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 40.000 төгрөг, түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн И.Д, Б.М нарыг Зөрчлийн тухай хуульд зааснаар тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно гэж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ойролцоо 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлэгдсэн иргэн И.Д, Б.М нартай холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирээгүй, зөрчлийн хэрэг шалгах эрх бүхий албан тушаалтан тэдний танхайрсан гэх асуудлаар зөрчлийн хэрэг, эсхүл эрүүгийн журмаар мөрдөн шалгах хэрэг нээгээгүй, И.Д, Б.М нарын гэм буруутай эсэх нь хуульд заасан журмын дагуу шалгагдаж тогтоогдоогүй байхад Эрүүлжүүлэх байрны эмч Ц.Д нь И.Дийн эгч И.Бээс 40.000 төгрөгийг барьцааны мөнгө нэрээр, мөн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдуулах нэрээр нэмж 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг ямар ч баримтгүйгээр нэхэж авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаар тушаалаар Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч … нь Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан зөрчлөөс бусад зөрчилд … зөрчлийг шалган шийдвэрлэх эрх олгогдсон хэдий ч /хх-85/ дээрх тушаал гарснаас хойш хэрэг үйлдэгдсэн 2018 оны 5 дугаар сарын 14 болон 21-ний өдрийг хүртэл эрүүлжүүлэх байрны эмч Ц.Д нь зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж байгаагүй, тэрээр хохирогч И.Бээс авсан 200.000 төгрөгийг улсын орлогод оруулаагүй, хувьдаа авсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганбаяр /хх-43, 100/, Эрүүлжүүлэх байрны эмчийн ажлын байрны тодорхойлолт /хх-69/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хууль тогтоогч “Нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж … өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, … эсхүл зохиомол байдлыг зориуд бий болгох … замаар  бусдыг төөрөгдөлд оруулж … өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан болно.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Дын үйлдлийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 513 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Дад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Дад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 513 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Дад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН