Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192

 

 

Э.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, шүүгдэгч Э.Ө, А.О нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Ж.Э, Э.Ө, А.О нарт холбогдох 1925002730052 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Э түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг үндэслэн  2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ж.Э,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Э.Ө,

3. Монгол Улсын иргэн 1992 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Ган-Сэнтий” ХХК-д тооцооны нярав ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт А.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч Ж.Э, Э.Ө, А.О нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө, А.О нарыг оногдуулсан торгох ялаас тус тус чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-т оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 27 сарын хугацаагаар сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-аас 848,975 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймгийн “Төрийн сан”-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

“Унага” цэцэрлэгийн нягтлан бодогч Э.Ө, тогооч Ж.Э, нярав А.О нар нь өөрт албан тушаалын хувьд олгогдсон буюу байгууллагын зүгээс тушаалаар олгосон албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буюу тогооч, нярав нь байгууллагад хүлээн аваагүй махыг хүлээн авсан мэтээр санхүүгийн баримт бүрдүүлэн нягтлан бодогчдоо хүлээлгэн өгдөг, нягтлан бодогч нь энэ байдлыг мэдсээр байж тооцоо нийлэн зөрчилгүй тайлан гаргаж дарга удирдлагадаа танилцуулж, санхүүгийн тайлангаа гаргадаг байсан.

Мөн нягтлан бодогч Э.Ө, тогооч Ж.Э, нярав А.О нар нь өөрийн ажил албан тушаалын танил тал, давуу байдлаа ашиглаж хамтран ажиллагч буюу мах нийлүүлэх гэрээ бүхий компаниуд болох “ДИНМБ” ХХК-ийн борлуулагч Д.Б-р 2017 оны 09 сарын авсан махан дээрээ 200 кг үхрийн мах авсан мэтээр падан бичүүлэн, “Сайн Амгалан” ХХК-ийн нягтлан бодогч Б.А-аар 64,9 кг махны зарлагын баримт бичүүлж тус тус төрийн сангаар төсвийн хөрөнгөөс гүйлгээ хийлгэж, тухайн компаниудаас бэлэн мөнгийг гаргуулан авдаг байсан үйлдлүүд нь хэрэгт хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогддог.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нар нь ажил албан тушаалын хувьд “Унага” цэцэрлэгийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцаж ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байх тул тэдгээрийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж дүгнэн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл шүүх улсын яллагчийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэх дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэх хэт явцуу дүгнэлт хийсэн нь процессын хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

Мөн шүүгдэгч нар албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог ба шүүх мөн адил шүүгдэгч нар нь ажил албан тушаалын хувьд “Унага” цэцэрлэгийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцаж ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлт хийсэн атлаа хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэх үндэслэлээр хэргийг зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн итгэмжлэн хариуцсан этгээд гэж албан тушаалын хувьд өөрт олгогдсон эрхийг ашиглаж завшсан шинжийг заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн үндсэн бүрэлдэхүүнд бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж ямар ч субъект байж болохоор хуульчилж, хүндрүүлэх бүрэлдэхүүнд нь албан тушаалын байдлаа ашиглаж гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын буюу байгууллагын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласан гэж онцлон хуульчилж өгсөн нь өөрөө хууль тогтоогчийн хуулийн агуулга зорилго тодорхойлогдоно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан бол ийнхүү хэргийг хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичивгэжээ.

 

Шүүгдэгч Ж.Э хяналтын шатны шүүхэд “...Би байгуулагын мөнгө, хөрөнгө завшиж байгаагүй. Б.О нь гэрч нарт ямар асуудал үүсгэн мэдүүлэг худал өгүүлж байгааг мэдэхгүй байгаа ч гэрч н.Э хэзээ ч болж байгаагүй асуудлаар буюу мах нэмж бичүүлдэг байсан гэсэн үгнээс, бусад гэрч нар мэдүүлэг өгөх болгонд өөр өөр өгч байгаа зэргээс дарамтад орж худал мэдүүлж байна гэж бодож байна. Тухайн эмч мах нэмж бичиж байсан юм бол гэмт хэрэг гарч байсныг мөн мэдэж оролцсон хүн болж байна. Гэтэл н.Э эмч мах нэмж бичих байтугай хоолны материалын ширхэг тоог бичдэггүй, нярав зөвхөн бичдэг болохыг сайн мэдсээр байж худал хэлсэн. Хоолны материалыг бичдэггүй, амт чанарт нь хяналт тавьж, хоолны цэсийг баталдаг, баталсан цэсний дагуу түүний хяналтан дор тогооч нарын хоолны амталгаа, хүртээмжид хяналт тавьдаг. Гурван тогооч ээлжлэн хоолны материалыг хүлээн авдаг, няравын бичиж өгсөн хоолны материалаар шаардах хуудсаар тогооч нар материал авдаг, авахдаа эмч, багшийн өгсөн хүүхдийн тоо, хоолны цэс, хоолны орцоос шалтгаалан өдөр, өдөрт нь өөр өөр бичүүлж авдаг байсныг тодорхой мэднэ. Махыг олгохдоо багш нараас ирсэн хүүхдийн ирц, эмчээс ирсэн хоолны цэсийг харгалзан нярав олгодог бөгөөд хийсэн хоолны материал, хоолонд эрхлэгч өөрөө давхар хяналт тавьж, амталгаа хийдэг, өдөр өдөрт нь хоолондоо орсон материалыг 5 хүн хянаж, гарын үсэг зурдаг байхад эмч худлаа хэлсэн нь ингэж ойлгоход хүрсэн. Энэхүү гарын үсэг зурдаг 5 хүний тоонд Эрхлэгч Б.О эмч н.Э нягтлан Э.Ө нярав нар, тогооч би гарын үсэг зурах бөгөөд мах нэмж бичүүлэн мөнгийг нь гаргуулахыг аль нэг нь мэдэхгүй өнгөрөх боломжгүй билээ. Энэхүү хоолны материалын баримт нь үнэн зөвийг гэрчилж, гарын үсэг зурсан баримтуудыг байгууллагын хяналтын зөвлөл болон аудит шалгадаг. Энэ бүгдийг мэдсээр байж гэрч нар яагаад худлаа хэлсэн нь тодорхойгүй, шалгаагүй ч би дээрх гэмт хэргүүдийг үйлдээгүй, үйлдэх боломжгүй юм. Би мөнгө, санхүүгийн ажилтан биш. Зөвхөн өөрт хуваарилагдаад ирсэн хоолны материалд хариуцлага хүлээх хүн билээ. Хоолны материалаас дутсан эсэхийг шалгахад хэргийн үнэн мөн олдоно гэж итгэж байсан боловч хэргийг дутуу шалгаж, намайг буруутган нотлох баримтыг тал бүрээс нь анхаарч шалгаагүй. Би гэмт хэрэг үйлдээгүй, ганцхан би эдгээр гэрчийг худал мэдүүлж байгааг мэдэж байгаа ч хэрэгт авагдсан баримтуудыг анхаарч, хэргийг сайтар шалгаж намайг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Мөн түүний өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын зөрүүтэй байдлыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг өгөөгүй. Шийтгэх тогтоолд дурдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад няцаасан дүгнэлтийг хийгээгүй, хэргийн бодит байдлыг анхаарч шийдвэрлээгүй. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн баримтаар шүүгдэгчийг буруутгасан. Гэтэл 200 килограмм мах авсан гэж буй Э.Ө, А.О нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Хэрэгт хуулбар байдлаар авагдсан санхүүгийн баримтууд болон гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй байдлыг мөн л анхаарч шийдвэрлээгүй. Мөн 64.9 кг махны баримтаар буруутгасан. Гэтэл хохирогч байгууллагаас тухайн баримтыг үндэслэж нэг ч төгрөгийн зарлага гараагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээХяналтын шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь “Унага” цэцэрлэгийн тогооч Ж.Э, нярав А.О, нягтлан бодогч А.О нар нь албан тушаалын байдлаа ашиглаж, урьдчилан үгсэн тохиролцож тус гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шүүх хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ. Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч нарын Унага цэцэрлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор нэг нэгэндээ хяналт тавьж ажиллах нөхцөл байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл тогооч нь тухайн өдөр ирсэн хүүхдийн тооноос шалтгаалж хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнээ няраваас авдаг буюу нярав өгсөн хүнсэндээ хяналт тавьж ажилладаг. Мөн няравын ажиллагаанд нягтлан бодогч санхүүгийн өдөр тутмын хяналтыг тавьж ажилладаг. Өөр хоорондоо харилцан хамааралтай албан тушаалд ажиллаж буй хүмүүс тухайн цэцэрлэгийн багш эсвэл манаачтай хамтарч тухайн гэмт хэргийг үйлдэх боломжгүй нөхцөх байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл тогооч, нярав, нягтлан бодогч нар нь мах худалдаж авсан мэт хуурамч баримт бүрдүүлэх замаар Төрийн сангийн гүйлгээ хийж, илүү гарсан мөнгийг хувьдаа завшсан үйл баримт тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах дүгнэлтийг танилцуулж байна” гэв.

 

Шүүгдэгч Э.Ө, А.О нарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших юм. Шүүгдэгч А.О, Э.Ө нар нь завшсан гэх хөрөнгийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцаж байсан тохиолдолд давхар хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй. Харин А.О, Э.Ө нар нь итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан болохоо хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ялаас чөлөөлөх бүрэн үндэслэлтэй. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Э, Э.Ө, А.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Унага” цэцэрлэгийн нягтлан бодогч Э.Ө, тогооч Ж.Э, нярав А.О нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сард 200 кг үхрийн мах нийлүүлсэн мэтээр баримт бүрдүүлэн “ДИНМБ” ХХК-ийн данс руу Төрийн сангаар гүйлгээ хийлгэн, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр гаргуулан авч завшсан,

тогооч Ж.Э, нягтлан бодогч Э.Ө нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард 64.5 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн “Сайн Амгалан” ХХК-ийн данс руу Төрийн сангаар гүйлгээ хийлгэн 359,950 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан,

тогооч Ж.Э нь ганцаараа “Унага” цэцэрлэгт нийлүүлэгдэх хүүхдийн хоолны махнаас 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр “ДИНБ” ХХК-ийн махны дэлгүүрт үхрийн 35 кг орчим жинтэй 1 ширхэг гуя, хонины 25 кг орчим жинтэй 1 ширхэг бүтэн махыг үлдээлгэн хувьдаа завшиж 369,500 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшиж 1,726,450 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдгээрийг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Прокуророос “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах” агуулга бүхий эсэргүүцлийг гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

 

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, тэдгээрт үүрэг чиглэл өгөх төсвийн ерөнхийлөн захирагч, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул зэрэг албан тушаалтан нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар нь нярав, нягтлан бодогч, тогоочийн ажил үүргийн хүрээнд тус цэцэрлэгийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн хэдий ч тэдгээрийн ажил, албан үүрэг нь дээр дурдсан уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарч буй тул “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж дахин хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

 

Харин анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэхдээ шүүгдэгч нарын уг гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрт үүнтэй холбоотой зохих өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Э түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Э.Ө, А.О нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Э түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б .ЦОГТ

ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН                      

    Б.БАТЦЭРЭН

     Ч.ХОСБАЯР

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ