Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0342/З/Т |
Дугаар | 221/МА2019/0249 |
Огноо | 2019-05-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2019/0249
2019 оны 05 сарын 02 өдөр |
Дугаар 221/МА2019/0249 |
Улаанбаатар хот |
“Г” ХХК болон нэр бүхий
компаниудын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, Н.Ц, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0703 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдлоор, “Г” ХХК болон нэр бүхий компаниудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Г” ХХК болон нэр бүхий 10 компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
“Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Г” ХХК, “С” ХХК, “О” ХХК, “Б” ХХК, “Ц” ХХК, “Э” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0703 дугаар шийдвэрээр:
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.2, 37.4, 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК болон нэр бүхий 10 компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Г” ХХК, “С” ХХК, “О” ХХК, “Б” ХХК, “Ц” ХХК, “Э” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа хууль ёсны эсэх, улмаар нийтийн ашиг сонирхол хөндөгдөх эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөвхөн захиргааны байгууллагын хууль хэрэглээ талаас нь үнэлж дүгнэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч аж, ахуйн нэгж байгууллагууд “Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд хамаарахгүй, улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан болон Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан зөрчил гаргаагүй, захиргааны байгууллага маргаан бүхий акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй” гэж маргасан. Нэхэмжлэгч компаниуд маргаан бүхий захиргааны акт гаргах хүртэл 8-25 жилийн хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан боловч тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй 98-100 хувь давхацсан тул эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Мөн түүнчлэн зарим аж, ахуйн нэгж байгууллага /“О” ХХК, “Э” ХХК, “Г” ХХК, “А” ХХК/ тусгай зөвшөөрөл авснаас хойш газрын хэвлийг ашиглаж эхлээгүй, /“С” ХХК, “Б” ХХК, “С” ХХК, “Б” ХХК/ улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасныг хяналтын байгууллагаас тогтоосон болно. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол зөрчил гаргасанд тооцож газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон.
Маргаан бүхий захирамжаар нийт 95 аж, ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан байдал, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлсэн, улсын байцаагчийн актын шаардлагыг хангах боломжтой” гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодорхойлсон зэргийг харгалзан нэхэмжлэгч компаниудтай эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээс баталсан. Жишээлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбай буюу ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг хасч үлдсэн талбайд ашиглах эрхийг нь сэргээхээр талууд харилцан тохиролцсон.
Харин энэхүү гомдлыг гаргаж буй шийдвэрт дурдагдсан компаниудын ашиглах эрх бүхий байсан ашигт малтмалын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй 98-100 хувь давхцалтай байгаа тул эвлэрэн хэлэлцэх, цаашид ашиглах боломжгүй байгаа бөгөөд үүнийг шүүх анхаарч үзэж, үнэлэлт дүгнэлт өгөхгүй байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Нэхэмжлэгчдийн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэх, төрийн байгууллагуудын /УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга/ шийдвэр нийтийн ашиг сонирхлыг хангаж байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр боллоо.
2.Шүүх маргаан бүхий захиргааны актын зорилго, үр дагавар, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа хууль ёсны байсан эсэхийг бүрэн үнэлж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хангагдах зарчимд нийцэхгүй байна.
Учир нь нэхэмжлэгчдийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй 98-100 хувь давхцалтай байгаа ба энэ талаар шүүх дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээс маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах зарчимд нийцэхгүй байна.
3.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс захиргааны байгууллагыг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “сонсох ажиллагаа хийгээгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа болно.
Учир нь маргаан бүхий захиргааны акт нь 95 аж, ахуйн нэгж байгууллагад хаяглагдсан тул захиргааны акт гаргахаас өмнө Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газраас 2017 оны 3 дугаар сарын 11, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байсан ба 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг мэдээлдэг веб сайт ulaanbaatar.mn-аар хууль зөрчсөн, зөрчлөө арилгаагүй аж, ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар мэдээлж байсан талаар тайлбар, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Шүүх үүнийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ....хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасантай зөрчилдөж байна.
Мөн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий захиргааны актыг гарсан талаар ulaanbaatar.mn-аар мэдээлж, байршуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно” гэж заасантай нийцэж байгаа.
Ийм учраас уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар нэр бүхий нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэснээс гадна “тухайн тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэсэн үндэслэлийг удирдлага болгожээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, тэдгээрийн эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг тус тус тогтоосон, хэдийгээр маргаан бүхий захирамжид дээр дурдсанчлан “Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэж тодорхойлсон ч, хэрэгт авагдсан баримтаар нэр бүхий 11 компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогддог бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн зүгээс ч энэхүү давхцлыг үгүйсгээгүй болно.
Гэвч уг тогтоолд энгийн хамгаалалтын бүсийг хэт өргөнөөр тогтоосон гэж нэхэмжлэгчдийн зүгээс үздэг ч энэхүү тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас гадна тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор одоогийн “Г” ХХК, “Э” ХХК, “Ц” ХХК, “С” ХХК, “Э” ХХК-иас тус тус гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байна.
Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тухайн нэхэмжлэгчдийг “…Туул, Бөхөг голын усны энгийн, онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан, мөн компаниудын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны хамгаалалтын бүсэд багтсан нь тогтоогдсон…” талаар дүгнэснээс гадна дээрх тогтоол нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, холбогдох төрийн захиргааны байгууллагуудын санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэж гарсан, нийтийн ашиг сонирхолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т зааснаар хот, тосгон, бусад суурин болон амралт, сувилалын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох бүрэн эрхтэй, энэ ч хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол гарсан болохыг шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэсэн байх тул энэхүү тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай нэр бүхий 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн төдийгүй нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” байх тохиолдолд газар хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож болохоор зохицуулсан бөгөөд “О” ХХК-ийн тухайд хуулийн энэ үндэслэлд хамаарч байгаагаас гадна тусгай зөвшөөрлийн талбай нь бусад нэхэмжлэгчдийн нэгэн адил хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхацсан байна.
Хэдийгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд “тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн давхацсан” гэсэн зохицуулалт байхгүй ч, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгохоор, харин “усны сан бүхий газар, …ын онцгой болон энгийн хамгаалалтын …бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” нь уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна.
Иймд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах хүрээнд маргаан бүхий захирамж гаргасныг буруутгах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэр бүхий 11 компанийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтын “Г” ХХК, “С” ХХК, “Б” ХХК, “Ц” ХХК, “Э” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “Э”, “Б” ХХК, “Б” ХХК-д; хоёрдугаар хавсралтын “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН