Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

 

 

 

Э.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар  сар 17-ны өдрийн 151/ШШ2016/00446 шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.Мөнхбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Зандармаад холбогдох

“Худалдах худалдан авах гэрээний үүрэг 60.000.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар, Нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нар оролцов.

Э.Мөнхбат анхан шатны шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл тайлбартаа:  -Номт багт байрлах Энх мандал зоогийн газрыг зарах зар өгсний дагуу Б.Зандармаа нь удаа дараа ирж үзэн, мөн Франц улсад амьдарч байгаа хүү нь миний утас руу ярьж “...ээж бид хоёр ярилцаад танай гуанзыг худалдан авч байгаа юм” гээд удалгүй Б.Зандармаа эгч ирж 2014 оны 12 сарын 22-ны өдөр Энх мандал зоогийн газрыг нийтэд нь авахаар тохиролцон, 2014 оны 12 сарын 22-ны өдөр орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. 20.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгөөд үлдэгдэл 60.000.000 төгрөгийг 2-3 сарын дараа өгөхөөр, мөнгө өгсний дараа үлдсэн байрны эрхийн бичгийг өгөхөөр тохирч гэрээг нотариатаар батлуулан гэрээ байгуулсан. Гэвч одоог хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул гэрээний дагуу 60.000.000 төгрөгийг олгуулж өгнө үү. Үлдэгдэл мөнгөө авсны дараа байрны гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Манайх 2014 оны 12 сард Энхмандал зоогийн газрыг худалдахаар Төв аймгийн телевизэд зар өгсөн. Тухайн үед зарын дагуу Б.Зандармаа эгч манай дэлгүүр дээр ирж үзээд өөрийн санаачилгаар манай зоогийн газрыг худалдаж авъя гээд 2014 оны 12 сарын 22-ны өдөр хүү бид хоёрыг дагуулаад худалдах худалдан авах гэрээгээ хийгээд урьдчилгаа 20.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдэгдэл 60.000.000 төгрөгөө хүнд мөнгөө хүүтэй зээлүүлсэн байгаа тэр мөнгөө авахаар өгнө гэснээр гэрээ хийсэн. Б.Зандармаа эгчээс болоод би цаг хугацаа маш их алдсан. Би хүүгээ элэг солиулах хагалгаанд оруулж чадахгүй явсаар байгаад хүүгийнхээ амь насыг алдсан тул маш их гомдолтой байна. Анх Б.Зандармаа эгч үзэх гэж ирэхэд нь зоогийн газрыг түрээслэдэг хүмүүс ирээгүй цоожтой байхад өөрөө зоогийн газрын цонхоор нь хараад би авна гэж хэлсэн. Б.Зандармаа эгч тэр өдөр анх манай дэлгүүр дээр надтай ирж уулзахдаа танай энэ байршил ашигтай ёстой зүгээр түрээстэй нь байлгаарай  гэсэн. Тэгээд 2014 оны 12 сарын 22-ны өдөр ирээд одоо гэрээ хийж авъя гэхээр нь би хүүдээ “миний хүү нөгөө эгч чинь зоогийн газрыг авъя гээд ирлээ. Одоо миний хүү эмчлүүлэх боломжтой болох нь ...” гэж би хүүдээ хэлж  байсан. Тэгээд тэр өдөр Холбоон дотор байдаг ББСБ-д барьцаанд байсан бичиг баримтыг  Б.Зандармаа эгч 5.000.000  төгрөг төлж аваад, нотариат дээр очиж худалдах худалдан авах гэрээгээ хийгээд урьдчилгаа  20.000.000 төгрөгийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг хийхдээ Б.Зандармаа эгчийн санал санаачлагаар хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлаас болоод Б.Зандармаа эгч үлдэгдэл мөнгөө өгөхгүй байснаас би хүүхдэдээ эмчилгээг нь хийлгэж чадахгүй байсаар байгаад хүүгээ алдсан. Би энэ зоогийн газраа зарж хүүхдийнхээ эмчилгээг хийлгэх л зорилготой байсан гэтэл ийм юм болсон. Нэгэнт худалдах худалдан авах гэрээ хийгдээд урьдчилгаа төлбөрөө өгсөн, үлдэгдэл мөнгөө өгөх болохоор өгөхгүй байж байж өчнөөн хугацаа өнгөрөөчихөөд шүүхэд өгөхөөр наймаа буцна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэл болох 20.000.000  төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Зандармаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: -2014 оны 12 сард телевизийн зараар Энхмандал зоогийн газрыг зарна гэсэн зар явж байсан. Би Францад байдаг хүү рүүгээ яриад хэлсэн чинь намайг эзэнтэй нь очоод уулзаад эргээд хариу хэлээрэй гэсэн. Би тэгээд Э.Мөнхбат, Д.Мөнхжаргал нартай уулзаад үнэн учраа яриад худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед манай хүү өөрөө ч бас Францаас Д.Мөнхжаргалтай утсаар ярьсан. Би тухайн өдрийн сайныг харж байгаад 2014 оны 12 сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээ хийгээд урьдчилгаа 20.000.000 төгрөг өгсөн. Гэрээ хийсний дараа манай хүү Францаас над руу яриад зургийг нь аваад фэйсбүүкээр явуулчих гэсэн. Би интернэт ашиглаж мэдэхгүй учраас манай хүү Улаанбаатар хотод байдаг найзаараа байшингийн зургийг гаднаас нь аваад фэйсбүүк рүү явуулсан байсан. Байшингийн зургийг манай худууд үзээд голсон байсан. Тэгээд манай хүү над руу утсаар яриад ээжээ наймаагаа буцъя гэж хэлсэн. Би цагаан сарын өмнө Д.Мөнхжаргал руу яриад манай хүүхдүүд байшингийн чинь зургийг үзээд голоод байна. Наймаагаа буцаая гэж хэлэхэд наймаа буцахгүй гэж хэлсэн. Д.Мөнхжаргалаас дахиад зар тавиад зараад миний 20.000.000 төгрөгийг буцаагаад өгчих гээд би зөндөө гуйсан. Манай том охин хорт хавдартай болоод монголд эмчлэгдэх боломжгүй болоод би том охиноо аваад эмчилгээнд явах гэтэл надад мөнгө байхгүй учраас Д.Мөнхжаргалаас эгчийнхээ 20.000.000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Тухайн үед Д.Мөнхжаргал миний мөнгийг өгөөгүй учраас Хас банкнаас 2 зээл аваад охиноо 2015 оны 4 сарын 7-ны өдөр гадаад руу эмчилгээнд авч явсан. Би гадаадаас ирээд мөн адил 20.000.000 төгрөгөө нэхэхэд манай байшин зарагдахгүй байна гэсэн хариуг өгсөн. 2014 оны 12 сарын 22-ний өдөр зээлийн гэрээ хийсэн боловч байраа суллаж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж ашиг орлого олж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Зандармаагаас 60.000.000 /Жаран сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргалд олгож, Б.Зандармаагийн 20.000.000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257.800 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 457.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Зандармаагаас 60,0 сая төгрөг гаргуулан шийдвэрлэснийг хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Зандармаа, Э.Мөнхбат нарын 2014 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан. Зохигчид 90м2 Энхмандал зоогийн газрыг худалдан авах гэж тохирч гэрээ хийж, 20 сая төгрөг урьдчилгаа өгсний дараагаар гэрээг цуцлахаар санал тавиад борлуулж байж өгнө гэж мөнгийг буцааж өгөөгүй юм. Гэрээнд зоогийн газар ч биш 90 м2-т ч биш 14.52 м2 орон сууцыг халхавчлан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн юм. Нэхэмжлэгч нас барсан түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхжаргалд 90 м2 орон сууц байхгүй гэдэг нь тогтоогдсон. Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар орон сууц 14.52 м2-ийг хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж байх хуультай. Гэтэл өнөөдрийг хүртэл Э.Мөнхбатын нэр дээр  орон сууц байхад шүүх худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. 80 сая төгрөгөөр худалдагдсан байрыг Үнэлгээний газраар үнэлүүлэхэд 13.068.000 төгрөг болж гэрээ үнэнд нийцэж хийгдээгүй байгаа юм.

Иймд шүүхийн 151/ШШ2016/00446 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийг өөр шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан шүүхэд Ц.Хүрэлбаатарын гаргасан гомдлийн хариу тайлбартаа: “...Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар нь давж заалдах гомдолд зохигчид 90м2 Энхмандал зоогийн газрыг худалдахаар гэрээ хийсэн гэжээ.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Б.Зандармаагийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Б.Зандармаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт 90м2  талбай бүхий орон сууц худалдах талаар тусгагдаагүй. Нэхэмжлэгч Э.Мөнхбат болон хариуцагч Б.Зандармаа нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд үоогийн газрыг зарахдаа тухайн зоогийн газрын м2 болон м2-ийн үнийн дүнг заагаагүй зөвхөн тухайн зоогийн газрыг хариуцагч Б.Зандармаа өөрийн биеэр ирж үзэн Б.Зандармаа нь 80,000,000 төгрөгөөр худалдаж авахаар нэхэмжлэгч Э.Мөнхбат болон түүнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нартай тохиролцсон байдаг. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талууд гэрээг өөрсдөө тодорхойлж байгуулсан байхад Ц.Хүрэлбаатар нь өөрийн санаачилгаар нэхэмжлэгч талын зөвшөөрөлгүй зоогийн газрын үнэлгээг гаргуулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжилэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.” гэж заасан ба “Хан-Үнэлэмж” ХХК-ны үнэлгээний тайланг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/00446 тоот шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Гомдол гаргагч Ц.Хүрэлбаатар нь гомдолдоо: Б.Зандармаа, Э.Мөнхбат нарын 2014 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан. Зохигчид 90м2 Энхмандал зоогийн газрыг худалдан авах гэж тохирч гэрээ хийж, 20 сая төгрөг урьдчилгаа өгсний дараагаар гэрээг цуцлахаар санал тавиад борлуулж байж өгнө гэж мөнгийг буцааж өгөөгүй юм. Гэрээнд зоогийн газар ч биш 90 м2-т ч биш 14.52 м2 орон сууцыг халхавчлан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн, нэхэмжлэгч нас барсан, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхжаргалд 90м2 орон сууц байхгүй. Өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар ...уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх хуультай. ...Э.Мөнхбатын нэр дээр орон сууц байхад шүүх худалдах худалдан авах гэрээ хийгдсэн тухай үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж дурьджээ. Энэхүү гомдлын зарим хэсэг нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.Мөнхбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 2 сарын 12-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн  92 дугаар хуудас/

Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30,1-д ...... Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /нас барсан...../ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж заажээ. Анхан шатны шүүх хуулийн дээрх заалт, шаардлагыг анхаарч хэрэгжүүлээгүй нь буруу байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн нэхэмжлэгч нас барсан тохиолдолд түүний эрх үүргийг, материалллаг эрх зүйн хувьд залгамжлан авсан этгээд нэхэмжлэлийг шүүхэд дэмжин оролцох эсэхийг өөрөө шийдвэрлэж, хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн байх учиртай. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 60000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн эрх залгамжлагчийн эрхийг зөрчсөн тул хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй байна. Хариуцагч Б.Зандармаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Д.Мөнхжаргал,  Э.Мөнхбат нараас 20000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд энэ нэхэмжлэлийн хувийг Д.Мөнхжаргал 2015 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авсан бөгөөд Э.Мөнхбатад энэ нэхэмжлэлийн хувийг гардуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон сөрөг нэхэмжлэлд дурьдагдсан үйл баримтуудын талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд бодитой тогтоогоогүй, худалдан авагч тал хэлцэл гэрээнээс татгалзах эрхтэй эсэхийг хуульд нийцүүлэн эрхзүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 457950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавин төгрөг/-ийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3  дахь хэсэгт тус тус заасан зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нэхэмжлэгч Э.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Б.Зандармаад хариуцагдах 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2016/00446 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Б.Зандармаагийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  457,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР

   ШҮҮГЧИД:                                          Ш.ОЮУНХАНД

                Ш.ТӨМӨРБААТАР