Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00336

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00382

Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч Э.Мөнхбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Зандармаад холбогдох, “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 60.000.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Мөнхбатын эрх залгамжлагч Д.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн эрх залгамжлагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагчийн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Мөнхжаргал нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн 20 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгийг одоо бэлнээр өгөөд үлдэх 16 000 000  төгрөгийг нь 1 жилийн хугацаанд төлж барагдаалахаар эвлэрэх саналтай байна...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-...Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Мөнхжаргалын саналыг хүлээн авч  эвлэрч байна... ” гэв.

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “-Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Д.Зандармаад холбогдох, Энхмандал зоогийн газрын үнэ 60.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Б.Зандармаагийн 20.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид бид эвлэрэн хэлэлцэж Д.Мөнхжаргал 60 000 000 төгрөгөөсөө татгалзаж, Б.Зандармаад өгөх 20 000 000 төгрөгийг 1 жилийн дотор өгч барагдуулна гэж тохирч эвлэрсэн болно. Энхмандал зоогийн газар зарагдсан үед 1 жилийн хугацааг харгалзахгүйгээр 16 000 000 төгрөгийг өгч барагдуулна. Энэ гэрээ зохигчдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь нэхэмжлэл 60 000 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Зандармаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 20 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагчийн төлөөлөгч Ц.Хүрэлбаатарт хүлээлгэн өгч, үлдэх 16 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд Энхмандал зоогийн газрыг зарагдсан даруйд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Зандармаагийн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 800 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Зандармаад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нэхэмжлэл 60 000 000 төгрөгийн шаарлдлагаас татгалзаж, хариуцагч Б.Зандармаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох  20 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагчийн төлөөлөгч Ц.Хүрэлбаатарт хүлээлгэн өгч, үлдэх 16 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд Энхмандал зоогийн газрыг зарагдсан даруйд Б.Зандармаад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 800 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.МӨНХЦЭЦЭГ