Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 537

 

 

 

 

 

 

 

 

   2019        04          05                                         2019/ШЦТ/537

                                   

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч П.Болормаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Артём,

Шүүгдэгч Б.И,

Шүүгдэгч О.О, тэдний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.И, О.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0406 50297 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

О.О,

Б.И,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь Б.Итай бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баянзүрх худалдааны төвд" байрлах "Атар-Өргөө" ХК-ны худалдагчаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 2.600,990 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.И нь О.Отэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баянзүрх худалдааны төвд" байрлах "Атар-Өргөө" ХК-ны жолооч борлуулагчаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.033.370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Б.И, О.О нар нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Артёмийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Б.И болон Б.О.О нар манай компанийн борлуулалтын албанд ажиллаж байх хугацаандаа хувьдаа компаний мөнгийг завшсан үйлдлүүд нь тодорхой баримттайгаар ил гарсан. Борлуулалтын албаны ахлах нягтлан бодогчийн харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл, харилцагчийн гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байгаа. Б.И нь нийт 1.033.370 төгрөг завшсан ба цалингаас нь суутгаж авч байсан 300.000 төгрөг, ажилсан өдрийн цалин 46.610 төгрөгийг хасаад 686.760 төгрөг үлдсэн. Б.Игаас төлж барагдуулсан 530.000 төгрөгийг хасаад 116.760 төгрөг нэхэмжилэнэ. О.О нь 2.600.990 төгрөг завшсанаас цалингаас суутгаж байсан барьцаа 200.000 төгрөг, цалин 358.767 төгрөгийг хасч 2.042.223 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 77/,

 

Гэрч Б.Эрдэмтэлэхийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...2017 оны 09 сарын 05-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 2.600.990 төгрөгний дутагдал гарсан. О.Оэс мөнгө яагаад дутсан бэ гэхэд нөхөртэйгээ ярьж байгаад 4 хүүхдийнхээ хичээл цэцэрлэгийн хувцас, хунарыг бэлдсэн гэсэн. Б.И архи уугаад алга болсон. Б.И 1.033.370 төгрөгийн бараа дэлгүүрүүдэд зээлээр өгсөн баримт байгаа аваад ажилд орно гэж хэлсэн ч хаана хаана байрладаг дэлгүүрт бараа өгсөнөө хэлэхгүй байгаа… гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

 

Гэрч Н.Жавхланчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... Б.Итай 2017 оны 09 сарын 12-ны өдөр тооцоо нийлэхэд 987.770 төгрөгийн барааны мөнгө тушаагаагүй байсан. 2017 оны 09 сарын 18-ны өдрөөс ажилдаа ирэхгүй байсан. ...түүнийг хайж явна гэж 40.000 төгрөг унааны мөнгөнд Эрдэмтэлэх надаас авсаныг болон буцаалтын барааг өгөөгүйн улмаас үүссэн 5.600 төгрөгийг нэмж тооцсон. ...барьцаа суутгалын 300.000 төгрөг болон түүний 2017 оны 09 сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 46.610 төгрөгийг нэмээд түүний үүсгэсэн 1.033.370 төгрөгнөөс хасаад 686.760 төгрөгний өр авалгийн тооцоог гаргаж би даргад танилцуулсан. Түүний явдаг байсан Чингэлтэй , 7 буудлын орчим байх дэлгүүрээс Б.И өөрөө зээлсэн барааныхаа мөнгийг аваад явсан байсан. Б.И 1.033.370 төгрөгний өр үүсгэсэн.

.... 2017 оны 09 сарын 04-нд очиж бараа тоолоход худалдагч О.О 2.600.990 төгрөгний барааны мөнгөний тооцоо тушаагаагүй байсан. О.О нийт 2.600.990 төгрөгийн өр үүссэнээс барьцаа, суутгалын нийт 558.767 төгрөгийг хасаад 2.042.223 төгрөгийн өр үлдсэн.

Би О.О болон Б.И нарын байгууллагад үүсгэсэн өрийг байгуууллагын заралгын баримтыг үндэслэн бодож тооцоог гаргасан. Манай байгууллага "Фискал аудитын" компанитай 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа, аудитын компанид бараа материалын зарлагын баримт болон харилцагчын баримтуудыг гаргаж өгсөн аудит дүгнэлтээ гаргасан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 85-87/,

 

-Атар-Өргөө ХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 16/,

-шүүгдэгч О.О, Б.И нарыг ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаал, ажилтны анкет, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ, Атар-Өргөө ХК-ийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 21-37, 41-47/

-харилцагчийн авалгын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 34, 46/, Б.И, О.О нарын хохирол барагдуулах тайлбар /хх-ийн 45, 61/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 88/, "Фискал аудит" ХХК-ны 2017 оны 11 сарын 55/17, 57/17 дугаартай албан тоот /хх-ийн 90, 120/,

-хохиролд 2.159.000 төгрөг төлсөн тухай шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт

 

Шүүгдэгч Б.Игийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...би Атар Өргөө ХК-наас нэхэмжилж байгаа 686.760 төгрөгөөс өөрийн төлж барагдуулсан 530.000 төгрөг, Эрдэмтэлэхийн намайг хайхад зарцуулсан унааны мөнгө гэх 40.000 төгрөгийг хасуулж үлдсэн 116.760 төгрөгийг төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 163/,

 

Шүүгдэгч О.О мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 09 сарын 05-ны өдөр ахлах нягтлан Б.Жавхланчимэг тооллого хийх үед надаас тушаагаагүй барааны мөнгө 2.600.990 төгрөгний өр авлага үүссэн. Би ахлах нягтлантай энэ талаар тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Атар Өргөө ХК-д ажиллаж байх хугацаанд барааны 2.600.990 төгрөгийг компаний дансанд тушаагаагүй хувьдаа ашигласан нь үнэн. Би уг мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг 2 хүүхдийн хичээлийн бэлтгэлийг бэлдэх гээд хэрэглэсэн. Үлдсэн мөнгийг нь би ахуйн хэрэглээндээ хэрэглэсэн. Компаниас завшсан мөнгөнөөс миний ажилд орж байхдаа байршуулсан барьцаа мөнгө 100.000 төгрөг болон 2017 оны 08 сарын цалин 263.235 төгрөг, 2017 оны 08 сарын цалингаас суутгасан барьцааны 100.000 төгрөг, 2017 оны 09 сарын эхний 5 хоног ажилласан цалин 95.532 төгрөг гээд нийт 558.767 төгрөг хасуулаад 2.042.223 төгрөг байгууллагад төлөхөөр болсон. Би нөхрийн хамт тус байгууллагад 530.000 төгрөгийг энэ хугацаанд төлсөн. Манайх 4 хүүхэдтэй, айлын байшин түрээслэн амьдарч байгаа 1 хүн ажиллаж байгаа учраас төлөх боломж олдохгүй байгаа юм. Атар Өргөө ХК-аас нэхэмжилж байгаа 2.042.223 төгрөгтэй санал зөрөлдөх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 170/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.И, О.О нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173-176/, Сүхбаатар дүүргийн 16-р хорооны тодорхойлолт /хх-ийн 183-184/, ӨМНС-ийн өрхийн түвшинг тогтоосон баримт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 185-186/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 190-193/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

   Шүүгдэгч Б.И, О.О нар нь бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Б.И, О.О нарын бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Хохирогч Атар Өргөө ХХК-д учирсан хохиролд шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн харилцах дансаар 2.000.000 төгрөг бэлнээр 159.000 төгрөг төлж хохиролыг барагдуулсан талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс тооцлоо.

 

Шүүгдэгч Б.И, О.О нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсаныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдэснийг эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Баярмаагийн Б.И, Бэрсүүд овогт Одмаагийн О.О нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.И, О.О нарыг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг шүүгдэгч Б.И, О.О нарт хүлээлгэсүгэй.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.И, О.О нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд хэрэглсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ