Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 123/2019/0012/З |
Дугаар | 221/МА2019/0409 |
Огноо | 2019-08-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2019/0409
2019 оны 08 сарын 07 өдөр |
Дугаар 221/МА2019/0409 |
Улаанбаатар хот |
Б.Т нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Т нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Т 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Төв аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/340 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалт болох “сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй” гэсэн заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр:
“Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37, 33 дугаар зүйлийн 33.7, 33.12, 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т “Төв аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/340 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалт болох “сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй” гэсэн заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Б.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Аймгийн Засаг даргын захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх хэсэгт “Сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй” гэж заасан нь Монгол Улсын хуулиас давсан, эрхээ хэтрүүлэн ашигласан, хуулиар эрх олгогдоогүй хориглосон заалт болсон.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “ж”-д “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно” гэж зааснаас харахад “цагийн хуваарийг баталж мөрдүүлэх, цагийн хязгаарыг тогтооно” гэж тодорхой заасан.
Гэтэл аймгийн Засаг даргын захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх хэсэгт “Сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй” гэсэн заалт нь өөрт хуулиар олгогдсон эрхээсээ хальж хориглосон захирамж гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг зөрчсөн.
Мөн А/340 дүгээр захирамжийн агуулга нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох зорилготой байсан боловч захирамжийн хавсралт хэсгийн 1 дэх заалтад “Сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи согтууруулах ундаа худалдаалахгүй, үйлчлэхгүй” гэж хориглосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “Утга агуулгын илэрхий алдаатай” буюу уг захирамжийнхаа агуулгатай нийцээгүй гэж үзэж байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зөвхөн түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай л заасан байх болохоос тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг хаах хязгаарлах тухай заагаагүй байна.
Мөн дээрх захирамж нь бодит байдалд биелэгдэх боломжгүй байна. Үүнд Улаанбаатар хот нь Төв аймгийн нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрладаг. Гэтэл аймгийн Засаг даргын захирамжид заасантай адилгүй лхагва гаригт тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж, ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулдаг учраас аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих боломжгүй. Аялал, жуулчлал, баяр ёслол, шашны зан үйл гэх зэрэг олон үйл явдлууд лхагва гаригт буюу 3 дахь өдөр ихэнхи тохиолдолд давхцаж байдаг.
Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан уг захиргааны акт бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна”, 60 дугаар зүйлийн 60.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байна”, 60.1.6-т “Хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”;
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна албаны эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглоно”;
Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуй эрхлэгчдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”;
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”;
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, ...болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, ...зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн байхад харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...маргаан бүхий актыг эрх бүхий байгууллага ...хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох хуульд заасны дагуу зохих ёсоор хянаж, аливаа зөрчилгүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэн хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй.
Засаг дарга цагийн хязгаар тогтоох биш тусгай зөвшөөрөлтэй худалдаа эрхлэгчид бидний болон Б.Т миний ХХК-ийн .......... дугаар бүхий “Спиртийн өндөр агууламжтай” согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмших эрхэд халдаж хориглосон заалт гаргасан байтал анхан шатны шүүхээс үүнийг “цагийн хязгаар тогтоосон заалт” гэж тайлбарлаж байгаа нь буруу.
Энэхүү хориглосон заалтаас болж 1 сард 5 хоног, жилд 2 сар буюу 60 хоногийн хугацаанд хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрлийн эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.
Нийтийн эрх ашиг яригдахад бас цөөнхийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ч нийтийн эрх ашгийг хамгаалах гэж захиргааны байгууллага хүсэж байгаа бол архи заруулахгүй өдөр бий болгохын оронд нийтээрээ архи согтууруулах ундаа хэрэглэхгүй өдөртэй болох нь нийтийн эрх ашигтай нийцнэ гэж үзэж байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 13.4, 132.5 дахь заалтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлбэл нийтийн эрх ашиг хамгаалагдах болно.
Иргэн Б.Т намайг анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хойно Зуунмод сумын 6 багийн иргэдээс хэлэлцүүлэг хийлгүйгээр, ямар нэг мэдээлэл өгөлгүйгээр санал авсан. Мөн 100,000 орчим хүн амтай Төв аймгийн нийт иргэдийн 1 хувь хүрэхгүй иргэдээс санал авсан явдал нь нийт хүн амыг төлөөлөх боломжгүй гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүхийн “...Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна” гэж заасантай аймгийн Засаг даргын дээрх захирамж нийцсэн байна” гэж дүгнэсэн нь буруу.
Засаг даргын захирамжийн агуулга “цагийн хязгаар” тогтоох зорилготой байхад миний болон худалдаа эрхлэгчдийн хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрлийн эрхэнд халдсан зорилгодоо, агуулгадаа нийцээгүй захиргааны акт болсон.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123/ШШ2019/0011 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн хэрэгт хамааралгүй буюу хугацаа тодорхойлохтой холбоотой зүйл, заалтыг баримталсан, мөн ийнхүү баримтлахдаа уг хуулийн “37 дугаар зүйлийн 37” гэх байдлаар хуульд байхгүй заалт барьж, техникийн алдаа гаргасныг зассан өөрчлөлт оруулж, харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга, …харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно” гэж заасан эрхийн хүрээнд хариуцагчаас зохих нөлөөллийн шинжилгээ хийх байдлаар 26 сумдын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн болон иргэдийн, мөн архидан согтуурахтай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн маргаан бүхий захирамжийн хавсралтын 1-д “Сар бүрийн 01-ний өдөр болон долоо хоног бүрийн лхагва гаригт архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй” гэж ажиллах цагийн хязгаарыг баталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрхээ огт хэтрүүлээгүй, давж заалдах гомдолд дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Учир нь нэхэмжлэгч Б.Т олгогдсон ....... тоот спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хүрээнд худалдаа эрхлэх эрхийг дээрх захирамжаар хориглоогүй, зөвхөн энэхүү үйл ажиллагааг явуулах цагийн хязгаарыг хуулийн хүрээнд баталжээ.
Чухам ямар үндэслэлээр “…маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэг утга, агуулгын хувьд илэрхий алдаатай буюу захирамжтайгаа нийцэхгүй…” гэж үзэж буй давж заалдах гомдлын агуулга ойлгомжгүй, өөрөөр хэлбэл худалдаа эрхлэх цагийн хязгаарыг тогтоосноор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй, харин долоо хоног бүрийн лхагва гаригт архи, согтууруулах ундаа худалдахгүй байх бодит боломжгүй нөхцөл байдал үүсч байна гэж үзэн нэгэнт баталсан цагийн хязгаарыг мөрдөхгүй байх тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авах болохыг захирамжийн 3 дахь хэсэгт тодорхой заасан байна.
Хариуцагчийн гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, үйлчлэлийн хувьд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, худалдаа үйлчилгээний газруудыг бүхэлд нь хамарсан байх тул өрсөлдөөнийг хязгаарласан шинжгүй, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн зохицуулалт энэ тохиолдолд хамааралгүй болно.
Цагийн хязгаар баталснаар нэхэмжлэгч Б.Т тусгай зөвшөөрөл эзэмших эрхэд халдаагүй, хязгаарлалтаас “…1 сард 5 хоног, 1 жилд 60 хоногийн хугацаанд хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрлийн дагуу худалдаа эрхлэх эрхээ эдэлж чадахгүй…” гэсэн гомдлын тухайд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2 жил гэж тогтоосныг 2 жилийн туршид өдөр, шөнөгүй худалдаа эрхлэх бус, харин тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эрх бүхий этгээдийн баталсан цагийн хязгаарын дотор худалдаа эрхлэх эрх гэж ойлговол зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37, 33 дугаар зүйлийн 33.7, 33.12, 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1, …тус тус…” гэснийг хасч, “дэх” гэснийг “дахь” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Т давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН