Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00193

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00193

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/05593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,386,254 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат, С.Батлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Б” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2022-11/12 ”Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул аймаг, Дархан сум, 1, 2, 8 дугаар баг/-ын трасст орсон замын тоноглол буюу хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулсан. Гэрээгээр тохиролцсон ажлыг нэхэмжлэгч нь бүрэн хийж гүйцэтгэж дуусгаад хариуцагч тал ажлыг хүлээн авсан.

Уг гэрээт ажлын хөлсийг тус гэрээний 1.2-д 86,853,000 төгрөг гэж харилцан тохиролцсон боловч хариуцагч нь 76,830,300 төгрөгт багтаан хийж өгөхийг хүссэн тул нэхэмжлэгч бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодолцож гэрээт ажлыг нь 76,830,300 төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр зөвшөөрсөн. Хариуцагч нь гэрээт ажлын хөлс 76,830,300 төгрөгөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

Талууд гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 67,830,300 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г бичгээр үйлдэн баталгаажуулсан. Үүний дараа хариуцагч “Б” ХХК нь 3,100,000 төгрөг нэхэмжлэгч талд төлсөн ба 2022-11/12 тоот гэрээний төлөх ёстой үлдэгдэл төлбөр нь 64,730,300 төгрөг болсон.

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр талууд төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөр 29,730,300 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

1.2. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх 2022-11/12 тоот гэрээт ажлаас гадна амаар "Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг Компортын 4 замын уулзварыг термопластикаар будах ажил”-ыг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба нэхэмжлэгч нь уг ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Уг нэмэлт ажлын төлбөр 15,210,000 төгрөг төлөгдөөгүй.

1.3. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-ний дагуу алданги 445,954.5 төгрөг болсон.

Иймд үндсэн гэрээний төлбөр 29,730,300 төгрөг, нэмэлт гэрээний төлбөр 15,210,000 төгрөг, алданги 445,954.5 төгрөг, нийт 45,386,254 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.4 Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Уг гэрээт ажлын тендерийн төсөв 26,743,842 төгрөг байхад үүнээс илүү өндөр үнээр нэхэмжлэгч нь ажлыг гүйцэтгэсэн. Тус ажлын хэвтээ тэмдэглэгээний ажил хүлээлгэж өгснөөс хойш баталгаат хугацаанаасаа өмнө будаг нь арилсан. Нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй, гүйцэтгүүлээгүй тул нэмэлт ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2.2. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК, “А” ХХК хооронд байгуулсан гэх “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, Дархан сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ээр хийж гүйцэтгэх ажил үүргийг зөвхөн Зам тээврийн хөгжлийн яамны тусгай зөвшөөрөлтэй авто замын аж ахуйн нэгж хийж гүйцэтгэх эрхтэй.

Зам тээврийн хөгжлийн яамны цахим мэдээллийн санд байдаг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар авто замын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийн жагсаалтад “А” ХХК байхгүй байна.

Иймд “Б” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК болон “А” ХХК хооронд байгуулсан гэх Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын ажлын хэвтээ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар, уг гэрээний хийгдсэн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 30,176,254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,210,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, Дархан сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 385,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 393,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 308,831 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын төлбөр болох 15,210,000 төгрөгийг хангаж шийдвэрлээгүй бөгөөд түүнийхээ үндэслэлийг гэрчийн мэдүүлгээс өөрөөр нотлогдоогүй гэж тайлбарлаж хангаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Гэтэл гэрчид эрх, үүрэг тайлбарлаж үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гарын үсэг зуруулан мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлгээр уг ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсийг төлөөгүй байгаа талаар тодорхой мэдүүлэг өгсөн байхад гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулсан.

Түүнчлэн нэхэмжлэгчийг нотолж чадаагүй гэж буруутгаж байх боловч гэрээг талууд бичгээр байгуулаагүй гэж тайлбарласан, уг шалтгаанаар бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээ байхгүй тул түүнийг гаргаж өгөх тухай ойлголт байхгүй байгааг анхаарч үзээгүй.

Иймд шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулахад зайлшгүй тусгай зөвшөөрөл шаардагдах тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагаас тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг олгох бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.2-д зааснаар Авто замын байгууламжийг ”арчлах”-д тусгай зөвшөөрөл заавал авах зохицуулалттай байна.

Авто замын тухай хуулиар авто замын барилга байгууламжийн ажил нь 1/ Авто замын зураг төсөл боловсруулах, 2/ Авто зам барих, 3/ Арчлах, 4/ Засварлах , 5/ Хяналт, Зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн таван чиглэлээр тус тусдаа тусгай зөвшөөрөл шаардлагатай өөр өөр мэргэжлийн үйл ажиллагаа байдаг.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажил нь зам арчлалтад хамаарах ажил юм. Гэтэл “А” ХХК нь Авто замын тухай хуулийн 33 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.2 -т тус тус заасан зам арчлах үйл ажиллагааг эрхлэн эрхгүй байсан үйл баримт тогтоогдож байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 3.7-д мөн гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажилдаа 3 жилийн баталгаа гаргасан. “А” компани нь авто замын арчлалтын тусгай зөвшөөрөлтэй буюу замын тэмдэглэгээ хийх эрхтэй мэтээр ойлгуулж гэрээ байгуулсан.

Тухайн авто замын ажлыг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр улсын комисс хүлээж авсан, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрээний баталгаат хугацаа дуусна. Мөн авто замын барилгын ажлын хувьд термопластик будгаар жилд нэг удаа технологийн горим, техникийн тодорхойлолтын зааврын дагуу сэргээдэг. “Б” ХХК-ийн хувьд тухайн гэрээнээс үүссэн үр дагавар нь гэрээнээс хүсэж байсан хүсэл зориг, үр дүнтэй нь нийцсэнгүй.

Мөн шүүхэд гэрчээр оролцсон “А” ХХК-ийн нягтлан бодогч В-ээс авсан мэдүүлэгт тухайн компанид нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нэг ч үндсэн ажилтан байхгүй, татвар төлдөггүй гэх мэдүүлгээс үзэхэд тус компанийн чадавхийн хувьд ноцтой эргэлзээ үүсэхээр байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

         Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн уулзварын шинэчлэлтийн ажлыг “А” ХХК хийж гүйцэтгээгүй нэхэмжлэгчийн гомдлыг зөвшөөрөхгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

         Хариуцагч нь гэрээ байгуулах үедээ тусгай зөвшөөрлийн талаар ямар нэгэн шаардлага тавиагүй. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.” гэж тодорхой зааж өгсөн. Захиалагч талын өмнө хариуцагч “Б” ХХК хийж гүйцэтгэсэн ажлаа бүрэн хариуцаад ажлаа хүлээлгэж өгсөн. Манай компани туслан гүйцэтгэгчээр ажил хийж гүйцэтгэсэн байхад тусдаа буюу дангаар тусгай зөвшөөрөл шаардсан харилцаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн зохигчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,730,300 төгрөг, нэмэлт ажлын хөлс 15,210,000 төгрөг, алданги 445,954 төгрөг, нийт 45,386,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Зохигч нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам /Дархан-Уул, Дархан сум 1, 2, 8 дугаар баг/-ийн ажлын хэвтээ тэмдэглэгээ /термопластикаар будах/ хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу “А” ХХК нь автозамын ажлын хэвтээ тэмдэглэгээ буюу 2,227 м.кв цагаан шугам /термопластикаар будах/ ажлыг 76,830,300 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэн “Б” ХХК-д хүлээлгэн өгсөн, “Б” ХХК нь ажлын хөлсөнд 47,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Мөн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч нь төлбөр төлөх хуваарь баталгаажуулсан төлбөр барагдуулах тухай гэрээг нэхэмжлэгчтэй байгуулжээ /хх 11/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар  зөв дүгнэжээ.

 

3.1. Хариуцагч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3, Авто замын тухай хуулийн 33 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.2-т зааснаар нэхэмжлэгч нь авто зам арчлалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөлгүй байсан гэх үндэслэлийг зааж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээний агуулга, ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн хооронд үүссэн харилцаа зэргийг харгалзан авто замын зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн шаардлага нь нэхэмжлэгчид биш хариуцагчид тавигдах шаардлага гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасантай нийцсэн байна.

Учир нь гэрээ байгуулахад зөвшөөрлийн тухай заагаагүй, түүнчлэн хариуцагч нь ерөнхий гүйцэтгэгчийн хувьд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч захиалагчийн өмнө үр дүнг хариуцах үүрэгтэй тул зохигчийн байгуулсан гэрээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулагдах ёстой гэрээний харилцаанд хамаарахгүй.

Иймд анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр болохыг хуульд нийцүүлэн тайлбарлаж, хариуцагчийн гаргасан  ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгааг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 47,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

3.2. Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээ, нэхэмжлэгч талын дансны хуулга зэргээр хариуцагч нь гэрээнд заасан ажлын хөлс 76,830,300 төгрөгөөс 47,100,000 төгрөгийг төлж, 29,730,300 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна /хх 10, 14-16/.

Анхан шатны шүүх дээрх төлөгдөөгүй үлдсэн ажлын хөлс 29,730,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байна.

 

3.3. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр барагдуулан гэрээний 3.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгч нь энэ гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05%-аар тооцож алданги төлөх үүрэг үүснэ” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн.

Анхан шатны шүүх алдангийн талаарх зохигчийн тохиролцоо, хуулийн зохицуулалтыг зөв дүгнэж, хариуцагчаас алданги 445,954 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт алданги гаргуулах үндэслэл болж буй хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

3.4. Түүнчлэн хариуцагч “Б” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн ажлын үр дүн нь доголдолтой буюу замын будсан цагаан зураас нь арилсан гэж тайлбарлаж буй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Компортын 4 замын уулзварыг термопластикаар будах нэмэлт ажлыг 15,210,000 төгрөгөөр гүйцэтгэхээр амаар тохиролцож, ажлыг хийж гүйцэтгэсэн үндэслэлээр гаргасан 15,210,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Учир нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “нэхэмжлэх” гэх баримт, нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч В-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэгч нэмэлт ажлыг гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “нэхэмжлэх” нь нэг талын баримт, гэрч В-ийн мэдүүлэгт дурдсан үйл баримт нь бусад бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/05593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “343.1” гэсний дараа “,232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

                                  ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

                                                                                     Т.БАДРАХ