Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 177

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Н.Ундрах,

            иргэдийн төлөөлөгч Л.Ц,

           шинжээч эмч Н.Т,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М,

шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж Ц холбогдох 1808014940307 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар : 

Шүүгдэгч Ж.Ц нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн гэртээ Э.Эын бие эрх чөлөөнд халдан тархины баруун талын бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, бага тархины дээд хэсгийн цусан хураа, тархины гүүр хэсгийн эдийн гүндэх цус харвалт, хуйханд цус хуралт, нэг шүдний хугарал, баруун зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар уруулд зулгаралт бүхий олон тооны гэмтлүүдийг учруулан зодож онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд :        

- Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Хэрэг учралын газарт хүрэлцэн ирэхэд хөдөлгөөнт эргүүлийн дэслэгч Э, ахлах ахлагч Н нар хэргийн газарт ирж хамгаалалт авсан байдалтай байсныг тэмдэглэлд тусгав. Хашааны хойд талд цэнхэр өнгийн гөлмөн төмөр бүхий шувуу нуруу дээвэртэй, 1 давхар, цагаан өнгийн шавар байшин байна...Уг байшингийн хаалгаар дотогш ороход архины төрлийн үнэр, эхүүн чийгний үнэр ихээр үнэртэж  байсныг тэмдэглэлд тусгав. Байшин дотор ороход...байшингийн баруун хойд буланд хар өнгийн орны рам мод, уг  орны дэргэд буюу урд талд газарт 180х200 см хэмжээтэй матрасс түүн дээр толгой нь баруун хойд зүгт чиглэж дээш харж хэвтсэн эмэгтэй хүний цогцос байна. Цогцос нь матрассан дээр диагналь байдлаар хэвтсэн, 2 хөл  жийсэн, 2 гар бие дагуу доош унжиж байрласан, дээгүүрээ ягаан өнгийн майк, цайвар цэнхэр өнгийн хөхөвч,  доогуураа хар өнгийн ноосон өмдтэй байв. Уг өмдийг өмсүүлэх гэж оролдсон гэмээр бөгс хэсгийн өмсгөл өмсөгдөөгүй, зүүн гарын бугалганд хуучин бинтээр боолт хийсэн байна. Цогцосны 2 нүдний зовхи хаалттай, хамрын яс мөгөөрс бүтэн, хамрын нурууны баруун зүүн талд цэгэн шархтай, шарх нь хатсан, хамрын сүвнээс цус мэт зүйл гадагшилж хатсан байдалтай, нүдний салстууд цус хуралттай, нүднүүдийн зовхины гадна талд цус хуралтуудтай байна. Цогцосны байрлаж байсан матрасс нь цайвар өнгийн ягаан өнгин бүтээлгэтэй, цогцосны хөл хэсэгт ягаан өнгийн ууттай хөнжлийг овоолж тавьсан, уг хөнжлийн даавуу нь энд тэндээ цус мэт зүйлээр бохирлогдож хатсан байв” гэсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-8-20/,

- хохирогч Ц.М мөрдөн байцаалтад өгсөн:...Э өмнө нь гэр бүлтэй байсан, нөхөр Баттогтохтойгоо хамт амьдрахгүй болоод хагас жил болж байгаа. Учир нь Баттогтох нь өөр эхнэртэй болсон тэгээд салцгаасан. Гэрлэлтийн баталгаагаа албан ёсоор цуцлаагүй. Бас манай дүү Э нь архи ихээр уудаг түүнээс л бас болсон байх гэж бодож байна. Э 2 хүүхэдтэй, 2 хүүхэд нь нөхөр дээр нь байдаг.  2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Эын хадмынхаас нь очиж авсан. Өмнө нь 2018 оны 03 дугаар 10-ны өдөр Гэмтэл согог үндэсний төв дээр гараа гэмтээсэн оноштой очоод эмнэлэг дээр архи уусан гээд хөөгдчихсөн байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бид нар хайгаад олохгүй байсан ба 14-ний өдөр хадмынхаас нь очиж авсан. Гар нь яагаад гэмтэх болсон талаар мэдэхгүй, өөрөө ч юм хэлэхгүй байсан. Урьд нь манай дүү Г гэрт нь гуйж амьдруулдаг байж байхад тэднийхээс гарч яваад тэгээд Эын хадам нь ирж дүүгээ ав гэхэд манай дүү Ганхөлөг очиход гар нь гэмтсэн байсан гэсэн, тэгээд ГССҮТ-д хэвтүүлсэн гэж ярьж байсан. Г нь Эыг хэзээ очиж авсан талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай дүү хадмындаа оччихдог тэгэхээр нөхөр, хадам ээж нар нь хөөгөөд явуулчихдаг байсан. Эын зүүн гар нь булчин хэсгээрээ 2 хугарсан байсан. Э оочоод хугалчихсан гэж ярьж байсан. Нэг уухаараа зогсолтгүй уучихдаг. 7 хоног дарааллаад уучихдаг байсан. Тасартлаа уудаггүй бага багаар л уугаад яваад байдаг байсан. Э Б гээд нэг эмэгтэй найзтай байсан. Нөхрөөсөө өөр уулздаг эрэгтэй хүн байгаагүй. Би Ж.Ц гэх хүнийг танихгүй. Э элэг муутай, элэгний хатууралтай, энэ өвчнөөрөө группт байдаг ... гэх мэдүүлэг /1х, хх-44-46/

- хохирогч Ц.М мөрдөн байцаалтад өгсөн:.. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар 25-ны өдөр 22 цаг 50 минутанд дүү М руу ярьсан байна. М дугаар нь 88003225 байгаа. М ч бас тухайн үед над руу эгч ярьсан, бие жаахан муу байна, 4 cap гаргаад гайгүй болчих байх гэж ярьсан өөр юу ч хэлээгүй баяртай ч гэж хэлэлгүй утас нь тасарчихсан, их дуу султай ярьж байсан гэж байсан. Оршуулгын зардалд 3.000.000 төгрөг зарцуулагдсан байгаа. Бас 2 хүүхдийн тэтгэмжийн асуудлыг шийдуүлмээр байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /1х, хх-47/,

- гэрч Ч.А мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өглөө 09 цагийн үед би СХД-ийн 2 дугаар хороо Орбитын 29-493в тоотод байх гэрээсээ гараад явж байтал Ц гээд урд айлын залуу хашааныхаа үүдэнд намайг сая 4 залуу зодчихлоо, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Би түүнээс эмнэлэг дуудах уу гэхэд зүгээрээ тэд нар намайг зодох ёсгүй хүмүүс гэж Ц ярьж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд тамхи татаад зогсож байтал хойд талын хашааны үүдэнд 4 залуу гарч ирээд хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл Ц тэр 4 намайг зодсон гэсэн. Тэр 4 залуугийн нэг нь чи дүүдээ гээд орилоод байсан. Ингэж орилж байсан хүн нь эсгийн гутал өмсчихсөн харагдсан, мөн далий хамартай байсан. Нөгөө гурвыг нь нээх сайн харж чадаагүй. Гэхдээ архи уудаг гэмээр хүмүүс байсан. Бүгд согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр залууг орилоход нь Ц “чи бид 2 ах дүү биш биз дээ“ гэж хариу орилж байсан. Тэгээд хэсэг байж байгаад Ц за за дуудлагаа буцаачих, надад эрүүлжүүлэхийн мөнгө байхгүй гэж хэлээд хашааныхаа хаалгыг түгжээд дотогшоогоо гүйгээд яваад өгсөн. Би найз М хашааны хаалгыг давж ороод цагдаад худлаа дуудлага өгсөн болчихно шүү дээ гэж хэлэх гэж байшингийн хаалгыг нь татаж үзтэл цоожтой байсан. Тэгээд цонхоор нь хөөё наад хаалгаа нээ гэж хэлтэл хөшигнийхөө цаанаас чи яваа гээд байсан. Тэгээд би ажлаас дуудаад яараад байсан болохоор яваад өгсөн. Би байшин руу ороогүй, цонхоор нь харах гэсэн чинь өөрөө хөшигнийхөө завсраар хараад яв гээд байсан. Ямар нэгэн содон зүйл ажиглагдаагүй... гэх мэдүүлэг /1х, хх-54-55/,

- гэрч Ж.Ц мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед гэж санаж байна. Сонгнохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 29-498 тоот манай ах Цын хашааны доод талын хашааны үүдэнд Ц ахтай тааралдсан. Тухайн үед би Туунаа гээд залуутай хамт явж байсан, тэгээд ахаасаа ганц шил архины мөнгө байна уу гэхэд Ц ах байхгүй гэсэн. Тэгээд би худлаа яриад бай гээд гар утсыг нь аваад явчихсан. Би утсыг нь авахдаа ямар нэгэн зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед Ц ах нилээн согтолттой тэгээд архи авчраад хамт ууя гэж бодоод гар утсыг нь аваад явчихсан. Тэгээд ч манай ах архи уухаараа маш их агсам болчихдог, хүн хүн рүү дайраад цохилдож, зодолдох гээд байдаг. Ц ахыг ямар нэгэн эмэгтэйтэй хамт явахыг хараагүй. Царай зүс нь зүгээр, хувцас хунар нь  яагаа ч үгүй, нилээн согтуу явж байсан. Би Ц ахын гэрт нь ороогүй гэрийн гадна нь таарсан. Ямар нэгэн эмэгтэйн талаар яриагүй. Ц ах эрүүлдээ хэвийн даруухан хүн болчихдог. Архи уусан үедээ их агсам болчихдог, хүн хүн рүү дайраад зодоон хийх гээд байдаг... гэх мэдүүлэг /1х, хх-56-57/

- гэрч Э.О мөрдөн байцаалтад өгсөн ... би Этай хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тааралдсан. Э нь манайд 2017 оны 11 дүгээр сарын дундаас эхлэн амьдарч байгаад 2018 оны 03 дугаар сарын эхээр нэг согтуу орж ирээд би хувцсаа сольчихоод гарлаа гэхээр нь би гаргахгүй гээд хаалгаа түгжээд нөхрөө дуудсан. Тэгээд манай нөхөр ирээд чи согтуу байгаа юм чинь унтаж амар гээд хоол идүүлээд оронд нь оруулсан бөгөөд нөхөр бид хоёр унтаж амарсан. Маргааш өглөө нь сэрэхэд байхгүй байхаар нь хайгаад хадам ээж рүү нь залгаад Сонгингохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 32-н автобусны буудлаас дээш өгсөөд Дэнж дээр хуучин амьдардаг байсан газар нь очсон. Тэгээд нөхөр бид хоёр хадмын гэрт нь очсон чинь Э ирээгүй байхаар нь гэртээ буцаж хариад байж байтал хадам ээж нь залгаад Э манайд ирчихсэн байна гэхээр нь яваад очтол Э зүүн гараа хугалчихсан, зүүн талын хацараа  зулгалчихсан байхаар нь нөхөр бид хоёр гэмтлийн эмнэлэг авч очоод эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд хоёр хоног эмнэлэгтээ хэвтэж байгаад эмнэлгээсээ гараад Дэнжид байдаг айлдаа очиж архи уугаад маргааш нь хадмынхаа гэрт оччихсон байна гэж хадам ээж нь над руу залгаж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр хадмынх нь Тахилтад байдаг гэрт нь очоод Эыг авчирсан ба орой нь би хадмындаа очиж амьдарлаа гээд өөрийнхөө хувцсыг ирж авсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирээд үлдэгдэл хувцсаа аваад явснаасаа хойш сураггүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөртэй хадам ээж нь яриад Э манайд ирээд хувцсаа солиод явсан гэж утсаар ярьсан гэсэн. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. Би ямар шалтгаанаар нөхрөөсөө салсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан хадам ээж нь архи уухаар нь хөөгөөд гаргачихдаг байсан ба нөхөр нь өөр хүүхэнтэй хамт амьдардаг болсон гэж хэлсэн. Эын нөхрийг Баттогтох гэдэг ба тэр хүний талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан нилээн түргэн ууртай хүн байдаг... гэх мэдүүлэг /1х, хх-59-60/,

- гэрч Г.Г мөрдөн байцаалтад өгсөн: ... хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 18-нд уулзсан. Э нь нөхрөөсөө салаад, хадмууддаа хөөгдөөд гэртээ оруулахгүй байна гээд манайд 2017 оны 12 дугаар сард ирээд сүүлийн хэдэн сар манайд амьдарч байгаад 2018 оны 03 дугаар сарын 10-ны хавьцаа явсан. Хамгийн сүүлд манайд 18-ны өдөр ирсэн ба ирэхдээ бүх хувцсаа аваад явсан. Манай гэрт амьдарч байхдаа гадуур дотуур гарч ордоггүй байж байгаад 2018 оны 02 сар буюу цагаан сарын дараа үе үе гарч архи ууж эхэлсэн. Удалгүй манайхаас яваад өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 04-05 нд Эын хадам ээж нь над руу залгаад Э манайд согтуу ирчихсэн байна ирээд аваач гээд утсаар залгахаар нь би эхнэр Отгонцоожийн хамт Тахилтад байх хадмынхаас нь очиж авсан. Тухайн үед Гансувд гар өвдөөд байна гэсэн. Тэгэхээр нь гэмтлийн эмнэлэг яваад үзүүлтэл гарын бугалга хэсэг хугарчихсан байсан. Эаас яасан талаар асуухад унаад гараа хугалчихсан хэзээ хаана яаж хугалснаа санахгүй байна гэсэн. Эмнэлгээс гараад гэрт аваачсанаас хойш 2 цагийн дараа Э худлаа хэлээд манай эхнэрийн цамцыг өмсөөд гарч яваад архи уучихсан байсан. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эыг дахиж гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээд эхнэр бид хоёр эргэж очтол гараад явчихсан байсан. Нэг өрөөнд хамт байсан хүнээс асуухад өглөө согтуу орж ирээд эмч нарт загнуулаад хөөгдөөд гараад явсан гэж хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би нагац ах М хамт гадуур хайц цагдаад бүртгүүлчээд гэртээ орж ирээд байж байтал хадам нь залгаад “Э манайд байна” гэж хэлэнгүүт нь очиж авчирсан. Гэртээ оруулаад, М ахыг гэрт хүргэж өгчихөөд ирэх хооронд гараад явчихсан байсан. Тэгж явахдаа хувцас хунараа аваад явсан байсан. Тэр өдрөөс хойш уулзаагүй байж байгаад үлдсэн юм аа авна гээд 03 дугаар сарын 18-ны өдөр манайд ирээд явсан. Тэрнээс хойш дахиж хараагүй. Би тэр үед таксинд суулгаж өгөөд явуулсан. Нүүр болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх, сорви, хөхөрсөн зүйл байгаагүй. Архи уугаад, царай зүс хувцас хунар нь тиймэрхүү болчихсон байсан... гэх мэдүүлэг /1х, хх-62-63/,

- гэрч Ц.Б мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр билү 7-ны өдөр гэж санаж байна. Талийгаач манай тахилтад байх гэрт ирсэн. Гэрт ирэхдээ зүүн гараа барьчихсан байдалтай ирсэн ба тухайн үедээ бид нар тоогоогүй юм. Тэгээд гар утас нь дуугарахад хүүгээ утас аваад өгөөч гэж хэлээд авхуулсан. Тэгэхээр нь гараа яачихсан юм бэ гэж асуухад шат руу унаад гэмтээчихлээ гэсэн. Тэгэхээр нь би Ганхөлөг ах руу утасдаад хэлсэн. Тэгээд удалгүй Ганхөлөг ах ирээд талийгаачийн гарыг харчихаад аваад явсан. Авч яваад эмнэлэгт үзүүлсэн юм шиг байна лээ. Эмнэлгээс зугтаад ирэхдээ гипс ээ аваад хаячихсан юм шиг гипсгүй ирсэн. Талийгаач манайд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирэхдэ ямар нэгэн гипсгүй болчихсон байсан. Тэгээд М, Ганхөлөг ах нарыг дуудаж бас өгч явуулсан. Ах нар ч угаасаа хайгаад ирвэл хэлээрээ гэж байсан. Дараа нь 03 дугаар сарын 18-нд уулзсан түүнээс хойш уулзаагүй. Зүс царай нь хэвийн зүгээр байсан... гэх мэдүүлэг /1х, хх-64-65/,

- гэрч Ш.Б мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Ж.Ц намайг дуудаж надтай уулзсан, 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудлын хажууханд байрлах цайны газарт бид 2 ойр зуурын зүйл ярилцаж байгаад тэндээсээ 21 цагийн үед салгаасан. Тэрнээс хойш уулзаагүй. Тухайн үед Ц хэвийн бус зүйл ярилцаагүй, Ж.Ц хаашаа явж байгаагаа хэлээгүй, би ч асуугаагүй, бид хоёр архи уугаагүй эрүүл салсан. Нэг хүн рүү залгаад байсан, гэхдээ тэр хүн нь утсаа аваагүй, утас нь холбогдохгүй байгаад байна гэж ярьж байсан. Тэр хүн нь байшин худалдаж авах гэж байгаа хүн гэж хэлж байсан. Өөр хэн нэгэнтэй утсаар яриагүй. Ц ганцаараа амьдардаг. Ц бол уул нь их цагаахан хүнд гэмгүй, сэтгэл сайтай, их тусархуу хүн байгаа юм. Архи уухаараа балай юм шиг болчихдог, ёстой тэнэг болчихдог, намбагүй болоод хүн амьтан руу зодоон хийх гээд агсам сагсуу болчихдог...гэх мэдүүлэг /1х, хх-66-67/

- гэрч Ч.Э мөрдөн байцаалтад өгсөн:...Тухайн өдөр би Сэлбэ 117 буюу Сонгинохайрхан дүүргийн 2, 3-р хороонуудын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Уг хугацаанд өглөө 08 цаг 30 минутаас ээлжээ аваад байж байхад удалгүй Сэлбэ 10-аас "Манай урд айлын залуу хүнд зодуулчихлаа цагдаа дуудаад өгөөч гэлээ” гэж Амарбаясгалан гэх хүн дуудлага өгсөн байсан, уг дуудлага нь 09 цагийн үед ирсэн юм байна лээ, тэгээд манайх ээлжээ авсны дараа бидэнд мэдэгдэж манай ээлж шалгасан. Үүний дагуу дуудлага өгсөн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын нэг байшин байсан ба байшин дотроосоо цоожтой байхлаар нь дуудлага өгсөн А холбогдож "хэн дуудлага өгүүлсэн юм бэ, энэ хүн чинь байшиндаа байгаа юм уу, байшин нь дотроосоо цоожтой байна гэж хэлэхэд Амарбаясгалан “Хаалгыг нь нүдвэл онгойлгох байх, түрүүхэн л гудамжинд тааралдахад хүнд зодуулсан талаараа ярьсан юм, би дуудлага өгсөн” гэж ярьж байсан. Тэгээд буцаад нөгөө байшингийн хаалгыг нүдэхэд хүн тайлахгүй байсан, тэгээд амбаар талын эхний цонх нь нэг тасалгаа нь скочоор битүүмжлэгдсэн байсныг бага зэрэг нүхэлж онгойлгож харахад байшин дотор матрасан дээр хүн хөнжил нөмрөөд унтаж байгаа байдалтай байсан, тэгээд хөөе хаалгаа тайлаачээ гээд 20 орчим минут орилж зогссон. Тэгтэл хэн бэ гээд тэр Ц гээд байгаа хүн хөнжлийнхөө цаанаас толгойгоо цухуйлгасан, тэгээд би хаалгаа нээ гэж хэлээд Цгоор хаалгыг нь нээлгэж дотогш орсон. Намайг дотогш ороход матрасан дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байгаа харагдсан, гэхдээ тухайн эмэгтэй хүний царай нэг л биш харагдсан. Би жижиг цаас хамар дээр тавьж амьсгалж байгаа эсэхийг нь болон гарыг нь барьж зүрх нь цохилж байгаа эсэхийг шалгахад тодорхой шинж илрэхгүй байсан, тэгээд 103-т дуудлага өгөөд 20 орчим минутын дараа эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Бүрэлдэхүүн ирж уулзахад Ц гээд байгаа хүн "Би үнэнээ хэлье, энэ эмэгтэйтэй өчигдөр орой гудамжиндаа таараад хонуулах газар байна уу гэхээр нь би гэртээ хонуулсан” гэж ярьсан. Цгийн хаяган дээр өмнө нь 2 удаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очиж байсан. Энэ асуудал 1 жил орчмын өмнө болж байсан санаж байна. Эхнэр нь гээд эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэл гэж дуудлага өгч байсныг санаж байна... гэх мэдүүлэг /1х, хх-63-64/,

- гэрч А.А мөрдөн байцаалтад өгсөн:...Миний анхны гараа байсан болохоор сайн санаж байна. 2018 оны 03 дугаар сарын 04-ний 22 цагийн үед намайг зочид буудлын үүдэндээ ресепшний байран дээрээ байж байхад гаднаас нэг 35 орчим насны согтуу эмэгтэй ганцаараа орж ирээд 00 байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь 00 засвартай байгаа ажиллахгүй гэхэд гарч яваад гадна пасадны шилэн хаалгыг хөлөөрөө өшиглөөд шилийг нь хагалчихсан. Би тэр эмэгтэйн араас гараад урд талын автобусны буудал дээрээс барьж аваад шил хагалдаг нь яаж байгаа юм бэ? хохирлоо төл гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй би юу ч төлөхгүй чи тэр цагдаагаа дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудаж удалгүй цагдаа нар ирж тэр эмэгтэйг авч явсан. Тэр явдлаас хойш 6 хоногийн дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэж санаж байна. Нөгөө эмэгтэй ганцаараа 16 цагийн орчим оорж ирээд би танайд учирсан хохирлоо бүрэн барагдуулнаа, би 04 дүгээр сарын 01-ээс эхлэн төлж эхлэнэ гэж хэлчихээд л яваад өгсөн. Тухайн үед ганцаараа байсан ба гар нь өвчтэй гэмээр цагаан өнгийн бинтээр боочихсон байсан.. гэх мэдүүлэг /1х, хх-70-71/

- гэрч Ц.Б мөрдөн байцаалтад өгсөн:...Уг нь талийгаач олон жилийн өмнө ээж хоёр дүүгийн хамтаар хэвийн хангалуун амьдардаг байсан. Ээж нь ослын улмаас нас бараад түүний дараахан нутгийнхаа Т гэдэг залуутай танилцаад гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Хүүхдүүдээ төрүүлсний дараа талийгаач яагаад ч юм ойр ойрхон шоудаад, архи түлхүү хэрэглэдэг болсон. Тэгээд яагаад ингээд их уугаад байгаа талаар асуухад нөхөртэйгөө таарамжгүй байгаа талаар их ярьдаг байсан. Нөхөр нь дүү нартай нь таарахгүй, дүү нарыгаа өмөөрч ямар нэгэн юм хэлж чадахгүй байсаар байсан. Манай нэг найз талийгаачаас холгүй амьдардаг байсан. Тэгээд талийгаачийг нөхөртэйгөө байнга хэрэлдэж маргалдаж байдаг талаар ярьдаг байсан. Талийгаач маань уул нь дээд боловсролтой, ээжийнхээ дүүгийн компанид нягтлан бодогч хийдэг байсан. Тэгээд сүүлдээ архинд ороод ажлаасаа халагдаад хамаатнууд нь ч тоохгүй, хадмууд нь ч тоохгүй болсон. 2017 оны сүүлээр л нэг над руу ярьсан. Тухайн үедээ би эмнэлэгт хэвтэх гэсэн чинь эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй байна, төлөөд өгөөч гэсэн тэгээд эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь бөглөх гэж уулзахад  элэгнээсээ болоод царай зүс нь битүү хавагнаж ногоорчихсон хүн харахын эцэсгүй болчихсон байсан. Тэгээд ангийнхаа хүүхнүүдтэй холбогдож мөнгө цуглуулж эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлгээс гараад нэг хэсэг архи уухгүй байсан. Тэгээд тэрнээс хойш таг болчихсон... гэх мэдүүлэг /1х, хх-76-77/,

- гэрч Э.Ш мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 10 дугаар сард БНСУ руу яваад 2018 оны 02 дугаар сарын үеэр буцаж ирсэн. Ирэд нөхөртэйгөө уулзаж амжаагүй, би эмнэлгээр явсаар байгаад чадаагүй. Би 2018 оны 03 дугаар сарын 25-аас 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт байрлах гэртээ байж байсан. Утас  нь холбогдоогүй. Би залгахаар утсаа авахгүй байсан. Би нэг удаа буюу 2018 оны 02 дугаар сарын сүүлээр гэж санаж байна, уулзах гээд Толгойтын эцэс дээр явж байтал зүс мэдэх Цын найз нь хамт архи уудаг залуу нь надад танай Цогоо чинь өөр хүүхэнтэй хамт яваад байна лээ, гэртээ байхгүй, байнга л гэр нь цоожтой байгаад байгаа гэж хэлэхээр нь буцаад яваад өгсөн. Би ямар эмэгтэйтэй хамт явсныг нь мэдэхгүй. Тэрнээс хойш би уурлаад, гомдоод Цтай холбогдоогүй... гэх мэдүүүлэг /1х, хх-78-79/

- гэрч Э.М мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн үед унтаж байхад  эгч над руу нэг юнителийн дугаараас залгаад “эгч нь одоо ерөнхийдөө болж байна дөө” гээд нэг ойлгомжгүй зүйл яриад баяртай ч гэлгүй, цаашаагаа хэн нэгэнтэй яриад утас нь тасарсан. Би тухайн үед эгчийгээ согтуу байна гэж ойлгосон…гэх мэдүүлэг /1х, хх-80-81/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 776 дугаартай:... Талийгаачийн цогцост тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа /14x10см, 180гр жинтэй/, /6-12, 12-18 цагийн будагдалттай фибрин/, бага тархины дээд хэсгийн /1х5см/ цусан хураа тархины гүүр хэсгийн /Зх2см/ эдийн гүнд дэх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн атгаал ясны хугарал, зүүн бугалаганд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун, зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачид учирсан тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа /14x10см, 180гр жинтэй/, /6-12, 12-18 цагийн будагдалттай фибрин/, бага тархины дээд хэсгийн /1х5см/ цусан хураа, тархины гүүр хэсгийн /Зх2см/ эдийн гүнд дэх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоогтоох журмын 3.1.3-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хуйханд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун, зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар, уруулд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн атгаал ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач нь тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа /14x10см, 180гр жинтэй/, /6-12, 12-18 цагийн будагдалттай фибрин/, бага тархины дээд хэсгийн /1х5см/ цусан хураа, тархины гүүр хэсгийн /Зх2см/ эдийн гүнд дэх цус харвалт гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байх ба дээрхи гэмтэл нь нас барахаас 6-12 цаг, 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой нь эд эсийн шинжилгээний тусгай будгийн аргаар / MSB будаг / тогтоогдож байна. Талийгаач нь хүнд зэргийн элэгний хатуурал өвчтэй байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3,3%, шээсэнд 3,1 % спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Шүүх биологийн шинжилгээгээр талийгаач нь О I бүлгийн харьяалалтай байна. Шүүх биологийн шинжилгээгээр талийгаачийн анус болон үтрээнээс авсан арчдасанд эр бэлгийн эс илрээгүй…гэх дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-83-87/,

- шинжээч эмч Н.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:..  Тархинд үүссэн гэмтлээс бусад гэмтлүүдийн үүссэн цагийг нарийвчлан тогтоох боломжгүй.  Ямар ч байсан амьд ахуйд үүссэн шинэхэн гэмтлүүд байх боломжтой. Тархинд үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархин дахь үүссэн гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Тархинд үүссэн цус хураа нь нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн. Дээд хугацаа нь 18 цаг байсан. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдриын 19 цаг 40 минутанд хийсэн цогцосны үзлэгийн тэмдэглэл дээр нас бараад 20-24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна гэсэн байна. Тухайн үед цогцосны үхлийн дараах шинж ч бас 20-24 цагаас дээш гэж зааж байсан. Тиймээс 2018 оны 03 дугаар сарын 25-наас 2018 оны 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө 00 цагийн орчимд нас барсан байх боломжтой. Амь хохирогчийн тархинд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үед үүсэх гэмтлүүд байгаа юм. Тархинд үүссэн гэмтэл нь унахад үүсэх боломжгүй…гэх мэдүүлэг /1х, хх-88-89/,

Шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүэлг : Цогцсонд хамгийн анх 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 40 минутад үзлэг хийсэн байдаг. Энэхүү үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 20-24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж үзсэн байна. Дээш доошоо хоёр цагийн хэлбэлзэлтэй гардаг.

Тархины баруун тал бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн хатуу, бүрхүүл доор 14:10 см үүссэн цусан хурааг хэлж байна. 6-18 цаг гэдэг маань тархинд өөрөө үүссэн байгаа цусан хурааны цаг хугацааг харуулж байна. Талийгаачийн хувьд тархинд үүссэн цусан хураанаас гадна дахиад тархинд гэмтэл үүссэн байдаг. Бага тархины дээд хэсэгт үүссэн 1:5 см, тархины гүүр хэсгийн 3:2 см эдийн гүн дэх цус харвалт байдаг. Энэ цус харвалт маань гэмтэл авсан даруйдаа нас барна. Удахгүй гэсэн үг, 1-2 цагийн хугацаа байх боломжтой. Яагаад гэвэл уртавтар тархи, тархины гүүр хэсэг дээр амьдралын төвүүд байдаг учраас тэр дороо амьсгал зүрх судасыг дарж нас барна гэсэн үг. Тэгэхээр гэмтэл авсан даруйдаа нас барна. Ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломж багатай.  

Дээрх гэмтлүүд тус тусдаа үйлдлээр үүссэн байх боломжтой...Тархины баруун тал бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн хатуу, бүрхүүл доор үүссэн цусан хураа нь бага тархины дээд хэсэгт үүссэн 1:5 см, тархины гүүр хэсгийн 3:2 см эдийн гүн дэх цус харвалтад нөлөөлөхгүй...Тархины  баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсэгт хатуу бүрхүүл доор 180 грамм жинтэй хагас бүлэгнэсэн, зарим хэсэгтээ шингэн, гадаргуу гялгар, 14:10 см хэмжээтэй 1 см зузаантай хар хүрэн өнгийн цусан бүлгэмтэй гэсэн байна. 14:10 см гэдэг нь алганы хээ шиг хэмжээтэй цусан хураа байгаад байгаа юм. Уг цусан хураа нь хэрвээ томроод тархийг дарж амьсгал зүрх судсыг дарсан бол үхэлд хүргэх боломжтой. Энэ тохиолдолд тархи дарагдаагүй. Зөвхөн 1 см хэмжээтэй цусан хураа байгаад байна...Тархины гүүрний цус харвалт нь өөрөө гэмтэл авсан тэр даруйдаа нас бардаг. Тархины хатуу бүрхүүл доор үүссэн цусан хурааг аваад эд эсийн шинжилгээгээр оруулахад 6-18 цаг гэж гарч ирсэн. Энэхүү цагийг би гараагүй эд эсийн шинжилгээгээр гарч ирсэн. Дээрх 2 гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсээгүй гэмтэл юм  гэв.

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 2246 дугаартай:...Богино хүрмэнд үүссэн 5х4см хэмжээтэй уранхай оёдлоороо ханзарч урагдсан оёдлын утаснууд нь үзүүр хэсгээрээ суналттай, оёдлын нүх арилаагүй, зах ирмэг бохирлогдоогүй байх тул татах, чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзарсан уранхай байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-106-107/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3888 дугаартай:... шинжилгээнд ирүүлсэн Ж.Цын баруун болон зүүн гараас авсан гэх арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, ТНO1, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар тогтоож ДНХ-ийн лабораторийн 429 дугаарт авч архивлав…гэх дүгнэлт /1х, хх-115/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 5559 дугаартай:... Ж.Ц баруун болон зүүнн гараас авсан гэх арчдаст илэрсэн аутосомын ДНХ-ийн D3S1358, ТНO1, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA  гэсэн локусын аллелиар Э.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, хх-119/,

- Цогцост үзлэг хийсэн “Цогцост гадна үзлэг хийхэд 160 см урттай...эмэгтэй хүний цогцос байна...Үүдэн дээд 1 дүгээр шүд дотор хэсэгтээ сэтэрч хугарсан, толгойнд зүүн зулай хэсэгт тэмтэрхэд овгор хавдартай, баруун нүдний дээд доод зовхинд 5х5.5 см, зүүн нүдний дээд зовхинд 8х4 см, уруулын зүүн хажуу хэсэгт 4.5х2 см, доод уруулын баруун дотор салстад 2х1.5 см баруун тохойд 1.5х1 см баруун шууны гадна дунд 3х2 см, баруун шууны гадна 1х1 см баруун хөлний дээр 3х2 см, 1х1 см баруун  гуяны урд дунд хэсэгт 1х1 см урд доод хэсэгт 2х0.5 см  баруун өвдөгний доор 3х3 см, баруун шилбэний урд дээр 1х1 см, 1х1 см, баруун шилбэний урд дунд 1х1.5 см, зүүн ташаанд урд хэсэгт 2.5х2 см, зүүн гадна дунд 1х1, 1х1 см урд доод хэсэгт 1х0.5 см зүүн өгзөгний гадна 2.5х2 см зүүн өвдөгт 1.5х1 см, 3х2 см зүүн шилбэ гадна дунд 1х1 см улаан хүрэн өнгийн цус хуралттай,  зүүн бугалганы эргэн тойронд зүүн тохойн үе зүүн шууны доод 3/1 хүртэл үргэлжилсэн, 42смх25 см улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн атгаал яс, дунд 3/1 далд хугаралтай, эмгэг хөдөлгөөнтэй ясны хавирагдах чимээтэй, хамрын нуруу дээд доод уруулын эргэн тойронд 0.1х0.2 см хүртэл хэмжээний олон тооны зулгаралтуудтай, хамар ясанд гэмтэлгүй байна... гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-16-19/

- 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:... Ж.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ж.Ц нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ж.Цын удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ж.Ц нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Ц нь хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдэгдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадаж байсан байна. Ж.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна. Ж.Ц нь уг гэмт хэргийн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.Ж.Цт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт  /1х, хх-121-123/,

- сэжигтнээр Ж.Цын мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 03 дугаар сарын 25-ны 21 цагаас хойш цагдаа нар хүрэлцэн ирэх хүртэлх хугацаанд манайд хэн ч орж ирээгүй бид 2 л байсан. Намайг дэлгүүр явсан хойгуур ч тэр хүн орж ирээгүй, ирсэн бол би мэдэх байсан…гэх мэдүүлэг /1х, хх-128-131/,

- шүүгдэгч Ж.Цын мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын байх гэр лүүгээ харих замдаа гудамжны үзүүрт нэг эмэгтэйтээ таарсан, тухайн эмэгтэй согтуу байсан, тэгээд надаас ахаа цаг хэд болж байна гэж асуухад нь би 21:30 минут болж байна гэж хэлээд цаашаагаа эргээд явах гэтэл араас тэр эмэгтэй дуудсан. Тэгээд эргээд хараад тэр эмэгтэй рүү дөхөж явтал тэр эмэгтэйгээс архи ихээр үнэртэж байсан. Тэгээд ахаа манайх тахилтад байдаг гэртээ очоод хадам ээжээсээ гэрийнхээ түлхүүрийг авах гэтэл манай ээж миний охин эрүүл болчихоод ирж түлхүүрээ ав гэж хэлээд өгсөнгүй, би танайд хонох боломж байна уу, надад очиж хонох таньдаг айл байхгүй гэж ярьсан. Тэгэхээр нь би энэ байшиндаа ганцаараа амьдардаг уух ус, идэх хоол байхгүй шүү өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй намайг дагаад манайд орж ирсэн. Манайд ороод ирэхээр нь би гэрлээ асаатал тэр эмэгтэй дээгүүрээ ногоон өнгийн пальтотой, хар өнгийн өмдтэй, хар өнгийн нүдний шилээ толгой дээрээ тавьсан, нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан. 22 цагийн үед гэж санаж байна миний гар утаснаас дүү гээд хүнтэйгээ ярьсан, ямар дугаар луу залгасан талаар мэдэхгүй байна. Миний дугаар гэсэн дугаар байсан. Тэр эмэгтэй утсаар ярихынхаа өмнө миний бие өвдөөд толгой өвдөөд байна. Архи гараад бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй дүүтэйгээ яриад эгчдээ битгий санаа зовоорой ээж түлхүүр өгөхгүй байна. Найзындаа хонолоо гээд яриад үлдсэн. Би тэгээд 212 дугаар худгийн хажууд байдаг улаан өнгийн тоосгон хүнсний дэлгүүрт очиж 0.75 литрийн архи худалдаж авсан. Тухайн дэлгүүрт дэлгүүрийн хоёр хөгшин л байсан. Тэгээд буцаад гэртээ ирэхэд тэр эмэгтэй том өрөөний матрасан дээр сууж байсан. Тэгээд бид хоёр архиа хувааж ууцгаасан. Тэгээд шөнийн 00 цаг гэж санаж байна архиа дуусаад гэрээсээ гараад нөгөө дэлгүүрт очоод дахиад архи авах гэтэл надад архи өгөөгүй. Буцаж гэрлүүгээ явахдаа үл таних 4 залуу зодсон. Тухайн үед нээх бэртэж гэмтсэн асуудал байхгүй. Буцаад гэртээ ирэхэд тэр эмэгтэй матрасан дээр зүүн талаараа хараад хэвтэж байсан. Би хажуугаар нь орж хэвтэх гээд тэр эмэгтэйн толгой руу нь баруун гараараа 2 удаа түлхсэн. Намайг толгой руу нь түлхэхэд толгой нь хойшоогоо болоод байсан. Тэгээд тэр эмэгтэй цаашаа эргэхэд нь би хажуугаар нь ороод хэвтсэн. Тэгээд унтчихсан. Унтаж байтал цээжин дээр хүнд зүйл мэдрэгдэхэд нь би сэрээд хартал тэр эмэгтэй миний дээгүүр давж гараад явсан. Би шээсэн гэж бодсон. Тэр эмэгтэйг харахад цонхны цаана гэгээ орчихсон байсан удалгүй тэр эмэгтэй буцаад орж ирсэн. Тэгээд намайг давж унтсан. Хэсэг хугацааны дараа давсаг чинэрээд би гарч шээсэн. Тухайн үед хэд болж байсныг хараагүй. Би шээчихээд эргээд орж ирэх гэтэл манай хашааны гадна талд манай дүү Ц өөр нэг залуутай хамт зогсож байсан. Тэгээд би очоод дүүгээ архи уугаад энээ тэрээ гэсэн чинь бид хоёр маргалдаад Ц миний гарт байсан утсыг булаагаад зугтаачихсан. Би утас өг гэхэд зарж архи ууна гэж хэлсэн, тэгж байтал манай арын айлын залуу машинтайгаа явж байхдаа таараад яасан гэж асуухад нь би миний утсыг авчихлаа гэхэд цагдаа дуудья гээд цагдаа дуудсан. Тэгэхээр нь би цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлчихнэ гэж бодсон. Тэгээд гэрлүүгээ гүйгээд орсон. Намайг гэртээ ороход баруун талаараа матрасан дээр хэвтэж байсан. Тэгээд би хаалгаа цоожлоод унтчихсан. Хэсэг байж байтал хаалга тогших чимээнээр сэртэл цагдаа нар ирчихсэн байсан. Цагдаа нар орж ирээд тэр эмэгтэйг үхчихсэн байна гэж надад хэлсэн. Би тэр эмэгтэйг үхсэн гэж бодоогүй. Эргүүлийн цагдаа нарт би тухайн үедээ балмагдаад би энэ эмэгтэйг танихгүй, өөр нэг эмэгтэй шөнө авчирч өгчихөөд яваад өгсөн гээд хэлчихсэн. Би тэр эмэгтэйг цохиж зодсон асуудал байхгүй... гэх мэдүүлэг /1х, хх-150-151/,

2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын байх гэр лүүгээ харих замдаа гудамжны үзүүрт нэг эмэгтэйтээ таарсан, тухайн эмэгтэй согтуу байсан, тэгээд надаас ахаа цаг хэд болж байна гэж асуухад нь би 21:30 минут болж байна гэж хэлээд цаашаагаа эргээд явах гэтэл араас тэр эмэгтэй дуудсан. Тэгээд эргээд хараад тэр эмэгтэй рүү дөхөж явтал тэр эмэгтэйгээс архи ихээр үнэртэж байсан. Мөн царай нь хоёр нүд нь хөхөрчихсөн, хүнд зодуулсан нь бүрэнхийд шууд мэдэгдэж байсан. Тэгээд ахаа манайх тахилтад байдаг гэртээ очоод хадам ээжээсээ гэрийнхээ түлхүүрийг авах гэтэл манай ээж миний охин эрүүл болчихоод ирж түлхүүрээ ав гэж хэлээд өгсөнгүй, би танайд хонох боломж байна уу, надад очиж хонох таньдаг айл байхгүй гэж ярьсан. Тэгэхээр нь би энэ байшиндаа ганцаараа амьдардаг уух ус, идэх хоол байхгүй шүү өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Манайд ороод ирэхээр нь би гэрлээ асаатал тэр эмэгтэй дээгүүрээ ногоон өнгийн пальтотой, хар өнгийн өмдтэй, хар өнгийн өсгийтэй гутал өмссөн, цагаан саарал өнгийн нүдний шилээ толгой дээрээ тавьсан, 2 нүд нь хөхөрчихсөн хүзүүнийхээ зүүн хэсэгт маш том шимүүлсэн байдалтай байсан. Хүнд зодуулсан нь илт мэдэгдэж байсан. Би түүнээс наад нүүрээ яачихсан юм бэ гэж асуухад 2018 оны 03 дугаар сарын 25-ны орой би Сэнтий зочид буудалд нэрийг нь хэлээгүй найзуудтайгаа уугаад 2 залуу намайг хүчиндэх гэж зодоод, би гарч зугтаж байгаад шатны уруу унаж гэмтсэн гэж ярьж байсан. Тэр эмэгтэйн гутал шороотой байсан болохоор наад гутлаа тайлчих гэж хэлээд тавчик авч өгөхөд тэр эмэгтэй даараад байна, архи гараад толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэр эмэгтэйтэй танилцахад өөрийгөө Э гэж байсан. Би зодсон хүнийх нь талаар асуухад би найз хүүхнийдээ хэсэг хугацаанд байгаа юм, манай найзын нөхрийнх нь найзууд гэж хэлж байсан. Тэгээд би байшингийнхаа орны матрасыг аваад шаланд тавьж өгч Эыг бор дээл нөмрүүлээд суулгасан. Тэгэхэд Эын гар нь нэлэнхүйдээ хөхөрчихсөн байсан. Би гараа яачихсан юм бэ гэхэд ойчоод бэртээчихсэн, та боолтыг нь чангалаад өгөөч гэхэд би чангалж боож өгсөн. Э надад толгой өвдөөд байна уух юм байна уу гэхээр нь би манай гэрт идэж уух юм байхгүй, би эндээ ирдэггүй юм, тэгвэл ядахнаа толгойны эм байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд Э та боломжтой бол ганц шил юм аваад өгөөч гэж хэлсэн, тэгээд би халаасаа ухаад гар утсаа цэнэглэх гэтэл таны гар утас юнител үү, мобиком уу гэж асуусан. Тэгээд би нэг хүнтэй яриад өгье гээд миний дугаараас дүү гээд нэг хүнтэй битгий санаа зовоорой гээд ярьж байсан. Энэ үед би дэлгүүр лүү архи авахаар гарч явсан. Хүнсний дэлгүүр манайхаас холгүй ба би ороод нэг шил архи авсан. Тухайн дэлгүүрийн цаг харахад 23 цаг болж байсан ба худалдагч нь дэлгүүрээ хаах гэж байсан. Би буцаад 10-20 минутын дараа эргэж байшиндаа ирэхэд Э матрасан дээрээ бор дээлээ нөмрөөд сууж байсан. Тэгээд бид хоёр архиа хувааж уусан. Тэгээд би Эын хажууд суусан ба бид хоёр бие биенийхээ талаар ярилцаж эхэлсэн. Э ярихдаа манай нөхөр барилгын хүн байгаа юм, хөдөө ажилладаг манай найз хүүхэнтэй суугаад бараг салж байгаа бага хүүг маань аваад явчихсан. Тэгээд би гэртээ орох гэтэл ээж маань эрүүлдээ ир гэж хэлээд оруулахгүй байна гэж байсан. Тэгээд би шөнийн 00 цагийн үед дахин архинд явахаар гарсан ба намайг гэрээс гарахад Э суугаад үлдсэн. Дэлгүүр дээр очиход хаасан байхаар нь нүүдэхэд хүн гарч ирээгүй тэгээд би буцаад гэр рүү харьж явтал гудамжны үзүүрт намайг танихгүй 4 залуу ирээд хөөш нааш ир гэж хэлсэн. Тэгэхээр нь яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл нэг нь намайг хавсарч унагаагаад 2-3 удаа өшиглөсөн, тэгээд намайг босоод иртэл тэр 4 залуу зугтаагаад яваад өгсөн. Би тэр 4 залууг одоо хараад таних эсэхээ мэдэхгүй байна. Тухайн үед миний биед гарын алга халцраад, өвдөг шалбарчихсан байсан. Тэгээд би гэрлүүгээ орох гэж байгаад халаасандаа гараа хийтэл миний архи авах гэж байсан мөнгийг тэр 4 залуу авчихсан байсан. Тэгээд би тэр 4 залуугийн хойноос пиздануудаа мөнгө өгөөч гэж хашгирчихаад гэрлүүгээ орсон. Намайг гэр лүү ороход Э матрасан дээр атрилдаад унтаж байсан. Би хажуугаар нь орж унтах гэтэл зай байхгүй болохоор нь би толгой хэсэг рүү нь гарынхаа алганы гадна талаар түлхээд, өвдөг хэсгээс нь өргөөд түлхэж зай гаргаж хажуугаар нь хэвтсэн. Тэгээд би унтаад өгсөн. Би тэр эмэгтэйтэй хурьцал үйлдээгүй. Тэгээд унтаж байтал цээжин дээр хүнд зүйл мэдрэгдэхэд нь би сэрээд хартал тэр эмэгтэй миний дээгүүр давж гараад явсан. Би шээсэн гэж бодсон. Тэр эмэгтэйг харахад цонхны цаана гэгээ орчихсон байсан. Тухайн үед хэд болж байсныг хараагүй. Би үргэлжлүүлээд унтах гэж байтал хаалга дуугархаар нь хартал тэр эмэгтэй буцаад орж ирсэн. Э тухайн үед хар өнгийн куртка өмсчихсөн байсан ба тэр ямар учиртай куртка болохыг мэдэхгүй. Тэгээд намайг давж унтсан. Хэсэг хугацааны дараа давсаг чинэрээд би гарч шээсэн. Би гарахдаа гар утсаа аваад гарсан ба жорлондоо очиж бие засчихаад зогсож байтал гудамжинд манай эмэгтэй дүү болон Цийн дуу гараад байсан. Хашааны хаалгаар гараад очтол Ц чи пизда минь ажлаа хийж байгаа юм уу үгүй юм уу гэж хэлэхээр нь миний ажил хийх хийхгүй чамд ямар хамаатай юм гэж хэлээд дөхөж очиход Ц миний гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд би гар утсаа буцаагаад авах гээд Цийг барьж аваад байж байтал хажуу хөрш айлын залуу цагаан машинаа унаад манай хашааны хаалганы дэргэд ирж зогссон. Тэгээд тэр хөрш залуу надаас яагаад байгаа юм бэ гэхээр нь би аан эд нар миний гар утсыг авчихлаа гэж хэлтэл манай хөрш айлын залуу машинаасаа буугаад наанаа байж бай би цагдаа дуудахъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд цагдаа дуудаад хэрэггүй ээ гэж хэлээд хашааныхаа хаалгыг хаагаад байшиндаа орсон. Цагдаа нар намайг эрүүлжүүлчих байх гэж бодсон. Намайг байшингийнхаа амбаарын хаалгыг цоожлоод байшиндаа ороход Э матрасан дээр дээш хараад хэвтэж байсан. Би түүнийг унтаж байна гэж бодсон. Тэгээд би хажуугаар нь ороод хэвтсэн. Хэсэг зүүрмэглэж байтал цонх удалгүй тогшсон, тэгээд цонхруугаа хартал цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би амбаарын хаалгаа нээтэл 2 цагдаа орж ирсэн ба Эыг нас барсан болохыг мэдсэн. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирээд шинжээч нь миний гарнаас арчдас авсан. Би арчдас авах гэхэд сайн дураараа зөвшөөрч өгсөн ба намайг дараа нь эрүүлжүүлэхэд хүргэсэн. Би Эыг цохиж зодсон асуудал байхгүй. Бид 2 муудалцах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, би хүн алаагүй. Би тэр эмэгтэй найз хүүхнийх нь нөхөр зэргийг шалгуулж шийтгүүлмээр байна. Тэр хүмүүс талийгаачийг зодсон нь тогтоогдсон. Миний ярьсан бүхэн үнэн... гэх мэдүүлэг /1х, хх-155-159/,  

- 88998015 дугаарын дурдсан хугацааны орсон гарсан дуудлагын лавлагаа /1х, х-141-142/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Ц нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн гэртээ Э.Эын бие эрх чөлөөнд халдан олон тооны гэмтлүүд учруулан зодож онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :  

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл : Хэрэг учрал болсон гэх газар:  хашаанд шавар байшин байна…Байшин дотор ороход...газарт матрасс дээр толгой нь баруун хойд зүгт чиглэж дээш харж хэвтсэн эмэгтэй хүний цогцос байна...Цогцосны 2 нүдний зовхи хаалттай, хамрын яс мөгөөрс бүтэн, хамрын нурууны баруун зүүн талд цэгэн шархтай, шарх нь хатсан, хамрын сүвнээс цус мэт зүйл гадагшилж хатсан байдалтай, нүдний салстууд цус хуралттай, нүднүүдийн зовхины гадна талд цус хуралтуудтай байна...Цогцосны хөл хэсэгт ягаан өнгийн ууттай хөнжлийг овоолж тавьсан, уг хөнжлийн даавуу нь энд тэндээ цус мэт зүйлээр бохирлогдож хатсан…”/1х, хх-8-20/,   

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-16-19/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт:...Талийгаачийн цогцост тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа /14x10см, 180гр жинтэй/, /6-12, 12-18 цагийн будагдалттай фибрин/, бага тархины дээд хэсгийн /1х5см/ цусан хураа, тархины гүүр хэсгийн /Зх2см/ эдийн гүнд дэх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн атгаал ясны хугарал, зүүн бугалаганд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун, зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачид учирсан тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа /14x10см, 180гр жинтэй/, /6-12, 12-18 цагийн будагдалттай фибрин/, бага тархины дээд хэсгийн /1х5см/ цусан хураа, тархины гүүр хэсгийн /Зх2см/ эдийн гүнд дэх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоогтоох журмын 3.1.3-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хуйханд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун, зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар, уруулд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн атгаал ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач нь тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа /14x10см, 180гр жинтэй/, /6-12, 12-18 цагийн будагдалттай фибрин/, бага тархины дээд хэсгийн /1х5см/ цусан хураа, тархины гүүр хэсгийн /Зх2см/ эдийн гүнд дэх цус харвалт гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан...Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3,3%, шээсэнд 3,1 % спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /1х, хх-83-87/,  

- шинжээчийн мөрдөн байцаалтад өгсөн:...Тархинд үүссэн гэмтлээс бусад гэмтлүүдийн үүссэн цагийг нарийвчлан тогтоох боломжгүй.  Ямар ч байсан амьд ахуйд үүссэн шинэхэн гэмтлүүд байх боломжтой…Тархин дахь үүссэн гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдриын 19 цаг 40 минутанд хийсэн цогцосны үзлэгийн тэмдэглэл дээр нас бараад 20-24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна гэсэн байна. Тухайн үед цогцосны үхлийн дараах шинж ч бас 20-24 цагаас дээш гэж зааж байсан. Тиймээс 2018 оны 03 дугаар сарын 25-наас 2018 оны 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө 00 цагийн орчимд нас барсан байх боломжтой. Амь хохирогчийн тархинд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсэх гэмтлүүд байгаа юм. Тархинд үүссэн гэмтэл нь унахад үүсэх боломжгүй…гэх мэдүүлэг /1х, хх-88-89/,  

- шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг : Бага тархины дээд хэсэгт үүссэн 1:5 см, тархины гүүр хэсгийн 3:2 см эдийн гүн дэх цус харвалт байдаг. Энэ цус харвалт маань гэмтэл авсан даруйдаа нас барна. Удахгүй гэсэн үг, 1-2 цагийн хугацаа байх боломжтой. Яагаад гэвэл уртавтар тархи, тархины гүүр хэсэг дээр амьдралын төвүүд байдаг учраас тэр дороо амьсгал зүрх судсыг дарж нас барна гэсэн үг. Тэгэхээр гэмтэл авсан даруйдаа нас барна. Ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломж багатай...Тархины баруун тал бөмбөлөгийн зулай чамархай хэсгийн хатуу, бүрхүүл доор үүссэн цусан хураа нь бага тархины дээд хэсэгт үүссэн 1:5 см, тархины гүүр хэсгийн 3:2 см эдийн гүн дэх цус харвалтад нөлөөлөхгүй...Тархи дарагдаагүй, зөвхөн 1 см хэмжээтэй цусан хураа байгаад байна...Тархины гүүрний цус харвалт нь өөрөө гэмтэл авсан тэр даруйдаа нас бардаг...Дээрх 2 гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсээгүй гэмтэл.../ шүүх хуралдааны тэмдэглэлээс/,    

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 5559 дугаартай :...Ж.Цын баруун болон зүүн гараас авсан гэх арчдаст илэрсэн цус аутосомын ДНХ-ийн D3S1358, ТНO1, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA  гэсэн локусын аллелиар Э.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /1х, х-119/,    

-  шүүгдэгч Ж.Цын мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 03 дугаар сарын 25-ны 21 цагаас хойш цагдаа нар хүрэлцэн ирэх хүртэлх хугацаанд манайд хэн ч орж ирээгүй бид 2 л байсан. Намайг дэлгүүр явсан хойгуур хүн орж ирээгүй, ирсэн бол би мэдэх байсан…/1х, хх-115, 128-131/...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 29-498 тоотод байх гэр лүүгээ харих замдаа гудамжны үзүүрт нэг эмэгтэйтэй таарсан, тухайн эмэгтэй согтуу байсан...Тэр эмэгтэй ахаа манайх Тахилтад байдаг, хадам ээжээсээ гэрийн түлхүүр авах гэтэл эрүүл болчихоод ирж ав гэж хэлээд өгсөнгүй, би танайд хонох боломж байна уу, надад очиж хонох айл байхгүй гэж ярьсан. Тэгэхээр нь би энэ байшиндаа ганцаараа амьдардаг, уух ус, идэх хоол байхгүй шүү, өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй намайг дагаад манайд орж ирсэн...22 цагийн үед гэж санаж байна миний гар утаснаас дүү гээд хүнтэйгээ ярьсан, ямар дугаар луу залгасан талаар мэдэхгүй байна. Миний дугаар 88998015 гэсэн дугаар байсан...Би тэгээд 212 дугаар худгийн хажууд байдаг хүнсний дэлгүүрт очиж 0.75 литрийн архи худалдаж авсан, бид хоёр архиа хувааж ууцгаасан...Шөнийн 00 цаг гэж санаж байна нөгөө дэлгүүрт очоод дахиад архи авах гэтэл надад өгөөгүй...Буцаад гэртээ ирэхэд тэр эмэгтэй матрасан дээр зүүн талаараа хараад хэвтэж байсан. Би хажуугаар нь орж хэвтэх гээд тэр эмэгтэйн толгой руу нь баруун гараараа 2 удаа түлхсэн...Тэгээд унтчихсан...Тухайн үед хэд болж байсныг хараагүй, би шээчихээд эргээд орж ирэх гэтэл манай хашааны гадна талд манай дүү Ц өөр нэг залуутай хамт зогсож байсан...бид хоёр маргалдаад Ц миний гарт байсан утсыг булаагаад зугтаасан...Тэгж байтал манай арын айлын залуу машинтайгаа явж байхдаа таараад яасан гэж асуухад нь миний утсыг авчихлаа гэхэд цагдаа дуудья гээд цагдаа дуудсан...би цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлчихнэ гэж бодоод...гэрлүүгээ гүйгээд орсон...хаалгаа цоожлоод унтчихсан. Хэсэг байж байтал хаалга тогших чимээнээр сэртэл цагдаа нар ирчихсэн байсан. Цагдаа нар орж ирээд тэр эмэгтэйг үхчихсэн байна гэж хэлсэн...Эргүүлийн цагдаа нарт би тухайн үедээ балмагдаад би энэ эмэгтэйг танихгүй, өөр нэг эмэгтэй шөнө авчирч өгчихөөд яваад өгсөн гээд хэлчихсэн...гэх мэдүүлэг /1х, хх-150-151, 155-159/,    

- хохирогч Ц.М мөрдөн байцаалтад өгсөн:..Э хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар 25-ны өдөр 22 цаг 50 минутанд дүү М руу ярьсан байна. Мийн дугаар нь байгаа. М ч бас тухайн үед над руу эгч бие жаахан муу байна гэж ярьсан, өөр юу ч хэлээгүй, утас нь тасарчихсан гэж байсан…гэх мэдүүлэг /1х, хх-47/,  

- гэрч Э.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн үед унтаж байхад эгч над руу нэг юнителийн дугаараас залгаад “эгч нь одоо ерөнхийдөө болж байна дөө” гээд нэг ойлгомжгүй зүйл яриад баяртай ч гэлгүй, цаашаагаа хэн нэгэнтэй яриад утас нь тасарсан. Би тухайн үед эгчийгээ согтуу байна гэж ойлгосон…гэх мэдүүлэг /1х, хх-80-81/,   

- дугаарын дурдсан хугацааны орсон гарсан дуудлагын лавлагаа /1х, х-141-142/,

- гэрч Ш.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Ж.Ц намайг дуудаж надтай уулзсан, 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудлын хажууханд байрлах цайны газарт бид 2 ойр зуурын зүйл ярилцаж байгаад тэндээсээ 21 цагийн үед салгаасан. Тэрнээс хойш уулзаагүй...Ц ганцаараа амьдардаг...гэх мэдүүлэг /1х, хх-66-67/,

-  гэрч Ж.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн үед гэж санаж байна. Цын хашааны доод талын хашааны үүдэнд Ц ахтай тааралдсан. Ганц шил архины мөнгө байна уу гэхэд Ц ах байхгүй гэхлээр нь гар утсыг нь аваад явчихсан...Тухайн үед Ц ах нилээн согтуу явж байсан...Ц ахын гэрт нь ороогүй...гэх мэдүүлэг /1х, хх-56-57/,    

- гэрч Ч.А мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өглөө 09 цагийн үед би тоотод байх гэрээсээ гараад явж байтал Ц гээд урд айлын залуу хашааныхаа үүдэнд намайг сая 4 залуу зодчихлоо, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн...би цагдаад дуудлага өгчихөөд тамхи татаад зогсож байтал...Ц “за за”  дуудлагаа буцаачих, надад эрүүлжүүлэхийн мөнгө байхгүй гэж хэлээд хашааныхаа хаалгыг түгжээд дотогшоогоо гүйгээд явсан. Би хашааны хаалгыг нь давж ороод цагдаад “худлаа” дуудлага өгсөн болчихно шүү дээ гэж хэлэхээр байшингийн хаалгыг нь таттал цоожтой байсан...хаалгаа нээ гэж хэлтэл хөшигнийхөө цаанаас чи яваа гэсэн…гэх мэдүүлэг /1х, х-54-55/,    

- гэрч Ч.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн:...Тухайн өдөр би Сэлбэ 117 буюу Сонгинохайрхан дүүргийн 2, 3-р хороонуудын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн...А гэх хүн дуудлагыг 09 цагийн үед өгсөн байсан...Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 29-498 тоотод очиход нэг байшин байсан ба байшин дотроосоо цоожтой байхлаар нь дуудлага өгсөн А холбогдоход “хаалгыг нь нүдвэл онгойлгох байх, түрүүхэн л гудамжинд тааралдахад хүнд зодуулсан талаараа ярьсан, би дуудлага өгсөн” гэж ярьсан...Байшингийн хаалгыг нүдэхэд хүн тайлахгүй байсан, амбаар талын эхний цонх нь нэг тасалгаа нь скочоор битүүмжлэгдсэн байсныг бага зэрэг нүхэлж онгойлгож харахад байшин дотор матрасан дээр хүн хөнжил нөмрөөд унтаж байгаа байдалтай байсан, хаалгаа тайлаачээ гээд 20 орчим минут орилж зогссон. Тэгтэл хэн бэ гээд тэр Ц гээд байгаа хүн хөнжлийнхөө цаанаас толгойгоо цухуйлгасан, тэгээд би хаалгаа нээ гэж хэлээд Цгоор хаалгыг нь нээлгэж дотогш орсон. Намайг дотогш ороход матрасан дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байгаа харагдсан…Би зүрх нь цохилж байгаа эсэхийг шалгахад тодорхой шинж илрэхгүй байсан, тэгээд 103-т дуудлага өгөөд 20 орчим минутын дараа эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-63-64/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Цыг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолж буй нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, бэхжигдсэн байхаас гадна нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шинжээч худал дүгнэлт гаргасан, шинжээч, хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв.  

Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр хохирогчийн амь насанд шууд аюул учруулсан гэмтэл нь “бага тархины дээд хэсгийн /1х5см/ цусан хураа, тархины гүүр хэсгийн /Зх2см/ эдийн гүнд дэх цус харвалт” бүхий хүнд гэмтэл байх ба тухайн хүнд гэмтэл учирсан даруйд хохирогч идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй ба 1-2 цагийн дотор шууд үхэлд хүргэдэг тухай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл, нотлох баримтгүй, мөн шүүгдэгч, хохирогч нар 2018.03.25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө буюу хохирогчийг нас барах хүртэлх цаг хугацааны туршид хамт байсан, түүнчлэн тухайн цаг мөчөөс хойш 2018.03.26-ны өдөр шүүгдэгчийн гэрт мөрдөгчийг очих хүртэлх цаг хугацаанд шүүгдэгчээс өөр бусад этгээд тухайн хэргийн газарт буюу шүүгдэгчийн гэрт байгаагүй байх төдийгүй хохирогч тухайн амь насанд шууд аюултай хүнд гэмтлийг өөрөө өөртөө учруулаагүй, шүүгдэгчээс өөр бусад хүний хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэлд автагдсан гэх нотлох баримтгүй байх тул хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгчийн гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзэв.

Амь хохирогчийн биед учирсан амь насанд нь шууд аюултай “бага тархины дээд хэсгийн /1х5см/ цусан хураа, тархины гүүр хэсгийн /Зх2см/ эдийн гүнд дэх цус харвалт”  хүнд гэмтэл болон бусад гэмтлүүдийн зааг ялгаа буюу амь насанд учруулах аюул, үйлдэл хөдөлгөөн хийх  боломж, үйлчлэлийн механизм, харилцан хамаарал зэрэг тусгай мэдлэгийн асуудлын үндэслэл шинжээчийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан байх тул амь хохирогч нь шүүгдэгчтэй уулзахаас өмнө амь насанд шууд аюулгүй бусад гэмтэлтэй байсан эсэх асуудал нь шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийг цагаатгах үндэслэл болохгүй байна.    

Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр хохирогчийн эрүүл мэндэд олон тооны шинэ шарх, гэмтлүүд учирсан, түүнчлэн хохирогч тухайн үед хүчтэй зэргийн согтолттой байсан болох нь тус тус тогтоогдсон байх тул шүүгдэгчийн “хүнийг алах” гэм буруугийн сэдэлт зорилгын нэгдмэл шинж болон гэмт үйлдлээ онц харгис хэрцгий бөгөөд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл, шинж бүрдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь хохирогчийн амь нас хохирсны дараа буюу 2018.03.26-ны өдрийн 9 цагийн орчимд “дүү гар утас авч зугтаалаа гэж цагдаад дуудлага өгүүлсэн” гэж мэдүүлсэн байх боловч гэрч Ч.Амарбаясгалан, Ч.Энхболд нарын мэдүүлэг, илтгэх хуудас зэрэг баримтаар шүүгдэгч нь анх “4 залууд зодуулчихлаа хэмээн цагдаад дуудлага өгүүлсэн” байх ба шүүгдэгч нь 4 залууд зодуулсан гэдэг нь нотлогдоогүй, мөн шүүгдэгч нь дуудлага өгүүлсэн даруйдаа “дуудлагаа буцаачих, надад эрүүлжүүлэхийн мөнгө байхгүй” гэж хэлэн гэртээ байх үедээ хууль сахиулагчид баригдсанаар тус хэрэг илэрсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.        

Шүүгдэгч нь холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй байдал нь түүнд холбогдох хэргийг нотлогдоогүй, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй гэж үзэх үндэслэлд хамааралгүй болно.   

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэх шүүгдэгчийн мэдүүлэг, тус хэргийг прокурорт буцаах, тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.            

Хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжлэлээс холбогдох нотлох баримтгүй байх тул амь хохирогчийн 2 хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийг шийдвэрлэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас талийгаачийг оршуулах зан үйлд зарцуулсан гэх 3.000.000 төгрөгийг “Э.Эын амь нас хохирсон”-д хамаарах нотлох баримт, мөн хохирлын талаарх нотлох баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөх боломжийг алдагдуулсан буюу хохирогчийн төлөөлөгчөөс гаргасан хохирлын зарим баримтыг мөрдөгч авахгүйгээр шүүхэд гаргах ёстой хэмээн ойлгуулсны улмаас зарим баримт үрэгдсэн, нөхөн гүйцэтгэх боломжгүйд хүрсэн тухай хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлгийг харгалзан хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.      

Хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:  

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг улсын яллагч үгүйсгээгүй байна.  

Шүүгдэгч Ж.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

Бусад асуудал  

Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хос гутал 1 хос, хар өнгийн куртка 1 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг, хөхөвч 1 ширхэг, майк 1 ширхэг, бинт 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу тус тус устгахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс /1х, х-126, 162, 164, 167, 190-191, 195, 212, 228-229, 254-257, 2х, х-42, 65/, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 323 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

                                              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Ж.Цыг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ж.Цын эдлэх 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ж.Цын цагдан хоригдсон 323 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.   

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Цаас 3.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Ц.Мд олгосугай.   

6. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            7. Уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэргийн эд мөрийн баримт болох ягаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хос гутал 1 хос, хар өнгийн куртка 1 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг, хөхөвч 1 ширхэг, майк 1 ширхэг, бинт 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг тус тус зохих журмын дагуу устгасугай.        

            8. Шүүгдэгч Ж.Цыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.        

            9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР

 

                                                 ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                                             Л.БААТАР