Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 491

 

 

                                                          

 

 2019           5            23                                              2019/ДШМ/491                                          

 

 

             Ж.Ц-т холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Н.Ундрах,

            шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Л.Батаа,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  шүүгч Б.Дашдондов, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1808014940307 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.............. овгийн ................. ..................., ................ аймгийн ........... суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон армотурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. дүүргийн ... дугаар хороо, ................ ... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........................../,

 

Ж.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжны 498 тоот гэртээ согтуугаар Э.Э-ыг зодон “тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, бага тархины дээд хэсгийн цусан хураа, тархины гүүр хэсгийн эдийн гүн дэх цус харвалт, хуйханд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун, зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар, уруулд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Ж.Ц-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-ын цагдан хоригдсон 323 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ц-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхбаганад олгож, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэргийн эд мөрийн баримт болох ягаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хос гутал 1 хос, хөр өнгийн куртка 1 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг, хөхөвч 1 ширхэг, майк 1 ширхэг, бинт 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг тус тус зохих журмын дагуу устгаж, шүүгдэгч Ж.Ц-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Ж.Ц давж заалдах гомдолдоо: “...Ж.Ц намайг онц харгис хэрцгийгээр хүнийг зодож алсан гэх үйлдэж хийгээгүй хэрэгт гүтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн, хаалттай хорих ангид 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч ахмад Сайнбаяр нь шалгавал зохих асуудлыг шалгаагүй бөгөөд миний бие мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, зайлшгүй шалгуулах үндэслэлтэй асуудлуудыг шалгуулах хүсэлттэй байна. Үүнд:

- Миний бие “2018 оны 6 дугаар сарын эхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүн алсан гэх хилс хэрэгт гүтгэгдэж байгаа тул үнэн зөвөөр нь шалгаж нотлуулж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаж, энэ гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-нд буцаасан. Гэтэл магадлалд тусгагдсан асуудлыг прокурор огт шалгаагүй байх тул гомдолтой байна.

- Талийгаач Э-д архи ууж байхдаа “өдөр би найз хүүхнийхээ нөхөр, хоёр найзад нь 10 дугаар хороололд зодуулсан” гэж хэлсэн бөгөөд бүтэн нэрээр нь хэлээгүй “Хуягаа, Лхагваа” гэж байсан. Мөн “эмнэлгээс гараад найзындаа байсан” гэхээр нь “найзуудыг чинь хэн гэдэг юм бэ?” гэж асуухад “Энхээ, Гэрлээ, Солонгоо гэдэг, би одоо найзындаа байгаа, манай найзынх 7 дугаар хорооны 2 дугаар буудалд байдаг” гэсэн. “Найз хүүхнийх нь гэр нь Зүүн салааны 4 дүгээр буудлын “Улаан” дэлгүүрийн тэнд байдаг” гэж согтуудаа ярьж байсан. Байцаагч Сайнбаяр нь Энхсувдын  10 дугаар хороололд зодуулсан гэх газрын камерын бичлэгийг шалгаагүй байна.

- Мөн амь хохирогч Э-ын гар нь булчин хэсгээрээ хоёр хугарсан байсан. Хохирогчийн дүү Ганхөлөг “ГССҮТ”-д хэвтүүлсэн 2018 оны 3 дугаар сарын хэдний өдөр, биеийн байдал, хөхрөлт улайлт зэрэг гэмтэл хэрхэн үүсэн, ямар байдалтай байсан эсэхийг тодруулах,

- Амь хохирогч нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хаагуур явсан, энэ цаг хугацаанд хадам ээжийндээ очсон эсэх, очсон бол хэрхэн ямар байдалтай хэр согтолттой  байсан эсэх, хэнийд ямар байдалтай амьдарч байсан эсэх,

- Амь хохирогч нь архи уусны улмаас 2018 оны 3 дугаар сарын хэдний өдөр гэмтлийн эмнэлгээс хөөгдсөн эсэх, биеийн байдал нь ямар байсан эсэхийг эмчлэгч эмчээс нь асууж тодруулах,

- Амь хохирогчтой нийлдэг, уулздаг, амьдардаг, хамт архидан согтуурдаг Энхээ, Гэрлээ, Солонго нар амь хохирогчтой сүүлд хэзээ, хаана хэрхэн ямар байдалтай байхад нь уулзсан, 1 дүгээр хорооллын арын дэнжид байх найзындаа очиж хөөгдөж зодуулсан гэж 3 дугаар сарын 25-ны өдөр хэлж байсныг шалгуулах,

- Амь хохирогч нөхөртэй эсэх, нөхөртэй бол гэр бүлийн хүчирхийлэлд хэдэн удаа өртөж байсан эсэх,

- Амь хохирогчийн оршуулгын зан үйлд 3,000,000 төгрөг зарцуулагдсан. Хэн, хэн хэр хэмжээний зардал гаргаж зарцуулсныг тодорхой гаргуулах,

- Амь хохирогчтой нийлдэг уулздаг, хамт архидан согтуурдаг хүмүүс дунд Лхагваа, Хуягаа гэх хүмүүс байдаг эсэх, тэд сүүлчийн цаг хугацаанд хаана, хэрхэн байдалтай уулзсан эсэхийг болон бусад асуудлуудыг шалгуулах, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоолгож үнэн зөвөөр шалгуулж, нотлуулж өгнө үү.

2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 22 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаа Наранбаатар анх надаас байцаалт авахдаа намайг сандал дээр суулган үйлдэж хийгээгүй “хүнийг зодож, цохиж алсан” гэх хэргийг албан хүчээр тулгаж, мөр лүү цохиж, хөл рүү өшиглөж, миний үнэн зөвөөр хэлж ярьж байсан асуудлыг үгүйсгэж “худлаа шаагаад байгаарай” гэж над руу салаавч гарган, “шоронд чамайг хошногоор чинь нар дурандуулахад чи муу аалз хэлэхгүй байхыг чинь харна аа” гэж айлган сүрдүүлэн дарамтлаж, үйлдэж хийгээгүй хэргийг хүлээлгэж байсан болохоор сэтгэл санааны хүчтэй цочиролд орсны улмаас асуудлуудыг бүдэг, бадаг санаж зарим нэг чухал асуудлуудыг санахгүй орхигдуулсан зүйл байсан.  

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Сайнбаяр нь 4 дүгээр сарын эхээр байцаалт авч байхдаа Б.Энхбат прокурорыг түр гарахыг далимдуулан яаран, сандран бичиг цаасаа шалан дээр унагаж “энэ шоронд би чамайг сайн ч байлгаж чадна бас муу ч байлгаж чадна” гэж сүрдүүлж надад уншиж танилцуулалгүй “хурдал, хурдал” гэж тулган нэгэн бичиг цаасан дээр гарын үсэг зуруулж жижүүр ахлагчаар намайг камерт буцаан хийлгэсэн. Миний эрх зүйн байдлыг дорд үзэж нэг талыг баримтлан хэд хэдэн бүрэн нотлогдох үндэслэлтэй асуудлуудыг шалгаж нотлолгүй Э-ын амь насыг хохироосон гэж итгэл үнэмшилээр хандаж ажиллаж байсан нь илт тодорхой байсан.

Мөн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт гаргасан миний хүсэлтийн дагуу шүүх хурлаас шүүгч Ганбаатар нь шүүгчийн захирамжиндаа: “Хуульд заасны дагуу хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоолгохын тулд нөхөн гүйцэтгэх боломжтой хэд хэдэн үндэслэлтэй асуудлуудыг шалгаж тогтоо” гэж хяналтын прокурор Н.Ундрахад үүрэг даалгавар өгсөн. Гэтэл хяналтын прокурор Н.Ундрах нь намайг “Хүний амь насыг хохироосон” гэх өөрийн итгэл үнэмшилээр хандаж хэт нэг талыг баримтлан намайг яллахын тулд шалгах шаардлагагүй, үндэслэлгүй гэж хариу мэдэгдсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Үүнд нь гомдолтой байна.

2018 оны 6 дугаар сарын ихээр миний бие “Хүн алсан гэх хэрэгт гүтгэгдэж байгаа тул үнэн зөвөөр шалгуулж нотлуулж өгнө үү” гэж өлсгөлөн зарлаж байх цаг хугацаанд надад холбогдох хавтаст хэргийн материал, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг гэх мэт материалуудыг танилцуулалгүй 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 507 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 21 цаг 30 минутанд амь хохирогчийн хамарын баруун талын нүхнээс цус шиг шингэн гоожиж, орон дээр хөнжил нөмрөн нас барсан байсан. Бид хоёрын хамтдаа нөмөрч унтсан хөнжлийн цагаан давууны дээд ирмэг хэсэгт цус мэт шингэн зүйл түрхэгдсэн нь миний гарын алганы ар талд түрхэгдсэн. Энэ нь миний өөрийн гарнаас гарсан цус түрхэгдсэн гэж бодож байгаа. Учир нь 3 дугаар сарын 25-ны шөнө гудамжинд үл таних хүмүүст зодуулж газар ойчиж гараа шалбалж цус гарсан. Энэ шөнө амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр зодож биед нь гэмтэл учруулж гарыг нь хугалж, цохиж биед нь хөхрөлт улаалт янз бүрийн гэмтэл огт үүсгэж үйлдээгүй нь үнэхээр үнэн. Анх байцаалтанд би үнэнийг хэлсэн амь хохирогчийг хойш нь унтуулах гэж толгой тус газар түлхэж урдуур нь зэрэгцэн цуг унтацгаасан. Манайд гаднаас намайг дагаж орж ирэхдээ л хүнд зодуулсан харагдаж байсан.

Шинжээч эмч шүүх бүрэлдэхүүнд тайлбарлахдаа яллагдагчийн хувцаснаас цус илрээгүй. Хөнжлийн цагаан давууны цусны толбоны шинжилгээг яриагүй, амь хохирогчийн цус яллагдагчийн баруун, зүүн гарын арчидснаас авсан шинжилгээ хүний цус, амь хохирогчийн цусны шинжилгээг аваагүй мартсан байсан тул одоо авах боломжгүй гэж ярьсан атал яагаад “цус таарч байна” гэж зөрүүтэй бичигдсэнийг шалгуулж, үнэн зөвөөр тогтоолгох, нэг бүлгийн цустай эсэхийг шалгуулах хүсэлттэй байна.

Мөн шинжээч эмч Туяа тайлбарлахдаа, амь хохирогч 3 хоногийн өмнө тархиндаа гэмтэл авсан байх магадлалтай 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тархинд авсан гэмтэл 6-12 цаг дээд цаг нь 18 цагийг зааж байна. Дээш, доош 2 цагийн хэлбэлзэлээр бодож үзэхэд 15 цаг 30 минутанд гэмтэл авсан гэж гарч байна. Амь хохирогч идэвхтэй хөдөлгөөн хийж байсан. 3 дугаар сарын 25-ны 00 цаг орчим тархины гүүрэн дунд хэсэгт цус харвалт зүрх судасны амьсгал боогдож нас барсан. Биед нь 3,3 хувь, шээсэнд 3,1 хувь спиртийн агууламжтай хүчтэй согтолт тархинд авсан гэмтэлд хэрхэн хүчтэй нөлөөлөх эсэхийг тогтоолгох шаардлагатай гэж байсан.

2018 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг 00 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаа Золбоо намайг дуудаж уулзаж хэлэхдээ талийгаач Э-д “Сэнтий” зочид буудлын гаднах шилэн хаалгыг согтуу хагалж, шатны уруу унахад буудлын хамгаалагч босгож 00-д бие засуулаад цагдаа дуудахад зугтаагаад явчихсан байна. Камерын бичлэг нь устсан, бид цааш гэмтлийн эмнэлэг орж энэ хүний зургийг үзүүлж холбогдох жижүүр эмч, цагдаагийн ажилтнаас асууж сураглахад таньж байна. Согтуу гараа бэртээж хугалаад ирж боолгуулж эмчлүүлж байгаад архи ууж байгаад хөөгдсөн юм байна. Чи энэ хүний гарыг үхтэл нь мушгиж хугалаад, нүд нүүрийн цохиж гэмтээсэн хүн нь чи биш, чамд хамаагүй юм байна. Согтуудаа гараа хугалж бэртсэн юм байна. Манай цагдаагийнханд эрэн сурвалжлагдаж байсан Эрдэнэ-Цогтын Э-д мөн байна. Би энэ талаар байцаагчид чинь хэлж өгье гэж байсан.  

Миний бие урьд өмнө гэмт хэрэгт холбогдож, бусдад хохирол учруулж байгаагүй. Санамсаргүй байдлын улмаас амь хохирогчийн толгой, дух руу хоёр удаа түлхэж цуг унтсан нь үнэн. Үүндээ маш ихээр харамсан гэмшиж өөрийн буруутайгаа ойлгож байна. Би гэр бүлгүй, эхнэр хүүхэдгүй ганцаараа амьдардаг. Миний араас санаа зовж хөөцөлдөх хүмүүс байдаггүй. Энэ үйлдэж хийгээгүй онц харгис хэрцгийгээр хүнийг зодож, цохиж алсан гэх хэргийг надад тохож байгаа нь илт тодорхой байна. Үүнийг үнэн, зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогч тухайн орой 21 цаг 30 минутын үед Ж.Ц-тай уулзаж, хамт хоносон байдаг. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 20-24 цагийн хооронд нас барсан байх магадлалтай. Тухайн үеийг 24 цагаар бодох юм бол 15 цаг, 20 цагаар тооцвол 10 цаг өнгөрч байхад нас барсан байхаар байна. Шүүгдэгч Ж.Ц хэлэхдээ тухайн үед хохирогч бие засах гээд босч яваад буцаж ирээд орон дээр сууж байхад цагдаагийн албан хаагч нар орж ирсэн гэдэг. Хохирогчийн гарт болон бусад газар авагдсан гэмтэл 2019 оны 3 дугаар сарын 6-ны үеэр буудлын хаалга хагалах үед авсан гэмтэл гэж тайлбарладаг. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд гараа хугалж очоод эмнэлгийн хувцастайгаа зугтаасан байдаг. Тухайн үед нүүр царай нь хүн харахын аргагүй болсон талаар гэрч Баярцэцэг мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр тархины гүүрэн дунд хэсэгт цус харвалт, зүрх судасны дутагдалд орж нас барсан. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, бага тархины дээд хэсгийн цусан хураа, тархины гүүр хэсгийн эдийн гүн дэх цус харвалт гэсэн гэмтлүүд давхар яригддаг. Шийтгэх тогтоолд “онц харгис хэрцгийгээр” гэж дүгнэсэн. Гэтэл урьд нь хохирогч гар болон нүүрэндээ өөр хүчин зүйлийн улмаас гэмтэл авсан байсныг шүүх анхаарч үзээгүй байдаг. Мөн нас барсан хугацааг бие засах гээд босож явсан хугацаатай тооцож үзэхэд 2 цагийн зөрүү гараад байна. Дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн биед 3.3 хувь, шээсэнд 3.1 спиртийн агууламжтай, согтуурлын хүнд зэрэгтэй байсан нь биеэ хамгаалах чадваргүй болохыг харуулсан. Хохирогчийг онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх, цусан хураа зэрэг гэмтлүүд үүсгэсэн учраас хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шинжээч эмч хэргийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн талаар болон талийгаач  шөнийн 00 цагийн үед нас барсан байх боломжтой талаар дүгнэж, тайлбарласан. Мөн шинжээчийн дүгнэлтэд 20-24 цагийн үед нас барсан байх боломжтой. 20-24 цагаар нь тооцож үзэх юм бол шөнийн 23 цаг 20 минутад нас барсан байх боломжтой. Үүнээс дээш, доош 2 цагийн зөрүүтэй байж болно” гэж дүгнэсэн. Талийгаач тухайн өдөр шүүгдэгчтэй 21 цаг өнгөрч байхад уулзсан байдаг. Талийгаачийн үхлийн гол  шалтгаан нь “тархины гүүр хэсгийн эдийн гүн дэх цус харвалт” гэсэн гэмтэл учирсан.  Уг гэмтлийн авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, ихдээ л 1-2 цаг болоод нас барна гэж шинжээч дүгнэдэг. Иймд тухайн цаг хугацаанд дээрх гэмтлийг авсан болох нь тогтоогдсон. Ж.Ц нь хохирогчтой хэрэг болох цаг хугацаанд хамт байсан болох нь тогтоогдсон. Мөн Ж.Ц-ын гараас арчдас авахад талийгаачийн ДНК илэрсэн. Дээрх хэрэгт цугларсан баримтыг үндэслэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, Ж.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжны 498 тоот гэртээ согтуугаар хамт архи ууж байсан Э.Э-ыг зодон “тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, бага тархины дээд хэсгийн цусан хураа, тархины гүүр хэсгийн эдийн гүн дэх цус харвалт, хуйханд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун, зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар, уруулд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан болох нь:

гэрч Ч.Амарбаясгалангийн “2018 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим Цогтоо гэх урд айлын залуу намайг зодчихлоо гэж хэлсэн... за за дуудлагаа буцаачих, надад эрүүлжүүлэхийн мөнгө байхгүй ... гэж хэлээд хашааныхаа хаалгыг түгжээд дотогшоо гүйгээд явсан. Байшингийн хаалгыг нь татаж үзтэл цоожтой байсан. Хөшигний цаанаас “чи яв” гээд байсан...” /1-р хх 54-55/, гэрч Ж.Цогтгэрэлийн “... Ж.Ц ах архи уусан үедаа агсам болчихдог, хүн хүн рүү дайраад зодоон хийх гээд байдаг ...” /1-р хх 56-57/, гэрч Ч.Энхболдын “Өглөө 08 цаг 30 минутаас ээлжээ аваад байж байтал Сэлбэ 10-аас ... “манай урд айлын залуу хүнд зодуулчихлаа, цагдаа дуудаад өгөөч гэж байна” ... гэж Амарбаясгалан гэх хүн дуудлага өгсөн байсан. Уг дуудлага 09 цагийн үед ирсэн байна лээ. Тэгээд манайх ээлжээ авсны дараа бидэнд мэдэгдэж манай ээлж шалгасан. Дуудлага өгсөн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжны 498 тоот хашаанд очиход байшин дотроосоо цоожтой байсан. Амбаар талын эхний цонхны нэг тасалгааг скочоор наасан байсныг бага зэрэг нүхэлж харахад байшин дотор матрасс дээр хүн хөнжил нөмөрөөд унтаж байсан. “Хөөе хаалга тайлаач ээ” гэж 20 орчим минут орилж зогссон. Тэгтэл “хэн бэ” гээд тэр Цогтоо гэгч хөнжлийнхөө цаанаас толгойгоо цухуйлгасан. “Хаалга нээ” гэж Цогтоогоор хаалгыг нь нээлгэж дотогш орсон. Матрасс дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байгаа харагдсан ба царай нь нэг л биш харагдсан. Жижиг цаас хамар дээр нь тавьж амьсгалж байгаа эсэх, гарыг нь барьж зүрх нь цохилж байгаа эсэхийг шалгахад тодорхой шинж илрэхгүй байхаар нь 103-т дуудлага өгсөн. 20 орчим минутын дараа эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн” /1-р хх 63-64/, гэрч Э.Мягмарцогийн “2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн үед унтаж байтал эгч /Э.Э/ над руу Юнителийн дугаараас залгаад “... эгч нь одоо ерөнхийдөө болж байна дөө ...” гээд нэг ойлгомжгүй зүйл яриад баяртай ч гэлгүй, цаашаа хэн нэгэнтэй яриад утас нь тасарсан. Би тухайн үед эгчийгээ согтуу байна гэж ойлгосон.” /1-р хх 80-81/, шинжээч эмч Н.Туяагийн “Тархинд үүссэн гэмтлээс бусад гэмтлүүдийн үүссэн цагийг нарийвчлан тогтоох боломжгүй. Ямар ч байсан амьд ахуйд нь үүссэн шинэхэн гэмтлүүд байх боломжтой. Тархинд үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархины гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Тархинд үүссэн цусан хураа нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн, дээд хугацаа нь 18 цаг байсан. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 40 минутанд хийсэн цогцосны үзлэгийн тэмдэглэл дээр нас бараад 20-24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна гэжээ. Тухайн үед цогцосны үхлийн дараах шинж ч бас 20-24 цагаас дээш гэж зааж байсан. Тиймээс 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн орчимд нас барсан байх боломжтой. Амь хохирогчийн тархинд үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсэх гэмтлүүд. Тархинд үүссэн гэмтэл нь унахад үүсэх боломжгүй.” /1-р хх88-89/ / гэсэн мэдүүлгүүд,

“Тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа 14х10 см 180 гр жинтэй, 6-12, 12-18 цагийн будагдалттай фибрин, бага тархины дээд хэсгийн 1х5 см цусан хураа, тархины гүүр хэсгийн 3х2 см эдийн гүн дэх цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн атгаал ясны хугарал, зүүн бугалаганд цус хуралт, 1 шүдний хугарал, баруун, зүүн нүдний зовхи, уруул, тохой, шуу, хөх, гуя, өвдөг, шилбэ, тавхай, ташаа, өгзөгт цус хуралт, хамар, уруулд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №776 дугаар дүгнэлт /1-р хх 83-87/,

“Богино хүрмэнд үүссэн 5х4 см хэмжээтэй уранхай оёдлоороо ханзарч урагдсан оёдлын утаснууд нь үзүүр хэсгээрээ суналттай, оёдлын нүх арилаагүй, зам ирмэг бохирлогдоогүй байх тул татах, чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзарсан уранхай” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2246 дугаар дүгнэлт /1-р хх 106-107/,

“Шинжилгээнд ирүүлсэн Ж.Ц-ын баруун болон зүүн гараас авсан гэх арчдаст цус илэрсэн бөгөөд цусны ДНХ-ийн тогтоц нь хохирогч Э.Энхсувдын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5559 дугаар дүгнэлт /1-р хх-119/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 8-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх16-19/, Шүүх сэтгэц эмгэг  судлалын №422 дугаар дүгнэлт /1-р хх 121-123/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Хохирогч Э.Э-д нь нас барах үедээ зүүн бугалганы хугарсан гэмтэлтэй, хүчтэй зэргийн согтолттой байсан нь шинжээчийн 776 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг биеэ хамгаалах чадваргүйд тооцох үндэслэлтэй бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүгдэгч мэдээгүй байх боломжгүй. Түүнчлэн хохирогчид гавал тархины болон биеийн бусад хэсэгт олон тооны гэмтэл учирсан ба гэмтлийн шинж байдлаас харахад шүүгдэгчийн үйлдэл онц харгис шинжтэй байх тул шүүгдэгч Ж.Ц-ыг “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Ц давж заалдах гомдолдоо “... гэмт хэрэг үйлдээгүй ...” хэмээн гэм буруугийн асуудлаар маргасан байх боловч шинжээч эмчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5559 дугаар дүгнэлт, гэмт хэрэг гарсны дараах цаг хугацаанд Ж.Ц сэтгэл санааны тогтворгүй байдалтай байсныг харсан хөрш Ч.Амарбаясгалангийн гэрчийн мэдүүлэг, Ж.Ц нь архи уусан үедээ агсам согтуу тавьдаг зан араншинтай талаар төрсөн дүү Ж.Цогтгэрэлийн гэрчийн мэдүүлэг, байшин дотор матрасс дээр хохирогч нас барсан байсныг харсан цагдаагийн алба хаагч  Ч.Энхболдын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч Э.Э-д нь шүүгдэгч Ж.Ц-ын гэрт нас барсан байдалтай олдсон, амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон тархины гэмтэл нь идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүйд хүргэсэн, Ж.Ц-ын хоёр гарнаас хохирогчийн цус илэрсэн, хохирогчийг нас барсны дараа Ж.Ц нь сэтгэл санааны тогтворгүй байдалтай байсан хэргийн нөхцөл байдал нь Ж.Ц-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болжээ.

 

Шүүгдэгч Ж.Ц-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

  

Энэ хэрэгт холбогдуулан хохирогчийн найз гэх “Хуягаа, Лхагваа, Энхээ, Гэрлээ, Солонгоо” нарыг  болон хохирогчийн явсан зам, 10 дугаар хорооллын камерын бичлэгийг шалгах шаардлагагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “эрүүгийн төлөөлөгч Наранбаатар, мөрдөн байцаагч Сайнбаяр нар шүүгдэгч Ж.Ц-ыг зодож, дарамталж, хууран мэхэлж хэрэг хүлээлгэн эрүүдэн шүүсэн” байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

                                   ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН