Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1461

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00160 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

“ХХ” ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1541 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч ХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х нар нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХХ нь ХХХ-ны Завхан аймаг дахь салбарын захирлаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд салбарын шинэ барилга ашиглалтад оруулж, харилцагчдад тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, харилцагч байгууллага, иргэдийг олноор татах ажлыг зохион байгуулсан, улмаар зээлийн багцыг нэмэгдүүлэх, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замaap банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Үүний баталгаа нь Завхан салбар нь 2015 оны 2 дугаар улиралд ажлын үзүүлэлтээрээ системийн хэмжээнд 3 дугаар байрт шалгарч, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. ХХ нь ХХХ-ны Завхан салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ХХХ-ны Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. Гэтэл ХХХ-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1541 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн ХХ нь банкны ажилтны ипотекийн зээлийг холбогдох зээлийн дэд хороогоор шийдвэрлүүлэлгүйгээр салбарын зээлийн хороогоор шийдвэрлэж, 2 ажилтанд 90.000.000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг олгосон, Завхан салбарт олгосон зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн зээл олгосон, салбарын зээлийн хорооны даргын эрхийг журамд заасан шийдвэр, тушаал гаргалгүй харилцааны ахлах менежерт шилжүүлсэн гэх хууль бус үндэслэлээр ажлаас халсан. Салбарын захирлын ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт хамааралгүй байна. Иймд “ХХ” ХХК-ийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1541 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ХХХ-ны Завхан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил “ХХХ” ХХК-д даалгаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“ХХ” ХХК-ийн хяналтын газраас Завхан салбарт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал ээлжит иж бүрэн шалгалтыг хийхэд Завхан салбарын захирал ХХ нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, “ХХХ” ХХК-д мөрдөгдөж буй журам, зааврыг зөрчсөн зэрэг нь тогтоогдсон байдаг. ХХ нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүйгээс Завхан салбарын харьяа 25 тооцооны төвийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаанд хийсэн иж бүрэн шалгалтаар салбар, түүний харьяа тооцооны төвийн нийт 39 ажилтны үйл ажиллагаанд зөрчил илэрч, тэдгээрт сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Зөрчлүүд дахин давтан гарсан байсан. Түүнчлэн ХХ нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн хяналтаар касс тоолоогүй зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн акт №42 авсан. Төслийн зээлийн бүтээгдэхүүний журмын 5 дугаар зүйлийн 5.9.2б-д гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч захирал, дэд захирал, газар хэлтсийн захирлаас бусад хүмүүсийн орон сууцны ипотекийн зээлийг холбогдох газарт нь хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэсэн байдаг. Завхан салбарын захирлаар ажиллаж байсан ХХ нь хамт ажилладаг ХХХХХ болон ХХХХ нарт орон сууцны ипотекийн зээлийг салбарын зээлийн хороо буюу захирлын хүрээнд шийдвэрлэж зээлийг олгосон байдаг. Уг нь орон нутгийн зээлийн дэд хороогоор хэлэлцэж шийдвэрлэх ёстой юм. Энэ нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон. Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “зээлийн хорооны зээл шийдвэрлэх эрхийн хэмжээнд тухайн зээлдэгч түүнтэй холбогдогч этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага, банк дахь зээлийн үлдэгдэл зэргийг харгалзан үзэлгүй дахин зээл олгохыг хориглоно” гэж заасан байгаа. Гэтэл ХХ нь иргэн болон хуулийн этгээдэд 80.000.000 төгрөгийн зээлийг олгохдоо зээлийн хороогоор шийдвэрлүүлэн зээл олгосон байдаг. Гүйцэтгэх захирлын А/462 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан Завхан салбарт олгосон зээлийн хэмжээ нь 80.000.000 төгрөг байсан. Гэтэл ХХ гэх иргэнд 80.000.000 төгрөгийн зээлийг олгохдоо өмнө нь 28.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад, мөн 17.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй “ХХХ” ХХК-д тус тус 80.000.000 төгрөгийн зээл олгож эрх хэмжээгээ хэтрүүлсэн байгаа юм. Ингэж давсан тохиолдолд салбарын зээлийн эрхээр биш, орон нутгийн зээлийн хороогоор буюу Төрийн төв банк үүнийг шийдвэрлэх ёстой байсан. Мөн ХХ нь орон нутгийн зээлийн хэлтэстэй зөвшилцөлгүй, тушаал, санамж, шийдвэргүйгээр харилцааны ахлах менежер ХХХХ-д шилжүүлж 17 удаагийн хурлаар 1.4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасныг Хяналтын газрын шалгалтаар тогтоосон. ХХ нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэж, зээлийн хороонд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хорооны даргыг орлон ажиллах ажилтны журамд заасны дагуу сонгоогүй, салбарт олгогдсон эрхээ хэтрүүлэн ХХХ-ны 2 ажилтанд нийт 90.000.000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл, иргэн, аж ахуйн нэгжид нийт 160.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг тус тус олгосон зөрчлийг гаргасан. Иймд ХХХ-ны зүгээс нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ХХХ-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1541 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх ХХийг ажлаас халсан үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт тодорхойлсон Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн эсэхийг зөв тодорхойлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. ХХтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох ноцтой зөрчлийн нийт 28 тохиолдлыг нэрлэн заасан боловч Х-ийг ажлаас халсан үндэслэлд огт хамаарахгүй байхад анхан шатны шүүх ХХийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж хууль бус үндэслэлээр буруутгасанд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т "Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон" гэж заасан. Хавтаст хэрэгт ХХХ-ны хяналтын газраас Завхан салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайлан авагдсан. Шалгалтын тайланд ХХ нь дүрэм, журам, заавар зөрчсөн тухай ямар ч үг үсэг бичигдээгүй. Үүнийг хариуцагч анхан шатны шүүх хуралд бүрэн хүлээн зөвшөөрч байсан. ХХийг ажлаас халсан 3 үндэслэл нь ХХид огт хамааралгүй, Завхан салбарын зээлийн хороод хамааралтай, салбарын зээлийн хороо холбогдох дүрэм журам, зааврыг зөрчсөн байхад зээлийн хорооны үйл ажиллагааг ганц ХХид хамааруулан хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн түүнчлэн ажлаас халсан 3 үндэслэлийг бүхэлд нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т хамааруулах боломжгүй болохыг анхан шатны шүүх анхааран үзээгүй.  ХХ Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага зэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 болон Улсын дээд шүүхийн тайлбартай харьцуулан үзэхэд салбарын захирлын ажил, албан тушаал нь "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт огт хамааралгүй болно. Гэтэл анхан шатны шүүх ХХийг хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэдэгт хамааруулан хэргийг шийдвэрлэсэн. ХХ нь 2012 оны сонгуулиар Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байх үед ажлаас халагдсан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна” гэсэн заалтыг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 тоот албан бичгээр ХХийг ажлаас халахдаа Иргэдийн хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөөгүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх ХХ-ийн нэхэмжлэлтэй “ХХХ” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халсан хэргийг шийдвэрлэхдээ уг тушаалд дурдагдаагүй, өөрөөр хэлбэл ХХийг ажлаас халсан үндэслэлтэй огт хамааралгүй үндэслэлүүдээр үнэлэлт дүгнэлт хийсэн. Иймд дээрх заалтыг хөдөлмөрийн маргаанд хамааралгүй, талуудын тэгш

байдалд нийцэхгүй, дан ганц сонгуульт албан үүргийг гүйцэтгэх нөхцөлийг хангахад
чиглэгдсэн зохицуулалт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал дээрх үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх энэхүү үндэслэлд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг бүхэлд нь хянаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь ХХХ-ны Завхан салбарын захирал байсан. Уг албан тушаалд ажиллах хугацаанд өөрийн салбар болон харьяа 25 тооцооны төвийг удирдаж, нэгдсэн удирдлагаар хангаж, салбар тооцооны төвийн нийт хөрөнгийг захиран зарцуулах, тухайн салбарын зээлийн хороог даргалдаг. Мөн өөрийн харьяа 25 тооцооны төвийн зээлийн хороонуудыг удирдаж, түүнийг чанартай хуралдуулах талаар удирдлагаар хангадаг. Энэ нь ХХ-ийн ажлын байрны тодорхойлолтоор нотлогддог. ХХ нь ажиллаж байх хугацаандаа нийт 3 зөрчил гаргасан. Үүнд зээлийн хорооны даргын үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Энэ нь “ХХХ” ХХК болон ХХ нарт зээл олгохдоо Завхан салбарын эрх хэмжээг хэтрүүлж зээл олгосон. Зээлийн үйл ажиллагааны журам гэж байдаг. Уг журмын 10 дугаар зүйлд дотоод салбарын зээлийн хорооны хэлэлцэх асуудал, эрх хэмжээ, ямар асуудал хэлэлцэх тухайг тогтоосон. Мөн “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар салбарын зээлийн хорооны эрхийн хэмжээг 80.000.000 төгрөг гэж тогтоосон. Зээл хүсч байгаа этгээд өмнө нь ямар нэгэн зээлийн үлдэгдэлтэй байсан бол уг зээлийн үлдэгдэлд хүсч байгаа зээлийн дүн нэмэгдээд нийт дүнгээр салбарын зээлийн хорооны эрхийн хэмжээ тогтоогддог. Өөрөөр хэлбэл ХХ нь тухайн үед 28.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Уг зээлийн үлдэгдэлд 80.000.000 төгрөгийг хүссэн. Нийт 108.500.000 төгрөгийн зээлийн нийлбэр дүнтэй байхад зээл олгосон. Зээлийн үйл ажиллагааны журмаар бол салбарын зээлийн хорооны эрхийн хэмжээ хэтэрсэн тохиолдолд салбарын зээлийн хороо хэлэлцэж шийдвэрлэхдээ холбогдох дээд шатны зээлийн хороонд шилжүүлэх шийдвэр гаргах ёстой. ХХ нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Банкны тухай хууль, Компанийн тухай хуулиар мөнгө, эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан мөн. Тухайлбал Улсын Дээд шүүхийн тайлбарт удирдах албан тушаалтан гэж байдаг. “ХХ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.5-д удирдах албан тушаалтан гэдэгт гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирлын орлогч, дэд захирал, газар хэлтэс, нэгжийн захирлууд хамрагддаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2-т заасныг баримталсан гэж дурдсан байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.5-д мөнгө, эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан ажил олгогчийн итгэлийг алдсан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон бол гэсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.5-д заасныг тусгах шаардлагагүй гэж бид үздэг. Эдгээр заалтууд нь ХХ 2 зээлдэгчид эрх хэтрүүлж зээл олгсон. Мөн “ХХ” ХХК-ийн 2 ажилтанд орон сууцны ипотекийн зээл олгохдоо төсвийн зээлийн бүтээгдэхүүний журам, заалтуудыг зөрчсөн. Мөн өөрийн эрх хэмжээг шилжүүлэхдээ ямарч тушаал шийдвэр гаргаагүй, шууд доод албан тушаалтанд шилжүүлсэн гэх үйлдэлтэй огт хамааралгүй юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн зохицуулалт байдаг. Уг зохицуулалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг энэ хуулиар зохицуулдаг. “ХХХ” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд бүх ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн эрх зүйн байдлыг зохицуулдаг. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажилтан, ажил олгогчийн хоорондын харилцааг зохицуулж байдаг. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай. Манай банк нь Хөдөлмөрийн тухай хууль баримталдаг. Бидэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалт ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажлаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтныг ажлаас халахдаа төлөөлөгч, тэргүүлэгчдийн хурлаар зөршилцөөгүй гэх заалтыг баримталж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд Хаан банкны Завхан салбарын захирлаар ажиллаж байсан ХХХХХ-ын хэрэгтэй холбоотой Улсын Дээд шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь хуулбар хувь байсан. Мөн нотлох баримтын шаардлагыг хангахгүй, шүүхийн шийдвэрийг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

ХХ нь “ХХ” ХХК-ийн Завхан салбарын захирлаар ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1541 тоот тушаалаар ажлаасаа халагджээ.

Ажил олгогч “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалд ХХийг ажлаас халсан үндэслэлээ тодорхойлохдоо, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ. Тухайлбал, Төслийн зээлийн бүтээгдэхүүний журмын 5 дугаар зүйлийн 5.9.2б дэх заалтыг зөрчиж, банкны ажилтанд ипотекийн зээлийг олгохдоо холбогдох зээлийн дэд хороогоор шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн. Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг зөрчиж гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/462 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан Завхан салбарт олгосон зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн зээл олгосон. Зээлийн хорооны ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчиж салбарын зээлийн хорооны даргын эрхийг журамд заасан шийдвэр, тушаал гаргалгүй, ахлах менежер ХХХХ-д шилжүүлсэн зэрэг нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2-т заасан ноцтой зөрчил гэж үзжээ.

Нэхэмжлэгч ХХ нь тус банкинд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Хариуцагч “ХХХ” ХХК нь нэхэмжлэгч ХХ-ийн гаргасан гэх ноцтой зөрчлийг тус банкны Хяналтын газраас Завхан салбарт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд хийсэн ээлжит иж бүрэн шалгалтаар тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч ХХийг ажлаас чөлөөлсөн 2015 оны 12 дугаар сарын 09-ний Б/1541 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодитой үр дагавар бий болгосон, ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил гэж үздэг.

Тухайн салбарын тодорхой хугацаанд хийсэн ажлыг шалгасан шалгалтаар илэрсэн зөрчил бүрийг зөвхөн салбарын захиралд нь хамаатуулан дүгнэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хэт өрөөсгөл дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл зээлийн дэд хороогоор шийдвэрлүүлэлгүйгээр салбарын зээлийн хороогоор шийдвэрлэж 2 ажилтанд 90.000.000 төгрөгийн орон сууцны зээл олгосон, Завхан салбарт олгосон зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн зээл олгосон, Салбарын зээлийн хорооны даргын эрхийг журамд заасан шийдвэр, тушаал гаргалгүй бусдад шилжүүлснээр байгууллагын эрх ашгийг хохироосон аливаа сөрөг үр дагавар үүсгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан гэх эдгээр зөрчлийн улмаас банкинд эд хөрөнгийн алдагдал хүлээж хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заасан банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн нь дотоодын хяналт, шалгалтаар тогтоогдсон гэж түүнийг ажлаас чөлөөлснийг зөв гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн хорооны хурлаар хамтын шийдвэр гаргахад ХХийг дангаараа буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн ХХ нь мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан биш тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

ХХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “ХХХ” ХХК-иас шаардах эрхтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлгүй тул ХХийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг түүний 1 сарын цалинг, сүүлийн 3 сарын дундаж цалин 2 340 067 төгрөгөөр тооцож, ажлаас халагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаагаар буюу 8 сар 9 өдрөөр бодож нийт 19.677.839 төгрөг гаргуулахаас, ажилгүйдлын тэтгэмжид олгосон /хх-1 дүгээр хавтас, 226-р тал/ суутгах 4.129.810 төгрөгийг хасч 15.548.029 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ХХид олгох талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХийг “ХХ” ХХК-ийн Завхан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15.548.029 төгрөгийг хариуцагч “ХХХ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ХХид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж,

-2 дахь заалтыг “…Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 235.690 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                                Ч.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                       Д.ДАМДИН-ОД