Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2016/00160

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00160

         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: А.Г

            Хариуцагч: ТБ ХХК

захирлын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Б/1541 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: А.Г нь ТБ ны Завхан аймаг дахь салбарын захирлаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд  ажилласан. Энэ хугацаанд салбарын шинэ барилга ашиглалтанд оруулж, харилцагчдыг тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, харилцагч байгууллага, иргэдийг олноор татах ажлыг зохион байгуулсан, улмаар зээлийн багцыг нэмэгдүүлэх, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замaap банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Үүний баталгаа нь Завхан салбар нь 2015 оны 2-р улиралд ажлын үзүүлэлтээрээ системийн хэмжээнд 3 дугаар байрт шалгарч, мөнгөн шагналаар шагнагдаж байсан.

А.Г нь ТБ ны Завхан салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ТБ ны Хөдөлмөрийн дотоод журам, ТБ тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байхад ТБ ны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1541 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг үндэслэн “А.Г нь банкны ажилтны ипотекийн зээлийг холбогдох зээлийн дэд хороогоор шийдвэрлүүлэлгүйгээр салбарын зээлийн хороогоор шийдвэрлэж, 2 ажилтанд 90.000.000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг олгосон, Завхан салбарт олгосон зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлсэн зээл олгосон, салбарын зээлийн хорооны даргын эрхийг журамд заасан шийдвэр, тушаал гаргалгүй харилцааны ахлах менежерт шилжүүлсэн” гэх хууль бус үндэслэлээр ажлаас халлаа.

А.Г нь ТБ ны Завхан салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах үйлдэл гаргаж байгаагүй, ажил олгогч ТБ ны эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгож байгаагүй болно.

Салбарын захирлын ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт хамааралгүй байна. Иймд ТБ ны захирлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1541 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ТБ ны Завхан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил ТБ инд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: ТБ ХХК-ийн Хяналтын газраас Завхан салбарт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал ээлжит иж бүрэн шалгалтыг хийхэд Завхан салбарын захирал А.Г нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, “ТБ ” ХХК-д мөрдөгдөж буй журам, зааврыг зөрчсөн зэрэг нь нотлогдсон байдаг. А.Г нь Ажлын байрны тодорхойлолтод заасныг хэрэгжүүлж ажиллаагүйгээс Завхан салбар болон харъяа 25 тооцооны төвийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаанд хийсэн иж бүрэн шалгалтаар салбар, түүний харъяа тооцооны төвийн нийт 39 ажилтны үйл ажиллагаанд зөрчил илэрч, тэдгээрт сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Зөрчлүүд дахин давтан гарсан байсан. Түүнчлэн А.Г нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орон нутгийн үйл ажиллагааны хэлтсийн хяналтаар касс тоолоогүй зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн акт №42 авсан.

А.Г нь ажиллаж байх хугацаандаа Төслийн зээлийн бүтээгдэхүүний журмын 5 дугаар зүйлийн 5.9.2б дэх хэсэгт заасан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч захирал, дэд захирал, газар хэлтсийн захирлаас бусад хүмүүсийн орон сууцны ипотекийн зээлийг холбогдох газарт нь хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэсэн байдаг. Завхан салбарын захирлаар ажиллаж байсан А.Г нь хамт ажилладаг Ч.Н болон Т.А нарт орон сууцны ипотекийн зээлийг салбарын зээлийн хороо буюу захирлын хүрээнд шийдвэрлэж зээлийг олгосон байдаг. Уг нь орон нутгийн зээлийн дэд хороогоор хэлэлцэж шийдвэрлэх ёстой юм. Энэ нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон. Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.5 дах хэсэгт зааснаар зээлийн хорооны зээл шийдвэрлэх эрхийн хэмжээнд тухайн зээлдэгч түүнтэй холбогдогч этгээдийн түүнтэй холбогдох банк, банк бус санхүүгийн байгууллага, банк дахь зээлийн үлдэгдэл зэргийг харгалзан үзэлгүй дахин зээл олгохыг хориглоно гэж заасан байгаа. Гэвч А.Г нь иргэн болон хуулийн этгээдэд 80.000.000 төгрөгийн зээлийг олгохдоо зээлийн хороогоор шийдвэрлүүлэн зээл олгосон байдаг. Гүйцэтгэх захирлын А/462 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан Завхан салбарт олгосон зээлийн хэмжээ нь 80.000.000 төгрөг байсан. Гэтэл Ж.А  гэх иргэнд 80.000.000 төгрөгний зээлийг олгохдоо өмнө нь 28.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад, мөн 17.000.000 төгрөгний үлдэгдэлтэй Уулс дөл ХХК-д тус тус 80.000.000 төгрөгийн зээл олгож эрх хэмжээгээ хэтрүүлсэн байгаа юм. Ингэж давсан тохиолдолд салбарын зээлийн эрхээр биш, орон нутгийн зээлийн хороогоор буюу Төрийн төв банк үүнийг шийдвэрлэх ёстой байсан. Мөн А.Г нь орон нутгийн зээлийн хэлтэстэй зөвшилцөлгүй, тушаал, санамж, шийдвэргүйгээр харилцааны ахлах менежер Д.Цэндсүрэнд шилжүүлж 17 удаагийн хурлаар 1.4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасныг Хяналтын газрын шалгалтаар тогтоосон. А.Г нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэж, зээлийн хороонд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хорооны даргыг орлон ажиллах ажилтны журамд заасны дагуу сонгоогүй, салбарт олгогдсон эрхээ хэтрүүлэн ТБ ны 2 ажилтанд нийт 90.000.000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл, иргэн, аж ахуйн нэгжид нийт 160.000.000 төгрөгийн бизнесийн зээлийн тус тус олгосон зөрчлийг гаргасан. Иймд ТБ ны зүгээс нэхэмжлэгч А.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж ТБ ны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Б/1541 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

А.Г нь ТБ ны Завхан аймаг дахь салбарын захирлаар 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилласан байх бөгөөд ТБ ны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1541 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн “банкны ажилтны ипотекийн зээлийг холбогдох зээлийн дэд хороогоор шийдвэрлүүлэлгүйгээр салбарын зээлийн хороогоор шийдвэрлэж, 2 ажилтанд 90.000.000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг олгосон, Завхан салбарт олгосон зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлж зээл олгосон, салбарын зээлийн хорооны даргын эрхийг журамд заасан шийдвэр, тушаал гаргалгүй харилцааны ахлах менежерт шилжүүлсэн” зөрчил гаргасан гэж үзэн А.Гийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ.

ТБ ны Завхан аймаг дахь салбарын захирал А.Г ажлын байрны тодорхойлолтоор “Салбар, харъяа нэгжүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, тухайн жилийн гаргасан санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаан салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, мөнгөн болон бусад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, Төв банкнаас олгогдсон эрхийн хүрээнд салбарын зээлийн хорооны даргын үүргийг гүйцэтгэж, салбар, тооцооны төвүүдийн зээлийн хорооны үйл ажиллагааг удирдах, түүнд хяналт тавих, чанартай хуралдуулах зэрэг үндсэн үүргийг хүлээсэн байна.

А.Гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т “банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон” бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зааж тохиролцжээ.

ТБ ХХК-ийн Хяналтын газраас Завхан салбарт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал ээлжит иж бүрэн шалгалтыг хийсэн байна.

“Төслийн зээлийн бүтээгдэхүүний журам”-ын 5 дугаар зүйлийн 5.9.2б дэх хэсэгт заасан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч захирал, дэд захирал, газар хэлтсийн захирлаас бусад хүмүүсийн орон сууцны ипотекийн зээлийг холбогдох зээлийн дэд хорооны хурлаар шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд Завхан салбарын харилцааны менежр Ч.Н, Т.А нарт орон сууцны ипотекийн зээлийг салбарын зээлийн хороогоор шийдвэрлэж олгосон нь дээрх шалгалтаар тогтоогдсон байна. Зүй нь дээрх ажилтнуудын зээлийн асуудлыг орон нутгийн зээлийн дэд хороогоор хэлэлцэж шийдвэрлэх байжээ.

“Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 10 дугаар зүйлийн 10.5-т “зээлийн хорооны зээл шийдвэрлэх эрхийн хэмжээ нь тухайн зээлдэгч, түүнтэй холбогдох этгээдийн бусад банк, банк бус санхүүгийн байгууллага, банк дахь зээлийн үлдэгдэл болон нэмж хүсэж буй зээлийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно”, 10.6.3-ын а-д “Салбарын зээлийн хорооны хэлэлцэх асуудал: Олгосон эрх мэдлийн хэмжээнд багтаан өөрийн болон харъяа тооцооны төвийн зээлийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх”-ээр заажээ.

ТБ ны гүйцэтгэх захирлын 2014 оны А/462 тоот тушаалаар Завхан салбарт олгосон зээлийн эрхийн хэмжээг 80.000.000 төгрөгөөр тогтоожээ.

Гэтэл Завхан салбарын зээлийн хороо Ж.А  гэх иргэнийг 28.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад 2015 оны 04 дүгээр сарын 09-нд 80.000.000 төгрөгийн, мөн 17.000.000 төгрөгний үлдэгдэлтэй Уулс дөл ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 10-нд 80.000.000 төгрөгийн зээл тус тус олгож эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч А.Г дээрх асуудлыг ганцаараа шийдвэрлээгүй, мөн Ж.А тэй холбоотой зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарлах боловч захирал  нь зээлийн хорооны дарга, зээлийн хорооны хурлыг удирддаг, эцэст нь шийдвэрийг баталгаажуулдаг, нөгөө талаар зээлийн хорооны эрх хэмжээгээ хэтрүүлж асуудал шийдвэрлэдэг үйлдэл үргэлжилсэн үйлдлийн шинжтэй байна.

“Зээлийн хорооны ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т “Орон нутгийн салбарын зээлийн хорооны дарга нь орон нутгийн салбар, тооцооны төвийн зээлийн хорооны даргыг орлон ажиллах ажилтныг томилох бөгөөд нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг Орон нутгийн зээлийн хэлтэстэй зөвшилцсөний үндсэн дээр тогтоож, салбарын захирлын тушаалаар баталгаажуулна” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч эсэргүүцэхдээ, “тушаалаар баталгаажуулна” гэсэн нь дээрх заалтын 2 дахь хэсэгт хамаарна, зээлийн хорооны даргыг орлуулан ажиллуулахдаа Санамж бичиг үйлдэж байсан гэж тайлбарлаж байна. “Зээлийн хорооны ажиллах журам”-ын дээрх заалт хоёрдмол утгаар ойлгохоор тодорхойлогдсон байх ба нэхэмжлэгчийн Санамж бичгээр ажлыг орлуулж байсныг буруутгах боломжгүй боловч шалгалтын хугацаанд 17 удаа Санамж бичиггүй даргыг бусдаар орлуулан ажиллуулж, 1.4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан байдал шалгалтын явцад тогтоогджээ.

Салбарын захирал А.Гид холбогдох зөрчлүүд нь банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн, тодорхой үр дагавартай зөрчлүүд байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

Нөгөө талаар Салбарын захирал А.Г нь тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан мөн бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан байна.

Дээрхи байдлуудаас үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан ТБ ны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Б/1541 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД