Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00565

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00565

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/04111 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Б-т тус тус холбогдох,

Б-ийг хууль бус өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөгчөөр А-г тогтоолгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай иргэний хэргийг

хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие В ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компаний барьсан орон сууцнаас байр авахаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03, 04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ээр байр захиалсан иргэн Г-аас байрны төлбөрт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг бартердаж авахаар харилцан тохиролцсон. Орон сууцыг худалдан авах үнэ нь 142,218,000 төгрөг юм.

Гэтэл энэ цаг хугацаанд миний аав Д-гоос өөрийн найз Б-т ямар нэгэн төлбөр тооцоонд бус, зарах, бэлэглэх зорилгогүйгээр түүний гуйлтаар туслах гэж дээрх 3 өрөө байрыг иргэн Г-ын өмчлөлөөс шууд Б-ийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн юм. Уг 3 өрөө орон сууцны жинхэнэ, шудрага өмчлөгч нь би юм.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захиарамжаар С банк ХХК нь 1,195,621,533 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ч ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцыг битүүмжилсэн нь А-гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч Б-ийг хууль бус өмчлөгч болохыг тогтоож, өмчлөгчөөр А-г тогтоолгох, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын татгалзал, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2429 дүгээр захирамжаар Ч ББСБ ХХК-аас 1,135,995,226 төгрөгийг гаргуулж С банкинд олгож шийдвэрлэсэн.

Ч ББСБ ХХК-д холбогдох гүйцэтгэх хуудсыг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а-** тоот хаягт байрлах 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Вэйнэр вэй ХХК-ийн үнэлгээгээр 205,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээний маргааныг шат шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа уг хөрөнгийг худалдан борлуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч болон өмчлөгч нараас удаа дараа барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүсч шүүхэд хандан зориуд саад учруулж хугацаа хожин өнөөдрийг хүрсэн. Нэхэмжпэлд дурдсан хөрөнгө нь Б-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь лавлагаа болон холбогдох баримтаар хангалттай нотлогддог бөгөөд тус газраас нэхэмжпэгч бус иргэн А- гэх хүний хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч Б-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Анх 2016 онд миний бие өөрийн найз Д-гоос барьцаанд тавих хөрөнгө байгаа бол туслаач гэж гуйсан бөгөөд Д- өөрийн охин А-гийн бусдаас худалдан авч байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот, 86 кв-т 3 өрөө орон сууцыг түр барьцаалуулья, хурдан суллаж өгөөрэй гэж надтай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулуулсан болно. Уг гэрээ нь анхнаасаа үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хүсэл зоригоор хийгдээгүй, хууль зөрчсөн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Одоо болтол уг байранд Х- амьдарч байгаа бөгөөд жил бүр л гэрчилгээгээ шилжүүлж өгөөч гэж уулзаж, ярьдаг боловч миний бие зээлээ төлж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрчилгээний 000171728 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203012*** дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч Б-ийг хууль бус өмчлөгч болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр Х-г тогтоож, уг хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70,200+869,040/ нийт 939,240 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б-өөс улсын тэмдэгтийн хураамж нийт 939,240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр захирамжаар Ч ББСБ ХХК-аас 1.135.995.226 төгрөгийг гаргуулж С банкинд олгож Ч ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрт дурьдсан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлээр төлбөр барагдуулахаар захирамжилсан.

Төлбөр төлөгч Ч ББСБ ХХК-д холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012*** дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж хурааж, талуудаас үнийн санал авахад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр Винэр Вэй ХХК-ийг томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгоход тус орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Сүхбаатар дүүргийн 3 өрөө орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулж, энэ талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс газарт холбогдуулан үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гарсан ба 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч Б- нар оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжпэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2203012*** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан уг орон сууцын битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан Б-ийг хууль бус өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх бие даасан шаардлага гэж үзэж хянан шийдвэрлэснийг залруулах нь зүйтэй.

 

3. Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч Б- гомдол гаргаагүй тул энэ талаарх шүүхийн шийдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс хөндөхгүй боловч анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж дүгнэнэ.

 

3.1. Б- нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Г-тай байгуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч болсон байна. /1хх- 18, 21/

 

А- болон Б-ийн хооронд маргааны зүйл болж буй орон сууцтай холбоотой үүргийн харилцаа үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг гэрээний нэг тал болох Г- хэргийн биш шүүх хуралдааны оролцогч буюу гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад анхан шатны шүүх Б- болон Г- нарын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

3.2. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу дээрх 3 өрөө орон сууцны улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч Б- нь өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч А-г өмчийн эрх зүйн харилцааны хүрээнд өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар уг шаардлагыг хангасан өөрчлөлт оруулна.

 

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан уг орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул үүнийг зөвтгөх нь зүйтэй.

 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/02429 дугаар захирамжаар Ч ББСБ ХХК нь Худалдаа хөгжпийн банк ХХК-д 1,192,526,143 төгрөгийг төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203012*** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 42-44/

 

4.2. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар Б-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203012*** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж, 2021 оны 05 дүгээр сарын 27-ны өдөр хураан авсан байх бөгөөд Виннэр вэй ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар орон сууцыг 205,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. /1хх 50, 71-72, 75-76, 85-108/

 

Улмаар уг орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон албадан дуудлага худалдаанд оруулахад Т.Хишгээ 181,500,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. /1хх 146-149, 152/

 

4.3. Төлбөр төлөгч Ч ББСБ ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/02234 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 00111 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 115-123/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4.4. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албан худалдах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний дараа нэхэмжлэгч нь 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний дараа барьцаа хөрөнгийн өмчлөгчид холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болох, өмчлөгч солигдох зэрэг нь нэгэнт хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Учир нь дээрх 3 өрөө орон сууцад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тухайн үедээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн явагдсан учир хожим илэрсэн нөхцөл байдал уг ажиллагааг үгүйсгэхгүй.

 

4.5. Иймд улсын бүртгэлийн Ү-2203012*** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Х-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/04111 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2203012*** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х-г тогтоосугай. гэж өөрчлөн найруулж,

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-2203012*** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а байрны ** тоот хаягт байрлах 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Х-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэх заалт нэмж,

 

2 дахь заалтыг 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 939,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-өөс тэмдэгтийн хураамжид 869,040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ