Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 119/2018/0020/З |
Дугаар | 221/МА2018/0330 |
Огноо | 2019-06-13 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0330
2019 оны 06 сарын 13 өдөр |
Дугаар 221/МА2018/0330 |
Улаанбаатар хот |
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, хариуцагч татварын улсын байцаагч Ж.Б нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Д.Н давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Б, Г.Г нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Д.Н 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Б, Г.Г нарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ....... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр:
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Б, Г.Г нарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Д.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, мөн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасныг баримталж 2010 онд үүссэн ...... төгрөгийн зөрчилд ....... төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж төлөх үүрэгтэй” гэж тогтоосон.
Энэ нь “М” ХХК-д ......... төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тодорхой харагдаж байна.
Анхан шатны шүүх нь татвар нөхөн ногдуулж Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл буюу татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн шийдвэр гаргасан.
Учир нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Татвар нөхөн ногдуулах алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11 дүгээр зүйлийн 11.3-т “Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ”, 11 дүгээр зүйлийн 11.3.2-т “тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувь тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэсний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн санд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж зааснаар 2010 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2011 оны 1 дүгээр сарын 10-ны дотор тушааж ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төрийн сангийн нэгдсэн дансанд тушаах ёстой.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2-т нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа 5 жил буюу 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж байгаа нь хууль зөрсөн шийдвэр гаргасан.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн зөрчил хэдийд үүссэн гэдгийг нарийн шалгаагүй, мөн тухайн зөрчил үйлдэх үед хэрэгжиж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйл буюу Захиргааны хариуцлагад татах хугацааг харахад 5.2-т “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах ёстой.
Гэтэл хэрэгсэхгүй болгосон тогтоол 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр гараад байхад 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шийтгэл оногдуулж байгаа нь 2 жил 20 хоногийн дараа шийтгэлийн хуудас бичиж байгааг нарийн шалган тогтоогүй зэрэг мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйл “Зөрчлийг хянан шалгах” хэсгийн 4.4-т “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол зөрчлийн хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн байхад шүүхийн шийдвэр дээрх хуулийн зүйл заалтуудыг зөрчин шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж гомдол гаргаж байгааг хүлээн авч шалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
“М” ХХК-иас Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын нэр бүхий байцаагч нарын гаргасан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ........ дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэлдээ, мөн шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо тус тус дээрх шийтгэлийн хуудсаар .......... төгрөгийн зөрчилд нийт ......... төгрөгийн шийтгэл оногдуулахдаа “…Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн…” гэсэн үндэслэлээр л маргах бөгөөд харин “Т” ХХК-ийн регистрийн дугаар бүхий ....... тоот падаанаар ......... төгрөгийн, ......... тоот падаанаар .......... төгрөгийн бараа, материалыг НӨТ-тэй үнээр худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, улмаар ........... төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг үгүйсгэдэггүй болно.
Иймд давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хууль хэрэглээний зохих алдаа гаргаснаас бус, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн болох нь дараах байдлаар тогтоогдов.
“Т” ХХК-иас НӨТ-тэй авсан гэх дээрх худалдан авалтыг 2010 онд хийсэн мэтээр нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан байсныг татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ..... тоот дүгнэлтээр анх илрүүлж, улмаар зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн байна.
Эндээс дүгнэхэд 2010 онд гаргасан татварын зөрчилд 2012 онд дүгнэлт бичигдсэнээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон “татварын хөөн хэлэлцэх хугацаа” тасалдана. Өөрөөр хэлбэл 2010 онд гаргасан зөрчлийг 2017 оны шийтгэлийн хуудсаар илрүүлсэн гэж үзэхгүй.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 705 дугаар тогтоолоор “Т” ХХК-д гэрээт нягтлангаар ажилладаг байсан Б.Ө тус компанийн регистрийн дугаар бүхий НӨАТ-ын падааныг бусдад тараасан гэх үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролгүй байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон ч, энэ нь хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.
Нэгэнт НӨАТ-ын хий бичилттэй падаан ашиглаж, албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь татварын улсын байцаагчийн дүгнэлт болон прокурорын тогтоолоор тогтоогдсон, мөн зохих төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн хуулийн дагуу төлөх үүрэг бүхий татварыг нөхөн төлүүлэхийн тулд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Харин маргаанд хамаарал бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,” гэснийг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3,” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Д.Н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН