Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                           Хэргийн индекс: 114/2017/0026/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч  Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг, 29 дүгээр хороо 1 дүгээр хороололын 23а  байрны 34 тоотод оршин суух Төмөрийн Баяраагийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга буюу аймгийн Засаг даргад  холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтын Ганхуягийн Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                             Ө.Өлзиймаа

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч       Г.Гэрэлтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагаас шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн талаар гаргасан дүгнэлтдээ:-  Миний бие 1972 оноос Дархан хотод өрмийн мастераар ажиллаж байх үед ажлын амжилтыг харгалзан үзэж 1986 онд БНМАУ-ын Төрийн шагналыг олгон, 1987 оны 5 дугаар сарын 11-ний өдөр аймгийн захиргаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороололын 4 дүгээр байрны 6 дугаар орц 85 тоотод 3 өрөө орон сууцыг шагнал болгон өгсөн. Уг байранд 1991 он хүртэл амьдарч байгаад өөрийн туслах ажилтан байсан шавь Ганхуягийг  түр амьдарч  бай  гээд байлгаж  байсан. Гэтэл надаас зөвшөөрөл авалгүй уг байрыг өөрийн хүү Г.Тамирын нэр дээр хувьчлал явуулан авсан байна. Одоо энэ  байр нь үл хөдлөх бүртгэлийн газарт Г.Тамирын нэр дээр бүртгэлтэй байна. Т.Баяраа миний орон сууц эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байгаа учраас арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.Баяраа нь 1987 оны 05 дугаар сарын 11-нд 3 өрөө байр эзэмшихээр авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд Ганхуягийн хүү Г.Тамир, б.Баттулга нарт хамтран өмчлөхөөр шилжүүлснийг зөвшөөрөхгүй байна. Насанд хүрээгүй хүүхдэд ямар хуулийн зохицуулалтаар орон сууц өмчлөх шийдвэр нь гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтын Ганхуягийн Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.    

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга буюу Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-  Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны  85 тоот  3  өрөө   орон  сууцыг  1997  оны  9  дүгээр  сарын  30-ны  өдрийн  04 дүгээр  тогтоолоор  иргэн  Г.Тамирт  хувьчилсан байна. Аймгийн орон сууц хувьчлах товчоо нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр заалтыг удирдлага болгон хувьчлал явуулсан.Тухайн үед орон сууцыг эзэмшиж байсан Г.Тамир, Б.Баттулга нар Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан эрхийн дагуу орон сууц хувьчлах өргөдөл гаргасны дагуу Г.Тамир, Б.Баттулга нарт 0013483 тоот гэрчилгээ олгосон байгаа. Мөн хуулийн 13 дугаар зүйлд орон сууц хувьчлалын талаар гомдол гаргах хугацааг заасан ба дээрх хугацаанд нэхэмжлэгч нь гомдол ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

            Иймд хуулийн дагуу уг байр хувьчлагдсан тул Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 4 дүгээр тогтоолын Г.Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэв.                                                                                      

 

Гуравдагч этгээд  Д.Энхдалай шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- Даваадоржийн Энхдалай би Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хорооолол 4 дүгээр байрны 85 тоот 3 өрөө байрыг иргэн Н.Мөнгөнцэцэгээс 2013 оны 11 дүгээр сарын эхээр нийт 73 сая төгрөгөөр худалдан авсан. Төлбөр болох 73 сая төгрөгний  23 саяыг нь бэлнээр үлдсэн 50 саяыг ХААНБанкны орон сууцны зээлд хамрагдан зээлээр төлсөн. Намайг уг байрыг худалдан авахад улсын бүртгэл дээр ямар нэгэн зөрчил байхгүй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Мөн шүүх  хуралд өөрөө болон бие төлөөлөгч оролцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэжээ. 

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Баяраагийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Тамирын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй учраас шүүх санаачлан 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулан Г.Тамиртай утсаар холбогдож энэ тухай мэдэгдэхэд шүүхэд хүрэлцэн ирэх талаар хэлэхэд шүүхэд ирнэ гэсэн боловч ирээгүй, Г.Тамир нь тодорхой хаяггүй, утсаар ярихдаа “энэ байрыг зарсан, одоо надад хамаагүй” гэж тайлбарлан хэлсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр залгахад  утас нь холбогдоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар гуравдагч этгээд Г.Тамирыг оролцууулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтын Ганхуягийн Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Шүүхээс Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын архивт үзлэг хийсэн баримтаар Дархан хотын Найрамдал районы 4 дүгээр байрны 85 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Баяраа гэр бүлийн хамт 1987 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс ашиглаж байсан болох нь  орон сууц ашиглалтын карт 4/85, орон сууц ашиглах 7849 тоот эрхийн бичиг, ам бүлийн тодорхойлолтоор, мөн дээрх орон сууцыг 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Норов овогтой Ганхуяг гэр бүлийн хамт ашиглаж байгаад Н.Ганхуяг нас барсан тул хүү Ганхуяг овогтой Тамирт 1997 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эзэмшүүлж байсан болох нь Н.Ганхуяг, Г.Тамир нарт олгосон орон сууц ашиглах 10794 тоот  эрхийн бичиг, 30524 тоот эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Г.Тамир нь аймгийн Орон сууц хувьчлалын товчоонд Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хороололын 4 дүгээр байрны 85 тоот 3 өрөө орон сууцыг  хувьчлан авахаар 1997 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Баттулгын хамт өргөдөл гаргасны дагуу хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 163 иргэнд эзэмшиж байгаа орон сууцыг нь өмчилж гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолын хавсралтын 136 дугаарт Г.Тамирт дээрх орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн  орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Тамир, хамтран өмчлөгч Б.Баттулга нарт олгосон нь маргаан бүхий тогтоол, тогтоолын хавсралт болон орон сууц хувьлахыг хүссэн өргөдөл, ам бүлийн тодорхойлолт, 30524 тоот орон сууц эзэмших  гэрчилгээ, орон сууц өмчлөх эрхийн 0013487 тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1764 тоот шийдвэрээр Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороололын 4 дүгээр байрны 85 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Тамирыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээсэн байх бөгөөд Г.Тамир нь 2011 оны 01 дүгээр сард уг байрыг худалдан, түүнээс хойш худалдагдан шилжсээр одоогийн байдлаар Даваадоржийн Энхдалайгийн нэр дээр өмчлөлтэй, бүртгэлтэй, орон сууцны ипотекийн  зээлийн гэрээтэй, зээлийн барьцаанд байгаа болох нь 2011 оны 01 дүгээр сарын 10-нд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гуравдагч этгээд Д.Энхдалайгийн тайлбар болон 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.

 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5/ дахь хэсэгт "сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг”, 7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй”, 161 дугаар зүйлийн 1/1 дэх хэсэгт “сууц эзэмших эрхийн бичиг эзэмшигч”, 2/ дахь хэсэгт “сууц хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлан авах товчоонд гаргана” гэж зааснаар тухайн үед орон сууцыг эзэмшиж байсан Г.Тамир, Б.Баттулга нар орон сууцаа хувьчлан авах өргөдөл гаргасны дагуу Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2/ дахь хэсэгт “эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах”, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана” гэж зааснаар хариуцагч өргөдлийг хүлээн авч, Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороололын 4 дүгээр байрны 85 тоот 3 өрөө орон сууцыг хувьчлах шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Орон сууц хувьчлах тухай хуульд нийцсэн  байна гэж үзлээ.

Учир нь тухайн үед орон сууц нь төрийн өмч байсан бөгөөд  төрийн өмчийн орон сууцыг эзэмшиж буй иргэдэд нь хувьчлах харилцааг зохицуулахаар төрөөс Орон сууц хувьчлах тухай хуулийг 1996 онд батлан гаргаж, 1997 оноос орон сууц хувьчлах ажиллагаа эхэлж, хувьчлагдах орон сууцанд хууль ёсоор эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа иргэдэд хувьчилсан байна.

 

Нэхэмжлэгч нь 1997 оноос хойш 2017 оны 01 сар хүртэлх хугацаанд маргаан бүхий захиргааны акттай холбоотой гомдлыг эрх бүхий байгууллагад  гаргаж байгаагүй  болох нь шүүхээс Орон сууц хувьчлах товчооны баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/14 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Орон сууц хувьлах товчоо буюу аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтын Ганхуягийн Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Баяраа нь дээр орон сууцыг 1987 онд шагналд авсан гэж нэхэмжлэлдээ дурьдсан тул шүүхээс энэ тухай нотлох баримт цуглуулахаар Дархан-Уул аймгийн Архивын тасагт архивлагдсан 1986-1987 оны Дархан хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаа болон Найрамдал районы  Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаанаас гаргасан захирамжийн баримт бичигт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр Т.Баярааг орон сууцаар шагнасан тухай баримт бичиг олдоогүй болно.

          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 161 дүгээр зүйлийн 1, 2, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Баяраагаас Дархан-Уул аймгийн Орон сууц хувьлах товчоо буюу аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтын Ганхуягийн Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Баяраагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА