Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2017/00022/И |
Дугаар | 001/ХТ2017/01026 |
Огноо | 2017-09-26 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2017/01026
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00875 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1064 дүгээр магадлалтай,
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ц.Б-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8.108.929 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ц.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-очир, өмгөөлөгч Т.Урангэрэл нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б- нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ниссан тиана маркийн 10-34 УНМ улсын дугаартай автомашиныг барьцаалан 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч үндсэн зээлд 2.527.183 төгрөг, зээлийн хүүнд 1.655.623 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 106.193 төгрөгийг төлсөн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Бид фидуцийн гэрээ байгуулсан боловч автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болно. Иймд Ц.Б-аас үндсэн зээл 3.472.816 төгрөг, зээлийн хүү 3.889.457 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746.655 төгрөг, нийт 8.108.929 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргахгүй өдий хүрсэн ба зээлийн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 3.472.816 төгрөгийг гэрээний хугацаа хүртэл бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч харин гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Ниссан тиана маркийн 10-34 УНМ улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчид автомашиныг өгөх гэж удаа дараа ярилцсан боловч аваагүй, автомашин замын хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой.
Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, автомашиныг үүргийн гүйцэтгэлд тооцож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00875 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Б-аас зээлийн үлдэгдэл 3.472.816.34 төгрөг, зээлийн хүү 3.831.520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736.590 төгрөг нийт 8.040.926.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Прогресс капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68.003.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143.605 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1064 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00875 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1064 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирсон боловч автомашины өнгө үзэмж, чанар муудсан гэж шүүхэд илт худал тайлбар гаргаж байна. Автомашиныг муудсан эсэх талаар хөндлөнгийн байгууллагын дүгнэлт байхгүй. Тухайн автомашин одоо ч зүгээр явж байгаа. Гэрээнд зааснаар зээл төлөхгүй 10 хоноход барьцаа хөрөнгийг хураан авч зээл төлүүлнэ гэж заасан байхад аваагүй, өнөөдрийг хүртэл хүү, алданги авах зорилгоор зээлийн гэрээний хугацааг явуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй өдий хүрсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 3.472.816 төгрөгийг зөвшөөрч, харин гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй тул гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.108.929 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч, маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 6.000.000 төгрөгийг 12 сарын хугацаагаар, сарын 5 хувийн хүүтэй зээлжээ. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар Ниссан тиана маркийн 10-34 УНМ дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн боловч машиныг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Шүүх, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний биелэлт зэрэг маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчаас үндсэн зээл 3.472.816 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 3.831.520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736.590 төгрөг нийт 8.040.926 төгрөг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангажээ.
Фидуцийн гэрээний зүйл болох автомашин эвдэрсэн, явахгүй байгаа талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэлээ шүүхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан байх тул зээлдэгчид холбогдуулан шаардлага гаргаагүй хугацаа алдсан гэж буруутгах үндэслэлгүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00875 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1064 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 147.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ