Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0116

 

 “Бэрэн майнинг” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 789 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Бэрэн майнинг” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч “Бэрэн майнинг” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт зэрэгцэн орших төмрийн хүдрийн орд газрын ХV-9774, ХV-11472 тоот хайгуулын, МV-9772 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Хайгуулын ХV-9774, ХV-11472 тоот зөвшөөрлүүдийн 9 дэх жилийн хугацаа 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд манай компани ямар нэгэн зөрчилгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 23.3-т зааснаар “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулах тухай хүсэлтээ Ашигт малтмалын газарт 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот албан бичгээр, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот албан бичгээр, мөн газрын Кадастрын хэлтэст 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот албан бичгээр нийтдээ 3 удаа хүргүүлсэн болно. Гэвч “Ашиглалтын өмнөх гэрээ” байгуулах эсэх талаар манай компанид ямар нэг хариу өгөлгүйгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон шийдвэр гаргасан байсан. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан хугацаанд багтаан албан ёсоор мэдэгдэл ирүүлээгүй. Гэтэл Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 5-3621 тоот албан бичгээр “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулах хүсэлтийг шийдвэрлэх явцад Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон тул ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэн. Манай компани ХV-9774, ХV-11472 тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хүдрийн биетийн нөөцийн тооцооны судалгааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид нэмэлт ажил хийж, нөөц өсгөх, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцүүлэх, батлуулах ажлуудыг эхлүүлээд байсан билээ. Иймд дээрх ХV-9774, XV-11472 тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын хайгуулын 9774Х, 11472Х тоот тусгай зөвшөөрлүүдийг 3 жилийн хугацаатай олгож, хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулж 9 дэх жилийн хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болжээ. 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Бэрэн майнинг” ХК нь “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гаргаж бүртгүүлээгүй байна. “Бэрэн майнинг” ХК нь ашигт малтмалын хайгуулын 11472Х тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болдог өдрөө буюу 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулах тухай хүсэлтээ Уул уурхайн хэлтэст гаргасан байдаг боловч өргөдөлд хавсарган ирүүлэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт байхгүй байсан байна. Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар тушаалаар “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам” батлагдан гарсан ба уг журмын 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах хүсэлтэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын шийдвэрийг хавсаргахаар журамласан байна. Харин 9774Х тоот тусгай зөвшөөрлийн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулах тухай хүсэлтээ Уул уурхайн хэлтэст 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байдаг ба өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын “Нөөц хүлээн авч бүртгэх тухай” 2008 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр тушаал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 06-01 дүгээр дүгнэлтийг хавсарган ирүүлсэн ба 2008 оны тушаалыг ирүүлж байгаа тохиолдолд “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” байгуулах тухай хүсэлтээ 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гаргаж бүртгүүлэн шийдвэрлүүлэх хангалттай хугацаа байсан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд “Бэрэн майнинг” ХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын 9774Х, 11472Х тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 789 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн XV-9774, XV-11472 тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгож, “тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.Ашигт малтмалын тухай хууль болон одоо дагаж мөрдөж буй хүчин төгөлдөр хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлт гаргасан бол түүний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүй, хүчин төгөлдөр байлгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

2. “Бэрэн майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн материалд тус компани нь ашигт малтмалын хайгуулын 9774Х, 11472Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болгохоос өмнө Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагын Уул уурхайн хэлтэст гаргаж өгөөгүй болохыг нотолсон хангалттай баримтууд байхад шүүх уг баримтыг үнэн зөв, бодиттой үнэлж дүгнээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор хуульчилсан хуулийн зохицуулалтыг анхаарч үзэхгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан нь уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх нэг үндэслэл болсон.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно”, мөн 53.1.1 дэх заалтад "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэж заасан. Кадастрын хэлтсийн дуусгавар болгох, цуцлах асуудал хариуцсан мэргэжилтэн Ашигт малтмалын тухай хууль, ажил үүргийнхээ хуваарийн дагуу ашигт малтмалын хайгуулын 9774Х, 11472Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 9 дэх жилийн хугацаа нь хуулийн дагуу дуусгавар болмогц, дуусгавар болгох хяналтын хуудас нээн хянуулж кадастрын системд дээрх тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгож бүртгэсэн. Төрийн захиргааны байгууллагын хуулийн дагуу хийсэн үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд “Бэрэн майнинг” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Бэрэн майнинг” ХК нь Ашигт малтмалын газарт холбогдуулан 9774Х, 11472Х тоот хайгуулын зөвшөөрлийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 3 жилийн хугацаагаар сунгахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргасаар байхад сунгах боломж олголгүйгээр дуусгавар болгосон” гэж, хариуцагчаас “нөөцөө тогтоолгоогүй, баримт дутуу хүсэлтийг үндэслэн шууд ашиглалтын өмнөх гэрээ байгуулахгүй” гэж маргаж байна.

Анх 2005 онд “Бэрэн групп” ХХК-д Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр сумын Тамирын гол-1 гэх газарт 9774 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг, Төвшрүүлэх, Өгийнуур сумын Тамирын гол-2 гэх газарт 11472 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус олгож, улмаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 757 тоот шийдвэрээр “Бэрэн майнинг” ХК-д шилжүүлсэн байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг 2 удаа сунгасан, 9 дэх жилийн хугацаа нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байжээ.

Нэхэмжлэгчийн тухайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтийг захиргааны байгууллагад гаргасан боловч энэхүү хүсэлтэд холбогдох баримтыг хавсаргаагүй, тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт заасан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэлийг хавсаргаагүй буруутай байна.

Нэхэмжлэгчээс захиргааны байгууллагад ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож, түүний нөөцийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзэхээр зохицуулжээ.

Эндээс үзэхэд ашигт малтмалын ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагыг хууль тогтоогчоос шаардсан, энэ шаардлагыг хангасан үеэс хойш ашиглалтын өмнөх үйл ажиллагааны хугацаа тоолох, гэрээ байгуулах ажил эхлэх атал нэхэмжлэгчээс ордын нөөцийг бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.

Нэхэмжлэгчээс “нөөц тогтоолгохоор материалаа өгсөн, шийдэгдэх шатанд явж байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Тухайлбал:

“2008 болон 2012 оны нөөц тогтоосон дүгнэлт байгаа” гэх боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 06-01 дүгнэлт нь 9772А дугаартай тусгай зөвшөөрөлд холбоотой буюу маргаан бүхий тусгай зөвшөөрөлд хамааралгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “2012 оны дүгнэлтийг хэргийн материалд өгөөгүй” гэж тайлбарлаж байжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяраас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “1977-1978 онд Шинжлэх ухаан техникийн зөвлөл гэж байхад нөөц тогтоосон дүгнэлт гарчихсан, сүүлд дүгнэлт гаргаагүй, бүх материалыг бэлдсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбоотойгоор Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлд өгөөгүй байгаа” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө нөөцөө тогтоолгоогүй болох нь тогтоогдож байна.

“Холбогдох мэргэжилтэн нартай уулзахад 1979 оны протокол байгаа болохоор танайх заавал нөөцөө тогтоолгох шаардлагагүй гэж захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарын тухайд:

1979 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн БНМАУ-ын Геологи, уул уурхайн аж үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан-Техникийн зөвлөлийн хурлын протоколоор Тамирын голын Төмрийн ордод нөөц тогтоосон байх боловч энэ нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай хэрхэн давхцаж байгаа, талбайн хил хязгаар нь тодорхойгүй байна.

Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарласнаар энэхүү нөөц тогтоосон протокол нэхэмжлэгчийн маргаан бүхий 2 хайгуулын тусгай зөвшөөрөлд хамааралтай гэж үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар нэгэнт нөөц тогтоогдсон бол уг маргаан бүхий талбайд хайгуулын ажил хийх хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүсч, энэхүү маргааны үйл баримтаас хальсан, тусдаа асуудал болно.

Түүнчлэн гэрч С.Тунгаагаас “...нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд багтаж нөөцөө батлуулахаар тайлан өгөх ёстой, бүртгэлээс харахад тайлан өгөөгүй байсан, нөөц бодуулах шаардлагагүй гэдэг үгийг хэлэх эрх надад байхгүй” гэж, гэрч Д.Маасүрэнгээс “...1979 оны протоколоор ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжтой гэж үзээд тойруулсан, дарга танилцаад тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол гэрээ байгуулах боломжгүй гэсэн” гэж тус тус шүүхэд мэдүүлсэн ба энэ нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны явцыг нотолсон баримт болохоос нэхэмжлэгчид үр дагавар учруулах эцсийн шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн тайлбар, шийдвэрийн үндэслэл биш тул захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “Уул уурхайн хэлтэс болон Кадастрын хэлтэс нь хоорондоо уялдаа холбоогүй, нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө захиргаанд удаа дараа хандсан байхад тусгай зөвшөөрлийг сунгуулах боломж олгоогүй” гэх зэрэг дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар геологийн асуудал хариуцсан нэгж, уул уурхай хариуцсан нэгж, кадастрын асуудал хариуцсан нэгж нь тус тусдаа чиг үүрэгтэй, ашиглалтын өмнөх гэрээ байгуулахын тулд эхлээд заавал нөөцөө тогтоолгосон байхыг хуулиар шаардсан, нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан “Ирсэн бичгийн бүртгэлийн карт”-аас үзэхэд нэхэмжлэгч тал ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах 1 хуудас хүсэлт, хавсаргасан баримтгүй, шаардлага хангаагүй хүсэлт гаргасан байхад “сунгуулах боломжоор хангаагүй” гэж захиргааны байгууллагыг буруутгаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

Нэгтгэвэл дээрх байдлаар нэхэмжлэгчийн тухайд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг хуульд заасан шаардлага хангаж, захиргааны байгууллагад гаргаагүй, өөрөөр хэлбэл нөөц тогтоолгоогүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хийсэн ажлын тайланг гаргаж өгөөгүй тул тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүй байх үндэслэлд хамаарахгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор заасан, хуульд заасан тусгай зөвшөөрлийг сунгуулах эрхээ нэхэмжлэгч тал эдэлж, 9 дэх жилийн хугацаа дууссан буюу хуульд заасан хугацаа өөрөө аяндаа дуусгавар болсон байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг хүчингүй болгуулах гэдэг ойлголт байх боломжгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон, нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй буруутай байна.

Нэхэмжлэгчээс “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь удаагаа сунгуулах эрхтэй” гэж маргаж байгаа тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт орж, хайгуулын тусгай зөвшөөрл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 удаа сунгуулах эрхтэй байхаар өөрчилж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд энэхүү өөрчлөлтийг хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөхөөр, хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар тусгайлан заажээ.

Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа  2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон ба дээрх хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэхгүй байхаар хууль тогтоогчоос хуульчилсан тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, цаг хугацааны хувьд хуулийн өөрчлөлтөд хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 789 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 23 дугаар зүйлийн 23.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Бэрэн майнинг” ХК-ийн Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасан 9774Х, 11472Х тоот хайгуулын зөвшөөрлийг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 3 жилийн хугацаагаар сунгахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ