Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 116/2015/0018/З |
Дугаар | 001/ХТ2016/0121 |
Огноо | 2016-04-11 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2016/0121
А.Баасанжавын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантуяа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор А.Баасанжавын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч А.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие эзэмшил газар дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй болоод 15 жил болсон. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бүртгэлтэй болоход газрын гэрчилгээнд нэр шилжсэн байх ёстой. Миний бие зохих хууль, журмын дагуу эрх бүхий хотын захиргааны хүмүүст хандан тухайн үед холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч, 220 мкв талбайг 60 жил эзэмшихээр 610 тоот гэрээг байгуулсан. Газрын төлбөрөө хуулийн дагуу 10 жил төлсөн, ямар нэг зөрчилгүй. Гэтэл Газрын албаны хүнд сурталаас болж миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Газрын албанаас “барилгаа буулга, газраа чөлөөл” гэж байгаа нь өнгөрсөн цаг хугацаанд хууль ёсны эрхтэй байсан хүмүүсийн шийдвэр, гэрээг үгүйсгэж байна. Энэ бол газрын албаныхны асуудал болохоос биш иргэн миний буруутай үйл ажиллагаа биш юм. Иймд 220 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгож өгөхийг Газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар захирамжаар иргэн Адъяа овогтой Өлзийсайханд 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-гийн 27 дугаар байрны хойд талд 96 мкв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх боловч газар эзэмших эрхийн 07/14/208 тоот гэрчилгээг захирамж гарахаас өмнө буюу 2000 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олгосон байна. Материалыг судалж үзэхэд тухайн үед ажил хариуцаж байсан албан тушаалтнууд эрх бүхий Засаг даргын захирамж шийдвэргүйгээр дур мэдэн эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ нэмэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх бичилтийг гараар хийсэн байна. А.Баасанжавт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж шийдвэр байхгүй учир тус газрын хууль ёсны эзэмшигч нь А.Өлзийсайхан болно.
Гэтэл иргэн А.Өлзийсайхан Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчин газар эзэмших эрхийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж, өнөөдрийг хүртэл холбогдох газарт бүртгүүлээгүй, газрын нэгж талбарын хувийн хэрэг үүсгээгүй байна. Иймд иргэн А.Баасанжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Баасанжавын “220 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгож өгөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нэргүй хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн А.Баасанжаваас газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр солиулах хүсэлтийг манай байгууллагад 2015 оны 5 дугаар сарын 10-нд гаргасан бөгөөд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийж нотариатаар баталгаажуулжээ. Гэтэл энэхүү гэрээнд заасан газрын хэмжээ Засаг даргын 2000 оны 152 дугаар захирамжаар олгосон газрын хэмжээнээс 124 мкв-аар зөрүүтэй байсан. Нотариатын байгууллага зөрчилтэй газрын гэрчилгээг үндэслэн гэрээ хийх ёсгүй. Иргэний гаргасан хүсэлтийг судлан үзэж, Үндэсний Аудитын газрын харьяа Дорнод аймгийн Аудитын газраас Газрын тухай хууль тогтоомж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын хүрээнд эрх бүхий Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газраас илүү гарсан газрыг Газрын тухай хуулийн дагуу сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, газрын дуудлага худалдаа зохион байгуулсны үндсэн дээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж байхыг зөвлөсний дагуу “Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн 96 мкв газраас илүү эзэмшиж байгаа 124 мкв газрыг чөлөөлж зөрчлийг арилгасны дараа газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой" гэсэн чиглэлийг иргэнд өгсөн болно.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 11.1.3-д тусгагдсан “6 дугаар баг, Ивээл хорооллын дундах хатуу хучилттай авто зам тавих, явган зам, гэрэлтүүлгийн хамт ажлын трасст давхцаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү газрын маргаантай асуудлаас болж, уг ажил дутуу хийгдсэн. Иймд зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа газрыг чөлөөлөх шаардлагыг иргэнд тавьсан.
Иргэн А.Баасанжав нь тухайн газрыг 13 жил эзэмшиж байгаа гэх боловч эрх бүхий Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх А.Өлзийсайханд олгогдсон, А.Өлзийсайханаас А.Баасанжавт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж шийдвэр байхгүй тул уг газрын эзэмшигчээр А.Баасанжавыг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх асуудлын хүрээнд хууль ёсны газар эзэмшигч гэгдэх иргэн А.Өлзийсайхан нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулж байгаа тул иргэний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэн А.Өлзийсайханаас газар эзэмших эрх шилжүүлэн авсан гэх А.Баасанжавын нэхэмжлэлийн 2-т “Чойбалсан хотын газар зохион байгуулагч Ц.Буд, Хэрлэн сумын газрын даамал Б.Болормаа нар нь иргэний эзэмших эрхийн гэрчилгээнд бичилт хийсэн нь 1994 оны Газрын тухай хуулийн дагуу хийгдсэн” гэх боловч тухайн үед мөрдөгдөж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчиж байна. 1994 оны Газрын тухай хуульд газар эзэмших эрх шилжүүлэх тухай заалт байхгүй байх тул газар эзэмших эрх шилжүүлэх хуулийн үндэслэл байхгүй байна. Мөн 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "6 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа СМУ-ийн 27 дугаар байрны зүүн хойд талын цонхноос агуулах, үйлчилгээний барилгын цэвэр, бохирын шугамын газрыг оролцуулан 124 мкв газрыг агуулах, үйлчилгээний 96 мкв талбай газар дээр эзэмшилд нь нэмж олгов, нийт 220 мкв" гэж газар эзэмших эрхийн гэрчилгээний ард гараар бичсэн нь тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “2001, 2004 онд газрын хэмжээг нэмэгдүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ажиллагаа тухайн орон нутагт ямар журмаар явагдаж байсан эсэх талаар тодруулах зайлшгүй шаардлагатай” гэжээ. Энэ талаар Газрын тухай хуульд маш тодорхой заасан байхад шүүх тодруулах шаардлагагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Баасанжав нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан 220 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анх Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар захирамжаар 6 дугаар баг, СМУ-гийн 27 дугаар байрны хойд талд 96 мкв газрыг А.Өлзийсайханд худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “уг маргаан бүхий газрыг хуулийн дагуу шилжүүлэн авсан” гэж маргаж байна.
Маргаан бүхий газрыг эзэмших үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай /1994 оны/ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын 4 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь гэрээний хугацаанд өөрт нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эзэмшлийн газраа бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг бусдад ашиглуулах эрхтэй байжээ.
2003 оны 1 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших гэрээний ар талд “А.Өлзийсайханаас А.Баасанжавт өөрсдийн хүсэлтийн дагуу газрын гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлэв, 2004 оны 5 дугаар сарын 11” гэсэн тэмдэглэгээ хийсэн байх бөгөөд энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай /2002 оны/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх бол Засаг даргын захирамж гарах ёстой.
Гэтэл энэ тохиолдолд Засаг даргын захирамж гараагүй, харин А.Өлзийсайханд олгосон газрын гэрчилгээний ар талд “А.Баасанжавт газар шилжүүлсэн, 124 мкв газар нэмж олгосон” тухай бичиглэл үйлджээ.
Эндээс хэргийн оролцогчид “нэхэмжлэгч 124 мкв газар нэмж эзэмших эрхтэй” эсэх талаар маргаж байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийгээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
Тухайлбал хариуцагчаас “маргаан бүхий газарт замын траст орсон, цэвэр, бохир усны шугам байгаа” зэргээр маргасан, маргаан бүхий газарт байгаа нэхэмжлэгчийн байшингийн талбайн хэмжээ хэд болох, энэ байшин нь 96 мкв газарт байршиж байгаа эсэх, хэрэв 96 мкв газар дотор байгаа бол уг газрын хаана нь байшин байрлаж байгаа, анх шилжүүлэн авсан болон нэмж эзэмшүүлсэн гэх 124 мкв газрын алинд нь инженерийн шугам сүлжээ, нийтээр ашиглах замын зурвас газар байгаа зэргийг шалгаж тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын гаргасан ямар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, шалтгаант холбоотой эсэх, хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхийг нягтлан шалгаагүй буруутай байна.
Тухайлбал Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх эрхтэй байна. Ийм байхад нэхэмжлэгчээс уг шийдвэр гаргах эрхгүй этгээд болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүхээс хэрэгжүүлэх шаардлагатай.
2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн газар эзэмших гэрээнд А.Өлзийсайханы газрын хэмжээг “220 мкв” гэж заасан нь ямар учиртай болох, холбогдох иргэдээс гэрчийн мэдүүлэх авах, нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг төлөхдөө хэдэн мкв газарт холбогдуулан төлж байсан зэргийг хэрэгт нотлох баримтаар цуглуулах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ