Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00963/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум **-р баг, **-р хороолол **-р байр ** тоотод оршин суух М.А***/РД: ***, утас: **/-гийн хүсэлттэй,

"М.А***ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.А*** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний дүү М.А*** нь 1981 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. 2004 оноос гэмтэл авч уналт, таталт өгдөг болсон. Энэ гэмтэл нь даамжирч сэтгэц мэдрэлийн өвчтэй болж энэ өвчний учир 2004 оноос эмчийн хяналтанд байх болсон. Байнгын эмчийн хяналтанд байж жилдээ 2-3 удаагийн давтамжтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох комиссын шийдвэрээр өвчний жагсаалтын 1.2.5-д заасан Тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүчний ба зан үйлийн бусад органик ба шинж тэмдгийн эмгэг гэсэн оноштой 70-80%-ийн хөдөлмөрйин чадвар алдалттай гэж тогтоогдсон хүн юм. Бие даан ганцаараа амьдарч байж чадахгүй өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй ах, эгч нар нь ээлжлэн асарч сувилж байдаг учраас М.А***ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулж, асран хамгаалагчаар төрсөн ах М.А*** миний бие өөрийгөө тогтоолгохыг хүсэж байна. Иймд дүү М.А***ыг эрх зүйн чадамжгүйд тооцож М.А*** намайг асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнө нь аваарт ороод тархиндаа гэмтэл авчихсан юм. Тэгээд татаж унадаг болсон цагаас нь хойш эхнэр нь салаад явсан юм. Эхнэр нь салаад 12 жил болж байна. Салсан цагаасаа хойш сэтгэл санаагаар унасан. Тэгээд өвчин нь бүүр дордсон. Маш их ууртай болсон, юм болвол л уурлаад татаад уначихдаг юм. Маш түргэн ууртай болсон. Байнга унаад тэгээд түргэн дуудаж байгаад тариа хийлгэдэг юм гэв.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагч М.А*** нь өөрийн төрсөн дүү М.А***ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргасан юм. Дүү М.А*** нь 2004 оноос эхлэн тархиндаа гэмтэл авсаны улмаас сэтгэцийн өвчтэй болж, энэ өвчний улмаас өнөөдрийг хүртэл байж байгаа. Энэ өвчний улмаас жилд 3-4 удаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг байгаа. Энэ өвчний онош нь гэх юм бол тархины өвчин, гэмтэл, зан үйлийн хямралын шалтгаан, бие хүний органик ба шинж тэмдгийн эмгэг, мартамхай, татаж унадаг гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 70-80 хувь алдсан юм. Энэ хүн өнөөдөр болж байгаа үйл явдал, нийгэмд өөрийнхөө үр дагварыг мэдэж харилцаанд оролцож чаддагүй учраас түүний төрсөн ах М.А***гаас эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 142, 143 дугаар зүйлд заасны дагуу М.А***ыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож төрсөн ах М.А***г асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.А*** нь М.А***ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч этгээд шүүхэд гаргана гэж заасны дагуу түүний төрсөн ах М.А*** дээрх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй бөгөөд иргэн М.А*** нь сэтгэцийн эмгэг өвчинтэйг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Комиссын 2015 оны 5 дугаар сарын 01-ний шийдвэрээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно гэж заажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4006 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн харьяа Сэтгэцийн тасгийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 43/16 дугаар дүгнэлтээр М.А*** нь сэтгэцийн хувьд ОУӨ-ний **-р ангилалын **-р бүлгийн F07.8 код бүхий бие хүний органик эмгэг өвчний учир өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадваргүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт болон 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргийг үндэслэн М.А***ыг эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар түүний төрсөн ах болох М.А***г тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар М:А*** эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар түүний төрсөн ах М.А*** тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар хүсэлт гаргагч М.А*** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгчдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ