Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2017/0004/З |
Дугаар | 14 |
Огноо | 2017-04-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга *******д холбогдох аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2016 онд ээлжийн амралтаа биеэр эдлэж чадаагүй тул хуулийн дагуу 1,5 дахин бодож нөхөж олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Намайг хот явахын өмнө нэг дуудаж уулзсан тэгэхэд өөрийг чинь ажлаас чөлөөлөх гэж байна гэсэн ямар шалтгаанаар чөлөөлөх гэж байгаа юм бэ гэхэд хоёр шалтгаан хэлсэн. Нэгдүгээрт дээрээс ингэж шахаад байна, хоёрдугаарт би багаа бүрдүүлж ажилмаар байна ийм хоёр шалтгааны улмаас таныг ажлаас чөлөөлөх гэж байна доод тушаалын албан тушаалд тавина гэсэн. Тэгэхээр нь би хэлсэн надад гаргасан зөрчил байхгүй тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хот яваад ирэхэд баахан шалтгаан гаргаад ирсэн байсан. Нөгөө хоёр шалтгаан ч байхгүй болсон байсан. Ажлын хариуцлага алдсан гэж ажлаас халсан байсан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргахдаа хувь хүнтэй холбоотой бол заавал өөрт нь сонсгох ёстой гэсэн байгаа. Ийм зөрчил гаргасан гэж надад сонсгоогүй. Энэ мялзан өвчин манай аймагт оношлогдоод намаржин ажил болсон. 8 дугаар сарын 27-ний өдөр Ховд аймагт оношлогдсон байдаг. Мялзан өвчин нь Монголд анх удаа гарч байгаа болохоор оношилж чадалгүй байсаар 8 дугаар сарын 27-ний өдөр Ховд аймагт анх мялзан өвчин гэж оношлосон. Мялзан өвчин гэж оношлосон дор нь бид нар шуурхай арга хэмжээ авсан. 8 дугаар сарын 27-ний өдөр аймгийн онцгой комиссыг хуралдуулаад эндээс комисс томилоод бүх сумд мэдээлэл хийе гэсэн. Онцгой комиссын гишүүд, албан байгууллагын дарга нар оролцсон комисс томилоод бүх сумаар явуулсан. Хилийн 4 сумаар явуулсан. Бид нар өвчин гарсны дараа 9 дүгээр сарын 13-ны өдөр хамгийн анх Засаг даргын захирамж гаргасан байдаг. 10 дугаар сарын 13-ны хооронд 1 сарын хугацаанд гурван удаа Засаг даргын захирамж гаргаж малчдад мэдээлэл хүргэх, өвчний хор холбогдол таниулах, тэрнээс урьдчилан сэргийлэх энэ ажлыг зохион байгуулахтай холбоотой асар их ажил зохион байгуулсан. Үүнийг ******* сайн мэдэхгүй, радио, телевизээр яриагүй мэдээлэлжүүлэлт муу байсан гэж байна. Бид өөрсдөө хийхээс гадна онцгой байдлын комиссын гишүүд хүртэл явж хийж байсан. Тарилгын явцад янз бүрийн зөрчил дутагдал гарсан зүйлүүд байгаа. Энийг хянан шалгах хүмүүс нь байсан. Манайд хариуцлага тооцох эрх байхгүй мэргэжлийн хяналтын газар байгаа. Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж байх ёстой байсан. Бид нар 14 сумд бакцинжуулалт хийсэн бүгдэнд нь мал эмнэлгийн улсын байцаагч ажлуулсан. 4 байцаагч байхгүй сум байсан. Энэ 4 сумд төвөөс мэргэжлийн хяналтын албанаас байцаагч авч ирээд хяналт тавиулсан. Хяналтын байцаагч нартай цуг 14 сумд Онцгой байдлын газрын байцаагч нар хяналт тавьж ажилласан мөн хүн хүрэлцэхгүй байсан учир оюутнуудыг хөлсөлж ажилласан байгаа. Эд нар газар дээр нь энэ айлын мал таригдаж байна уу тухайн үед нь ямар зөрчил гарч байна уу гэж хяналт тавиад хариуцлага тооцох эрх бүхий хүмүүс байсан. Тухайн үедээ саяны ярьсан зөрчлүүдийг илэрүүлээд арга хэмжээ авсан байгаа. 14-21 хоногийн дотор сүү, махыг нь хэрэглэж болно гэсэн бичиг сумдад явуулсан гэж байна. Энэ бичиг нь 10 дугаар сарын 7,8-ны үеэр явсан байгаа. Энэ мялзан өвчний вакцин нь Хятадаас орж ирсэн тэр үеэр ямар заавартай ирэх нь огт мэдэгдэхгүй байсан. Бид нар өөрсдөө очиж авсан. Бакцины хэрэглэх зааварт нь 14, 21 хоноод хэрэглэж болно гэсэн ямар нэгэн заавар байхгүй байсан. Хавтаст хэргийн материалд заавар нь байгаа. 21 хоногийг дараа хэрэглэж болно гэдгийг яагаад захирамж дээр тусгасан бэ гэхээр амьд вакциныг хэрэглэсний дараа голцуу бид нар 14-21 хоногоос дээш хугацаанд хэрэглэж болохгүй гэж хориглодог. Зааварт нь энэ вакциныг хэрэглээд 21 хоногийн дараа мах, сүүг нь хэрэглэж болно гэж ганцхан боомын вакцин дээр байдаг. Энэ амьд вакцин учраас 14-21 хоног мах, сүүг нь хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн шийдвэрээ гаргачихаад вакцинжуулалт явуулах захирамжаа гаргахдаа 21 хоног хэрэглэж болохгүй гэдгээ тусгасан байгаа. Өмнө яагаад тийм бичиг явуулсан бэ гэхээр ийм вакцин тарих гэж байна. Тийм учраас албан газар, гал тогоо бүхий иргэд махныхаа нөөцийг бүрдүүлж ав 14-21 хоногийн дотор хэрэглэж болохгүй гэсэн журмаар 14-21 хоног гэсэн бичиг хийсэн. Сүүлдээ яг 21 хоногоор мөрдөгдөж явсан байгаа. Янз бүрийн зөрчил дутагдал гарсан хяналт тавиагүй гэж байна. Хяналтыг сумд ажиллаж байсан хүмүүс тавих ёстой бид нар хэнийх хэдэн малтай байсан хэд нь таригдаад, хэд нь таригдахгүй хоцорсон талаар мэдэх боломж байхгүй байсан. Тийм учраас сумд онцгой байдлын нэг хүн, мал эмнэлгийн нэг хүн хяналт тавьж байсан. Халиун сумд зарим нэг мал таригдаагүй гэсэн байна. Бүх сумд ажилласан онцгой байдлын хүмүүсийн нэрс байга. ******* мэргэжлийн хүн биш, хөдөө аж ахуйн байгууллага Говь-Алтай аймгийн тухайд хамгийн гол зүйл мал аж ахуй мэргэжлийн бус хүн орж ирж байгаад харамсаж байна гэж хэлж байсан. Бид нар маш шуурхай арга хэмжээ авснаараа Говь-Алтай аймаг мялзан өвчин гараагүй. Эд нар мялзан өвчин гарсан гэж яриад байна манайд гараагүй. Өвчний голомт орж ирсэн байсан шуурхай ажилласан учир нэг ч мал үхээгүй хоцорсон. Ховд аймагт 30.000, 40.000 мал үхсэн. Сүүлд нь бөхөн, гөрөөс үхсэн. Анхандаа мал эмнэлгийн үржлийн албаны дарга Баянмөнх ухан оруулж ирнэ гээд явсан би тэгэхээр нь Дарви, Тонхилоос ухан авах гэж байгаа юм байна гэж бодоод явуулсан чинь явсных нь дараа Ховдоос ухан ишиг авах гээд явсан гэсэн сураг сонсогдсон. Тэгээд тэр дор нь хөөцөлдөөд мал эмнэлгийн мэргэжилтнүүд зоо техникч нартай ярилцаад Баянмөнх рүү залгаад холбогдож чадаагүй. Тэгээд мэргэжлийн хяналтын газрын Зоригт байцаагч руу хэлээд Ховдын Булганаас гэж сонссон байсан, тэр үед мялзан өвчин оношлогдоогүй байсан. Ховдын Булганд өмнө нь шүлхий өвчин гарсан байсан учир энийг тодруул гэж Зоригтод хэлсэн. Тэгээд хөөцөлдсөн чинь Булганаас биш Алтай сумаас авчирсан байсан. Тэр үед Алтай сумд мялзан өвчин гараагүй байсан. Одоо ч гэсэн Ховд аймгийн Алтай сумд мялзан өвчин оношлогдоогүй үлдсэн сумуудын нэг. Ховд аймгаас авчирсан ухна ишигтэй айлуудыг тандан шинжилгээнд хамруулаагүй. Нутгийн мал ямар байна гэдгийг үзэх зорилгоор тандан шинжилгээ хийсэн. Дээж авсан айлуудаас мялзан өвчин оношлогдсон тэр айлууд нь Ховд аймгаас мал аваагүй бүгд нутгийн малтай айлууд байснаас мялзан өвчин оношлогдсон байгаа. Ховдод оношлогдоогүй удсан учир наашаа зэргэлдээ айлуудаараа дамжаад ороод ирсэн байх. Манайд анхандаа мялзан өвчний вакцин хийхгүй гэж байсан. Бид нар Ховд аймгийн Алтай сумаас 364 ухна ишиг орж ирсэн байна эрсдэлтэй болсон хил залгаа 4 сумд хийлгэе гээд явж байхад Халиун сумын Гүү бариач багийн айлын 40, 50 ишигнээс дээж аваад явуулахад 2 ишиг нь голомттой үүсгэгчтэй байна гэж гарсан. Тэгээд манайхыг болохгүй юм байна хил залгаа 8 сумд вакцин хийлгэхээр болсон. Дарви сумд байсан Алтай сумын ишигнээс өвчин илэрсэн тул 14 сумд хийхээр болсон. Шуурхай дээж авч шинжилгээнд хамруулсан тул олон сумыг хамруулж өвчнөөс сэргийлж чадсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр ярилцаад та хувийн мал эмнэлэг байгуулах уу, албан тушаал бууруулах уу гэдгээ би хуулийн дагуу өөрт нь мэдэгдсэн. Гэвч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөө 14-21 хоног гээд сумын Засаг даргын Тамгын газарт бичиг явуулсан байгаа. Захирамжаар 21 хоног болон түүнээс дээш хоногийн дараа хэрэглэнэ гэдгийг долоо хоногоор нааш нь татаад 14-21 хоног гэсэн байгаа. Хүний биед тариур алдсан гэдэг асуудал бол аймгийн Онцгой комиссын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Дэд сайд Ж.Сауле вакцин тарьж байх явцад хүний хөлрүү зүү хатгасан үүн дээр тайлбар хий гэсэн мэргэжилтэн Эрхэмбаяр вакцин шахаагүй тохиолдолд хүнд аюул үзүүлэхгүй. Тийм учраас хатгасан зүүний орыг сайн шахаж цусыг нь гаргах шаардлагатай гэсэн. Онцгой байдлын дэд сайд Ж.Сауле энэ бол хариуцлага алдсан асуудал хотоос гарахад хангалттай зааварчилгаа өгсөн. Онцгой байдлын газарт Хөхморьт сумын малын эмч Моломжамц 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хүйсийн говь багт вакцин хийж байгаад туслах ажилтан Л.Батбаатар 19 настай, Лувсанжамба 17 настай эрэгтэй нарын баруун өвдөг рүү хатгасан. Л.Батбаатарын хөл улайж хавдсан шинж тэмдгээр аймгийн төв рүү явсан. Лувсанжамбын хөлд одоогоор гарсан шинж тэмдэггүй гэртээ харьсан. Төгрөг сумд ажиллаж байсан Улаанбаатар хотоос ирсэн малын эмч Бямба 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Цагаанхайрхан багт ажиллаж вакцин хийж байхдаа туслах ажилтан Баярмагнайгийн зүүн бугуйд тариур алдсан үе үе чинэрээд байгаа. Зоригтбаатарын зүүн гарын долоовор хуруу руу хатгасан мөн өөрийнхөө зүүн талын хуруулуу гурван удаа хатгасан хавдаж хөхөрсөн зэрэг мэдээллүүд ирсэн гээд тодорхой заагаад өгсөн байгаа. Тушаал дээр буруу мэдээлэл өгсөн гэсэн зүйл оруулаагүй. Тушаал дээр энэ хүний ажлын байрны тодорхойлолтон дээр ч байгаа. Хуулиар олгогдсон чиг үүрэг байгаа. Тухайн орон нутагт ажил явуулж байгаа мал эмнэлэг, малын эмч хүмүүсийг удирдлага арга зүйгээр бүрэн хангах ёстой. Энэ бол зүгээр нэг бруцеллёз өвчин биш зүгээр нэг вакцин хийж байгаа асуудал биш. Олон улсын хорио цээрт А зэрэглэлийн ийм өвчин учраас энэ үед удирдлага арга зүйгээр муу хангасан гэдэг шалтгаанаа тушаал дээрээ тодорхой бичсэн байгаа. Түүнээс ******* гуайг гурван хоногийн дараа сүүг нь хэрэглэ гэж эмч нарт тараасан гэдэг биш 21 хоногоос дээш хугацаанд мах, сүүг нь хэрэглэж болохгүй гэдэг мэдээллийг тэр эмч нарын толгойд ойлгуулах ёстой байсан. Тэр мэдээллийг өгөөгүйн улмаас зарим тохиолдолд мах сүүг гурван хоногийн дараа хэрэглэж болно гэсэн 7 хоногийн дараа хэрэглэж болно гэсэн, өөрөө ч гэсэн 14 хоногийн дараа хэрэглэж болно гэсэн бичгийг сумдад тараасан ноцтой зөрчлүүд гаргасан учраас энэ тушаалыг ингэж гаргасан юм. Нэгдүгээрт нилээн олон хуулийн заалт, журам зөрчсөн байгаа. Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 3.2 дахь хэсэгт мал амьтныг төрөл бүрийн халдвар празитах өвчнөөс тандах, илрүүлэх, оношлох шинжилгээ хийх төлөвлөгөө болон шаардлагын дагуу зохион байгуулах. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан гэрээн дээр бас энэ заалт орсон учраас энэ ажлуудыг хангалтгүй зохион байгуулсан гэж үзэж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын 2000 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар мал амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөн зохицуулах, хяналт тавих журмыг зохицуулах энэ журмын 1.2.8 дахь хэсэгт үржлийн мал амьтан худалдан авах, худалдах тохиолдолд мал амьтны эмнэлгийн лаборторын шинжилгээг заавал хийлгэж эрүүл болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн орон нутагт гэрээгээр ажиллаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагаас олгосон гэрчилгээтэйгээр шилжилт хөдөлгөөн хийлгэж байх гэсэн үүнийг зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоол малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах хорио цээр хязгаарлалтын бүс тогтоох уг бүсэд үйл ажиллагаа явуулах журам. Энэ журмын 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, ахуйн хэрэглээнд мал нядлахыг хориглоно гэсэн заалтууд, дээрээс нь Малын удмын сан эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3 дахь хэсэгт малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, 6.4.6 дахь хэсэгт өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх гэсэн заалтуудыг давхар хэрэгжүүлээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймагт 364 ширхэг хуц, ухна орж ирсэн. Энийг ******* гуай мэдэж байсан. Энэ хууль журмаараа хяналтад аваад тусгаарлах ёстой. Мэдэхээр барахгүй тухайн мал эмнэлгийн жолоочоо машинтай нь өгч явуулсан энийг өөрөө мэдээгүй гэж тайлбар хийх байх. Энийг мэдэж байсан юм чинь орж ирэхэд нь хяналтад аваад тусгаарласан 1 сар болсон бол манай аймагт мялзан өвчин гарч тэрбум таван зуун орчим сая төгрөгний эдийн засгийн зардал гарахгүй байсан гэж би үзэж байгаа. Нөгөө талаар ******* гуай ажилд томилогдсон тушаал байгаа. Энэ тушаалыг хууль бус тушаал гэж үзэж байгаа. Энэ хүн сонгон шалгаруулалтаар орох ёстой. Мал эмнэлэгийн хэлтсийн дарга төрийн захиргааны албан тушаал учраас сонгон шалгаруулалтад ороод хамгийн өндөр оноо авсан буюу тэнцсэн хүн орох ёстой. Тийм зүйл байхгүй мөн энэ хүний төрийн захиргааны албан тушаал хаших эрх байхгүй 1998 онд Төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн тэр нь байгаа. Гэхдээ төрийн албанд 2 жил ажиллахгүй бол тэр нь хүчингүй болдог. Энэ хүн бол 2010 онд Хүнс, хөдөө аж ахуйн газар мэргэжилтнээр орж байсан. Тэрнээс өмнө Олон улсын болон Төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Тэгэхээр ийм шалтгаанаар энэ ажилд томилогдох хүн биш байсан. Дараа нь энэ Улсын мал эмнэлэг үржлийн газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Онцгой байдлын комисс удаа дараа албан үүрэг чиглэл, заавар зөвлөмж ирсэн. Мал эмнэлэг үржлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 414 дүгээр зөвлөмж дээр бог малын мялзан өвчний шинж тэмдэг, үр нөлөөний талаар мал эмнэлэг үржлийн тасаг болон мал эмнэлгийн нэгжийн эмч нараас малчид ард иргэдэд таниулж мэдлэгжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, малчид ард иргэд орон нутгийн радио мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухайн өвчний хор хөнөөл эрсдэл урьдчилан сэргийлэх талаар таниулах, мэдлэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ийм ажил хийгдээгүй учраас янз бүрийн асуудал үүссэн. Халиун сумд 1 дүгээр сард 8074 бог мал үлдсэн байсан нь эхнээсээ үхээд мялзан өвчний онош нь Улсын мал эмнэлгийн эрүүл мэндийн лабортороор батлагдаад дахиад бид нар үлдээсэн малдаа хийсэн. Дээрээс нь Хөхморьт сумын Хүйсийн говьд 650 мал үлдсэн байсан дахиж хийсэн. Энэ хүн өөрөө захирамжаараа хяналт тавих субъект байсан. Ажлын байрны тодорхойлолтын 1.1 дэх хэсэгт мал эмнэлэгийн чиглэлээр төрөөс гарч байгаа бодлого, шийдвэрийг сурталчилах биелэлтэд хяналт тавьж ажиллах, хувийн мал эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжлийн удирдлагаар хангаж чадвахыг байнга дээшлүүлэх, 2.1 дэх хэсэгт тухайн нутаг дэвсгэрт мал сүргийг мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулах талаар доривтой арга хэмжээ авах тухайн малчин мал бүхий иргэдэд сурталчилан таниулж үр дүнд хүргэх, 2.2 мал эмнэлгийг мэргэжлийн удирдлагаар хангах бэлэн байдлын төлөвлөгөөтэй байх, бэлэн байдлын сэрэмжлүүлэг, арга хэмжээ авах 4.2 хүн малын эрүүл мэндэд онцгой анхаарч хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах гэх мэт заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2016 оны 11-р сарын 22-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар Мал эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтэц, зохион байгуулалт, нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 01-р сарын 02-ны өдрөөс уг үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны даргаар томилогдон ажиллаж байна.
Энэ ажилд томилогдоход болон томилогдсоны дараа Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөл, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нараас Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн ажлыг сайжруулахаар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тус аймгийн мал эмнэлгийн албаны ажлыг сайжруулах, малын эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур, чадвар, хариуцлага, сахилга батыг өндөржүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч үүрэг, чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж ирлээ.
2016 оны намар 14 сумын бүх бог малд "бог малын мялзан" өвчний вакцин
хийгдсэн ч Халиун сумын малчин П.Алтансүхийн вакцин таригдаагүй 1 эм ямаанаас
авсан дээжнээс 2017 оны 2-р сарын 09-ний өдөр мялзан өвчний халдвар авсан гэсэн
шинжилгээний хариу гарсан. Бог малын мялзан өвчний масс вакцинжуулалтанд ямар нэг шалтгаанаар хамрагдаагүй үлдсэн Халиун сумын 16 өрхийн 6124 мал, Хөхморьт сумын 2 малчны 500 мал бүгд 6624 бог малыг Аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/31 захирамжаар 2017 оны 2-р сарын 05-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд вакцинд хамруулсан.
Өвчний масс вакцинжуулалт хийх үеэр хариуцлага алдсан Хөхморьт сумын 2 малчинд тус сумын Мал эмнэлгийн улсын байцаагч 2017 оны 2-р сард торгуулийн арга хэмжээ авч, вакцин хийх зардлыг хариуцуулсан.
Иргэн Сэрээжав овогтой Бөхбаатарын Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь: Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны ажлын эрх ашиг, иргэн Намжилжав овогтой ******* миний ажлын байрны шаардлага хангаж мэргэжлийн салбарт томилогдон ажиллаж байгаа эрхийг тус тус хөндөж байгаа тул дээрх тайлбарыг хийж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлэгт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын түр орлон гүйцэтгэгч ******* 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б/27 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн *******ыг ажлаас нь чөлөөлсөн байна.
1. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сумын Засаг дарга нарт 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мялзан өвчны вакцин хийгдэх тул айл өрх, гал тогоо бүхий газрууд мах бэлтгэлийн ажилдаа анхаарах, вакцин хийгдсэнээс хойш 14-21 хоногт вакцин хийгдсэн малын мах болон сүүг хэрэглэж болохгүй тул вакцин хийгдсэн сумдаас хонь, ямааны мах болон бусад түүхий эдийг гаргахыг хориглох талаар мал эмнэлгийн хэлтсийн дарга *******ын гарын үсэгтэй 2/223 тоот албан бичгийг хүргүүсэн.
2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга “Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг зохион байгуулах тухай” А/361 дугаар захирамж гаргаж, захирамжийн 3 дугаар заалтаар вакцинжуулалтад хамрагдсан малын мах, сүүг 21 хоног хүнсэнд хэрэглэхгүй болсонтой холбогдуулан постын хугацааг сунгаж, амьд мал, мах сүүнд хяналт тавьж ажиллах талаар холбогдох газруудад даалгасан байна.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “....14-21 хоногийн дотор сүү, махыг нь хэрэглэж болно гэсэн бичиг сумдад 10 дугаар сарын 7,8-ны үеэр явсан. Энэ мялзан өвчний вакцин нь Хятадаас орж ирсэн тэр үеэр ямар заавартай ирэх нь огт мэдэгдэхгүй байсан. Бид нар өөрсдөө очиж зогсож байгаад хэлээс очиж авсан. Вакцины хэрэглэх зааварт нь 14, 21 хоноод хэрэглэж болно гэсэн ямар нэгэн заавар байхгүй байсан. 21 хоногийг дараа хэрэглэж болно гэдгийг яагаад захирамжин дээр тусгасан бэ гэхээр амьд вакциныг хэрэглэсний дараа голцуу бид нар 14-21 хоногоос дээш хугацаанд хэрэглэж болохгүй гэж хориглодог. Энэ амьд вакцин учраас 14-21 хоног мах, сүүг нь хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн шийдвэрээ гаргачихаад вакцинжуулалт явуулах захирамжаа гаргахдаа 21 хоног хэрэглэж болохгүй гэдгээ тусгасан, тийм учраас албан газар, гал тогоо бүхий иргэд махныхаа нөөцийг бүрдүүлж ав 14-21 хоногийн дотор хэрэглэж болохгүй гэсэн журмаар 14-21 хоног гэсэн бичиг хийсэн. Сүүлдээ яг 21 хоногоор мөрдөгдөж явсан байгаа” гэсэн тайлбар зэргээс үзэхэд ******* нь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мал эмнэлгийн хэлтсийн дарга, ажиллах чиг үүргийнхээ /малын халдварт өвчин гарсан үед хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээг орон нутгийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, мэдээлэх/ тухайд мялзан өвчний вакцин хийгдэх гэж байгаатай холбогдуулж урьдчилан сэргийлэх үүднээс айл өрх болон малчидад мах, сүүгээ бэтгэх нөөцлөх талаар мэдээлэл хүргүүлэх зорилгоор сумдын Засаг дарга нарт 14-21 хоногийн дотор мах, сүү хэрэглэж болохгүй талаар урьдчилан мэдэгдсэн байна. Дараа нь буюу (16 хоног) 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21 хоногийн дотор мах сүү хэрэглэхгүй байх талаар аймгийн Засаг дарга захирамж гаргасан. Иймд хариуцагчийн мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хийгдснээс хойш 21 хоногийн дотор мах сүүг хэрэглэж болохгүй гэсэн зааварчилгааг зөрчиж 14-21 хоногийн дараа хэрэглэнэ гэсэн албан бичиг сумдад явуулж ноцтой зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.
2. Бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргаас 2016 оны 10 дугаар сарын 13-ны А/361 дүгээр захирамжаар бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах малын тоо, вакцины хуваарь, сумдад ажиллах мал эмнэлэг үржлийн нэгжүүдийг сум сумаар нь гаргаж хавсралтаар баталгаажуулан ажилласан байна.
Хавтаст хэргийн материалд ******* нь бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаарх нотлох баримтууд авагдсан байна.
Үүнд: 2016 оны 10 дугар сарын 02-ны өдөр 4/220 тоот албан бичгээр Мал эмнэлэг үржлийн газраас вакцинжуулалт хийхэд туслалцуулахаар мал эмнэлгийн сургуулийн 40 оюутанг 10 хоногийн хугацаатай ажиллуулах тухай хүсэлт хүргүүлсэн: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Говь-Алтай аймагт малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаарх мэдээлэл, аймагт ажиллаж буй пост, өвчлөлийн талаарх мэдээлэл:
2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр мялзан өвчний вакцинжуулалтанд ажиллах оюутан, туслах ажилтаны хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн:
2016 оны 10 дугаар сарын 12-нд хуралдсан Онцгой комиссийн хуралдаан танилцуулсан тайлан: /вакцинжуулалтанд ажиллах бүрэлдхүүнд өгөх заавар, сумдад ажиллах хүчний талаар мэдээлэл, дайчлагдан ажиллах эмч нар, “Хөгжил” Политехникийн коллежийн оюутнуудын Говь-Алтай аймгийн сумдад ажиллах хуваарь, сумдад бог малын мялзан өвчний эсрэг вакцин түүнийг хариуцан тарих мал эмнэлэг малын тоо, вакцин тарих үйлчилгээний хөлсний урьдчилгаа олгосон дүн/
2016 оны 10 дугаар сарын 17-20-ны хооронд ХХААЯ-ны дэд сайд Ж.Саулег ирэхэд хийсэн мэдээлэл /Бигэр, Цогт, Чандмань, Эрдэнэ 4 сумаас бусад бүх сумдад вакцинжуулалтын явцыг, фото зургийн хамт танилцуулсан/
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумдад ажилласан тайлан: /аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/361 тоот захирамжийн хүрээнд мялзан өвчний вакцинжуулалтын ажлын эхлэл болон явц зохион байгуулалтын ажилтай танилцаж зөвлөгөө өгөх, хавсралт фото зураг/
Дээрх байдлаас дүгнэж үзэхэд *******ыг ажлаас чөлөөлөх болсон мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж орон нутагт ажиллаж байгаа мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил арга зүйгээр дутуу хангасан байдал нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга ******* нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ажлын чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Төгрөг, Хөхморьт сумдад малын эмч нар хүний биед тариур алдсан, Тонхил сумын Бүс-Уул багийн зарим малчин өрхүүд саалийн ямаагаа тариулаагүй авч үлдсэн гэх асуудлаар *******ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна.
******* нь малд вакцин тариагүй харин вакцин тарих асуудлыг сумдын мэргэжлийн мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийн малын эмч нар хариуцан ажилласан бөгөөд үйлчилгээний хөлс буюу төлбөрийн төлсөн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан байна. Өөрөөр хэлбэл *******ын тухайд сумдын мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийг вакцинаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж ажилласан харин малд вакцин тарих ажлыг мэргэжлийн малын эмч нар хийж гүйцэтгэсэн байхад хүний биед тариур алдсан гэх үндэслэлээр *******ыг буруутгах боломжгүй. Мөн вакцинд хамрагдах малыг сум бүрээр тоо толгойгоор нь нарийвчлан гаргаж, вакцин хийх мал эмнэлэг үржлийн нэгжүүдийг хувиарласан, сумын мал эмнэлгийн улсын байцаагч, онцгой байдлын ажилтан нар хяналт тавьж ажилласан, аймгийн Засаг даргын А/361 дугаар захирамжаар “...багийн Засаг дарга нарт малчдын малыг вакцинжуулалтанд бэлэн хамруулах талаар үүрэгжүүлэн ажиллуулж хавсралтад заасан тоо бүхий малыг бүрэн хамруулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон” байхад малчид малаа тариулаагүй авч үлдсэн гэх асуудалд *******т хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл малыг бүрэн вакцинд хамруулах талаар хяналт тавих үүрэг хүлээсэн тодорхой субъяктүүд байсан. Малчид малаа тариулаагүй авч үлдсэн нь *******аас шалтгаалсан зүйл байхгүй байна. Мөн малыг вакцинд хамруулаагүй малын эмчид хариуцлага тооцсон нь хавтаст хэргийн материалд авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар ******* нь удаа дараа 2 буюу түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдохгүй байх тул Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс 2017 оны 04 дугаар сарын 18 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 101 хоногийн олговор 5084014 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтас хэргийн мартериалд авагдсан *******ын сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 8-10 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.
2016 оны ээлжийн амралтаа биер эдэлж чадаагүй тул хуулийн дагуу 1.5 дахин бодож нөхөж олгуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно” гэж заасан.
******* нь ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй байхдаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас халагдсан. Гэхдээ хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад ******* нь 2016 оны 12 дугаар сард амралтын мөнгөө бодуулж авсан хэргийн оролцогч нарын тайлбар, нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан 12 дугаар сард 1356835 төгрөгний бичилт хийгдсэн байгаа зэргээс тогтоогдож байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй 1.5 сарын цалингийн урамшуулалын зөрүүг иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул 1.5 дахин бодож нөхөж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу *******ын 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс 2017 оны 04 дугаар сарын 18 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 101 хоногийн олговор 5084014 /таван сая наян дөрвөн мянга арван дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ