Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0462

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0462

Улаанбаатар хот

“О” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч П.Х, Ш.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0449 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч П.Х-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “О” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0449 дүгээр шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005540 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Гаалийн ерөнхий Газрын гаалийн төв лабораторийн албан бичигт “ГОСТ Р 51925 стандартын арга ..., MNS АSТМ 05185:08 стандартын шинжилгээний аргууд нь шинжилгээ хийж буй шинжилгээний тоног төхөөрөмж өөр өөр байдгаараа ялгаатай" гэсэн нь шинжилгээний тоног төхөөрөмжийн хувьд ялгаатай байдлыг тодорхойлсон байна

      Стандарт хэмжил зүйн газраас “...MNS 0217:2017 стандартын дагуу АИ-92 автобензид марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори одоогоор байхгүй байна” гэсэн нь тухайн албан бичгийн хүргүүлэх цаг үед буюу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар автобензинд марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори байхгүй талаар тодорхойлсон бөгөөд шинжилгээ хийлгэх үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сард болсон юм.

Шударга өрсөлдөен, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 дугаартай агентлагийн даргын баталсан удирдамжтай хяналт шалгалтын явцад Стандарт, хэмжил зүйн газраас олгосон итгэмжлэл бүхий газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораториудад 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/922 дугаар албан бичгээр “Хяналт шалгалтын хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн борлуулж буй автобензин, дизель түлш чанар, стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалган тогтооход итгэмжлэгдсэн газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораториор шинжлүүлэх шаардлагатай байх тул хяналт шалгалтын ажилд оролцож аж ахуй эрхлэгчдээс авсан дээжийг шинжлэн тогтоож хамтран ажиллах тухай" хүсэлтийг хүргүүлсэн.

Албан бичгийн хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08/6/158 тоот албан бичгээр “...Стандарт, хэмжил зүйн газрын итгэмжлэлийн газраас (901 стандартын дагуу одоогийн байдлаар 5 дахь удаа итгэмжлэгдэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллагууд болон бусад захиалагч байгууллагуудын хүсэлтийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний 21 үзүүлэлтээс 18 үзүүлэлтийг тодорхойлж нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна"

       Иргэний нисэхийн Ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08/д/126 тоот албан бичгээр тус лабораторид газрын тосны бүтээгдэхүүнд хийгдэх 42 шинжилгээний үзүүлэлтийн хүснэгтийг үнэлгээний хамт ирүүлсэн Үүнд “Бүх төрлийн бензинд маргвнцийг шинжлэх” талаар багтсан байсан.

Шүүхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос хүргүүлсэн албан бичигт ГОСТ Р51925 нь марганецийн агууламжийг ААS (атом шингээлтийн спектрометр)-ийн аргаар тодорхойлдог стандарт ба MNS АSТМ D 5185:08 нь элэгдэл, бохирдлын болон чанар сайжруулагч элементүүдийг IСР-АЕS спектрометр (индукцийн холбоот плазмтай)-ээр тодорхойлдог аргын стандарт юм. Шинжилгээнд тухай аргын хэмжих хязгаар болон хэмжлийн алдааг зөв тодорхойлж чадсан тохиолдолд шинжлэх ухааны аль ч аргыг хэрэглэж болдог талаар дурдсан байна.

        Иймд хэмжлийн нэгжийг алдаагүй тодорхойлж чадсан тохиолдолд хэмжлийн шинжлэх ухааны ямар ч аргыг ашиглаж, аливаа стандартад нийцсэн тоног төхөөрөмж, багажийн тусламжтайгаар гүйцэтгэж болно гэж үзэж байх тул Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартыг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэснийг эс зөвшөөрч байна.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар “Зөрчил шалгах ажиллагаа нь ... шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхтэй” гэж, 16.1.6-д “Барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.

      Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь 2000 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн ICP-EOS слектрометрээр MNS АSТМ D5185 стандарт болон үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу боловсруулсан СШ06 аргачлалыг ашиглан газрын тосны бүтээгдэхүүнд агуулагдах элементийн шинжилгээ хийдэг бөгөөд “...Стандарт, хэмжил зүйн газрын итгэмжлэлийн газраас ISO 17025 стандартын дагуу одоогийн байдлаар 5 дахь удаагаа итгэмжлэгдсэн лаборатори юм.

3. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

      Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно гэж мөн 2 дахь хэсэгт хүсэлтийг амаар, эсхүл бичгээр гаргаж болох бөгөөд хүсэлтийг амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж хүлээн авсан албан тушаалтан болон хүсэлт гаргагч гарын үсэг зурна гэж тус тус заасан байдаг.

Гэтэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд оролцогчоос дээж дахин шинжлүүлэх талаар хүсэлтийг Зөрчлийн тухай хуулийн 1.13 дугаар зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй нь маргах эрхийг хязгаарлаагүй гэж үзэж байна

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0005540 дугаартай шийтгэлийн хуудсаар “О” ХХК-ийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ШТС-15 салбарын АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй байгаа зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9 000 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

       Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “О” ХХК “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005540 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “...Зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчиж, хяналт шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу хийлгүй, шатахууны чанарын асуудлыг маргаангүй үнэн бодитой тогтоолгүй... мэргэжлийн бус хүний шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргасан байна.

      Анхан шатны шүүх “...хариуцагчаас тухайн лаборатори нь автобензин дэх марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори мөн эсэх, стандартад заасан шинжилгээний аргаар шинжилж сорилын дүн гаргасан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй...” гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий улсын байцаагч нарын 0005540 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

   Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйлд ...заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

      Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь тус газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хяналт шалгалтын 1/12 дугаар удирдамжийн дагуу “О” ХХК-ийн ШТС-15 салбараас АИ-92 автобензинээс дээж авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлуулахаар “Бүтээгдэхүүний дээж авах” акт үйлдэн дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн, тус лабораторийн СШ18/239 дүгээр сорилтын дүнд дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, улмаар тус газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээр марганецийн агууламж 0.6-0.9 мг/дм3 буюу нэхэмжлэгчийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецийн агууламж байх ёстой үзүүлэлтээс их хэмжээтэй буюу 0.7мг/дм гэж тодорхойлогдож, тухайн бензинийг хэрэглэснээр хөдөлгүүрийн эд ангид гэмтэл үүсгэх болон хөдөлгүүрээс гарсан утааны найрлагад өөрчлөлт орж, хэрэглэгчийн эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нь тогтоогдсон байх тул “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй зөрчил”-д шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

            Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийн дагуу дээжийг хүлээн авч “О” ХХК-ийн АИ-92 автобензин дэх марганезийн агууламжийг MNS ASTM D5185:08 стандартын шинжилгээний аргаар тодорхойлсныг мэргэжлийн бус шинжилгээний дүгнэлт гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд хариуцагчийн “...ГОСТ Р 51925 стандартын арга, MNS ASTM D5185:08 стандартын шинжилгээний аргууд нь шинжилгээ хийж буй шинжилгээний тоног төхөөрөмж өөр өөр байдгаараа ялгаатай гэж шинжилгээний тоног төхөөрөмжийн хувьд ялгаатай байдлыг тодорхойлсон байна.

      Мөн Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11/620 дугаар албан бичгээр “...МNS 0217:2017 стандартын дагуу АИ-92 автобензинд марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори одоогоор байхгүй байна” гэсэн нь тухайн албан бичгийг хүргүүлэх цаг хугацаанд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар автобензинд марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори байхгүй талаар тодорхойлсон байх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас итгэмжлэл бүхий газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораториудад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн борлуулж буй автобензин, дизель түлш чанар, стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалган тогтоох итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэх хүсэлт хүргүүлснээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношлогоо хэмжил зүйн лабораториос газрын тосны бүтээгдэхүүнд хийгдэх 42 шинжилгээний үзүүлэлтийг ирүүлсний дотор бүх төрлийн бензинд марганецийг шинжлэх талаар ирүүлснээр шинжилгээ хийгдсэн, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Ойн бирж” ХХК-ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авахдаа холбогдох журам зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

     Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчил шалгах ажиллагаа явуулах, иргэн, хуулийн этгээдийн гаргасан үйлдэл зөрчил мөн эсэх, энэ нь хангалттай тогтоогдож байгаа эсэхийг шалган тогтоох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0449 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Лхам, Ш.Зулмөнх, П.Хаш-Эрдэнэ нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005540 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                             Э.ЗОРИГТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                             Д.БААТАРХҮҮ