Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2019/0449

 

2019 оны 07 сарын 23 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: ОБ ХХК /РД:*******/

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л, Ш.З, П.

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.л, ш.з, п.хнарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч Ш.Зх, П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ОБ ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: Манай улс дотоодын шатахууны хэрэглээгээ 100 хувь импортын шатахуунаар хангадаг бөгөөд тус компани нь Оросын Холбооны Улсын Р******* компаниас олон улсын стандартад нийцсэн нефть бүтээгдэхүүнийг импортлон борлуулах бизнесийг эрхлээд 20 гаруй жил болж байна. Нийлүүлэгч талаас татан авалт тутамд бүтээгдэхүүний чанарын паспортыг ирүүлдэг бөгөөд хил дээр гаалийн хяналтад Гаалийн төв лабораторийн импортын шинжилгээний сорилт, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлж, худалдан борлуулдаг.

Компанийн зүгээс борлуулалтын явцад шаардлагатай тохиолдолд шатахууныг олон улсын эрх бүхий итгэмжлэгдсэн Амбер лабораториор баталгаажуулдаг. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчиж, хяналт, шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу хийлгүй, шатахууны чанарын асуудлыг маргаангүй үнэн бодитой тогтоолгүй, чанар, стандартыг нь тухай бүрд нь баталгаажуулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй гэсэн лабораторийн шинжилгээ, хөндлөнгийн шинжээч гэх мэргэжлийн бус хүнээр шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй гэж үзэж байна.

1.  Дээж авч шинжлүүлсэн үйл ажиллагаа нь холбогдох журмыг зөрчсөн талаар: Зөрчлийн гэх үйлдэл нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр болсон байна. Тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий 3 байцаагч танай шатахуун түгээх станцаас худалдан авсан АИ-92 шатахууны талаар иргэнээс гомдол ирсэн гэж хэлээд тус бүр 1 литрийн шилэн саванд АИ-92 бензинийг колонкийн хошуунаас авсан байдаг. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллага болон мэргэжлийн байцаагч, хөндлөнгийн шинжилгээ хийж байгаа лабораторийн шинжээч зэрэг мэргэжлийн хүнийг оролцуулалгүй 3 байцаагч өөрсдөө дээж авч лабораторид хүргүүлсэн нь лац, ломбо бүрэн, гадны нөлөөгүй, гэмтэж солигдолгүйгээр хүргэгдсэн эсэх, тухайн компанийнх маргаангүй мөн эсэх, дээжний битүүмж алдагдсан байж болзошгүй зэрэг лабораторийн шинжилгээ хууль, журмын дагуу явагдаагүй нь хэргийн материалд тодорхой байдаг нь эргэлзээ төрүүлж байна.

Лабораторийн шинжилгээ холбогдох заавар, журмын дагуу явагдаагүйгээс шинжилгээг ямар хугацаанд, ямар арга, баталгаажсан багаж, хэрэгслээр шинжилсэн, маргаан үүссэн тохиолдолд хоёр дахь дээжийг дахин шинжилгээнд хамруулж шинжилгээний дүнг бүрэн нотлох ёстой байтал хэргийн оролцогчид гомдол, хүсэлт гаргах, дахин шинжилгээ хийх боломжийг олгохгүйгээр устгасан зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэгэнт эрх зүйн хүрээнд шинжээч томилсон атлаа шинжилгээний байгууллагаар дээрх ажлыг гүйцэтгүүлээгүй нь илт хууль зөрчсөн үйлдэл юм.

Лабораторийн шинжилгээ 14 хоногт гарах бүрэн боломжтой атал дээж авснаас хойш даруй 3 сарын дараа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн ******* тоот дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гарч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөвхөн энэхүү дүгнэлтийг л бидэнд танилцуулж, Зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдсэн. Зөрчлийн хэрэгт ОБ ХХК-ийн шатахуунтай холбоотой лабораторийн сорилт, шинжилгээний дүгнэлт огт байгаагүй бөгөөд уг материалтай танилцахыг хүссэн боловч нууц тул танилцах боломжгүй, шинжилгээний хариу нь байгаа тул үзүүлнэ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч С.Л хариуг үзүүлээгүй төдийгүй тус шатахуун түгээх станцын үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зогсоосон. Дээж хадгалах хугацаа 3 сар байх бөгөөд хэрвээ маргаан үүссэн нөхцөлд 3 сарын хугацаанд дахин шинжилгээ хийлгэж, маргаан таслахаар стандарт дээр тусгасан байхад Зөрчлийн хэрэг нээсэн хугацаа нь анх дээж авснаас 3 сарын дараа үүсэж байгаа нь хэргийн оролцогчийн дээжний хариутай танилцах, маргах эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн.

2.  Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй талаар: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид нь хяналт, шалгалт явуулах хуулиар олгогдсон эрхтэй хэдий ч хяналт, шалгалтыг хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллага, хүмүүсийн татан оролцуулж үнэн бодит, шударга явуулах ёстой. Тодруулбал, тусгай мэдлэг, мэргэжил шаардсан асуудалд шатахууны чанар, стандарттай холбоотой мэргэжлийн байгууллагын оролцоог хангалгүй хууль зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05, 06, 07 сард импортлогч компаниудад шатахууны чанар, стандартын шаардлагад нийцэж байгаа талаар нэгдсэн шалгалт хийж, дүнг нийтэд мэдээлсэн. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өөрсдийн хууль, журам зөрчсөн лабораторийн шинжилгээндээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй. Учир нь АИ-92 автобензин дэх үйлдвэрлэгчийн дагалдах чанарын паспорт болон Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг харгалзалгүй, өөрөө биечлэн оролцоогүй лабораторийн дүгнэлт, хөндлөнгийн шинжээч гэх мэргэжлийн бус хүний шинжилгээний дүнгээр нийтэд хамруулж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, ОБ ХХК-д хамаарах сорилт, шинжилгээгээр чухам ямар үзүүлэлт нь шаардлага хангахгүй байгааг эцэслэн тогтоолгүйгээр үндэслэлгүй дүгнэсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулж, хэрэглэгчийг хохироосон гэж буруутган зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл оногдуулж, тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоосон атлаа үйлдвэрлэгчийн чанарын паспорт, гаалийн төв лабораторийн сорилт, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээсэн нь дээрх байгууллагуудын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа эрх зүйн зөрчилтэй төдийгүй өөрсдийн хууль бус шийтгэлийг үгүйсгэж байгаа нотолгоо юм.

Эдгээрийг дүгнэвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид хууль бус үндэслэлээр торгуулийн шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

...Тус компаниас 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан боловч тус газрын даргаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/91 тоот албан бичгээр уг шийдвэрийг хүчингүй болгох боломжгүйг мэдэгдсэн.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.л, ш.з, п.хнарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.л, ш.з, п.хнараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний чанарт хийсэн шалгалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад ОБ ХХК-ийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны ШТС-15 салбарт жижиглэнгээр борлуулж буй шатахуун нь Хөдөлгүүрийн түлш.Этилжээгүй бензин.Техникийн шаардлага ******* стандартын шаардлага хангахгүй байгаа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаад 1******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийг хийж, ОБ ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.

1.    Дээж авч шинжлүүлсэн үйл ажиллагаа холбогдох журмыг зөрчсөн гэх тухайд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор агентлагийн даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 дугаар удирдамжтай хяналт шалгалтыг хийж эхэлсэн. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр агентлагийн даргын А/70 тоот тушаалаар бүтээгдэхүүний дээжийг авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийг томилсон.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхтэй, 16.1.6-д Барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах эрхтэй гэж заасан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалтын ажлын хэсэг жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авахад тус салбарын эрхлэгч Г.О байлцсан ба MNS0218:2008 стандартын 5.4-т заасны дагуу хэвтээ савны дээжийг түгээгүүрийн хошуунаас авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ашигладаг зориулалтын цэвэр, хуурай шилэн лонхонд битүүмжлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид тухайн өдрөө хүлээлгэн өгсөн.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээний үр дүн, лабораторийн сорилт, шинжилгээний хариуд дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1/1240 дугаартай албан бичгээр хүргүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт ирүүлсэн.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, 1.2-т энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан байдаг.

ОБ ХХК-д холбогдох зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.    Зөрчлийн хэрэгт ОБ ХХК-ийн шатахуунтай холбоотой лабораторийн сорилт, шинжилгээний дүнгийн матеиал огт байгаагүй бөгөөд уг материалтай танилцахыг хүссэн боловч нууц тул танилцуулах боломжгүй, шинжилгээний хариу байгаа үзүүлнэ гэх тухайд, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ОБ ХХК-ийн хуульч Ж.Г зөрчлийн хэрэгт холбогдох асуудлаар улсын ахлах байцаагч С.Лтай уулзсан. Холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн тогтоолуудтаы танилцуулсан. Сорилт шинжилгээний дүн мэдээтэй холбоотой баримтуудад бусад аж ахуй эрхлэгчдийн мэдээлэл байгаа тул ялгаж танилцуулна. Иймээс 15 цагаас хойш ирж танилцахыг хэлсэн боловч өнөөдөр шүүх хуралтай тул дараа ирж танилцая гээд явсан.

Харин дараа нь улсын байцаагч С.Л, П. нар ОБ ХХК-ийн хуульч Ж.Гтэй 88116622 дугаарын утсанд холбогдож Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ирж материалтай танилцах, мэдүүлэг өгөхийг сануулсан боловч тухайн үед ирээгүй, гэхдээ хэрэг бүртгэлийн ажиллагаанд холбогдох материалыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/625 дугаартай албан бичгээр ирүүлсэн тул хэрэг бүртгэлтийн ажиллагааг үргэлжлүүлэн хянаж байсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ОБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г 1******* дугаартай зөрчлийн хэргийн бүх материал болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй тус тус танилцсан болно.

3.    Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй гэх талаар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэгтэй ба хариуцсан чиг үүргийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа, хэрэглэх ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж заасан байдаг.

ОБ ХХК-ийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-15 салбарт жижиглэнгээр борлуулж байсан АИ-92 автобензинээс дээж авч Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн газрын лабораторид шинжлүүлэхэд сорилт, шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0.70.5 мг/дм3 гэж тодорхойлогдсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээч О.Болдбаярыг шинжээчээр томилсон.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд Хөдөлгүүрийн түлш.Этилжээгүй бензин.Техникийн шаардлага ******* стандартаар АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецийн агууламж байхгүй гэж үзнэ гэж заасан байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0.70.5 мг/дм3 гэж тодорхойлогдсон нь хэрэглэгчдийн өмчлөлийн автотээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай.

Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд ангид муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

4.    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулж, хэрэглэгчийг хохироосон гэж буруутган Зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулж, тус компанийн шатахуун түгээгүүрийн станцын үйл ажиллагааг хангаагүй зогсоосон атлаа үйлдвэрлэгчийн чанарын паспорт, Гаалийн төв лабораторийн сорилт, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээсэн нь дээрх байгууллагуудын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь өөрөө эрх зүйн зөрчилтэй төдийгүй өөрсдийн хууль бус шийтгэлийг үгүйсгэж байгаа нотолгоо юм гэх талаар,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ОБ ХХК-ийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-15 салбарын үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай тогтоолыг цуцлах тухай саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын прокурорын 10 дугаар тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоолыг цуцалсан.

Иймд ОБ ХХК-ийн ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж хэрэгт авсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь тус газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 дугаартай хяналт шалгалтын удирдамж, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/70 дугаар тушаалын дагуу 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргагч ОБ ХХК-ийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ШТС-15 салбараас АИ-92 автобензинээс дээж авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлуулах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн байна.

Тус лабораторийн СШ18/239 дугаартай сорилтийн дүнгээр ОБ ХХК-ийн АИ-92 автобензин дэх марганецийн агууламж 0.70.5 мг/дм3 гэж тодорхойлогдож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт гаргуулах тухай 1/1240[1], 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1562[2] дугаартай хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар[3] албан бичгээр, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Болдбаяр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр[4] тус тус дүгнэлт гаргаж хүргүүлжээ.

Улмаар хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.л, ш.з, п.хнар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар[5] ОБ ХХК-ийн АИ-92 автобензин нь ******* стандартын шаардлагыг хангаагүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар дүгнэлтээр 3. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн СШ18/235-244 дугаартай нийт 10 ш сорилт шинжилгээний үр дүнгээр автобензин дэх марганецийн агууламж 0.6-0.9 мг/дм3 гэж тодорхойлогдож байгаа нь Хөдөлгүүрийн түлш.Этилжээгүй бензин.Техникийн шаардлага ******* стандарын шаардлагыг хангаагүй байна гэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Бын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ...марганецийн агууламж 0.70.5 мг/дм3 гэж тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэж үзэж байна... гэжээ.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 3/2151 дүгээр албан бичгээр[6] ...ахлах шинжээч О.Болдбаяр нь өөрөө бие даан ямар нэгэн шинжилгээ хийгээгүй, дүгнэлт гаргаагүй, ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тавигдсан асуултуудад хариулсан болно гэх хариуг ирүүлсэн байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчаас ...Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтний дүгнэлтийг дарга нь хүчингүй болгосон гэж тайлбарласан, хэргийн оролцогчид энэ талаар болон марганецийн агууламж 0.70.5 мг/дм3 гэж тодорхойлогдсон нь ******* стандартыг зөрчсөн эсэх талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчээс хяналт шалгалтыг холбогдох журмын дагуу хийгээгүй, ...шатахууны чанарыг маргаангүй үнэн бодитой тогтоогоогүй, ...шалгалтад хамрагдсан 10 компанийн сорилын дүнгээр нийтэд нь хамруулж дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас сорилт шинжилгээний дүгнэлтээр марганецийн агууламж 0.70.5 мг/дм3 гэж тодорхойлогдсон. Энэ нь хэрэглэгчдийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул шийтгэл оногдуулсан гэж маргажээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Хөдөлгүүрийн түлш.Этилжээгүй бензин.Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын 5.2-т Этилжээгүй бензиний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтүүдийн хэмжээ 1, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцэж байвал зохино, 1-р хүснэгтийн 13-д марганецийн агууламж байхгүй байх шаардлага тавьж, марганецийн агууламж 0.25 мг/дм3-аас бага байвал байхгүй гэж үзнэ гэж тайлбарлажээ.

Хэдийгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн сорилын дүнгээр ОБ ХХК-ийн ШТС-15 салбараас авсан АИ-92 автобензиний дээжин дэх марганецийн хэмжээ 0.70.5 мг/дм3 гэж тодорхойлогдсон байх боловч уг сорилыг Хөдөлгүүрийн түлш.Этилжээгүй бензин.Техникийн шаардлага ******* стандартад заасан шинжилгээний аргаас /ГОСТ Р 51925/ өөр аргаар /MNS ASTM D 5185:08 стандарт/ хийж, автобензин дэх марганецийн агууламжийг тодорхойлсон болох нь гомдол гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл, MNS ASTM D 5185:08 стандарт[7] нь машин механизмын элэгдлээс үүсэх эвдрэл гэмтлийг оношлох зорилгоор ашигласан тосолгооны материал дахь металлын агууламжийг тодорхойлоход ашиглах арга байх бөгөөд энэ шинжилгээний аргын хамрах хүрээнд марганецийн элемент хамаарахгүй[8] байна.

Тус шүүхэд ирүүлсэн Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн албан бичигт ГОСТ Р 51925 стандартын арга..., MNS ASTM D 5185:08 стандартын шинжилгээний аргууд нь шинжилгээ хийж буй шинжилгээний тоног төхөөрөмж өөр өөр байдгаараа ялгаатай[9] гэж, Стандарт, хэмжил зүйн газраас ...MNS 0217:2017 стандартын дагуу АИ-92 автобензинд марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори одоогоор байхгүй байна[10] гэснээр маргаан бүхий АИ-92 автобензин дэх марганецийн агууламжийг итгэмжлэгдсэн лабораториор болон Хөдөлгүүрийн түлш.Этилжээгүй бензин.Техникийн шаардлага ******* стандартад заасан шинжилгээний аргаар тодорхойлоогүй болох нь тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан.

Гэтэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д зааснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн захиргааны байгууллага барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах эрхтэй гэж зохицуулсан байхад хариуцагчаас тухайн лаборатори нь автобензин дэх марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори мөн эсэх, стандартад заасан шинжилгээний аргаар шинжилж сорилын дүн гаргасан эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд гомдол гаргагчийг Хөдөлгүүрийн түлш.Этилжээгүй бензин.Техникийн шаардлага ******* стандартыг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ талаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ОБ ХХК-ийн шатахууны марганецийн хэмжээ 0.70.5 мг/дм3 гэж тодорхойлогдсон. 0.5 гэдэг нь багажны алдааг зааж байгаа юм. Хэрвээ -0.5 байвал марганецийн хэмжээ 0.2мг/дм3 болж марганец байхгүй гэж үзэхээр байна. Үүнээс харвал, сорилтын дүн маш эргэлзээтэй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч нараас шүүх хуралдаанд сорилтын дүнг үндэслэн гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн стандартын шаардлагыг хангаагүй гэх дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсан гэж тайлбарлах боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчил шалгах ажиллагаа явуулах, иргэн, хуулийн этгээдийн гаргасан үйлдэл зөрчил мөн эсэх, энэ нь хангалттай тогтоогдож байгаа эсэхийг шалгаж тогтоох, улмаар шийтгэл оногдуулах нь эрх бүхий албан тушаалтны үүрэг тул хариуцагч нарыг дээрх үндэслэлээр зөвтгөх боломжгүй байна.

Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүн.Дээж авах арга MNS0218:2018 стандартын[11] 7.2-т Газрын тосны болон газрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална, 7.7-д Маргаан таслахад зориулсан, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална гэжээ.

Гэтэл хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэгэнт дүгнэлт гарчихсан учраас дээж устгасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Харин гомдол гаргагчаас гомдлын үндэслэлдээ ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулж, хэрэглэгчийг хохироосон гэж буруутган шийтгэл оногдуулж, тус компанийн шатахуун түгээгүүрийн станцын үйл ажиллагааг зогсоосон атлаа үйлдвэрлэгчийн чанарын паспорт, Гаалийн төв лабораторийн сорилт, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээсэн нь дээрх байгууллагуудын дүгнэлтийг хүлээн зөшөөрч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа эрх зүйн зөрчилтэй, хууль бус шийтгэл юм гэж маргасан нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эрх хязгаарлах арга хэмжээ цуцлах тухай 10 дугаар тогтоолоор[12] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай 90 дугаартай тогтоолыг цуцалжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-д Эрх бүхий албан тушаалтан, прокурор, эрүүгийн хэргийн шүүгч дараахь тохиолдолд эрх хязгаарлах арга хэмжээг цуцална, 3.1-д зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан гэж зааснаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ОБ ХХК-д шийтгэлийг оногдуулж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байх тул энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах нь хуульд нийцэхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.л, ш.з, п.хнарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан ОБ ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.л, ш.з, п.хнарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ