Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01025

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00266 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1033 дугаар магадлалтай,

Ц.М-ын нэхэмжлэлтэй,

Ц.О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 38.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Азжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М-, өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.О-т 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 7 хувийн хүүтэй, 6 арын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нь мөнгөө хугацаандаа өгөөгүй. Иймд гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 алданги тооцож, 210 хоногийн алданги 10.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 8.400.000 төгрөг, нийт 38.400.000 төгрөгийг Ц.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхцэлмэг нь эгч Ц.М-аас 7 хувийн хүүтэй, мөнгө авч өгсөн учраас боломжоороо л төлж байсан. Би уг нь С.Лхамаагийн эхнэр Ц.Мөнхцэлмэгтэй гэрээ хийх юм байна гэж бодож байсан. Гэтэл Ц.М-тай гэрээ байгуулсан ч гэрээг ерөнхийд нь харж байгаад гарын үсэг зурсан. С.Лхамаа бид нар өмнө нь тооцоотой, би С.Лхамаагаас нилээд авлагатай байсан. Гэхдээ 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ хийхээс өмнө С.Лхамаа болон Ц.Мөнхцэлмэгт 7.300.000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлсөн байсан. Энэ нь 1.800.000 төгрөгийг Ц.Мөнхцэлмэгийн дансанд, 2016 оны 1 дүгээр сарын 19-нд 2.000.000 төгрөгийг өөр хүний дансанд хийсэн. 2015 оны 11 дүгээр сард нөхөр Мягмарсайханы бууг Лхамаа авч яваад 800.000 төгрөгөөр барьцаанд тавиад үүнийг та нар төлөөрэй гэсэн. Мөн 2016 оны 2 дугаар сард Лхамаа машинаа барьцаанд тавьчихсан, мөнгийг төлчихвөл унамаар байна гээд надаас 1.200.000 төгрөгийг авсан. 2016 оны 1 дүгээр сарын 18-ны үед Лхамаагийн төрсөн эгч Мөнхзул тариат манан хөөргийг 1.500.000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдаж авсан, үүнийгээ бас зээлсэн мөнгөнөөсөө хасаарай гэж хэлсэн. Эдгээр нь нийлээд 7.300.000 төгрөг болсон. Би гэрээ байгуулахаас өмнө 7.300.000 төгрөгийг төлсөн учраас үлдэгдэл 12.700.000 төгрөгийн төлнө. Гэрээ хийснээс хойш Мөнхзулцацрахын данс руу 2016 оны 4 дүгээр сарын 28-наас 2016 оны 9 дүгээр сарын 02-ныг хүртэл нийтдээ 8.050.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Энэ нь банкны хуулгаар нотлогдоно. Тиймээс одоо 4.650.000 төгрөгийг төлнө гэж үзэж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00266 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Ц.О-ээс 8.650.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29.750.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.000 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 153.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1033 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 21.075.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-ад олгож, нэхэмжлэлийг шаардлагаас үлдэх 17.325.000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “332.000” гэснийг “349.950” гэж, “153.350” гэснийг “263.325” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Азжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1033 тоот магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй , хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бус үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэн гомдол гаргаж байна.

Зээлийн гэрээний харилцаа анх 2015 оны 10-р сарын 16 өдөр ямар хүмүүсийн хооронд үүссэн гэдгийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй орхигдуулсан. Зээлийн гэрээний харилцаа 2015 оны 10 сарын 16-ны өдөр С.Лхамаа болон хариуцагч Оюунчимэг нарын хооронд үүсжээ. Үүнийг анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон С.Лхамаа, түүний эхнэр Ц.Мөнхцэлмэг нар гэрчлэн мэдүүлдэг. Мөн Оюунчимэг нь гэрээний үүргээ тухайн гэрч гэх хүмүүст өгч биелүүлсээр ирсэн. Энэ нь Мөнхцэлмэгийн дансаар 2015 оны 11 сарын 23-ны өдөр өгсөн 1.000.000 төгрөг, 12 сарын 12-нд өгсөн 500.000 төгрөг, 12 сарын 31-нд өгсөн 300.000 төгрөг, Лхамаагийн шаардсанаар 2.000.000 төгрөгийг 2016 оны 1 сарын 19-нд Хаан банкны 5076064233 дансанд, 2016 оны цагаан сараар 1.500.000 төгрөгийн хөөргийг, 2016 оны 2 сард С.Лхамаа машинаа ломбарднаас авна гээд 1.200.000 төгрөгийг, буу дэлгүүрт тавьсан гэж 800,000 төгрөгийг нийт 7.300.000 төгрөгийг төлсөн байдаг. С.Лхамаа Ц.О- нарын хооронд үүссэн зээлийн харилцаа нь бичгийн хэлбэрээр хийгдээгүй учир хүү авах эрхгүй тул Оюунчимэгийн С.Лхамаад биелүүлсэн үүрэг болох түүнийг хүлээн зөвшөөрснөөр 6.500.000 төгрөгийг үндсэн зээл 20.000.000 төгрөгнөөс хасаж 2016 оны З сарын 02-ны өдрийн байдлаар 13.500.000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. 2016 оны З сарын 02-ны өдөр С.Лхамаа нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ Мөнхзулцацрахад албан ёсоор шилжүүлж байгааг нотолсон баримт нь 2016 оны З сарын 02-ны гэрээ гэх баримт гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн тул хариуцагчийн зүгээс шийдвэрийн дагуу гарсан 8.650.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх боломжтой.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 02 сарын 01 өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 182/ШШ2017/00266 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 04 сарын 26-ны өдрийн №1033 магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ. 

Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Ц.О-ээс 38.400.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээл, хүү, алданги гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзахдаа “...зээлийн гэрээг нөхөж хийсэн, хүү, алданги  тохироогүй...” гэж маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг зээлсэн ба талууд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө зээлсэн 20.000.000 төгрөгт хүү, алданги тооцохоор тохирч, бичгээр гэрээ байгуулсан ба зээлийн гэрээ байгуулахаас өмнө 3.300.000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш 8.050.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. 

Талууд амаар хийсэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хүү, алданги тооцохоор харилцан тохирч, бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан үеэс хойших хугацааны хүү, алдангийг шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч гэрээ байгуулахаас өмнөх хугацааны хүүг шаардах эрхгүй боловч хариуцагч хүүгийн төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар энэ хугацааны хүүд төлсөн 3.300.000 төгрөгийг зээлээс хасаж тооцох боломжгүй юм.

Дээрх байдлаар зээлийн гэрээний дагуу хариуцагч зээл, хүүд 22.100.000 төгрөг төлөхөөс төлсөн 8.050.000 төгрөгийг хасаж, үлдэх 14.050.000 төгрөг, алданги 7.025.000 төгрөг нийт 21.075.000 төгрөг төлөх үүрэгтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ. 

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан  хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн1033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Азжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 213.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ