Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1033

 

Ц.Мөнхзулцацрахын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00266 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрахын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Оюунчимэгт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 38 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрах

Хариуцагч Ц.Оюунчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Азжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дүү Ц.Мөнхцэлмэг, С.Лхамаа нарын гуйлтаар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 7 хувийн хүүтэй, 14 хоногоос хэтрүүлэхгүй гэж Ц.Оюунчимэгт зээлсэн. Хариуцагч нь мөнгөө хугацаандаа өгөөгүй ба зээлийн 7 хувийн хүүг зөвшөөрч дүү Ц.Мөнхцэлмэгийн дансанд 2015 оны 11 дүгээр сарын 23-нд 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 12-нд 500 000 төгрөг, 12 дугаар сарын 31-нд 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 4 дүгээр сарын 30-нд 3 000 000 төгрөг, 6 дугаар сарын 03-нд 200 000 төгрөг, 6 дугаар сарын 17-нд 800 000 төгрөг, 6 дугаар сарын 26-нд 500 000 төгрөг, 7 дугаар сарын 02-нд 200 000 төгрөг, 7 дугаар сарын 11-нд 700 000 төгрөг, 7 дугаар сарын 26-нд 700 000 төгрөг, 8 дугаар сарын 24-нд 1 400 000 төгрөг, 9 дүгээр сарын 02-нд 50 000 төгрөг буюу нийт 9 850 000 төгрөгийн зээлийн хүүг өгсөн. Ц.Оюунчимэг зээлийг хугацаандаа төлөхгүй байхаар нь 2016 оны 3 дугаар сарын 02-нд зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэхдээ 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дотор зээлээ төлж дуусгахаар, уг хугацаа хэтэрвэл гэрээний дагуу алданги тооцохоор заасан боловч үүнээс хойш үндсэн зээл, хүү төлөөгүй. Иймд үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, хүү 8 450 000 төгрөг нийт 38 450 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Дүү С.Лхамаа 1 500 000 төгрөг өгсөн тул хасч тооцох боломжтой. Хариуцагч нь 2 000 000 төгрөг, 1 200 000 төгрөг, бууны мөнгө 800 000 төгрөг төлсөн нь үндэслэлгүй. Зээлийн хүүг 7 хувь байсныг зөвшөөрөөд хүү төлж байсан гэжээ.

Хариуцагч Ц.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхрийн найз С.Лхамаа анх зээл авах санал тавьсан. С.Лхамаа хүүгүй зээл гэж хэлсэн учраас бид 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг зээлсэн. Гэтэл Ц.Мөнхцэлмэг 14 хоногийн дараа би эгчээсээ мөнгө авч өгсөн, 7 хувийн хүүтэй гэсэн шүү гэж утсаар хэлсэн. Нэгэнт мөнгө авсан учир боломжоороо төлж байсан. С.Лхамаагаас  авлагатай, өмнөх тооцоо ч байсан. Гэхдээ зээлийн гэрээ байгуулахаас өмнө С.Лхамаа, Ц.Мөнхцэлмэг нарт 7 300 000 төгрөгийг данс болон бэлнээр төлсөн. Энэ нь 1 800 000 төгрөгийг Ц.Мөнхцэлмэгийн дансанд, 2016 оны 01 дүгээр сарын 19-нд 2 000 000 төгрөгийг өөр хүний дансанд хийсэн. 2015 оны 11 дүгээр сард нөхөр Мягмарсайханы бууг Лхамаа  авч яваад 800 000 төгрөгийн барьцаанд тавиад үүнийг та нар төлөөрэй гэсэн. Мөн 2016 оны 02 дугаар сард Лхамаа машинаа барьцаанд тавьчихсан, гээд 1 200 000 төгрөг авсан. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны үед Лхамаагийн төрсөн эгч Мөнхзул тариат манан хөөргийг 1 500 000 төгрөгөөр үнэлж зээлээр худалдан авч үүнийг зээлсэн мөнгөнөөс хасаарай гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 02-нд Ц.Мөнхцэлмэг, Ц.Мөнхзулцацрах нар гэрээ байгуулъя гээд шахаж шаардсан учраас гэрээ байгуулсан. Гэхдээ манай ажлын ойролцоо нотариатын газар байхад Цайзын 16 дугаар хороололын нотариатад зээлийн гэрээ байгуулсан. Би гэрээг ерөнхийд нь харж байгаад гарын үсэг зурсан бөгөөд гэрээ байгуулахаас өмнө 7 300 000 төгрөг төлсөн учраас үлдэгдэл 12 700 000 төгрөгийг төлнө гэж ойлгож байсан. Үүнээс хойш Ц.Мөнхзулцацрахын дансанд 2016 оны 4 дүгээр сарын 28-наас 2016 оны 9 дүгээр сарын 02-ныг хүртэл нийт 8 050 000 төгрөг шилжүүлсэн. Иймээс 4 650 000 төгрөгийг С.Лхамаад төлнө. Би С.Лхамаагийн эхнэр Ц.Мөнхцэлмэгтэй гэрээ хийнэ гэж бодож байсан ч Ц.Мөнхзулцацрахтай гэрээ байгуулсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Оюунчимэгээс 8 650 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 000 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 153 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Ц.Мөнхзулцацрах нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай Ц.Оюунчимэгт зээлдүүлсэн. Үүнээс хойш 3 удаа нэхэмжлэгчийн дүүгийн дансанд зээлийн хүү гэж 2 300 000 төгрөг хийсэн. Ц.Оюунчимэг зээлээ хугацаандаа төлөхгүй байсан тул 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ бичгээр нөхөн байгуулж үндсэн зээл 20 000 000 төгрөгийг хэзээ, хэрхэн хүлээн авсан болон хүү, алданги хэд байх талаар тохиролцсон. Үүний дараа Ц.Оюунчимэг нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 7 550 000 төгрөг нийт зээлийн хүүнд 9 850 000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, алданги төлөөгүй.

2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж бодитойгоор үнэлээгүй, зөрүүтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бууруулан тооцсон. Зээлдэгчид 20 000 000 төгрөгийг, 7 хувийн хүүтэй зээлдүүлэн, хүүтэй мөнгө зээлдэн авсан гэдгээ мэдэж байсан нь гэрч С.Лхамаа, Ц.Мөнхцэлмэг нарын мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан "...энэ мөнгийг зээл гэж авсан нь үнэн, ...хүүтэй гэдгийг нь ойлгосон, ...зээлийн гэрээг уншсан..." гэх тайлбар, мөн ХААН банкны дансны хуулгууд, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсгээ зурснаар ийнхүү тохиролцсоныг харуулж байна. Үүний дагуу нэхэмжлэгч 38 400 000 төгрөг нэхэмжилснээс ...зээлийн гэрээг байгуулсан өдөр 20 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй... тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Хариуцагч өмнөх тохиролцооны дагуу зээлийн хүү төлж байсан бөгөөд энэ үүргийг баталгаажуулан зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлж, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Талууд гэрээг нөхөж байгуулснаар, ашиглуулах зорилгоор нэгэнт шилжүүлсэн мөнгийг буцааж төлүүлэхдээ хожим хугацаа, хүү, анз тогтоож тохиролцох нь хууль зөрчихгүй тул хариуцагч Ц.Оюунчимэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлэх ёстой. Хариуцагч Ц.Оюунчимэг үндсэн зээл 18 550 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг нийт 28 550 000 төгрөг төлөх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 19 900 000 төгрөгийг нэмж 28 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрах нь хариуцагч Ц.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар 20 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, зээлийн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид шилжүүлэн өгсөн байна.

Зээлдэгч Ц.Оюунчимэг нь зээлдүүлэгчээс 20 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр тоолж авсан гэж тухайлан гарын үсэг зурсан хэлцэл 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд өмнө нь аман хэлбэрээр хийгдсэн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хүү, алданги тооцох талаар тохиролцож бичгээр хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан уг зээлийн гэрээ гэх баримтаар тогтоогдож байна. /хх-6/

Зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцох тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр хэлцэл хийх ёстой бөгөөд талууд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хуулийн уг шаардлагад нийцүүлэн хэлцэл хийсэн байна.  

Өмнө нь аман хэлцлээр хийсэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хүү, алданги тооцох талаар бичгээр хэлцэл хийхийг хуулиар хориглоогүй, талууд уг бичгээр хийсэн зээлийн гэрээнд зааснаас өөр зорилго бүхий хэцэл хийсэн зэрэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Иймд анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгт, сарын 7 хувийн хүүг гэрээ байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл төлөх, уг үүргээ биелүүлэхгүй бол алданги төлөхийг шаардах эрх үүсчээ. 

Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид хүү, алданги шаардах эрх үүссэн боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хүү тооцох үндэслэлгүй.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхээ алдах тул бичгээр гэрээ байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх хугацааны хүү 7 350 000 төгрөгийг шаардах эрхгүй боловч хариуцагч Ц.Оюунчимэгээс 2015 оны 11 дүгээр сарын 23-наас мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд Ц.Мөнхцэлмэгийн эзэмшлийн дансанд төлсөн 1 800 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 18-нд гэрч С.Лхамаагаар дамжуулан бэлнээр төлсөн 1 500 000 төгрөг нийт 3 300 000 төгрөгийг гэрээ байгуулагдахаас өмнө уг зээлийн төлбөрт төлөгдсөн болох нь ХААН банк дахь 5035231624 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч, С.Лхамаа, Ц.Мөнхцэлмэг нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх ба харин уг хүүг хариуцагч тал тухайн үед өөрөө зөвшөөрч төлж байсан байх тул үндсэн зээлийн төлбөрт суутган тооцох үндэслэлгүй /хх-30, 86, 90/.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү шаардах эрхгүй талаарх зохицуулалт нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн хүүг өөр төлбөрт суутгах үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрах нь зээлийн гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл үндсэн зээл 20 000 000 төгрөг, түүнд тохирох хүү 2 100 000 төгрөг нийт 22 100 000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсанаас хойш хариуцагч Ц.Оюунчимэг нь нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрахад 8 050 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байх тул энэ үнийн дүнг хасч, 14 050 000 төгрөгийн үндсэн зээл, хүү төлөх үүрэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид үүснэ. 

Мөн зээлийн гэрээний үндсэн үүрэг 14 050 000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан төлөгдөөгүй үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч байх тул 7 025 000 төгрөгийн алдангийг  хариуцагч төлөх үүрэгтэй.

Хариуцагч Ц.Оюунчимэг бусдад төлсөн мөнгөн хөрөнгийг холбогдох журмаар нь шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/00266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

     1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Оюунчимэгээс 21 075 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхзулцацрахад олгож, нэхэмжлэлийг шаардлагаас үлдэх 17 325 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

     2 дахь заалтад “332 000” гэснийг “349 950” гэж, “153 350” гэснийг “263 325” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА