Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч С.Оюунжаргал,

          Хохирогч Ч.Мөнх-Ирээдүй, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /ҮД:0162/,

          Шинжээч В.Балжинням,

          Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан /ҮД:1987/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох 1803 00288 0191 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны Номын худалдааны нийтийн байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Лийн Б /РД:......................./,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Л.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 8 цаг 26 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Асайт” худалдааны төвийн баруун талын уулзварт “Хан агьт” ХХК-ний эзэмшилийн Хьюндай Портер маркийн 66-82 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдолоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас Ямаха маркийн 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөн жолооч Ч.Мөнх-Ирээдүйн эрүүл мэндэд хүнд хохирол, Ямаха маркийн 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоцикльд нь 490.000 төгрөгийн шууд, 690.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бгийн өгсөн: “... Хохирогч нэг бол мөргөлдсөн, нэг бол дайрсан гэж яриад байгааг би гайхаж байна. Прокурор надаас ямар ч гэрчийн аман зураг аваагүй. Тухайн өдөр надад хоёрдугаар эгнээний автомашин зам тавьж өгч, би зүүн тийшээ эргэсэн. Би автомашиндаа хүнд ачаа ачсан байсан. Өөдөөс ирэх урсгалаа харахад мотоцикль цагаан өнгийн автомашины бүүр цаана харагдаж байсан. Би өөдөөс ирэх урсгалын автомашинуудаас амжаад гарна гэж бодоод удаан явсан. Гэтэл хохирогч мотоцикльтойгоо дайвалзаж гарч ирээд миний автомашины ачааны ар хэсгийг мөргөсөн байх. Би тухайн үед мэдээгүй. Хамт явсан хоёр хүнээс “наад мотоцикль чинь мөргөчихөв үү, гарсан уу” гэж асуухад “гарч амжаагүй мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд би автомашинаасаа бууж үзэхэд мөргөсөн байсан. Цагдаа надаас хаана мөргөлдсөн бэ гэж асуусан. Би хаана мөргөлдсөнөө мэдэхгүй байна. Би цус их гарсан газрыг А цэг байх гэж бодож, А цэгийг заасан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Мөнх-Ирээдүйн өгсөн: “... Би 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8 цагийн үед урьдын адил хичээлдээ “Асайт” худалдааны төвийн зүүнээс баруун тийшээ нэг дүгээр эгнээгээр явж байсан. Миний хажууд нэг автомашин явж байсан. Өөдөөс ирэх урсгалаас Портер маркийн автомашин ирж байгаа харагдсан. Би Замын хөдөлгөөний дүрмийн дагуу Портер маркийн автомашин надад зам тавьж өгөх ёстой гэж бодоод уулзвар луу шууд орсон. Гэтэл цэнхэр өнгийн Портер маркийн автомашин урдуур орж ирээд мөргөлдөж би эмнэлэгт хэвтсэн. Шүүгдэгч надад нэг ч төгрөг өгөөгүй учир одоо эмчилгээ зогссон. Гэмт хэргийн улмаас толгой өвддөг, удаан алхвал хөл өвддөг болсон. Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хичээлдээ орсон. Эмчилгээний зардалд 2.343.090, тэргэнцэр, орны давуу 194.000, ор хоног 743.630 төгрөг, журмын хашааны төлбөр 95.000, эмнэлгийн автомашинаар үйлчлүүлсэн зардал 90.000, шинжээчид үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, мотоциклийн засвар 690.000, өмгөөлөгчийн хөлс 1.500.000, суга таяг 207.500 төгрөг, Орхон аймгаас Улаанбаатар хот руу ирж очих, хот дотор явсан 1.073.051 төгрөг, нийт баримтаар 6.948.271 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээч В.Балжиннямын өгсөн “... Уг осолд мөрдөгчийн тогтоолоор шинжээчийн 278 дугаартай дүгнэлт болон 278 дугаартай нэмэлт дүгнэлтийг гаргасан. Мөрдөгч хоёр оролцогч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар асуусан байсан. Тухайн нөхцөлд уулзвар биш гарц дээр осол болсон. Портер маркийн автомашины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 7.3 дугаар заалт буюу үргэлжилсэн цагаан шугамыг давж эргэсэн. Хөдөлгөөн зохион байгуулалт хийхдээ машиныг эргүүлэхгүйн тулд үргэлжилсэн цагаан шугамыг тавьсан. Хэргийн газарт үзлэг хийсэн зургаас харахад автомашинууд дүрэм зөрчиж тухайн тэмдэглэлийг давж эргэдэг учир цагаан шугамыг бүдгэрүүлсэн тал харагдаж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дугаар зүйлд заасныг зөрчсөн байсан. Ер нь бол Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дугаар зүйл заалтыг монгол хүмүүс зохиож дүрэмдээ оруулаагүй. Олон улсын жишигт харьцуулалт хийхэд 1968 онд Венийн конвенцед нэгдсэн орнуудын замын хөдөлгөөний дүрэмд тухайн заалт орсон байсан учир манай Замын хөдөлгөөний дүрэм тухайн  заалтыг оруулсан байсан. Иймд тухайн осолд Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дугаар заалтыг зөрчсөн байсан. Тухайн дүрэмд тодорхой байгаа, давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, давуу эрхтэй автомашины хурд болон чиглэлийг өөрчлөхгүй, хөдөлгөөнд нөлөөлөхгүй, хөдөлгөөнд оролцохгүй байх гэж зааж өгсөн. Портер маркийн автомашины баруун хойд хэсэгт мөргөсөн гэсэн асуудал яригдаж байна. Хоёр автомашин хоёулаа харьцангуй хөдөлгөөнтэй байсан. Хэрвээ зогсож байсан бол араас мөргөсөн асуудал яригдана. Харьцангуй хөдөлгөөнтэй байсан тээврийн хэрэгсэлийн хувьд давуу эрх, зам тавьж өгөх ойлголт яригдана. Портер автомашин нь 4 гаран метрийн урттай. Үйлдэлээ хийж дуусаж байна гэдэг нь хашлаганаас нөгөө талд буюу өөрөөр хэлбэл зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн байх ёстойг үйлдэлээ хийгээд дууссан гэж үзнэ. Зам тавьж өгөөгүй нь үйлдэлээ хийж дуусаагүй байна гэж үзнэ. Тухайн үед хоёр автомашин харьцангүй хөдөлгөөнтэй байсан. Портер маркийн автомашин зогсож байсан бол уулзварт орсон гэж үзнэ. Давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр замыг чөлөөлөх ёстой. Тухайн автомашины кабин хэсэг урагшаагаа орсон байхад төгсөөгүй байсан гэж үзнэ. Тухайн нөхцөлд замын 90 хувийг өнгөрсөн гэж яригдахгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дугаар зүйлд заасныг Портер маркийн автомашин зөрчсөн. Манай дүрэм бусдад эргэлзээтэй дүрэм хийсэн талаар судалж, дүрмийн харьцуулалт хийсэн талаараа тайлбарласан. Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлд ямар ч нөхцөлд хориглохгүй. Дээр үед хугацаа заасан байсан. 2018 онд мотоциклийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон заалт байгаагүй. Аймгийн засаг дарга тухайн газар нутагт хориглосон байх магадлалтай, Нийслэлд дүрмээр хориглосон заалт байхгүй. Мотоциклийн тормозийн систем хэвийн ажиллаж байсан. Шүүхийн шинжилгээний байгууллага, автотээврийн техникийн талын үзлэг оношилгоо хийдэг газарт гаргуулж болно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дүгнэлт гаргах боломжгүй гэж гаргасан. Мөн мэргэжлийн газраас дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн. Би эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэгтэй танилцсан. Сиди бичлэгээс нэгж хугацаанд хувааж мотоциклийн хурдыг тогтоож болно. Практикт физикийн аргаар тогтоодог. Бичлэгт тодорхой  харагдвал хурдыг тогтоох боломжтой. Ухарч зам тавьж өгнө гэсэн хуулийн заалт байхгүй. Ухрах үйлдэлд хуулийн өөр заалт бий. Хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлд заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Тухайн уулзварт хэн түрүүлж нэвтрэх асуудал яригдаж байна. Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Мэдсээр байж очиж мөргөсөн бол зам тээврийн осол биш болж таарна. Өөрийнхөө амийг санаатай хорлосон үйлдэл болно. Давуу эрх гэдэг нь эрх үүргийн хуваарилалтын тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл давуу эрх гэдэг нь эрх юм. Зам тавьж өгөх гэдэг нь үүрэг юм. Тухайн тохиолдолд давуу эрхтэй жолооч тормоз гишгэхгүйгээр, чиглэлийг өөрчлөхгүйгээр уулзварт орох эрхийн үүднээс тормоз гишгэх шаардлага байхгүй. Шүүгдэгчийн автомашин тухайн уулзварт 90 хувь нь орсон байсан гэсэн асуудал яригдаж байна. Хавтаст хэрэгтэй танилцсан хүний хувьд үүн дээр ямар үнэлэлт дүгнэлт өгөхөд хоёр автомашин харьцангуй хөдөлгөөнтэй байсан. Тухайн ослын хувьд автомашины хаашаа мөргөсөн байгаа эсэх нь хамаарахгүй. Манай жолооч нар үйлдэлээ хийгээд дуусч байсан гэдгээр ойлгодог. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар заалтад зааснаар давуу эрх гэдгээр ярих ёстой. Портер маркийн автомашин тухайн заалтыг зөрчөөд уулзварт орлоо гэхэд мотоциклийн жолооч үүнийг харсан бол зогсоох үүрэгтэй. Тухайн нөхцөлд боломж бололцоо, орон зайны асуудал яригдана. Өөрөөр хэлбэл математик хамаарал нь бүрэн зогсолтын замтай квадрат хамааралтай байдаг. 50 километр цагийн хурдтай явж байгаа автомашин ойролцоогоор 25 метрт яваад бүрэн зогсдог. 60 километр цагийн хурдтай явсан автомашин 36 метрт бүрэн зогсдог. Жолооч саадыг анх хараад тормозын гишгүүр дээр хөлөө тавилаа, тухайн автомашины боломж хэр байна, тормозлоход зам дээр мөр үүсээд тормозийн мөр хэр байна гэдэг нь бүрэн зогсолт юм. Цаг хугацаа орон зайны боломж үүсээгүй байх магадлалтай. Ослын үед зөвхөн тормозын мөр үүсдэг үү гэхэд үгүй юм. Эй би эс буюу зам дээр дугуйг чирдэггүй тормозын системтэй автомашин байдаг, тухай автомашин  нь зам дээр тормозын мөр үүсгэдэггүй. Энэ тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүй гэж үзэж болохоор харагддаг. Гэтэл уг систем нь онхолдохгүй байх систем ба дугуйн мөр үлдэхгүй байх систем юм. Мотоцикльд тухайн системтэй байсан эсэхийг мэдэхгүй. Оношилгооны байгууллага тодорхойлно. Хуучин орос автомашины хурдыг тогтоодог байсан. Эй би эс тормозийн системтэй автомашины хурдыг бодож болохгүй болсон...” гэх мэдүүлэг,

          Зам тээврийн осол, хэргийн газарт 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Доржийн гудамж “Асайт” худалдааны төвийн баруун урд уулзварт, асфальтан шулуун тэгш хуурай, зохицуулагддагүй уулзвар дээр, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун,  сөрөг хөдөлгөөнтэй, 6 эгнээтэй, тусгаарлах зурвасгүй, хашлагатай, хайсгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх.1.2-8/,

          Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнх-Ирээдүйн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 8 цагийн үед би Ямаха-Ковасаки-200 маркийн 15-11 ТӨЗ дугаартай мотоциклоо унаад Цайз-16-аас Их засаг их сургууль орохоор явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг Асайт худалдааны төвийн урд талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 1-р эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байгаад Асайт худалдааны төвийн баруун урд талын уулзвар луу ортол эсрэг урсгалаас цэнхэр өнгиин Портер маркийн машин ирж байсан, гэнэт миний урдуур зүүн гар тийш огцом эргэнгүүт нь би тормозоо гишгээд тэр машины ачааны хэсэг рүү мөргөөд би ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь гэмтэлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Намайг уулзвар луу орох үед Портер маркийн машин эсрэг урсгалаар миний өөдөөс ирж байсан, тэгээд уулзвар орсон хойно миний урдуур тэр машин зүүн гар тийш эргэсэн. Би тэр машиныг миний өөдөөс ирж явахыг нь хараад надад зам тавьж өгөх байх гэж санаад чигээрээ явтал тэр машин гэнэт миний өмнүүр зүүн гар тийш эргэсэн. Би толгой, аарцаг, дотор эрхтэн гэмтсэн баигаа. Би эрүүл мэнд, эд материалаараа хохирсон болохоор маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.1.16-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэхүүгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... машиныг манай жолооч Б барьж явсан, харин би нэг хүний хамт жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин Асайт худалдааны төвийн баруун талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа 3-р эгнээгээр явж байгаад Асайт худалдааны төвийн баруун талын уулзвараар зүүн гар тийш хойшоо эргэж байтал баруун гар талаас цэнхэр өнгиин мотоцикль хурдтай ирээд манай машины баруун хойд талыг мөргөж зам дээр унасан. Тэгэнгүүт манай жолооч машинаа зогсоогоод бид хэд машинаасаа гараад хартал мотоцикль замын голд уначихсан харагдаж байсан, харин хүн нь манай машины хойд талд зам дээр хэвтэж байсан. Манай машиныг уулзвараар зүүн гар тийш эргэх гэж байхад эхлээд баруун гар талаас нэг машин ирж байсан, манай машиныг хараад зогссон, тэгэнгүүт манай машин нэг зогсоод хөдлөөд уулзвар луу ороод уулзвараа нэвтэрч дуусах гэж байхад мотоцикль баруун гар талаас хурдтай орж ирсэн” гэх мэдүүлэг /хх.1.60/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4423 дугаартай:

          “1. Ч.Мөнх-Ирээдүйн биед цээжний зүүн хөндийд хий, зүүн уушгины дээд дэлбэнгиин няцрал, хэвлийн хөндийд шингэн /Дугласын хөндийд/, зүүн талын сүүжний дэлбээ ясны урд хэсэгт олон ясны хэлтэрхий бүхий зөрүүтэй ил хугарал, уг хугарлаас зүүн талын ууц сүүжний үе рүү орсон зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хөмсөгт, зүүн өвдөгт шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх.1.63/,

          “Ашид билгүүн” ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайланд: “Мотоцикль Ямаха маркийн 15-11 ТӨЗ дугаартай мотоцикльд 490.000 төгрөгийн шууд, 690.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хх.1.107-108/,

          Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19/04051 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.1.116-119/,

          Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны 278 дугаартай:

          “1. Х.Портер маркийн 66-82 УБЗ дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдолоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2. Ямаха маркийн 15-11 ТӨЗ дугаартай мотоциклийг жолоодон явсан Ч.Мөнх-Ирээдүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэж заасныг зөрчсөн боловч зам тээвриин осол гарахад нөлөөлөхгүй байна.

          3. Зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт /хх.1.123-124/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Оргил-Эрдэнийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... Одоо сар өдрийг санахгүй байна, өглөө 8-9 цагийн орчимд байсан би БЗД-ийн нутаг 5-р хороо Асайт худалдааны төвийн урд талд ТҮЦ-нд сууж байсан, би урагшаагаа машин зам руугаа хараад сууж байхад нэг мотоцикл ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ манай ТҮЦ-ний урдуур хурдтай өнгөрөөд явахаар нь би энэ мотоцикль ямар хурдтай явж байна гэж бодох үед баруун талд түс хийх чимээ гарахаар нь ТҮЦ-нээсээ гараад харахад мотоцикльтой хүүхэд уначихсан малгай буюу каск нь машин зам дээр өнхөрч байсан. Би тэгээд унасан хүүхэд дээр явж очоод 103 луу утсаараа дуудлага өгсөн. Зам дээр унасан хүүхэд хажуу тийшээгээ харсан байдалтай хэвтэж байсан, толгойноос нь цус гараад байхаар нь 103-аас “энэ хүүхдийн толгойноос нь цус гараад байна би яах вэ” гэж асуухад “цус гарч байгаа талын эсрэг тал руу эргүүлээд харуулж хэвтүүл” гэж хэлсэн. Тэр үед нөгөө хүүхэд өөрөө дээшээ хараад хэвтсэн. Мотоциклийн жолооч хүүхэд ухаан нь самуурсан байдалтай байсан, мотоцикльтой мөргөлдсөн Х.Портер маркийн автомашины жолооч гэх махлаг намхан залуу ослын газарт ирчихсэн байсан. Би Х.Портер маркийн автомашины хурдыг мэдээгүй, хараагүй, мотоциклийг тухайн үед хурдтай явж байна гэж бодсон, гэхдээ мотоцикль өөрөө их дуу чимээтэй байдаг учраас хурдтай явж байна гэж бодсон. Мотоцикль хэр хурдтай явсаныг хэлж мэдэхгүй байна, би яг осол хэргийг хараагүй, ослын дараа л ТҮЦ-нээсээ гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх.1.205/,

          Техникийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай: “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг, бусад нотлох баримтууд дээр үндэслэхэд Х.Портер маркийн 66-82 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Л.Б нь Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвийн урд замд 7.3 тэмдэглэл /үргэлжилсэн цагаан шугам/-ыг давж гарц руу орсон, ингэж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа мотоцикльд зам тавьж өгөлгүйгээр мөргөлдөж уг зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн байсан. Энэ нь зорчих хэсгийн тухайн хэсгээр нэвтрэх хөдөлгөөний дарааллын журам зөрчсөн үйлдэл байсан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,4 дэх хэсэгт 2 тээврийн хэрэгсэлийн жолоочийн хувьд “Зам тавьж өгөх замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжүүлэхгүй байх үйлдэл”, “Давуу эрх бусад хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх гэж эсрэг тэсрэгээр буюу эрх үүргийн хуваарилалттайгаар тодорхойлж өгсөн. Үүгээр зам тавьж өгөх үүрэгтэй тээврийн хэрэгсэлийн жолооч нь нөгөө тээврийн хэрэгсэлийн жолоочийн хурдыг сааруулахгүй /тоормос гишгүүлэхгүй/ чигийг өөрчлөхгүйгээр замын тухайн хэсгээр нэвтрүүлэхийг тодорхой заасан байна” гэх нэмэлт дүгнэлт /хх.1.208/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бгийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрчээр болон 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 3-р сарын 30-ны өдрийн 8 цаг 20 минутийн үед би Хьюндай-Портер маркийн 66-82 УБЗ улсын дугаартай автомашинаа жолоодоод Хүүхдийн 100-р дэлгүүрээс хажуу талаас барилгын материалын хог ачаад Цагаан давааны хогийн цэг орж буулгах гэж явж байсан. Тэгээд Асайт худалдааны төвийн баруун талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа 3-р эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явж байгаад Асайт худалдааны төвийн баруун талын уулзвараар зүүн гар тийш хойшоо эргэж байтал баруун гар талаас цэнхэр өнгийн мотоцикль хурдтай ирээд миний машины баруун хойд талыг мөргөж зам дээр унасан. Тэгэнгүүт би машинаа зогсоогоод машинаасаа гараад хартал мотоцикль замын голд уначихсан харагдаж байсан, харин хүн нь миний машины хойд талд зам дээр хэвтэж байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн. Эсрэг урсгалын замын 2-р эгнээгээр суудлын машин ойртон ирж байхаар нь би зүүн гар тийш эргэх дохиогоо өгөөд зогстол нөгөө машин бас миний машинд ойртож ирээд зогссон тэгэнгүүт нь би хөдөлтөл замын 1-р эгнээгээр мотоцикль орж ирээд миний машины баруун хойд талыг мөргөсөн. Би зүүн гар тийш эргэхээсээ өмнө зүүн гар тийш эргэх дохио өгсөн. Намайг зүүн гар тийш эргэж байхад эсрэг урсгалаас мотоцикль замын 2-р эгнээний зогсож байсан машины хойд талаар сүлжиж орж ирээд миний машиныг зүүн гар тийш эргэж байхыг харангуутаа газар унаад гулсаж орж ирээд миний машины баруун хойд талыг мөргөсөн. Замын 2-р эгнээнд нэг машин ойртон ирж байсан, харин 1-р эгнээгээр нилээн цаана нэг машин ирж байгаа харагдсан, тэр машины ард миний машиныг мөргөдөг цэнхэр өнгийн мотоцикль явж байгаа харагдсан. Миний өөрийн эзэмшилийн машин байгаа юм. Гэхдээ одоохондоо Хан-Агь ломбардaac би мөнгө аваад тэр ломбардын нэр дээр түр байгаа. Миний машинд 2 ачигч хамт явж байсан. Энэ ослоос болж миний машины баруун хойд крыло бага зэрэг эвдэрсэн байгаа. Осол болох үед миний явж байсан замд машины хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан, зам дээр ямар ч халтиргаа гулгаа байхгүй, цаг агаар тогтуун байсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.56-57, 1.133-134/,

          Хохирлын баримтууд /хх.1.23-49/,

          Үнэлгээ /хх.1.136/,

          Өвчтөний түүх /хх.1.69-107/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.149/,

          Жолоочийн лавлагаа /хх.1.151/,

          Даатгалын баримт /хх.1.160/,

          Шийтгэвэр /хх.1.182/,

          Эд мөрийн баримтаар хураасан тэмдэглэл /хх.1.201/,

          Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.204/,

          Шинээр гаргасан хохирлын баримтууд зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Л.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 26 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Асайт” худалдааны төвийн баруун талын уулзварт “Хан агьт” ХХК-ний эзэмшилийн Хьюндай Портер маркийн 66-82 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдолоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас Ямаха маркийн 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөн жолооч Ч.Мөнх-Ирээдүйн эрүүл мэндэд хүнд хохирол, Ямаха маркийн 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоцикльд нь 490,000 төгрөгийн шууд, 690,000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх.2-8/,

          Мрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнх-Ирээдүйн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “... Намайг уулзвар луу орох үед Портер маркийн машин эсрэг урсгалаар миний өөдөөс ирж байсан, тэгээд уулзвар орсон хойно миний урдуур тэр машин зүүн гар тийш эргэсэн... Би толгой, аарцаг, дотор эрхтэн гэмтсэн баигаа. Би эрүүл мэнд, эд материалаараа хохирсон болохоор маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх.1.16-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэхүүгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... машиныг манай жолооч Б барьж явсан... Тэгээд манай машин Асайт худалдааны төвийн баруун талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа 3-р эгнээгээр явж байгаад Асайт худалдааны төвийн баруун талын уулзвараар зүүн гар тийш хойшоо эргэж байтал баруун гар талаас цэнхэр өнгиин мотоцикль хурдтай ирээд манай машины баруун хойд талыг мөргөж зам дээр унасан...” гэх мэдүүлэг /хх.1.60/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4423 дугаартай “Ч.Мөнх-Ирээдүйн биед цээжний зүүн хөндийд хий, зүүн уушгины дээд дэлбэнгиин няцрал, хэвлийн хөндийд шингэн /Дугласын хөндийд/, зүүн талын сүүжний дэлбээ ясны урд хэсэгт олон ясны хэлтэрхий бүхий зөрүүтэй ил хугарал, уг хугарлаас зүүн талын ууц сүүжний үе рүү орсон зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хөмсөгт, зүүн өвдөгт шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо… амь насанд аюултай гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх.1.63/,

          “Ашид билгүүн” ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайланд: “Мотоцикль Ямаха маркийн 15-11 ТӨЗ дугаартай мотоцикльд 490.000 төгрөгийн шууд, 690.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хх.1.107-108/,

          Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19/04051 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.1.116-119/,

          Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны 278 дугаартай:

          “1. Х.Портер маркийн 66-82 УБЗ дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2. Ямаха маркийн 15-11 ТӨЗ дугаартай мотоциклийг жолоодон явсан Ч.Мөнх-Ирээдүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэж заасныг зөрчсөн боловч зам тээвриин осол гарахад нөлөөлөхгүй байна…” гэх дүгнэлт /хх.1.123-124/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Оргил-Эрдэнийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... баруун талд түс хийх чимээ гарахаар нь ТҮЦ-нээсээ гараад харахад мотоцикльтой хүүхэд уначихсан, малгай буюу каск нь машин зам дээр өнхөрч байсан... Би Х.Портер маркийн автомашины хурдыг мэдээгүй, хараагүй, мотоциклийг тухайн үед хурдтай явж байна гэж бодсон, гэхдээ мотоцикль өөрөө их дуу чимээтэй байдаг учраас хурдтай явж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх.1.205/,

          Техникийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай: “Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг, бусад нотлох баримтууд дээр үндэслэхэд Х.Портер маркийн 66- 82 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Л.Б нь Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвийн урд замд 7.3 тэмдэглэл /үргэлжилсэн цагаан шугам/-ыг давж гарц руу орсон, ингэж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа мотоцикльд зам тавьж өгөлгүйгээр мөргөлдөж уг зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн байсан. Энэ нь зорчих хэсгийн тухайн хэсгээр нэвтрэх хөдөлгөөний дарааллын журам зөрчсөн үйлдэл байсан...” гэх нэмэлт дүгнэлт /хх.1.208/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бгийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрчээр болон 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Эсрэг урсгалын замын 2-р эгнээгээр суудлын машин ойртон ирж байхаар нь би зүүн гар тийш эргэх дохиогоо өгөөд зогстол нөгөө машин бас миний машинд ойртож ирээд зогссон тэгэнгүүт нь би хөдөлтөл замын 1-р эгнээгээр мотоцикль орж ирээд миний машины баруун хойд талыг мөргөсөн. Би зүүн гар тийш эргэхээсээ өмнө зүүн гар тийш эргэх дохио өгсөн. Намайг зүүн гар тийш эргэж байхад эсрэг урсгалаас мотоцикль замын 2-р эгнээний зогсож байсан машины хойд талаар сүлжиж орж ирээд миний машиныг зүүн гар тийш эргэж байхыг харангуутаа газар унаад гулсаж орж ирээд миний машины баруун хойд талыг мөргөсөн...” гэх мэдүүлгүүд /хх.1.56-57, 1.133-134/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Мөнх-Ирээдүйн өгсөн: “... Би 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8 цагийн үед урьдын адил хичээлдээ “Асайт” худалдааны төвийн зүүнээс баруун тийшээ нэг дүгээр эгнээгээр явж байсан. Миний хажууд нэг автомашин явж байсан. Өдөөс ирэх урсгалаас Портер маркийн автомашин ирж байгаа харагдсан. Би Замын хөдөлгөөний дүрмийн дагуу Портер маркийн автомашин надад зам тавьж өгөх ёстой гэж бодоод уулзвар луу шууд орсон. Гэтэл цэнхэр өнгийн Портер маркийн автомашин урдуур орж ирээд мөргөлдөж би эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээч В.Балжиннямын өгсөн “... Портер маркийн автомашины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 7.3 дугаар заалт буюу үргэлжилсэн цагаан шугамыг давж эргэсэн... Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дугаар зүйлд заасныг зөрчсөн байсан... Тухайн дүрэмд тодорхой давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, давуу эрхтэй автомашины хурд болон чиглэлийг өөрчлөхгүй, хөдөлгөөнд нөлөөлөхгүй, хөдөлгөөнд оролцохгүй байх гэж зааж өгсөн. Портер маркийн автомашины баруун хойд хэсэгт мөргөсөн гэсэн асуудал яригдаж байна. Хоёр автомашин хоёулаа харьцангуй хөдөлгөөнтэй байсан. Хэрвээ зогсож байсан бол араас мөргөсөн асуудал яригдана. Харьцангуй хөдөлгөөнтэй байсан тээврийн хэрэгсэлийн хувьд давуу эрх, зам тавьж өгөх ойлголт яригдана. Портер автомашин нь 4 гаран метрийн урттай. Үйлдэлээ хийж дуусаж байна гэдэг нь хашлаганаас нөгөө талд буюу өөрөөр хэлбэл зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн байх ёстойг үйлдэлээ хийгээд дууссан гэж үзнэ. Зам тавьж өгөөгүй нь үйлдэлээ хийж дуусаагүй байна гэж үзнэ. Тухайн үед хоёр автомашин харьцангүй хөдөлгөөнтэй байсан. Портер маркийн автомашин зогсож байсан бол уулзварт орсон гэж үзнэ. Давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр замыг чөлөөлөх ёстой. Тухайн автомашины кабин хэсэг урагшаагаа орсон байхад төгсөөгүй байсан гэж үзнэ... Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дугаар зүйлд заасныг Портер маркийн автомашин зөрчсөн. Манай дүрэм бусдад эргэлзээтэй дүрэм хийсэн талаар судалж, дүрмийн харьцуулалт хийсэн талаараа тайлбарласан... Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлд дүрмээр хориглосон заалт байхгүй. Мотоциклийн тормозийн систем хэвийн ажиллаж байсан. Шүүхийн шинжилгээний байгууллага, автотээврийн техникийн талын үзлэг оношилгоо хийдэг газарт гаргуулж болно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мэргэжлийн газраас дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн... Хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлд заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Тухайн уулзварт хэн түрүүлж нэвтрэх асуудал яригдаж байна... Давуу эрх гэдэг нь эрх үүргийн хуваарилалтын тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл давуу эрх гэдэг нь эрх юм. Зам тавьж өгөх гэдэг нь үүрэг юм. Тухайн тохиолдолд давуу эрхтэй жолооч тормоз гишгэхгүйгээр, чиглэлийг өөрчлөхгүйгээр уулзварт орох эрхийн үүднээс тормоз гишгэх шаардлага байхгүй. Шүүгдэгчийн автомашин тухайн уулзварт 90 хувь нь орсон байсан гэсэн асуудал яригдаж байна... Тухайн ослын хувьд автомашины хаашаа мөргөсөн байгаа эсэхэд хамаарахгүй. Манай жолооч нар үйлдэлээ хийгээд дуусч байсан гэдгээр ойлгодог. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар заалтад зааснаар давуу эрх гэдгээр ярих ёстой. Портер маркийн автомашин тухайн заалтыг зөрчөөд уулзварт орлоо гэхэд мотоциклийн жолооч үүнийг харсан бол зогсоох үүрэгтэй. Тухайн нөхцөлд боломж бололцоо, орон зайны асуудал яригдана. Өөрөөр хэлбэл математик хамаарал нь бүрэн зогсолтын замтай квадрат хамааралтай байдаг. 50 километр цагийн хурдтай явж байгаа автомашин ойролцоогоор 25 метрт яваад бүрэн зогсдог. 60 километр цагийн хурдтай явсан автомашин 36 метрт бүрэн зогсдог. Жолооч саадыг анх хараад тормозын гишгүүр дээр хөлөө тавилаа, тухайн автомашины боломж хэр байна, тормозлоход зам дээр мөр үүсээд тормозын мөр хэр байна гэдэг нь бүрэн зогсолт юм. Цаг хугацаа орон зайны боломж үүсээгүй байх магадлалтай. Ослын үед зөвхөн тормозын мөр үүсдэг үү гэхэд үгүй юм. Эй би эс буюу зам дээр дугуйг чирдэггүй тормозийн системтэй автомашин байдаг, тухайн автомашин  нь зам дээр тормозын мөр үүсгэдэггүй. Энэ тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүй гэж үзэж болохоор харагддаг. Гэтэл уг систем нь онхолдохгүй байх систем ба дугуйн мөр үлдэхгүй байх систем юм... Хуучин орос автомашины хурдыг тогтоодог байсан. Эй би эс тормозийн системтэй автомашины хурдыг бодож болохгүй болсон...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бгийн өгсөн: “... Тухайн өдөр надад хоёрдугаар эгнээний автомашин зам тавьж өгч, би зүүн тийшээ эргэсэн... Гэтэл хохирогч мотоцикльтойгоо дайвалзаж гарч ирээд миний автомашины ачааны ар хэсгийг мөргөсөн байх...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Иймд Л.Бд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй, эсхүл эргэлзээтэй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Л.Бг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хохирогч Ц.Мөнх-Ирээдүй жолоодож явсан мотоциклоо зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн газрын СД бичлэгийг ашиглан тээврийн хэрэгсэлийн хурдыг тогтоох боломжтой эсэхийг тодруулах, машинд Л.Б, Д.Эрдэнэхүү нарын хамт явсан хүнээс гэрчийн мэдүүлэг авах, хэргийн газарт ослын талаар туршилт хийлгэх” зэрэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

          Харин шүүгдэгч Л.Бгийн шүүхэд гаргасан хүсэлтэд “Камерийн бичлэгийг мөрдөгчид өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй байна...” гэх боловч Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын албан бичиг/хх.140/-т “Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын телекамер Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Асайт худалдааны төвийн баруун талын замд байрлуулаагүй тул 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 26 минутын орчимд 66-82 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн ослын холбогдолтой мэдээлэл байхгүй болно” гэжээ.

          Л.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Ч.Мөнх-Ирээдүй нь эмчилгээний зардал 2.347.090 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 743.630 төгрөг, бусад зардал 194.000 төгрөг, суга таяг болон эхо шинжилгээний үнэ 207.500 төгрөг, журмын хашааны төлбөр 95.000 төгрөг, мотоцикль ачилтын хөлс 90.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн төлбөр 8.000 төгрөг, унааны зардал 1.083.051 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1.500.000 төгрөг, мотоциклийн хохирол 690.000 төгрөг, нийт 6.948.271 төгрөг нэхэмжилсэн боловч өмгөөлөгчийн төлбөр 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Улаанбаатар, Эрдэнэт хотын хооронд хүргүүлсэн унааны зардал 650.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 4.798.271 төгрөгийг шүүгдэгч Л.Бгаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

          Мөн хохирогч Ч.Мөнх-Ирээдүй нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Л.Бгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгаагүй учир, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, мөн хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 212974 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Л овогт Лийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Л.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Л.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Хэрэгт хураагдаж ирүүлсэн В ангиллын жолоочийн 212974 дугаартай үнэмлэхийг Л.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бгаас 4.798.271 төгрөг гаргуулж хохирогч Ч.Мөнх-Ирээдүйд олгосугай.

          9. Хохирогч Ч.Мөнх-Ирээдүй нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Л.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                                                   С.ӨСӨХБАЯР