Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 462

 

105/2019/0317/Э

 

 

 

 

 

 2019           5             16                                             2019/ДШМ/462                                                        

Л.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Л.Б- гийн өмгөөлөгч Л.Баярсайхан, Д.Намсрайжав,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б- гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1803002880191 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л овгийн Л-ийн Б- , .............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

 

Л.Б-  нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 26 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Асайт” худалдааны төвийн баруун талын замын уулзварт “Хан агьт” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн 66-82 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас иргэн Ч.Мөнх-Ирээдүйн жолоодож явсан “Ямаха” загварын 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Ч.Мөнх-Ирээдүйн эрүүл мэндэд хүнд хохирол, “Ямаха” загварын 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоциклд 490,000 төгрөгийн шууд хохирол, нийт 690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Л.Б- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Б- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Б- гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээж, хэрэгт хураагдаж ирүүлсэн В ангиллын жолоочийн 212974 дугаартай үнэмлэхийг Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б- гаас 4,798,271 төгрөг гаргуулан хохирогч Ч.Мөнх-Ирээдүйд олгож, хохирогч Ч.Мөнх-Ирээдүй нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Л.Б- гаас жич нэхэмжлэх эрхтэйг дарьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Б-  давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн буруугаас Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний эрүүл мэндэд, эд хөрөнгөнд хохирол учруулсандаа гүнээ гэмшиж, өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, хохирол төлбөрөө төлж барагдуулсан ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна.

Миний бие хувиараа автомашинаар ачаа зөөж орлого олж, ар гэр, ээжийгээ тэжээн тэтгэж байсан ганц хүн нь байсан. Би өндөр настай ээж, эхнэр, 4 нас, 2 настай хоёр хүүхдээ сэтгэл санааны хямралд оруулж, гэр бүл минь өрхийн орлогогүй, байрны түрээсийн төлбөр төлж чадахгүй болж, өөрийн амьдрал ахуйгаа туйлын хүнд байдалд оруулсандаа маш ихээр харамсаж байна.

Би Цагдан хорих 0461 дүгээр ангид хоригдож байх 22 хоногийн хугацаанд өөрийн буруутай үйлдлээ тунгаан бодож, иргэнийхээ хувьд зайлшгүй мэдэх, дагаж мөрдөж явах, хууль дүрмээ мэдэхгүй, биелүүлэхгүй явсандаа өөртөө л гомдож байна.

Ч.Мөнх-Ирээдүйн бие болон эд хөрөнгөнд хохирол учруулсандаа маш их харамсаж, уучлалт гуйж байна. Иймд надад хоёр дахь удаагаа алдах боломж гэж байхгүй гэдгийг маш сайн ойлгож, дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй амьдарч чадна. Надад итгэж оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Л.Б- гийн өмгөөлөгч Д.Намсрайжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б-  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Өмгөөлөгч нарын хувьд ч маргах зүйл байхгүй. Л.Б-  нь эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Ээж нь тэтгэвэрт, эхнэр нь ажилгүй, өрхийн орлогогүй, Л.Б- гаас өөр орлоготой хүн байхгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дараа “Ард” даатгалаас хохирлыг бүрэн барагдуулсан.

Хохирогч Ч.Мөнх-Ирээдүйгийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан “...хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн хүсэлтийг гарган өгч байна.

Л.Б-  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг төлж барагдуулаагүй гэсэн үндэслэл нь шүүхэд гэм буруугийн асуудал байгаагүй гэж хэлж болно. Учир нь, Л.Б-  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Б- гийн өмгөөлөгч Л.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б- гийн хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед маргаантай байсан боловч гэм буруу нь тогтоогдож, хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсний баталгаа нь хавтас хэргийн 160 дугаар талд “Ард” даатгалтай жолоочийн хариуцлагын гэрээ авагдсан. Тухайн даатгал нь хэрэг учрал болсон өдөр “шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол манай байгууллага нөхөн төлбөр гаргахад татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа нөхөн төлбөр хийгдэж, хохирол бүрэн барагдсан. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгдэгч Л.Б- гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирлоо төлсөн тохиолдолд тэнсэж, үүрэг хүлээлгэх хуулийн заалттай тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн байгаа нь хуулийн заалттай нийцэхгүй, боломжгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Л.Б-  нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 26 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Асайт” худалдааны төвийн баруун талын замын уулзварт “Хан агьт” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Портер маркийн 66-82 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас иргэн Ч.Мөнх-Ирээдүйн жолоодож явсан “Ямаха” загварын 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Ч.Мөнх-Ирээдүйн эрүүл мэндэд хүнд хохирол, “Ямаха” загварын 15-11 ТӨЗ улсын дугаартай мотоциклд 490,000 төгрөгийн шууд хохирол, нийт 690,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ч.Мөнх-Ирээдүйгийн “...Намайг уулзвар руу орох үед Портер загварын автомашин эсрэг урсгалаар миний өөдөөс ирж байсан. Тэгээд уулзвар орсон хойно миний урдуур тэр машин зүүн гар тийш эргэсэн. ...Миний толгой, аарцаг, дотор эрхтэн гэмтсэн. Би эрүүл мэнд, эд материалаараа хохирсон. ...” /1 хх 16-19/,

гэрч Д.Эрдэнэхүүгийн “...Машиныг манай жолооч Б-  барьж явсан. ... Тэгээд манай машин “Асайт” худалдааны төвийн баруун талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа 3 дугаар эгнээгээр явж байгаад “Асайт” худалдааны төвийн баруун талын уулзвараар зүүн гар тийш хойшоо эргэж байтал баруун гар талаас цэнхэр өнгийн мотоцикл хурдтай ирээд манай машины баруун хойд талыг мөргөж зам дээр унасан. ...” /1 хх 60/,

гэрч Л.Оргил-Эрдэнийн “...Баруун талд түс хийх чимээ гарахаар нь ТҮЦ-нээсээ гараад харахад мотоциклтой хүүхэд уначихсан, малгай буюу каск нь машин зам дээр өнхөрч байсан. ...” /1 хх 205/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4423 дугаартай “...Ч.Мөнх-Ирээдүйн биед цээжний зүүн хөндийд хий, зүүн уушгины дээд дэлбэнгиин няцрал, хэвлийн хөндийд шингэн /Дугласын хөндийд/, зүүн талын сүүжний дэлбээ ясны урд хэсэгт олон ясны хэлтэрхий бүхий зөрүүтэй ил хугарал, уг хугарлаас зүүн талын ууц сүүжний үе рүү орсон зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хөмсөгт, зүүн өвдөгт шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 63/,

 

Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны 278 дугаартай “...Портер загварын 66-82 УБЗ дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Б-  нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... ” гэх дүгнэлт /1 хх 123-124/,

Техникийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай “...Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг, бусад нотлох баримтууд дээр үндэслэхэд Портер загварын 66-82 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Л.Б-  нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд замд 7.3 тэмдэглэл /үргэлжилсэн цагаан шугам/-ыг давж гарц руу орсон, ингэж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа мотоциклд зам тавьж өгөлгүйгээр мөргөлдөж, уг зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн байсан. Энэ нь зорчих хэсгийн тухайн хэсгээр нэвтрэх хөдөлгөөний дарааллын журам зөрчсөн үйлдэл байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 1, 4 дэх хэсэгт 2 тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд “Зам тавьж өгөх замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл”, “Давуу эрх бусад хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх гэж эсрэг тэсрэгээр буюу эрх үүргийн хуваарилалттайгаар тодорхойлж өгсөн. Үүгээр зам тавьж өгөх үүрэгтэй тээврийн хэрэгслийн жолооч нь нөгөө тээврийн хэрэгслийн жолоочийн хурдыг сааруулахгүй /тоормос гишгүүлэхгүй/ чигийг өөрчлөхгүйгээр замын тухайн хэсгээр нэвтрүүлэхийг тодорхой заасан байна. ...” /1 хх 208/ гэх нэмэлт дүгнэлт,

“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний “...“Ямаха” загварын 15-11 ТӨЗ дугаартай мотоциклд 490,000 төгрөгийн шууд, 690,000 төгрөгийн нийт хохирол учирсан. ...” гэх тайлан /1 хх 107-108/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Л.Б- г “...Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Л.Б- гийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Шүүгдэгч Л.Б-  “...оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Л.Б- гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч Ч.Мөнх-Ирээдүйд нөхөн төлсөн байдлыг болон хохирогч Ч.Мөнх-Ирээдүйгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Б-  надаас уучлалт гуйж, хохирлыг барагдуулсан, одоо миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б- д оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг харгалзан үзэж, Л.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Л.Б- гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр Л.Б- г 2 жил /хоёр/-ийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,  

“...Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг Л.Б-д мэдэгдсүгэй. ...” гэсэн,

“...Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тэнссэн үеэс  эхлэн тоолсугай... гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

4. Л.Б-  нь 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад заасан 4,798,271 төгрөгийг хохирогч Ч.Мөнх-Ирээдүйд төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Л.Б- г нэн даруй суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ