Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 152/2016/00478/И |
Дугаар | 001/ХТ2017/01045 |
Огноо | 2017-09-28 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2017/01045
Б.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарыннарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 314 дүгээр шийдвэр,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар магадлалтай,
Б.Э-ын нэхэмжлэлтэй,
С.Н-т холбогдох,
Хохиролд 48.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 6 дугаар сарын үед Зар мэдээ сониноос газар зарна гэсэн зар олж хараад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдал зуслан явдаг замын дэргэд Бор толгойн зүүн талд очиход кадастрын ажилтан С.Н- гэх залуу хэмжилт хийгээд зогсож байсан. Тэрээр надад 2-3 хямд газар байна гэхээр нь хамт явж үзээд нэг газар товлож авахаар болж, урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн. Гэрчилгээ чинь удахгүй гарна гээд дахин мөнгө нэхэж 3.000.000 төгрөг авсан. Ингээд өвлийн хүйтэнд 10 гаруй шланз машин хөлсөлж угсармал 3 давхар барилгынхаа хавтанг газар дээр нь буулгасан. Бид бетонон суурьтай квадрат төмөр хашаа, эрчим хүч татах, 3 давхар барилгын суурь цутгалт, арматурын ажлыг бүгдийг нь хийж, ажил явагдаж байсан. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын эхээр гэнэт “Арвайн үндэс” ХХК-ийн захирал О.Оргил гэдэг залуу ирж та нар яагаад манай газар дээр байшин сав барьж байна гэсэн. С.Н- руу ярихад өөрийн эзэмшлийн газар биш болохоо хүлээн зөвшөөрч учирсан бүх зардлыг хариуцаж төлнө гэсэн. Би гарсан бүх зардлаа үнэлгээний компаниар хийлгэж, С.Н-тай ярихад 70.000.000 төгрөг надад төлөхөөр тохиролцож 30.000.000 төгрөгийн төлбөрт машин, газар зэргийг өгсөн, одоо 40.000.000 төгрөг төлөх дутуу байгаа. Намайг АНУ-ын Вашингтон ДС хотоос 2 удаа дуудуулсан замын зардал 8.000.000 төгрөг нийт 48.000.000 төгрөгийг С.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Н- шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани геодези зураг зүйн үйлчилгээ үзүүлдэг. 2013 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд зуслангийн газар дээр хэмжилт хийгээд буцаж явтал Б.Эрдэнэ-Отгон гэдэг хүн өөрийгөө танилцуулаад боломжийн газар байна уу гэхээр нь өргөдөл өгсөн газар байгаа гэхэд бичиг баримт нь гарахаар ахдаа хэлээрэй гэсэн. Би Б.Эрдэнэ-Отгоноос мөнгөний хэрэг гараад 2.000.000 төгрөг зээлсэн. Надаас нөгөө бичиг баримт нь гарсан уу гэж шаардаад хашаа баримаар байна гэхэд болохгүй, бичиг баримт нь гараагүй гэдгээ удаа дараа сануулж хэлсэн. Гэтэл “Арвайн Үндэс” ХХК-ийн захирал О.Оргил гэх хүн над руу яриад миний газар дээр хашаа барьсан байна чамайг мэднэ гэсэн учрыг нь олж өг гэсэн. Б.Эрдэнэ-Отгон миний хохирлыг барагдуулж өг гэж сүрдүүлсээр байгаад 55.000.000 төгрөг төл гэж бичиг хийлгэж авсан ба 2015 оны 5 дугаар сард Увсад ирж ах нь нөгөө газрыг чинь 25.000.000 төгрөгөөр зарсан, үлдэгдэл хохирлыг барагдуулж өг гэж нэхсээр байгаад надаас 10.000.000 төгрөг, миний унаж байсан Ниссан санни маркийн автомашиныг 5.000.000 төгрөгт бодож, үлдсэн 15.000.000 төгрөгтөө угсармал байшингаа зарж авна гээд одоо ямар нэгэн гомдолгүй гэж бичиг хийж нотариатаар батлуулж өгөөд явсан. 2015 оны 6 дугаар сард намайг хотод очиход 4 хүнтэй нийлж дарамтлан 40.000.000 төгрөг төл гэж бичиг хийлгэж авсан. Нэхэмжлэгч Б.Э- гэх хүнийг сайн танихгүй, анх хэмжилт хийлгэж явахдаа Б.Эрдэнэ-Отгон манай ах америкт байдаг, бид 2 хамт зуслангийн байшин барих гэж байна гэж хэлж байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 314 дүгээр шийдвэрээр:Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6-д заасныг баримтлан хариуцагч С.Н-т холбогдох 48.000.000 /дөчин найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.950 /гурван зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар магадлалаар:Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 397.950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн 314 дугаартай Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 16 дугаартай Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Хариуцагч С.Н- нь Б.Э-т уг газрыг өгөх талаар хэлцэл хийхдээ 4 айлын газар хүссэн өргөдөл өгсөн байгаа, газар эзэмших тухай зөвшөөрөл гарч ирнэ, тэгэхээр таны нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн байдаг. С.Н- газар эзэмших зөвшөөрлөө хуульд заасны дагуу зохих газар өгсөн ба өөр хүмүүсийн нэр дээр гэрчилгээ гарч байгаа асуудал яригдсан учраас тухайн газрыг худалдах-худалдан авахаар тохирсон байсныг анхан шатны шүүх анхаарч ач холбогдол өгөхгүйгээр шууд Газрын тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.Ингээд С. Нямжавын хэлснээр нэхэмжлэгч тухайн газар дээрээ хашаа барьж 3 давхар байшингийн суурь цутгасан. С.Н- тухайн газар дээр хашаа байшингаа барь гэж шаардсан учраас Б.Э- түүний заавраар ажилласнаас маш их хэмжээний хөрөнгийн алдагдалд орсон байхад давж заалдах шатны шүүх талуудын хооронд ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй боловч талуудын хооронд амаар байгуулагдсан гэх хэлцэл нь хууль зөрчин хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э- хариуцагч С. Нямжав нарын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Б.Э-т 30.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар тодорхой хэмжээний хохирлыг барагдуулан өөрийн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй.Анхан шатны шүүхээс энэ хэрэг дээр хоёр өөр шийдвэр гарсан нь эргэлзээ бүхий байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 314 дугаартай шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 10-ны өдрийн 16 дугаартай магадлал нь тус тус хууль зүйн үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... С.Н-аас 2013 оны 6 дугаар сард газар худалдан авч, урьдчилгаанд 5.000.000 төгрөг өгсөн, ...уг газар дээр 3 давхар барилга барихаар барилгын суурь цутгаж, 1 давхрыг барьсан, хашаа хатгаж, цахилгааны шугам татаж 99.555.000 төгрөгийн зардал гаргасан, гэтэл уг газар бусдын эзэмшлийнх байсан тул учирсан хохирол 48.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Эрдэнэ-Отгон боломжийн газар байна уу гэхэд бичиг баримт гараагүй газар байгаа гэж хэлсэн, удаа дараа утастаад хашаа баримаар байна гэхэд болохгүй гэж хэлж байсан, ...мөнгөний хэрэгцээ гараад 2.000.000 төгрөг зээлж авсан, ...дарамталж байгаад амлалт, баталгаа гэх бичиг хийлгэн авч, улмаар 30.000.000 төгрөг төлүүлсэн, нэхэмжлэгч Эрдэнэбаатар гэх хүнийг огт танихгүй...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь тухайн газрыг хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байхгүй болохыг мэдэж байсан атлаа эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад уг газар дээр хашаа барьж, цахилгааны шугам татаж, барилгын суурь цутгаж зардал гаргажээ.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэдэг ба хариуцагч С.Н- нь нэхэмжлэгчид худалдсан гэх газрыг эзэмших, өмчлөх эрхгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүх, нэхэмжлэгч нь тухайн газрыг хариуцагчийн хууль ёсны эзэмшил, өмчлөлд байхгүй болохыг мэдсээр байж албан ёсны зөвшөөрөлгүй байхад уг газар дээр барилгын суурь цутгаж, хөрөнгө зарцуулсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Нэхэмжлэгчийн шаардлага хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой хэдий ч уг хэлцлээс учирсан хохирлын агуулгагүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна. Тодруулбал, газар худалдах-худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь нэгэнт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч бусдын газар дээр барилга барихаар гаргасан зардлаа хариуцагчаас гаргуулах шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын агуулгаас үзвэл үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн ойлголт нь үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болдог.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д “эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна” гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас газар худалдан авч байгаа гэж бодож байсан боловч тэрээр уг газрын эзэмших, өмчлөх эрх түүний нэр дээр шилжээгүй болохыг мэдсээр байж, тухайн газар дээр барилгын суурь цутгаж зардал гаргасан байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дах зохицуулалтын хоёр дахь нөхцлөөр зардал, хохирлоо нөхөн төлүүлэх журам үйлчлэхгүй.
Өөрөөр хэлбэл, барилга барих гэж буй газар өөрийнх нь эзэмшилд, өмчлөлд шилжээгүй байхад нэхэмжлэгч түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй тул хашаа хатгах, цахилгааны шугам татах, барилга барихад зарцуулсан зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй болно.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6-д...” гэснийг “...493 дугаар зүйлийн 493.5.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважавын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 397.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ