Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0463

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0463

Улаанбаатар хот

“Ж П Э” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Г, Ц.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0457 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ж П Э” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0457 дугаар шийдвэрээр: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааг хийж шийдвэрлэх хүртэл татварын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

      Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг бүрэн хийж гүйцэтгэсний эцэст шийтгэлийн хуудас үйлдсэн бөгөөд дахин хяналт шалгалт хийх шаардлагагүй юм.

Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийн хэрэг нээхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасантай нийцнэ гэж үзэж байна.

     Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацаа нийт 58 хоног байх бөгөөд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны хугацаатай ойролцоо байгаа нь татвар төлөгчийн хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангалттай олгосон үндэслэл болно.

   Анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй шүүх хуралдааныг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.

     Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.  

       Гомдол гаргагч “Ж П Э” ХХК-аас “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0302853 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан байх ба дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Ж П Э” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр торгох шийтгэл ногдуулжээ.

    Анхан шатны шүүх “...нотлох баримт цуглуулж, шалган нотлох шаардлагагүйгээр тогтоогдсон зөрчлийг эсхүл холбогдогч маргахгүйгээр зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийн хэрэг нээхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно. ...холбогдогч “Ж П Э” ХХК зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй маргаж байхад ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна” гэж дүгнэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй биш байна.

          Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэх ёстой бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д заасан гомдлоор үүсэх хэрэгт мөн адил хамаарна.

          Гэтэл анхан шатны шүүх татварын улсын байцаагч нар ямар тооцоо, санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн “Ж П Э” ХХК-ийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэж үзсэн талаарх баримтыг цуглуулж, зөрчлийн нөхцөл байдлыг сайтар тодруулалгүйгээр зөвхөн “...холбогдогч “Ж П Э” ХХК зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй маргаж байхад ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна” гэх дүгнэлт хийж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

          Зүй нь шүүх энэ төрлийн маргаанд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргийн дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй байхад ямар нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, тайланг үндэслэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй”, “...”Ж П Э” ХХК нь шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөөгүй, байгаа баримтууд нь шаардлага хангахгүй байсны улмаас Гаалийн төв лабораториос шалгалтад хамрагдаж байгаа онуудын экспортод гаргасан ашигт малтмалын “Гаалийн төв лабораторийн дүгнэлт”-ийг, Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн жилүүдийн “Уулын ажлын тайлан”-г, 2014-2016 оны санхүүгийн баримтыг “С С Э И” ХХК-аас гаргуулан...” гэх тайлбарууд болон Авлигатай тэмцэх газраас ямар баримт ирүүлсэн, уг баримтууд зөрчилд хамаарах эсэхтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж дүгнэлт өгөх нь хуульд нийцнэ.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                                                             Ц.САЙХАНТУЯА

                         ШҮҮГЧ                                                                             Д.БААТАРХҮҮ