Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ж ХХК /РД:*******/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б ,

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ж ХХК гомдлын шаардлагадаа: Тус компанийн үйл ажиллагааг шалгаад татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас бичсэн байна. Энэхүү ******* дугаартай шийтгэлийн хуудас бичихдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтыг баримтлан бичсэн байна. Энэ 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заагаад 2.3-т хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж заасан байх бөгөөд улсын байцаагчийн акт илт хууль бус байна.

Учир нь: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан бөгөөд энэ зүйлд гомдол мэдээллийг хүлээн аваад шалган шийдвэрлэх хугацааг 3 хоног гэж заасан байхад 2019 оны 1 дүгээр сарын 14-ний хяналт шалгалт хийх томилолт батлуулжээ. Өөрөөр хэлбэл 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн гэх шалгалт оруулсан гэсэн ******* дугаартай Татварын ерөнхий газрын дарга О.Т-н баталсан томилолтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь илт хууль бус юм.

Мөн дээрх томилотод 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоногийн дотор шалгалт хийх ёстой байтал 2019 оны 4 дүгээр сард шалгалт хийж Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, мөн 30.1.1-д .татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх гэсэн заалтыг зөрчиж хийсэн илт хууль бус үйл ажиллагаа болно.

Мөн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 ба 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж бичсэн байх бөгөөд 11.19 дүгээр зүйлийн 1-д Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор гэсэн заалт бөгөөд манайх татвар төлөхөөс зайлсхийх зорилготой санаатай хийсэн үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй болно. Мөн шийтгэлийн хуудсанд бичсэн 11.19 дүгээр зүйлийн 1.1 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, мөн 1.2 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэсэн заалтууд бөгөөд яг ямар үйл баримтад заасан зөрчил гаргасан болохыг тодорхой заагаагүй тул энэ шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх 2.4-т хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах эрхийг эдлүүлээгүй байх бөгөөд ямар тооцоог үндэслэн шийтгэл ногдуулсан талаар тайлбарлан өгөөгүй, түүнийгээ нотлон танилцуулаагүй байна.

Иймд татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаартай хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Уг шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримталсан. Тус хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 2.3 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл Татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан буюу гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор шалгаж шийдвэрлэх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.

Мөн тус хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээллийг хүлээн авсан даруйдаа прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Гэтэл одоог хүртэл прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй.

Энэхүү Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10/314 тоот албан бичгийн дагуу хэрэг бүртгэлийн ********** дугаартай хэрэгт гэсэн үндэслэлээр явуулсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт ирсэн байдаг. Гэтэл удирдамж бичиж татварын хяналт шалгалт явуулсан.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар тусгай мэргэжил шаардагдах тул уг хэрэгт шинжээч томилох ёстой байсан. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах ёстой боловч татгалзах шийдвэр гаргаагүй. Учир нь шинжээч томилж байгаа тохиолдолд мөрдөгч болон прокурорын тогтоол, шүүгчийн захирамж шаардаж, тухайн албан бичгийг буцаах шаардлагатай байсан. Тухайн Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг нь татвар төлсөн баримтуудад шалгалт хийж хариу ирүүлнэ үү гэсэн утгатай байсан юм. Хуучин хууль болох Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар хүсэлтээр шинжээч томилж болдог байсан. Харин шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг нээсэн тохиолдолд шинжээч томилж, шинжээчийн эрх үүрэг хүлээсэн хүн нь тусгай мэдлэгийн хүрээнд эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргаж өгөхөөр зохицуулсан. Гэтэл татварын улсын байцаагч нар уг хуулийг хэрэглэлгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд төрийн албан тушаалтан, албан хаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно гээд татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талд танилцуулсан баримтад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших тайлан баримтыг шалгана гэж танилцуулсан боловч дүгнэлт гаргахдаа 2014 оны үйл баримтыг хамааруулсан. Гэтэл тухайн 2014 оны үйл баримтад татварын улсын байцаагч нараас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай татварын акт тавигдаж, татварын актын эрх зүйн харилцаа дуусгавар болсон байсан. Мөн өмнө нь энэхүү компанийг удирдаж байсан Ж нь Монгол улсад хөрөнгө оруулсан гэдэг боловч эрүүгийн эрх зүйн онолын хувьд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх гэж хуурамч компани байгуулсан хүн бөгөөд түүний 2014 онд татварын хууль тогтоомжууд зөрчсөн үйл баримтуудыг хамруулж зөрчил гарсан мэтээр нэг зөрчилд хоёр акт гаргаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль бус юм.

Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд ямар албан тушаалтан өөрийн эрх мэдлийг ашиглаж татвараас зайлсхийсэн эсэхийг тогтоох ёстой. Тодруулбал татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь хуулийн этгээд бус хувь хүнд оногдуулах хэрэг тул тухайн үед захирал байсан Ж гэдэг хүнийг шалгах үндэслэл байсан.

Иймд татварын улсын байцаагчийн акт нь бүхэлдээ хууль бус тул татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нарын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ********* дугаартай хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ********** тоот томилолтын дагуу тус газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Б нар Ж ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийн, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* тоот шийтгэлийн хуудас үйлдсэн. Уг шийтгэлийн хуудсыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О, нягтлан бодогч Б.П нарт танилцуулахад ямар ч зүйл дээр гарын үсэг зурахгүй гэсэн шалтгаанаар гарын үсэг зураагүй.

Тус компанийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийлгэхээр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн цагдаагийн албанаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *******003 тоот томилолтоор шалгалтыг эхлүүлсэн. Анх олгосон томилолтын хугацаанд шалгалтын ажил хийгдэж амжаагүй тул дахин шалгалтын хугацааг сунгуулан шалгалтыг дуусган 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* тоот шийтгэлийн хуудас үйлдсэн. Иймээс Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

Ж ХХК нь шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөөгүй, байгаа баримтууд нь шаардлага хангахгүй байсны улмаас Гаалийн төв лабораториас шалгалтад хамрагдаж байгаа онуудын экспортод гаргасан ашигт малтмалын Гаалийн төв лабораторийн дүгнэлт-ийг, Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн жилүүдийн Уулын ажлын тайлан -уудыг, Ж ХХК-ийн 2014- 2016 оны санхүүгийн баримтыг С ХХК-иас гаргуулан авах зэргээр хугацаа алдсан. Нөгөө талаар татварын хяналт шалгалтын ажил нь өөрөө цаг хугацаа ихээр шаарддаг учир ирүүлсэн баримт материалыг тулган шалгах, тооцоолол хийх зэргээр шалгалтын ажил удааширсан.

Шалгалтын явцад татварын албанд тайлагнасан тайлан, мэдээтэй нь зөрүүтэй байж болзошгүй гэж үзсэн тодруулах зүйлсийг захирал, нягтлан бодогч нарт танилцуулан нягтлуулж байсан бөгөөд шалгалтын үр дүнгээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл" үйлдэн прокурорт танилцуулсан. Чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийг тэмдэглэл үйлдэн прокурорт танилцуулсаны үндсэн дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн ******* тоот шийтгэлийн хуудсыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн.

Татварын улсын байцаагч нь албан татвартай холбоотой илрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Тус компанийн гаргасан зөрчил нь дээрх хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дах заалтаар хариуцлага тооцох үндэслэлтэй байна. Үүнд:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:

1.1. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан; "гэсэн заалтад дараах зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлтэй байна. 1.1. 2016 онд ашиглалтад хүлээн авсан 3.924.756.4 мянган төгрөгийн барилга, байгууламжид 2017-2018 онд 62.796.1 мянган төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй;

1.2. 2018 онд 22 тээврийн хэрэгсэлд 2.184.100.00 төгрөгийн албан татвар ногдуулж төлөөгүй; гэсэн зөрчил нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан зөрчлүүд нь дээрх хуулийн заалтын ... нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан гэж заасантай тохирч байна..

2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-д татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэсэн заалтаар дараах зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлтэй байна.

2.1. 2016 онд алт, мөнгөний хүдэр борлуулсан 280.466.9 мянган төгрөгөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогыг бууруулсан;

2.2. 2014-2016 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг буруу тооцсоны улмаас 35.649.518.5 мянган төгрөгөнд ногдох 1.782.475.9 мянган төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тайлагнасан гэсэн зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, .... гэсэн заалттай тохирч байна.

2.3. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтад ногдох 7.820.086.6 мянган төгрөгийн худалдан авалтад төлсөн 782.008.657.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч илүү төлөлт үүсгэсэн гэсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т ... эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэсэн заалттай тохирч байна.

Татвар төлөгчийн зүгээс гаргасан гомдолдоо хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах эрхийг хангуулаагүй гэж гомдол гаргасан байна. Тус компанийн захирал С.О, нягтлан бодогч Б.П нарт зөрчил гарч байгаа тухай бүрд нь мэдэгдэн тайлбарлах боломжоор ханган ажилласан. Үүний нэг жишээ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын зөрчлийн жагсаалтыг танилцуулсны үндсэн дээр нягтлан бодогч Б.П хөрөнгийн задаргааг гарган ирүүлсэн учир үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй зүйлийг нь хасан шийтгэлийн хуудас үйлдсэн.

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллын хүснэгтийг нягтлан бодогч Б.П-н ******* хаягаар 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 10 цаг 28 минутад илгээсэн байна.

Иймд Ж ХХК-ийн гаргасан татварын улсын байцаагчийн ******* дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол нь үндэслэлгүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ж ХХК нь татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргасан бөгөөд энэ хэрэгт цугларсан баримтын хүрээнд дараах үндэслэлээр тус компани татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн зөрчил гаргасан эсэхийг шалгаж, уг асуудлыг эрүүгийн журмаар, эсхүл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж шийдвэрлэх хүртэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан тухай татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн цагдаагийн албанаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр хэрэг бүртгэлтийн *******022 дугаартай хэрэгт нэр бүхий хуулийн этгээд, иргэний, тэр дунд регистрийн дугаартай гомдол гаргагч Ж ХХК-ийн 2012-2018 оны татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, хариуг ирүүлэх-ийг мэдэгдэж, энэ дагуу Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот томилолтоор хяналт шалгалт хийсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг, 1.2-т зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах уг хуульд заасан ажиллагааг ойлгох бөгөөд мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, 2.1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, 2.2 гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, 2.3 хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, 2.4 зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Хэрэв тухайн зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, эсхүл зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, эсхүл зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээхгүйгээр, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахгүйгээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж болно, харин бусад тохиолдолд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлт явуулна. Өөрөөр хэлбэл нотлох баримт цуглуулж, шалган нотлох шаардлагагүйгээр тогтоогдсон зөрчлийг, эсхүл холбогдогч маргахгүйгээр зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийн хэрэг нээхгүйгээр, нотлох баримт цуглуулахгүйгээр, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно.

Холбогдогч Ж ХХК-ийн захирал С.О болон нягтлан бодогч Б.П нараас холбогдогчоор мэдүүлэг авахад зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, түүний хавсралт татварын ногдуулалт, төлөлтийн тооцоонд зөвшөөрч гарын үсэг зураагүй, шийтгэлийн хуудсыг гардуулсан тэмдэглэлд нягтлан бодогч Б.П ... татгалзаж байна гэж тэмдэглэсэн байх ба Ж ХХК-иас татварын хяналт шалгалтад хүргүүлсэн санхүүгийн баримтуудад 2014 оны санхүүгийн баримтууд авагдаагүй, мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Ж ХХК-ийн албан байранд үзлэг хийн хураан авсан компьютер, баримт бичгүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн өдөр буцаан хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл тус компанийг 2014-2018 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүргээ биелүүлээгүй гэх 7 төрлийн 51.601.768.836.47 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги, нийт 3.970.825.960.40 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл холбогдогч Ж ХХК зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй маргаж байхад, зөрчлийг тогтоох нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр, 51.601.768.836.47 төгрөгийн зөрчлийг хэрэг бүртгэлт явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Иймд тус компани татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн зөрчил гаргасан эсэхийг эрүүгийн журмаар, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж шийдвэрлэх шаардлагатай, нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх цуглуулах боломжгүй байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан тухай татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Ийнхүү шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд зөрчлийг шалгаж шийдвэрлээгүй тохиолдолд татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүйд тооцогдохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б, Д.Г нар ээлжийн амралттай гэх баримтыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамт ирүүлж, тухайн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хурлын товыг мэдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагч талыг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Бд нар хүрэлцэн ирээгүй, тэдгээрээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, түүнийгээ нотлох баримт ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар гомдол гаргагч талын хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтээр хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааг хийж шийдвэрлэх хүртэл татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааг хийж зөрчлийг шийдвэрлээгүй бол татварын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүйд тооцогдохыг мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА