| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 188/2020/0994/Э |
| Дугаар | 234 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 234
Б.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1024 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр магадлалтай, Б.Эд холбогдох 2008000000915 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Э нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эд холбогдох Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хэргээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг гаргасан гомдолдоо: “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.13-ны өдрийн 74 дугаар магадлалын Тодорхойлох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай үчруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ. Шүүгдэгч Б.Эгийн хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж, Я.Бы цээж тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ. ...Учир нь, Шүүх сэтгэц гэм судлалын 2020.06.09-ний өдрийн 605 дугаартай “... Б.Э нь F70.1 буюу оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй, хэрэг үйлдэгдэх үед Б.Э нь F70.1 эмгэгтэй байсан. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлийнхээ талаар мэдүүлэх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай ...”/хх 53-55/, 2020.08.13-ны өдрийн 792 дугаартай “...Б.Э нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай” гэсэн дүгнэлтүүд, мөн шинжээч Л.Баттулгын Оюуны хөнгөн хомсдолтой хүн өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай ...” /хх 56-57/, хохирогч Я.Б /хх-30/, гэрч Ц.Сандэлэгийн /хх-32/ мэдүүлэг зэрэг баримтуудаас харахад шүүгдэгч Б.Э нь хэрэг хариуцах чадвартай бөгөөд харин архи ууж согтуурсан үедээ Я.Бтай маргалдаж түүний цээж, гаран тус газарт хутгалж хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд 5 үндэслэлээр гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын 5 үндэслэлээс зөвхөн нэг гомдлыг хянасан бөгөөд бусад гомдолд буюу “давж заалдах гомдолд хариу тайлбар” өгч чадсангүй гэж үзэж байна.
1.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.05.28-ны өдрийн 605 дугаар дүгнэлтээр: “...Б.Эгийн F70.1. Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно. Б.Э нь хэрэг үйлдэх үед F70.1. Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй байсан байна. Б.Эгийн F70.1.Оюуны хөнгөн хомсдол нь цаашид бүрэн эдгэрэх боломжгүй эмгэг болно. ...” гэжээ. /хх-53-55/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.08.10-ны өдрийн 792 дугаар дүгнэлтээр: “...Б.Э нь Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт /F70.1/ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Э хэрэг хариуцах чадвартай байна. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна” гэжээ. /хх-139/,
Шинжээч Л.Баттулга анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Эд 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгч Б.Ганбатын тогтоолыг үндэслэн 3 эмчийн комисстой дүгнэлт гарсан. F70.1 нь оюуны хомсдол гэх өвчний илрэл. ... Оюуны чадамжийг эмгэг сэтгэл судлалын шинжилгээгээр тогтоодог. Тогтоолгоход 66 хувь буюу оюуны хөнгөн хомсдлын түвшинтэй гарсан. ...тестээр хэмжиж тогтоодог. ... 66 хувь гэдэг нь 9-12 насны хүнд илэрдэг хэмжээ. Хүндэвтэр зэргийн хомсдолтой бол хэрэг хариуцах чадвартайг нарийн судалсны эцэст гаргана” гэжээ.
Шүүх дээрх 2 удаагийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч Л.Баттулгын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр, 9-12 насны хүнд илэрдэг сэтгэцийн хэмжээ, тестээр шалгасан, /тест нь нууцлалтай байдаг гэх/ хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэж, ял шийтгэж байгаа бол мөн адил энэ насны буюу 9-12 насны хүний сэтгэцийн түвшингээр хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэж, ял шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 9-12 насны хүний сэтгэцийн түвшингээр дүгнэсэн шинжээчийн дүгнэлтээр “өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай” гэж дүгнэж л байгаа бол мөн адил 9-12 насны хүнд ял шийтгэл оногдуулах Эрүүгийн хуулийг хэрэглэх учиртай гэж үзэж байна. Ямар ч тохиолдолд 31 настай, цоо эрүүл, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэггүй хүнтэй яг адил түвшинд авч үзэн, ял шийтгэл оногдуулж болохгүй гэж үзэж байна. Бүр тодруулбал 31 настай эрүүл хүн, болон F70.1 сэтгэцийн эмгэгтэй 31 настай хүний сэтгэцийн түвшингээр дээрх хоёр шинжээчийн дүгнэлт гараагүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг авч үзээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно гэж үзэж байна.
Иймээс шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэж л байгаа бол эрүүгийн хариуцлагыг 9-12 насны хүнийхээр авч үзэх нь зан төрхийн өөрчлөлт, төрөлхийн шалтгаант эмгэгтэй, цаашид бүрэн эдгэх боломжгүй эмгэгтэй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг бага ч болтугай дээрдүүлэх, хууль хэрэглээ талаасаа зөвтгөх учиртай гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна. Мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн “...11.1/ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /, ...”-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна. Иймд дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү.
2.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт: “...8.Онош: Үндсэн F71 Оюуны хүндэвтэр хомсдол 9.Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан: Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, 2019.06.21-ний өдрийн ЭХМК-ын ... өвчний жагсаалтын 1-2-10-2 хз заалтад хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 24 сараар сунгаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн хүчинтэй хугацаа Эхлэх 2019.06.24-ний, Дуусах 2021.06.24-ний өдөр гэжээ. / 9 гишүүний бүрэлдэхүүнтэй хх-106/
Хавтаст хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт” болон “Шинжээчийн дүгнэлт” гэсэн хоёр баримт харилцан зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Тодруулбал Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт болох “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт” өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж, Б.Э улсаас тэтгэмжээ авч байгаа ба эдгээр баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад, шүүхийн дүгнэсэн “үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно” гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон байна.
Б.Э нь F71 Оюуны хүндэвтэр хомсдол оноштой, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 24 сараар сунгасан акт хүчинтэй, тэтгэмжээ авч байхад үүнийг шүүх анхаарч үзэлгүй, нотлох баримтаар үнэлсэнгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж заасан байна. “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт, тэтгэмж улсаас авч байгаа баримтууд нь хүчин төгөлдөр буюу уг хоёр баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж чадсангүй. Мөн нөгөө талаар хамгийн чухал нь F71 оюуны хүндэвтэр хомсдолтой бол сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэж үзэх үү, хэрэг хариуцах чадваргүй гэж үзэх үү гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ чухал асуудлыг орхигдуулж, үүнийг үгүйсгэсэн үндэслэлээ зааж чадаагүй.
З.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.
Тэгвэл Шүүх сэтгэц эмгэг судлалын 605 болон 792 дугаар дүгнэлтийг гаргах болсон эх сурвалжийг зааж хэлээгүй. Тодруулбал Б.Эг 9-12 настай, эсвэл 31 настай хүний IQ-гаар сорил шалгаад аль насных нь хүний тестээр хэрэг хариуцах чадвартай гэж Шинжээчийн дүгнэлт гарсан гэдэг нь тодорхойгүй, нууцлалтай гээд байгаа боловч шүүхэд гаргаж өгч болохгүй гэсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзэж болохоор байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан. Тэгвэл шинжээчийн дүгнэлтийг шүүх сонгон авч дүгнэж л байгаа бол нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг хуульд зааснаар шүүх шалгаагүй байна гэж үзэж байна.
Хэдийгээр шүүх Б.Эгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг /хх-34/ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн гэж дүгнэн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна гэж байгаа боловч Б.Э 2020.05.02-ны өдөр буюу тухайн хэрэг гарсан өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “...Тэгээд Б намайг согтуу загнаад, зайл, ална шүү гээд агсам тавиад байсан. Б намайг зүгээр байж байхад ... яв зайл гээд загнаад байхаар нь ...Намайг хутгалсны дараа Б миний толгой руу 2 удаа цохисон...” гэж, мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 792 дугаар дүгнэлтэд Э нь “Энэ 2 намайг зодсон”, “Доош харан уйлна”, “Хааяа намайг загнадаг юм”, “Намайг хааяа хөөгөөд” гэж мэдүүлсэн байдаг. Дээрх баримтуудаас дүгнэн үзвэл Б.Э нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан үйлдлийг хийсэн гэж үзэж болохоор байна. Нөгөө талаар хохирогч нь Б.Эг оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй гэдгийг мэдсээр байж, архи уудаггүй ийм хүнд архи хүчээр өгсөн буруу байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай эсэх талаар 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 14-16 насны хүн ... гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн ... гэж заасан байх тул шүүгдэгч Б.Эгийн хувьд дээрх хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Эрүүгийн хууль буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1024 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тухай дурьдахаа орхигдуулж, техникийн алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд уг өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дугаартай магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 21-06 тоот гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Я.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Прокуророос Б.Эд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс анхан шатны шүүх Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэй хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.
Шүүхээс Б.Эгийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, мөн хэрэг хариуцах чадвартай боловч оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт (F70.1) сэтгэцийн эмгэгтэй, хохирогч Я.Б гомдолгүй байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.Э нь оюуны хүндэвтэр хомсдол буюу (F71) оноштой, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хэрэг хариуцах чадваргүй, тэрээр өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдол гаргасны дагуу нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтууд, тухайлбал шүүгдэгч Б.Э нь оюуны хөнгөн хомсдол буюу (F70.1), зан төрхийн өөрчлөлт эмгэг өвчтэй боловч өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх, хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 605 дугаар дүгнэлт /хх-53/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 792 дугаар дүгнэлтийг /хх-139/ тус тус үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Б.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалт хийсэн, эсхүл мөн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэж шүүгдэгчийг буруутгаж буй гэмт хэргийн шинжийг заахдаа Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэлийг бичихгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгах шаардлагыг бүрэн хангаагүй боловч энэхүү зөрчил нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх, түүнд ял оногдуулсан хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн хүндрүүлэх шинжид эргэлзэх нөхцөл байдлыг бий болгоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой алдаанд тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1024 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР