Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0269/З |
Дугаар | 221/МА2019/0472 |
Огноо | 2019-09-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0472
“МТВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0407 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “МТВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0407 дугаар шийдвэрээр: ”Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.1.10, 12 дугаар зүйлийн 12.1.2, 19 дүгээр үйлийн 19.2, Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороонд Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлан явуулахыг даалгаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Д.Х нар давж заалдах гомдолдоо: “Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчийн сонгон шалгаруулалт”-ыг зарлаж, улмаар материал хүлээн авч, сонгон шалгаруулалтыг явуулсан байдагтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас гаргаж өгөхөөс татгалзсан. Угтаа бол энэхүү баримт нь хариуцагчид байдаг.
Шийдвэрээс харахад “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчийн сонгон шалгаруулалт”-ыг хариуцагчаас дахин зарласны дагуу сонгон шалгаруулалтад орохын тулд сонгон шалгаруулалтад оролцогч нар өмнө өгсөн материалаа шалгуулах бус дахин материал бүрдүүлэх, зардал гаргах, цаг хугацаа алдах зэрэг нөхцөл байдал үүсэхээр байна.
Нэхэмжлэгчийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороонд “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчийн сонгон шалгаруулалт”-д 2015 оны 33 дугаар тогтоол гарсантай холбогдуулж бүрдүүлсэн материалыг сонгон шалгаруулалтын хороо нь үнэлж, дүнгээ гаргасан бол түүнийгээ танилцуулж, гэрээ байгуулах эрхийг олгох шаардлагатай байна гэж үзэж байгаа болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
НЭГ. “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Харилцаа холбооны зохицуулах хороо Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.6-д заасан бүрэн эрхдээ хамааруулан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Нөхцөл, шаардлага батлах” тухай 30 дугаар тогтоолын Хоёрдугаар хавсралтаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ыг баталж, түүнийхээ 4.3-д “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан орон даяар хүргэх өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх эрхийг сонгон шалгаруулалтын зарчмаар олгоно” гэж заасныг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан дээрх “нөхцөл, шаардлага”-ыг хүлээн зөвшөөрч, “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох ХХЗХ/СШ1/ОРОНДАЯАРТВ/2015” дугаар сонгон шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч болон бусад 11 телевиз баримт бичгээ Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн, Харилцаа холбооны зохицуулах хороо сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн боловч тодорхой шалтгааны улмаас сонгон шалгаруулалтын дүнг гаргаагүй байна.
Улмаар 2015 оны 33 дугаар дугаар тогтоолоор зарлагдсан сонгон шалгаруулалт явагдалгүй 3 жил болсноор 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоолоор тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцжээ.
Хэдийгээр хариуцагч тухайн тогтоолдоо сонгон шалгаруулалттай холбоогүй “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зохион байгуулах журам”-ын 4.4.1 дэх заалтыг үндэслэсэн боловч сонгон шалгаруулалт зарласнаас хойш тус хорооны 2015 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага“-ын 5.1 /Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан орон даяар хүргэх өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулалтыг 3 жил тутамд 1 удаа зохион байгуулж, олон нийтэд нээлттэй зарлана/-д зааснаар дараагийн сонгон шалгаруулалт явуулах хугацаа болсон, тодруулбал, цаг хугацааны хувьд 2015 оны 33 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн баримтын хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй болжээ.
Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн дээрх 33 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад оролцож шалгарах эсэхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүйг харуулж байна.
Иймд тухайн харилцаанд хамааралгүй журамд үндэслэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
ХОЁР. “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлан явуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч тухайн шаардлагаа “2015 оны 33 дугаар тогтоол гаргасантай холбогдуулж бүрдүүлсэн материал дээр үнэлүүлэх” зорилгоор гаргасан гэж тайлбарлажээ.
Харилцаа холбооны зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчийн сонгон шалгаруулах зарчим, үнэлгээ эрхлэгчид тавигдах нөхцөл, шаардлагыг тодруулах зорилгоор 2015 оны 30 дугаар тогтоолын Хоёрдугаар хавсралтаар баталсан “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага“, түүний дотор 4.3, 5 дугаар зүйлд заасан тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан орон даяар хүргэх өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээг үзүүлэх сонгон шалгаруулалтыг өнөөг хүртэл явуулаагүй нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 буюу Харилцаа холбооны зохицуулах хороо аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэх, энэ нь эргээд нэхэмжлэгчийн тухайн сонгон шалгаруулалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл болно.
Иймд “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлан явуулах“-ыг даалгах нь хууль, тогтоомжид нийцнэ.
Харин сонгон шалгаруулалтыг 2015 оны 33 дугаар тогтоолоор зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн оролцогчид болон бүрдүүлсэн баримт бичгийн хүрээнд явуулахыг даалгах нь урд дурдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны хуулиар хүлээсэн өргөн нэвтрүүлгийн зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох, нийтийн ашиг сонирхолд нийцсэн чанартай үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, үйлчлэгчдийг харилцаа холбооны сүлжээ хэрэглэх эрхийг харилцан тэгш байдлаар хангах үүрэгт нийцэхгүй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР