Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0835/З |
Дугаар | 001/ХТ2016/0159 |
Огноо | 2016-05-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2016/0159
“НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Б.Пүрэвням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, П.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон тус газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаар "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай" тогтоолоор "НИК" ХХК-ийг 90 дээш болон доош октантай автобензин, мөн түүнчлэн дизелийн түлшний импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байсан тул зөрчлийг нь зах зээлдэх давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэх Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хориглосон үйл ажиллагаанд хамааруулж байсан.
Гэтэл торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоох акт гарах энэхүү хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 441 дүгээр шийдвэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 04 дүгээр “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” тогтоолын “НИК” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн.
Өөрөөр хэлбэл, “НИК” ХХК-ийн давамгай байдал үгүйсгэгдэж анхнаасаа давамгай байдалтай байгаагүй нь тогтоогдсон тул 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 дугаар шийтгэврийг үйлдэх нөхцөл байдал бүрдээгүй буюу давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэх Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зөрчилд хамаарахгүй... Торгуулийн хэмжээг шинэчлэн тогтооход шүүхийн шийдвэр, магадлалд зааснаас өөр онцгой нөхцөл байдал болох дээр дурдсан “НИК” ХХК-ийн давамгай байдлыг үгүйсгэсэн шүүхийн шийдвэр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ нь “НИК” ХХК-ийн гаргасан гэх зөрчлийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хамааруулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй, харин зөрчил гаргасан гэж үзвэл уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан зөрчилд л хамааруулах юм... Иймд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн буруутгаад буй улсын байцаагчийн дээрх үйлдэл, тодруулбал Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгийг баримтлан “НИК” ХХК-д торгууль оногдуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үүргээ биелүүлсэн үйлдэл юм... Улсын Дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна. “НИК” ХХК-ийг давамгай байгууллагаар тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь нэгэнт хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй. Иймд, улсын байцаагчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Очирхуягийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Очирхуягийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгийг баримтлан "НИК" ХХК-д торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг баримтлан торгууль оногдуулах ёстой байсан гэсэн байдаг.
Улсын байцаагчийн дээрх үйлдэл тодруулбал Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгийг баримтлан "НИК" ХХК-д торгууль оногдуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 болон 19 дүгээр зүйлийн 19.2 заасан үүргээ биелүүлсэн үйлдэл юм.
Уг маргааныг өмнө нь шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 208 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт хариуцагч нь "НИК" ХХК-ийн зөвхөн гаргасан зөрчилд холбогдох бараа буюу 92 авто бензин, дизель түлшний өмнөх жилийн борлуулалтад төлбөр тогтоох замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Уг магадлалыг Улсын дээд шүүх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр гэж үзэж хэвээр үлдээснээр уг магадлал нь хүчин төгөлдөр болсон.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэг болон тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т хэргийн хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл улсын байцаагч Өрсөлдөөний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгийг баримтлан торгууль оногдуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлсэн үйлдэл юм. Мөн Улсын дээд шүүх болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна. "НИК" ХХК-ийг давамгай байгууллагаар тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь нэгэнт хучин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм. Иймд улсын байцаагчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “НИК” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд “манай компанийн давамгай байдал үгүйсгэгдэж, анхнаасаа давамгай байдалтай байгаагүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж торгуулийн хэмжээг буруу тогтоосон” хэмээн маргажээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 441 дүгээр шийдвэрээр “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 4 дүгээр “давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох” тухай тогтоолын “НИК” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү шүүхийн шийдвэрээр “НИК” ХХК-ийг газрын тосны бүтээгдэхүүний импортын автобензин, дизель түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг тогтоосон захиргааны байгууллагын шийдвэр нь гарсан цагаасаа эхлэн илт хууль бус байсан болохыг тогтоожээ.
Уг шүүхийн шийдвэрт хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь тухайн цаг хугацаанд эс зөвшөөрч, гомдол гаргаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй болно.
Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг заасан байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд давамгай байдал нь үгүйсгэгдсэн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагчийн “шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, анхан шатны шүүхийн шийдвэр нь нэгэнт хүчин төгөлдөр болсон Улсын Дээд шүүхийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаар тогтоолоор захиргааны байгууллагыг нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд үүний дараа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 441 дүгээр шийдвэрээр эрх зүйн шинэ нөхцөл байдал үүссэн байна.
Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ