Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 235

 

М.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогч Л.Чийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар магадлалтай, М.Ат холбогдох 1937000310019 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Секел овогт М.А нь Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх М.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар “Хотгор зам” ХХК-иас хохирогч Л.Чт 5.016.582 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Бд 49.931.610 төгрөг гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Ат холбогдох эрүүгийн 193700010019 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар хамтран гаргасан гомдолдоо: “Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар магадлалыг 2021 оны 02 сарын 08-ны өдөр гардан авч танилцаад давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 03 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт “шүүх шүүгдэгч М.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчжээ” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх 60 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх заалтад шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөнд тооцогдох боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголгүйгээр, өөрчлөлт оруулж шийдэх боломжтой байсан гэж үзэж байна.

2.Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 03 дугаар магадлалын тодорхойлох хэсгийн хоёр дахь заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг үндэслэл болгон анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 12 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн гурав дахь заалтад “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол гарган Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байдаг.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэж тус тус заасан байна.

Дээрхээс дүгнэхэд Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс үйлчилгээ нь түдгэлзсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг магадлалын үндэслэл болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх нөхцөл байдалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.Давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн зохицуулалт нь материаллаг хууль гэхээсээ илүүтэй процессын эрх зүйн зохицуулалтын шинжийг агуулсан байх тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголтод хамаарахгүй юм” гэж хуулийг тайлбарласан нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тайлбар гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байгаа. Хуулийн дээрх заалтыг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 60 дугаар  шийтгэх тогтоолд зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн ба Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 1.10 дахь зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үээж байгаа юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, М.Ат холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан шийдвэр нь хэргийн шийдвэрлэлтийг удаашруулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг улам дордуулж байна.

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 03 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Л.Чийн өмгөөлөгч Д.Хуягбаатар хэлсэн саналдаа: “Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалтах шатны шүүхээс М.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй гэж дүгнэсэн бөгөөд уг хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх техникийн алдаа гаргасан гэж үзэж байгаа. Энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл мөн боловч давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой байсан. Мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн Хуулийн цэцээс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түдгэлзүүлсэн. УИХ-аас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн боловч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түдгэлзсэн хэвээр байхад уг хуулийг үндэслэл болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн зохицуулалт нь материаллаг хууль гэхээсээ илүүтэй процессын эрх зүйн зохицуулалтын шинжийг агуулсан байх тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголтод хамаарахгүй юм гэж ойлгомжгүй байдлаар тусгасан байдаг.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байгаа. Хуулийн дээрх заалтыг анхан шатны шүүх зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Эдгээр байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй ба хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, хэргийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 04 дугаартай дүгнэлт гаргасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Иймд хохирогч Л.Чийн өмгөөлөгч Д.Хуягбаатараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн М.Ат холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч М.А нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын нутаг дэвсгэрт 20.3 километрийн хатуу хучилттай зам тавих ажлыг гүйцэтгэж байсан “Хотгор зам” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байхдаа Цэцэг гол багийн нутаг “Талын хар” гэх газарт уг зам дээр босгосон 25 см өндөртэй шороон далангийн өмнө тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байрлуулаагүйн улмаас уг замаар зорчиж явсан Б.Баатаржавын 30-33 УНЭ улсын дугаартай “Land-200” загварын тээврийн хэрэгсэл шороон даланг мөргөж, зорчигч Л.Чийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэлд 49.931.640 төгрөгийн эвдрэл бүхий хохирол учруулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйл, мөн дүрмийн 1.2.21-т заасныг тус тус зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Ат холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх М.Ат холбогдох Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс “М.Аыг яллагдагчаар татах үед 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 3 сар 14 хоногийн өмнө М.Ат ял сонсгож, яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүйгэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Л.Ч, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                               

 

ДАРГАЛАГЧ                                    С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

   Б.БАТЦЭРЭН

    Ч.ХОСБАЯР

    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН