Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, М.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.А нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 11 дүгээр байрны ойролцоо иргэн Х.Э-ийг нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Аын өгсөн:

“...2019 оны 02-р сарын 03-нд сайн үйлсийн аян хийх гээд хүмүүстэй фэйсбүүк хаягаар танилцаад дэнжийн мянгын зах дээр уулзаад юм цуглуулаад айлуудаар орж өгсөн. Тэгээд дуусгаад хорооллын эцэст байрлах Цэ пабад ороод хоёр шил 0,75 литрийн архи уусан тэгээд би согтсон тэгээд яг юу болсныг санахгүй байна. Уг пабаас гараад Номин дэлгүүрийн ард Э-тэй маргалдаж байснаа санаж байна. Би согтохоороо агсам тавиад байдаг тэгээд нэг сэргэхэд эрүүлжүүлэхэд орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20, 27-28/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Э-ийн өгсөн:

“...2019 оны 02-р сарын 03-нд би фэйсбүүкээр танилцсан хүмүүстэйгээ цагаан сарын бэлтгэл хийж өгий гээд хамт хүмүүст авсан юмаа айлуудаар таргаад дуусчхаад амжилтай ажиллаа гээд би хоёр залуутай нь хамт хорооллын эцэст байрлах Цэ пабд ороод хоёр шил архи авч хувааж уусан тэгээд уг пабаас гараад Хорооллын Номин их дэлгүүрийн ард явж байхад Анар миний хамарлуу гараараа цохисон тэгээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд Анарыг эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.У-гийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 03-нд би хөдөөнөөс ирээд Баянгол дүүргийн 14-р хороо Номин дэлгүүрийн ард 11-р байрны хойно машинаа тавиад машинаасаа юм буулгаж байхад 3 залуу хоорондоо маргалдаад байсан. Тэгээд нэг залууг махлаг өндөрдүү хамт явж байсан махлаг залуугаа хамар луу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 2081 тоот: 

1. Х.Э-ийн биед хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 17/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 21/

зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.А нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 11 дүгээр байрны ойролцоо иргэн Х.Э-ийг нүүрэн тус газарт нь цохиж, биед хамрын ясны цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Аын “...2019 оны 02-р сарын 03-нд ...Номин дэлгүүрийн ард Э-тэй маргалдаж байснаа санаж байна. Би согтохоороо агсам тавиад байдаг тэгээд нэг сэргэхэд эрүүлжүүлэхэд орсон байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Э-ийн “...2019 оны 02-р сарын 03-нд ... Хорооллын Номин их дэлгүүрийн ард явж байхад Анар миний хамарлуу гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.У-гийн “...2019 оны 02 дугаар сарын 03-нд би хөдөөнөөс ирээд Баянгол дүүргийн 14-р хороо Номин дэлгүүрийн ард 11-р байрны хойно машинаа тавиад машинаасаа юм буулгаж байхад 3 залуу хоорондоо маргалдаад байсан. Тэгээд нэг залууг махлаг өндөрдүү хамт явж байсан махлаг залуугаа хамар луу нь цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 2081 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Х.Эрдэнбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь шүүхийн шатанд “...М.Ат гомдоллох зүйл байхгүй болно...” гэх хүсэлт ирүүлснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.Ат 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ