Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

П.Пүрэв-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан П.Пүрэв-Очир, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам,

хохирогч Я.Давааболд, түүний өмгөөлөгч Д.Ганбат

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Я.Давааболд, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Пүрэв-Очирт холбогдох 2016 2601 2398 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Пүрэвжалын Пүрэв-Очир, 1957 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Арц Суварга” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 8а байрны 9 тоотод оршин суух,

2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:ЧВ57123071/,

П.Пүрэв-Очир нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ар Гүнт”-д үйл ажиллагаа явуулж байсан “Арц Суварга” ХХК-ийн хоолны гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Я.Давааболдын нүүрэн тус газарт шаазан аягаар цохиж, түүний бие махбодид  “зүүн гайморын ясны гадна ханын хугарал, зүүн зовхи, шанаа, хацар, дээд уруулын зүүн хэсгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Пүрэв-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Пүрэвжалын Пүрэв-Очирыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пүрэв-Очирыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар П.Пүрэв-Очирт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хохирогч Я.Давааболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 сарын 12 ны өдөр “Арц суварга” ХХК-д усны тэрэгийн жолоочоор ажилд орсон. Ажилд ороод удаагүй байхад ажлын шаардлагаар 2-3 удаа машиндаа буюу ус сордог моторт гагнуур хийлгэхээр очиход гагнуурчин Оюунтунгалаг нь илтээр цааргалж хуучирхан ажил мэргэжлээрээ боож, үг хэлээр доромжилж, ажилчдын дунд нэр хоч өгөн сэтгэл санаагаар дарамталдаг байсан. Энэ байдлыг Оюунтунгалагт хэлэхэд жолооч Пүрэв-Очир цаанаас хүрч ирэн “Наад пизда чинь юу гээд хүүхэн шиг шалчигнаад байгаа юм бэ” гэхэд нь “Чамтай яриагүй байна” гэж хэлтэл “Пизда минь чамайг хүн болгон нуль хариуцлага, бөөн факт гэж хочилж дууддаг биз дээ” гээд заамдан аваад шууд боосон. Ингээд ноцолдоод хувцасаа уруулаад салсан. Ийм байдлаар Оюунтунгалаг, Пүрэв-Очир нар өөрийн дотны хүмүүс болох нярав Жансауле, хүний нөөцийн ажилтан Бибигуль нартай нийлж ажилчдын дунд миний эсрэг элдвийн худал яриа дэгдээж хуучин ажилчдаар дарамтлуулах оролдлого хийдэг байсан. 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Ар гүнтийн” хоолны гэрт Пүрэв-Очирт “Хэрүүл маргаан өөрөө үүсгэчихээд “өөдгүй юм даа” гэж хэлээд өнгөрсний дараа тэнд байсан олон ажилчдын нүдэн дээр нүүр рүү минь аягаар савж унатал цохисноос болж их хэмжээний цус алдаж, хацарын яс цөмөрч, мэдрэлийн судас гэмтэн дотуур оёдол тавиулсан. Мөн 28 ширхэг шаазангийн хагархай шарх руу зоогдсоныг цөмөрсөн ясны хамт түүж, цус тогтоож оёдол тавьсан. Одоогоор миний зүүн шанаа. хавиар мэдээгүй, ам муруйснаас үүдэн ярихад хүндрэлтэй, хамар далий, цохилтын улмаас зүүн нүдний хараа муудсан, мөн толгой үргэлж өвддөг, нойронд муу, зүрх өвддөг болсон. Эмнэлгийн анхан шатны тусламж авахад зарцуулсан 350.000 төгрөгийг механикч Дашзэвэгээр дамжуулан Мөнгөнгүүр эмнэлгийн төлбөрийг төлснөөс өөрөөр ямар ч хохирол барагдуулаагүй болно. Цаашид би эрүү нүүрний мэс засалд орж яс нөхүүлэн, сорви арилгах гоо сайхны косметик хагалгаа хийлгэх  шаардлагатай байна. Энэ байдлаас болж ажил төрөлгүй, ямар ч орлогогүй болсон тул эмчилгээний зардлыг өөрөө гаргах чадваргүй байна. Ийм сорвитой нүүр царайтай хүнийг хаана ч ажилд авахгүй нь ойлгомжтой. Сорвитой нүүрнээсээ болж нутаг усныхан болон таньдаг хүмүүсээс зовж ичин, сэтгэл санааны үүрдийн дарамттай явж байна. Энэ тухайгаа Пүрэв-Очиртой уулзаад ойлгуулах гэтэл “Пизда минь шүүх цагдаад өг, юм олж долоохыг чинь харъя, аятайхан байгаарай” гэж хэлсэн. Би Пүрэв-Очирт урьд нь ямар нэг өс хонзон санаж яваагүй, дундын тооцоо, авлагагүй таних төдий л юм. Иймд хохирлыг минь бүрэн барагдуулаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байх тул гомдолгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 29 тоот шийтгэх тогтоолыг хохирогч Я.Давааболдын өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэргийн болсон бодит байдал нь хохирогч Я.Давааболдыг “Арц Суврага” ХХК-д жолоочоор ажилд ороод арваад хоног болоход ялтан П.Пүрэв-Очир нь хамт олны дунд нөлөө бүхий байдалдаа эрдэж, илт гадуурхан хавчих, хамт олны дунд сайн, муу нэр хоч өгөх зэргээр хэвийн ажиллах боломжийг алдагдуулж байсан.

Ийм нөхцөл байдалд гагнуурчин Оюунтунгалаг, хүний нөөц гэрч Жансауле, Бибигүль нарын хүмүүс илт Пүрэв-Очирыг өөгшүүлж улмаар машины зарим нэг эд ангийг гагнуулахаар Оюунтунгалаг дээр очих үед хүлээлгэх, элдвээр тээр шааж доромжлох зэрэг үйлдлээс болж маргаж байх агшинд зориуд Пүрэв-Очир нь өөрт нь хамаагүй зүйл дээр ирж “Пизда минь чи яагаад байгаан, чамайг хүн болгон л нуль хариуцлага, бөөн пакт гэж хэлдэг биз дээ” хэмээн заамдаж боосон байдаг. Энэ байдал цаашид үргэлжилсээр ажил дээр бусадтай муудалцсан, зүй бус харьцсан хэмээн өдөөн турхирсан хүн нь биш, доромжлуулсан хүн нь халагдах нэг шалтаг болсон.

2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Я.Давааболд нь халагдах болсон шалтгаанаа Пүрэв-Очирт хандан “Чамаас болж ийм байдалд орлоо” гэж хэлсний төлөө Пүрэв-Очир нь өөр ямар ч шалтаг шалтгаан болоогүй байхад цайны цагаар олон ажилчдын нүдэн дээр барьж      байсан аягаараа шууд түүний зүүн хацар луу цохиж хагалан, нүүрний шонтон ясыг цөмлөж, 10 см урттай гүн шарх үүсгэсэн хүндэвтэр гэмтэл учруулсан. Иймд хуулийн дагуу хэргийн болсон байдлыг үнэлж үзэхэд хувийн таарамжгүй харилцаанаас болсон гэхээсээ илүү танхайн сэдэлттэй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ийм учир хэргийн зүйлчлэл тохироогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Я.Давааболд нь Пүрэв-Очирт ямар нэг өш хонзон, өр авлага байхгүй, таних төдий байсан. Хэрэг явдал болсноос хойш шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацаанд өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг огт ухаарч ойлгоогүй, учруулсан гэм хороо бүрэн арилгаж хохирогчийг гомдолгүй болгохын оронд “Пизда минь чи цагдаа шүүхээрээ яваад хохирлоо барагдуулаарай” хэмээн айлган сүрдүүлж байсан ба эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэмжээнд гарсан зардал болох 350.000 төгрөг төлснөөрөө хохирлыг бүрэн барагдуулсан хэмээн үзсэн.

Цаашид хохирогч Я.Давааболд нь дахин эрүү нүүрний мэс засалд орж пластик хагалгаа хийлгэж, яс нөхүүлэх улмаар хагалгааны сорви эдгэрсэний дараа нүүрний гоо сайхны сорви арилгах мэс засалд орох зайлшгүй шаардлагатай байна. Эдгээр зардалд нийт 5-6 сая төгрөг шаардагдах хэдий ч Я.Давааболд нь ажил төрөлгүй, орлогын эх үүсвэргүй учир энэ эмчилгээг хийлгэж чадаагүй.

Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримт ийм байхад шүүх хохирол бүрэн барагдсан, гэм хор арилсан, шүүгдэгч өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа гэх зэргээр хэт цагаатгах талыг барьж, хууль бус үнэлэлт дүгнэлт өгч, хохирогчийн эрх ашгийн үүднээс биш, ялтан П.Пүрэв-Очирын ялыг илт хууль бусаар хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж зүйлчлэлийг зөвтгөн хуулийн дагуу, үнэн зөв, шудрага шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Ялтан П.Пүрэв-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт миний зүгээс танхайрсан зүйл байхгүй. Харин эсрэгээрээ энэ хүн танхайрсан. Тухайн үед эмэгтэй хоёр хүнийг зодсон. Мэдээж давж заалдах гомдол гаргах эрхтэй байх. Миний хувьд шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэж байна. Эмчилгээний төлбөрийг боломжоороо төлье гэдгээ хэлсэн. Хохиролд 350 000 төгрөг төлсөн гэв.

Ялтан П.Пүрэв-Очирын өмгөөлөгч Н.Цэрэндулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Пүрэв-Очирт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан. Хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж байна. П.Пүрэв-Очир, Я.Давааболд нар “Арц Суварга” ХХК-д хамт ажиллаж байсан. Хэрэг гарсан өдөр П.Пүрэв-Очир өөрийн ачийг дагуулан Оюунтунгалагийн гэрт ороход Я.Давааболд “Чамаас болж би ажлаасаа халагдчихлаа. Чамтай яриатай шүү” гэж хэлээд гарч явсан байдаг. Үүний дараа хоолны гэрт хоол идэхээр дугаарлан зогсож байхад Я.Давааболд П.Пүрэв-Очир луу дайрахад П.Пүрэв-Очир гартаа байсан аягыг хагалж, Я.Давааболдыг нүүрийг цохисон. П.Пүрэв-Очир гэмт хэргийн улмаас учирсан 350.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хамгийн гол нь Я.Давааболдод хохирлын баримт огт байгаагүй. Түүнээс хохирлын баримт гаргаж өгөхийг шаардахад “мөнгөгүй учир эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Би ажилгүй, эхнэр ажилгүй” гэсэн хариу өгдөг байсан. Тэрээр хэрэг бүртгэлийн шатанд баримтгүй атлаа 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзэж хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Уг хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Я.Давааболдыг бусадтай таарамж муутай, байнга архи уудаг гэдгийг гэрч нар бүгд хэлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудаас 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт нь хувийн, танхайн алин болохыг, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, тухайлбал, хохирогчийн зодуулах агшинд хамт байсан хүмүүс /Д.Мягмарсүрэнгээс бусад/-ийг нэг бүрчлэн гэрчээр байцааж шалгаагүй, хохирогчийн гэмтлийн шинж, эдгэрэлтийн явц, байдал, цаашид хэдий хэмжээний эмчилгээний зардал гарах, эсэхийг нарийвчлан бодитой шалгаж тогтоолгүй мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байх тул шүүгдэгч П.Пүрэв-Очирт холбогдох хэргийн байцаан шийтгэх ажиллагааг гүйцэд явуулж гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоож, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоон ирүүлсэний эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх хуулийн үндэслэл бүрдэнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нөгөөтэйгүүр гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй, хохирол нөхөн төлөөгүй тухай хохирогч Я.Давааболд гомдолтой байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “…шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын үүднээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байх тул шүүгдэгч П.Пүрэв-Очирыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, түүнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн … гэмт хэргийн улмаас учирсан …хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан … тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж … хянан харгалзахаар тогтоож болно.” гэж заасныг агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд хохирогч Я.Давааболд, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын “...хэргийг мөрдөн байцаалтад буцааж, зүйлчлэлийг зөвтгөн хуулийн дагуу шударга, зөв шийдвэр гаргаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэл бүхий байна.