Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 238

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1454 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

Нийслэлийн прокурорын газраас С.Бод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар нэгтгэн зүйлчилсүгэй” гэсэн заалт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч С.Быг гэм буруутайд тооцсон заалтаас:

“…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн” гэснийг “…2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж өөрчилж,

“2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт” гэснийн өмнө “1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг,

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг” гэснийг тус тус хассугай.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад С.Бод ял оногдуулсан заалтыг:

“Шүүгдэгч С.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил хорих ялаар”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялаар” гэж тус тус өөрчилж,

шүүгдэгч С.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял,

мөн шүүгдэгч Б.А, Б.Б, Б.Б, Д.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн заалтыг тус тус хүчингүй болгосугай.

4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг:

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан “Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг “Нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хорих ялаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

5.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан шүүгдэгч С.Боос 1.345.876 /нэг сая гурван зуун дөчин таван мянга найман зуун далан зургаа/ ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн ханшаар тооцон гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

6.Шүүгдэгч С.Б 1.345.876 долларыг улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээг бүрэн биелүүлэх хүртэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад заасан үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, төлбөр төлөгдсөн тохиолдолд битүүмжлэлээс чөлөөлөх, харин С.Б хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол битүүмжилсэн хөрөнгийг худалдан борлуулж, төлбөрт оногдох хэсгийг улсын төсөвт шилжүүлж, илүү гарсан хэсгийг буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

7.Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

Шүүгдэгч С.Бод холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн заалтыг хүчингүй болгож,

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт болгон” гэж өөрчилсүгэй.

8.Магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч С.Быг гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулсан, ял нэгтгэсэн, мөн шүүгдэгч Б.А, Б.Б, Б.Б, Д.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

9.Прокуророос Б.А, Б.Б, Б.Б, Д.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгч Б.А, Б.Б, Б.Б, Д.Г нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

10.Б.Б, Д.Г нарыг даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

11.Шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баяраа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                     ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                       Б.ЦОГТ

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН