Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0353

 

 

 

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Дундговь аймгийн Засаг даргад холбогдох 2008 оны 08 сарын 21-ний өдрийн 281 тоот захирамжид захиргааны хэргийн шүүхэд 2013 онд “Б” ХХК нэхэмжлэл гаргаж уг асуудлыг шийдвэрлэх явцад шүүхийн материалтай танилцаж үзсэний үндсэн дээр Дундговь аймгийн Засаг дарга 2014 онд А391 тоот захирамж гаргаж танай асуудал бүрэн шийдвэрлэгдлээ гэж хариу өгч асуудлыг шийдвэрлэсэн болно. Харин энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Х б” ХХК удаа дараагийн шүүх хуралдаанд оролцож байсан тул захирамж гаргасан асуудлыг бүрэн мэдэж байсан.

Иймд Дундговь аймгийн Засаг даргын гаргасан 2014 оны А391 тоот захирамж нь үндэслэлтэй гарсныг тус шүүх үгүйсгэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнд заагдсан 7949 м2 газарт автомашины тохижуулсан талбай 1786 м2 газар ороогүй гэж Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны А391 тоот захирамжийг гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 38-р зүйлийн 38.2, 38.3 дахь хэсгийн зарим хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн байх боловч аль хэсгийн ямар шаардлагыг газар эзэмшигч зөрчсөнийг шалган тогтоогоогүй байна.

Газрын тухай хуулийн 38-р зүйлийн заалтыг зөрчсөн гэж буруу дүгнэлт хийсэн нь шинжээчийн удаа дараагийн дүгнэлт Дундговь аймаг дахь захиргааны хэргийн шүүх “Х б” ХХК-ийн газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн материалд талуудын хүсэлт байгаагүй нь тодорхой харагддаг.

2. Үүний түрүү захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол нэгэнт хянагдаагүй тул хэргийн материалд байгаа учир энэ асуудлыг дэлгэрэнгүйгээр нь гомдолд оруулж тооцож байна.

Анхан шатны шүүх зөвхөн 2008 оны 03 сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ хүчин төгөлдөр байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2013 оны 10 сарын 03-ны өдрийн 529 тоот тогтоолын тогтоох хэсэгт “...газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гарсан Засаг даргын захирамж хууль бус гарсан үндэслэлээр уг гэрээг хучин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дурдсан. Энэхүү захиргааны маргаан бол газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн гарсан захиргааны акт буюу Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой маргаан юм.

Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 сарын 24-ний өдрийн А/391 тоот захирамжид “....иргэн Ц.С “Х б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хэмжээ, байршил зэргийг нягт тооцолгүй дээрх 7929 мкв газарт ороогүй аймгийн Засаг даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар “Б” ХХК-д автомашины зогсоолын зориулалтаар олгосон 1786 мкв талбай бүхий газрыг оруулан тооцож...” гэсэн агуулгыг нарийн заасан бөгөөд уг захирамжийн гол үндэслэл болсон гэж үзэж байна.

Засаг дарга захирамж гаргахдаа газрын хэмжээ, байршил зэргийг нарийн тооцолгүй шийдвэр гаргасан алдаагаа залруулан захирамж гаргасан захиргааны акттай холбоотой маргааны үндэслэлийг нэгэнт шүүхийн шийдвэрээр хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг нотлох баримт болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэхүү захиргааны маргааны талаарх Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 сарын 16-ны 17 дугаар тогтоолд газрын хэмжээ, байршлыг нарийвчлан тогтоосон дүгнэлтийг үнэлээгүй талаар заасан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын 2018 оны 11 сарын 30-ны өдрийн нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтыг анхан шатны шүүх огт үнэлээгүй, мөн тэдгээр нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл бүхий няцаалт өгч чадаагүй гэж үзэж байна. Шинжээч нарын 2018 оны11 сарын 30-ны өдрийн нэмэлт тайлбар “...гэрээ хийгдсэн 7929 мкв газарт аймгийн Засаг даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн 157 захирамжаар олгогдсон машины зогсоолын зориулалттай 1786 мкв газар ороогүй болно” гэж дүгнэсэн байдаг.

2008 оны 03 сарын 21-ний өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-д заагдсан 7929 мкв газар нь шинжээчийн дүгнэлт болон нэмэлт тайлбар зэргээс харахад 018 тоот гэрчилгээний 5424 мкв, 2000 оны 09 сарын 05-ны өдрийн 86 тоот захирамжаар 2400 мкв газрыг бөөний худалдааны цэг байгуулах зориулалтаар. 2000 оны 11 сарын 27-ний өдрийн 139 тоот захирамжаар 105 мкв газрыг үйлчилгээ явуулах цэг байгуулах зориулалтаар олгосон байдаг. Харин Дундговь аймгийн Засаг даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар олгосон газар дээрх гэрээгээр тогтоогдсон гэх газарт хамаарахгүй байгаа. 1999 оны 06 сарын 24-нд бичигдсэн 018 тоот гэрчилгээнд бичигдсэн 5424 мкв газарт 2005 онд аймгийн Засаг даргын 157 тоот захирамжаар олгогдсон 1786 мкв газар 6 жилийн дараа олгоно гэж урьдчилан бичээгүй нь ойлгомжтой тул энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 7 дахь талд “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-д заагдсан 7949 мкв газарт автомашины тохижуулсан талбай 1786 мкв газар ороогүй гэж Дундговь аймгийн Засаг дарга 2014 онд А/391 дүгээр захирамжийг гаргасан нь үндэслэлгүй юм” гэж дурдсан нь ойлгомжгүй, харин А/391 тоот захирамжийн үндэслэх хэсэгт 7929 мкв газарт ороогүй 1786 мкв газрыг оруулан тооцсон талаар заасан байдаг.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 0007 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь “Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн “г”, 29.3 дахь заалтуудыг үндэслэн “...”Б” ХХК-ийн эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180.0 м.кв, автомашины зогсоолын 1780.0 м.кв газрыг “Х б” ХХК-д олгосон аймгийн Засаг дарга 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамж”-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн ба гэрээ болон холбогдох баримтуудыг үндэслэн аймгийн Засаг дарга 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар худалдааны төвийн үйлчилгээний болон автомашины зогсоолын талбайн газруудыг “Х б” ХХК-д шилжүүлэн олгосон” гэж тайлбарлажээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК нь “Дундговь аймгийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар захирамжаар олгосон 2400 м.кв, 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 139 дүгээр захирамжаар олгосон 105 м.кв, 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр захирамжаар олгосон 5424 м.кв газрыг “Х б” ХХК-д шилжүүлэхээр 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Х б” ХХК-ийн захирал Ц.С болон “Б” ХХК-ийн захирал С.Д нарын хооронд “газар эзэмших эрх шилжүүлэх” тухай гэрээ байгуулсан байна.

“...2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр С.Д нь Дундговь аймгийн Мандалговь суманд байрлах 7949 м.кв талбай бүхий газрыг Ц.С-т үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохирч, энэхүү гэрээний 5 дахь хэсгийн нэмэлт нөхцөлд “үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болохыг зааж, үйлчилгээний төвийн өмнөх тохижуулсан машины талбайг эзэмшлийн гэрчилгээтэй олгож баталгаажуулан Ц.С-ийн мэдэлд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурсан байна” гэж дүгнэж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х б” ХХК-д холбогдох иргэнийг хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 529 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор “Х б” ХХК-ийн захирал Ц.С болон “Б” ХХК-ийн захирал С.Д нарын хооронд байгуулсан “газар эзэмших эрх шилжүүлэх” тухай гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэжээ.

Тиймээс Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаар “худалдаа, үйлчилгээний төв”-ийн зориулалтаар 4180 м.кв, “автомашины зогсоол”-ын зориулалтаар 1780 м.кв газрыг тус тус олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Нэгэнт газар эзэмшигч гуравдагч этгээд “Б” ХХК нь өөрийн эзэмшлийн “худалдаа, үйлчилгээний төв”-ийн 4180 м.кв, “автомашины зогсоол”-ын 1780 м.кв газраа нэхэмжлэгч “Х б” ХХК-д шилжүүлсэн нь гэрээ болон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжийг хүчингүй болгож гаргасан маргаан бүхий Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дээрх дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2019/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР