Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/0160

 

Ш.Баасанжаргал нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Д.Баянбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдорж, Б.Жавзандулам, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхсайхан нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ш.Баасанжаргал, П.Төмөрбаатар, Б.Баянбилэг, Г.Идэрсайхан, Э.Эрдэнэсүх нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Баасанжаргал, П.Төмөрбаатар, Б.Баянбилэг, Г.Идэрсайхан, Э.Эрдэнэсүх нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Баасанжаргал, П.Төмөрбаатар, Б.Баянбилэг, Г.Идэрсайхан, Э.Эрдэнэсүх нарын 5 айл болох Баянзүрх дүүргийн иргэд бид нар 2007 оноос өдий хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрх товчооны зүүн талд Хөлийн гол 3-25 гэсэн хаягтай газарт оршин сууж амьдарч ирсэн биднийг анх буухад ямар ч хашаа хороо хатгасан зүйл байгаагүй ба ямар нэг хүний эзэмшилд байгаагүй.

Бид 2007 онд энэ газрын талаар Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзориг болон газрын албанд хандахад Голын сав газар, цэвэр усны байгууламж, шугам явж өнгөрөх газар тул хэнд ч эзэмшүүлэхгүй гэдэг байсан. Энэ талаар бид Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хандаж өргөдөл гомдол гаргахад: Зуслангийн зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэх боломжтой гэж дүгнэлт гарсан хариу өгсөн юм. Гэтэл дээрх газрыг ямар ч иргэнд эзэмшүүлэхгүй гэж байсан мөртлөө Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзориг гэж хүн иргэн Ц.Базаррагчаа гэдэг хүнд 2007 оны 4 дүгээр сард захирамж гарган 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байгаагийн зэрэгцээ 1 хүнд 9228 м.кв талбайтай энэ их хэмжээний газрыг олгосон байдаг. Үүнээс хойш Ц.Базаррагчаа дээрх эзэмшлийн хэмжээний газраа 8 жил шахам ямар ч хэлбэрээр ашиглаагүй байхад дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзориг 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр А/113 дугаар захирамж гарган Ц.Базаррагчаагийн газрыг эзэмших эрхийг дахин сунгасан байна.

Одоогийн газар эзэмшдэг захирамжтай нь Ц.Базаррагчаа энэ газартаа 2015 оны 04 сараас зөвхөн хашаа барьж эхэлснээс өөр хэлбэрээр ямар ч зүйл хийгээгүй, ашиглаагүй, мод цэцэрлэгжүүлэлт хийсэн зүйл огт байхгүй. Иймд “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөн баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 9-д заасан Ц.Базаррагчаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 18655307702751 нэгж талбарын дугаар бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр захирамжаар Л.Хангайд олгосон гэх 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн хавсралтын 7-д заасан Ц.Базаррагчаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын газар хүссэн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 48-41 тоотод оршин суух Лхамсүрэнгийн Хангайд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг Хөлийн голд 18655307702751 нэгж талбарын дугаартай 9228 кв.м газрыг 5 жилийн хугацаатай ногооны газрын зориулалтаар олгосон. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор бусдын эзэмшил газрыг чөлөөлөхийг нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас мэдэгдсэн болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгодог бөгөөд дээрх нөхцөл байдал үүсээгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Өмч, газрын харилцааны бичиг хэргийн бүртгэлээс нэхэмжлэгч нарын нэрээр нэхэмжлэлд заасан хугацаанд ирүүлсэн өргөдлөөс шүүж үзэхэд байхгүй байна. Л.Хангай нь газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдөлдөө гадаад улсад элчин сайдын яамны ажлын онцлогоос шалтгаалж газраа ашиглах боломжгүй байсан, түүнчлэн газрын төлбөрийг 2011 он хүртэл тушааж, уг газартаа амины хашаа, зуслангийн сууц барин кадастрын зургаа хийлгэсэн тухай дурдаж 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, хугацааг сунгаж, эзэмших эрхийн нэр шилжүүлсэн байдаг. Иймд уг шилжүүлсэн захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн талд мод үржүүлгийн зориулалтаар 2 жилийн хугацаатай 9228 м.кв газрыг Л.Хангайгаас Ц.Базаррагчаад шилжүүлсэн ба захирамжийн 3 дахь хэсэгт Л.Хангайд холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул 2003 оны захирамжаар газар эзэмших эрх үүссэнийг баталгаажуулсан гэрчилгээ нь захиргааны актыг дагаж хүчингүй болсон байна. Иймд илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. Захирамж, гэрчилгээ 2-т дурдсан байгаа захирамжийн дугаарыг өөр өөр байна гэж нэхэмжлэлийн агуулгад дурджээ. Л.Хангайгаас Ц.Базаррагчаад эрх шилжсэн хувийн хэрэгт дээрх дугаарууд нь ижил байх тул нэхэмжлэлийн агуулгад дурдсан зүйл үндэслэлгүй байна.

Дүүргийн Засаг даргын 2003 оны 241 дүгээр захирамжийн хавсралт дүүргийн архивт хадгалагдаж үлдээгүй боловч энэ нь Л.Хангайд газар эзэмших эрх үүсээгүй гэж үндэслэл болохгүй юм. Учир нь Л.Хангайд захирамжийг үндэслэж гарсан гэрчилгээ, эрх шилжүүлэх 2010 оны 56 дугаар захирамж зэрэгт дурдагдсан байдлаас харахад Л.Хангайд газар эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Базаррагчаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хэргийн материалд нотлох баримтаар авагдсан Л.Хангайн иргэний үнэмлэхийн хуулбарыг дээд талд нь байрлуулсан газрын гэрчилгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр шийдвэр гэж, дангаар авагдсан газрын гэрчилгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр шийдвэр гэж газар эзэмшүүлэх үндэслэл болсон захирамжийн дугаар өөр өөр байгаа гэдэгт уг газар эзэмшүүлэх захирамж нь өөр өөр дугаартай бус нэг ижил дугаартай бөгөөд хувилах явцад нэг нь тод нөгөө нь бүдэг хэвлэгдсэн байдаг. Үүнд 841 тоот гэсэн захирамж огт үгүй болно. Л.Хангайд 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр шийдвэрээр газар эзэмшүүлсэн гэх боловч нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн 241 дүгээр шийдвэрийн захирамж нь 2003 оны 12 дугаар сарын 25-ны огноотой гэдэгт иргэн Л.Хангайд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул зөрлөг Хөлийн голд 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр шийдвэрээр газар эзэмших эрх олгогдсон байдаг. 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захирамж нь гарсан байдаг. Шийдвэр гарсны дараа захирамж гардаг. Кадастрын зураг нь 2010 оны 3 гэх огноотой гэдэгт 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хийхдээ гаргуулж авсан кадастрын зураг байдаг. Кадастрын зураг нь тухайн өдөр гаргуулж авч байгаагаараа он, сар нь гардаг. Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ ор үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Баасанжаргал, П.Төмөрбаатар, Б.Баянбилэг, Г.Идэрсайхан, Э.Эрдэнэсүх нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөн баталгаажуулах тухай тус захирамжийн хавсралтын 9-д заасан Ц.Базаррагчаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 18655307702751 нэгж талбарын дугаар бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дүгээр захирамжаар Л.Хангайд олгосон гэх 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн хавсралтын 7-д заасан Ц.Базаррагчаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Нэхэмжлэгч нарын газар хүссэн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, газрын албанд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримталж” гэж, мөн заалтын “тус” гэснийг “А/113” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Дарьжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий газрыг зарна гэж 2015 оны 4 сард ирэхээс өмнө нэхэмжлэгч нар бусдын газар гэж огт мэдээгүй. Тухайн газрыг эзэмшигч гэх Л.Хангай, Ц.Базаррагчаа нар Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээ ёсоор газрыг зориулалтаар нь ашиглаагүй зэлүүд орхисон буруутай үйлдэл, Л.Хангай газрын төлбөрийг 5 жилийн турш огт төлөөгүй, зориулалтаар нь ашиглаагүй нь нэхэмжлэгч нарын суурьшилтай холбоогүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл буй болсон байхад хууль зөрчин уг газрыг эзэмших эрхийг Базаррагчаад шилжүүлсэн болон хугацааг сунгасан Засаг даргын хууль бус ажиллагаа нь нэхэмжлэгч нарын оршин суух газраа чөлөөтэй сонгох үндсэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нар тухайн газарт суурьшиж цагаасаа эхлэн газар хүсэж өргөдөл гаргахад өргөдлийг хүлээж авахгүй хойшлуулсаар 2013, 2015 онд энэ талаарх өргөдлийг хүлээж авч тодорхойлолт өгсөн боловч хариу өгөхгүй хүлээлт үүсгэн чирэгдүүлж байсан. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” 56 дугаар захирамж гарахаас өмнө 2009 онд тухайн газар дээр нэхэмжлэгч нар суурьшиж байсан нь тэдний тайлбар болон хэрэгт буй зургаас харагдаж байдаг тул уг хууль бус захирамж нь нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Гэтэл шүүх нэхэмжлэгч нар эзэн нь мэдэгдэхгүй газарт ирж суурьшин амьдарсан байдлыг харгалзахгүй, Л.Хангайгийн гэх гэрчилгээг хүчингүй болгох хуулийг зохицуулалтыг хэрэг шийдвэрлэхдээ хэрэглээгүйгээс нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй, Засаг даргын шийдвэр үйл ажиллагаанд гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээх хууль бус дүгнэлтийг хийсэн. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаас үзвэл газар эзэмших гэрээ байгуулснаар талуудад эрх, үүрэг бий болж газар эзэмших эрх үүсэх үндсэн нөхцөл бүрдэх ба энэхүү гэрээнд үндэслэн гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэснээр газар эзэмших эрх баталгаажих тул газар эзэмших гэрээ хуулийн дагуу бүртгэгдсэн гэрчилгээ хоёр хамт байж газар эзэмших эрхтэй гэж үзэх болно. Хэргийн материалд цугларсан баримтаар Л.Хангайд газар эзэмшүүлсэн нь захирамжийн хавсралтаар тогтоогдоогүй.  

Мөн Л.Хангай нь газрын төлбөр төлөөгүй, гэрээнд үндэслээгүй гэрчилгээний хугацаа дуусаад 4 сар орчмын дараа Ц.Базаррагчаад тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 56 тоот "Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх" тухай захирамжийг шүүх хууль зөрчөөгүй хэмээн үзсэн нь буруу юм.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар Ц.Базаррагчаа нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдөл 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь өргөдөл гаргах хуулийн хугацааг зөрчсөн.

Шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан шийдвэр гаргах үндэслэлийг баримталсан атлаа Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжуудыг хууль зөрчсөн талаар дурдаагүй зэрэг нь логик зөрчилтэй хууль хэрэглээний алдаатай байна.

Нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 241 тоот захирамжаар Л.Хангайд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн тухай хариуцагч шүүхэд хүргүүлсэн тайлбартаа дурдсан атлаа нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн Л.Хангайд газар эзэмшүүлсэн 2 хувь гэрчилгээний хуулбарын нэгэнд нь 2003 оны 241, нөгөөд нь 2003 оны 841 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрчилгээ олгосноор тэмдэглэгдсэн байсан.  Энэ талаар нэхэмжлэгч нар нэмэгдүүлсэн шаардлагадаа дурдаж шүүхэд өгсний дараа 841 тоот шийдвэрээр олгосон гэх бичилт бүхий Л.Хангайгийн гэрчилгээний хуулбар хэргийн 59 хуудаснаас алга болж 241 гэх тоо бичиж засварласан баримтыг хуурамчаар бүрдүүлэн хэрэгт хавсаргасан байгааг шүүх хурлын үед алга болсон баримтыг үзүүлж тайлбарласаар байтал хуурамчаар бүрдүүлэн сольж хийсэн баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Баасанжаргал нарын 5 иргэн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2010 оны 3 дугаар сарын 2-ны 56 дугаар захирамж болон 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн а/113 дугаар захирамжийн Ц.Базаррагчаад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Л.Хангайд олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, газар хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшиж ашиглалт олгоогүй газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр иргэнд эзэмшүүлэх ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг маргаан бүхий газарт амьдрахаас өмнө уг газрыг бусдад буюу 2003 онд Л.Хангайд, 2008 онд Ц.Базаррагчаад шилжүүлэн эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь хэн нэгний эзэмшил ашиглалтад олгогдоогүй газар биш тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан маргаан бүхий газрын сансрын зураг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1563 дугаар албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нар нь 2011 оноос уг газарт суурьшсан болох нь тогтоогдсон, захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлт гаргасан гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй, газар эзэмших эрх зохих ёсоор үүсээгүй байхад дур мэдэн маргаан бүхий газарт амьдран суурьшиж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчсөн буруутай байна.

Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Л.Хангайд газар эзэмшүүлсэн захирамжийн хавсралт байхгүй, он сар зөрүүтэй, гэрээний хугацаа дууссан, газраа зохих журмын дагуу ашиглаагүй байхад газар эзэмших эрх шилжүүлсэн, гэрчилгээний хугацааг сунгасан” гэх гомдлын хувьд:

Хавтаст хэрэгт Л.Хангайд газар эзэмшүүлсэн гэх захирамжийн хавсралт байхгүй, гуравдагч этгээдийн зүгээс гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй байхад газар эзэмших гэрчилгээг сунгасан, бусдад шилжүүлсэн зэргээр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна.

Гэвч энэхүү зөрчил нь газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшигч гуравдагч этгээд болон захиргааны байгууллага хоорондын харилцааны асуудал болохоос газрыг зохих ёсоор эзэмших эрх үүсээгүй нэхэмжлэгч нарт уг маргаан бүхий газрыг эзэмшүүлэх хууль зүйн үр дагаврыг үүсгэхгүй юм.

Нэхэмжлэгч нараас “захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлт гаргасан боловч шийдэж өгөөгүй, хүлээлгэж байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Учир нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан тухайн үед нь эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах боломжтой байжээ.  

Тодруулбал, нэхэмжлэгч бусдын эзэмшил газарт бууж амьдарч байсан нь  нэхэмжлэгчид уг маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмших давуу байдал үүсгэх, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хөндөх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ