Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 531

 

 

 

 

 

 

 

 

   2019        04          04                                        2019/ШЦТ/531

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Э.Чингис, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч М.Батхишиг,

Иргэдийн төлөөлөгч У.Эрдэнэдалай,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт Н.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 0108 0507 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Н.Б,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн 6 дугаар хороо Шугуйн 20 тоотод оршин суух гэртээ, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ах Н.Чулуунбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж түүнийг түлхэж унагаан, мөн толгойн оройн хэсэгт нь түлээний хагалсан модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                  /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн 6 дугаар хороо Шугуйн 20 тоотод оршин суух гэртээ, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ах Н.Чулуунбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг түлхэж унагаан, мөн толгойн оройн хэсэгт нь түлээний хагалсан модоор цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Талийгаач 1968 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Манай аав, ээж хоёр 2004 онд салаад ах бид хоёр ээжтэйгээ амьдрах болсон. Талийгаач эрүүл үедээ илүү дутуу зангүй, хүнд их тусархаг хүн байсан. Хэдийгээр ээж аав хоёр салсан ч гэсэн ах бид хоёр аавтайгаа холбоотой байсан юм. Би аавтай нас барахаас нь 14 хоногийн өмнө уулзсан. Намайг уулзах үед аав хэвийн байсан. Өвдөж зовлоо гэж янз бүрийн юм яриагүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аавыг нас барсан гэж сонссон. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аав над руу яриад цалингаа авчихлаа маргааш данс руу чинь мөнгө хийе гэсэн. Тухайн үед аав өөрийгөө Өлзий ахынд байна удахгүй гэрлүүгээ харина гэж байсан. Утасны цаанаас ярихад сонин яриад байсан. Би архи уучихсан юм байх л гэж бодсон. Би талийгаачийн ажил явдалд оролцсон. Надад ямар нэгэн гомдол санал алга. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ах дүү нараасаа хэргийн талаар сонсож мэдсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-214/,

 

Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай хуурай ах Алтанхуяг идэж хийсэн. Тэдний гэрт байж байгаад 18.00 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ харихад манай нөхөр Өлзийбаяр машинаа янзлаад байж байсан.  Тэгсэн чинь нөхөр орж ирээд май энэ 60.000 төгрөг Чулуунбаяр хүүхэдрүүгээ шилжүүлчих гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө яасан юм бэ гэсэн чинь харилаа гээд явчихлаа гэсэн. Машин янзалж байхад Отгонбаяр, Батбаяр 2 үлдээд манай нөхөртэй байсан. Талийгаач Чулуунбаярыг явсаны дараа нэг цаг орчмын дараа Отгонбаяр явсан. Орой 21.00 цагийн орчим Отгонбаяр руу Батбаяр залгаад гэртээ харьсан юм уу гэхэд одоо харих гэж байна замдаа айлаар ороод тамхи ороогоод сууж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Батбаяр гэртээ харих гээд явсан. Тэгээд дахиж холбогдоогүй. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрийн хаалгыг тогшсон. Хаалгаа нээтэл Отгонбаяр хүүхэдтэйгээ ороод ирсэн. Орж ирчихээд Отгоо эгчээ гээд байсан яасан юм бэ гэтэл Чулуунбаяр ах нас барчихсан байна замд байна шүү дээ гэсэн. Тэгээд бид нар яваад очтол дээшээ харсан байдалтай осгож нас барсан байсан.  Ах дүүсээрээ харилцаа холбоо сайтай. Яахав архи дарс уудаг ч гэрийхэндээ нэр хүндтэй гэх мэдүүлэг /1-р хх-н 32-33/

 

Гэрч Н.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 09.00 цагийн орчимд манай ах Чулуунбаяр ажилдаа явсан. Тэгээд орой 17.00 цагийн орчимд ажлаа тараад гэрт орж ирэхдээ өнөөдөр ахынх нь төрсөн өдөр болж байна ганц хоёр юм уучих уу гэсэн. Тэр үед гэрт Батбаяр, манай хүү бид 3 байсан. Тэгээд бид нар дэлгүүр явж талийгаач дэлгүүр лүү орж 2 шил 0.75 литрийн архи аваад Мандах ахын гэрт очсон. Мандах ахын гэрт очиход Баатараа, Цэвээнжав, Мандах нар байсан. Тэгээд нэг шил архиа уугаад сууж байхад Мандах ах надад мөнгө өгөөд тамхинд явуулсан. Намайг тамхи аваад орж ирэхэд Мандах, Баатараа хоёр хоолноосоо болоод маргалдаад байж байхаар нь би харьцгаа гээд талийгаачийг, Батбаярыг, хүүгээ аваад харьсан. Гэрт очиход цаг 21.00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Гэртээ ирээд талийгаач Батбаяр бид нар үлдсэн нэг шил архиа хувааж уусан. Тэр архиа ууж байхад талийгаач согтсон байдалтай Батбаяр руу агсраад байсан. Хагархай Болороод хэлж чамайг алуулна чамайг Налайхад шилжүүлэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би талийгаач ахад хандаж ах минь одоо болно гэж хэлтэл за за болъё төрсөн өдөр шүү дээ гээд больсон. Тэгээд би тамхи ороож аваад гадагш бие засах гэж гараад тамхилчихаад эргээд орж ирэхэд талийгаач ах дахиад агсам тавиад байж байсан. Тэгснээ гэнэт Чулуунбаяр ах агсраад босоод ирэхэд нь Батбаяр унтаач гээд ахыг түлхчихсэн. Түлхэхэд нь талийгаач ах хойш тархиараа савж унасан. Тэгэхээр нь би гүйж очоод Батбаярыг барьж аваад боль гэж хэлтэл Батбаяр би явлаа Мандахын гэрт очиж хонолоо гээд гараад явсан. Батбаярыг гараад явсаны дараа би хүүтэйгээ унтаад өгсөн. Чулуунбаяр ах ганцаараа юм ярьж байгаад унтсан. Тэгээд намайг өглөө 08.00 цаг өнгөрөөгөөд сэрэхэд Чулуунбаяр ах орныхоо хажуу тал руу шалан дээр бөөлжсөн байсан. Тэгэхээр нь би босоод бөөлжсийг нь цэвэрлээд хоолоо халаагаад хоол идэх үү гэсэн чинь идэхгүй гээд байхаар нь ядаж халуун цай уучих гэсэн чинь уухгүй гээд байсан. ...орой 19.00 цагийн орчим харихад Чулуунбаяр ах дахиад газар бөөлжчихсөн орондоо хэвтэж байхаар нь би орж бөөлжсийг нь цэвэрлээд орондоо орсон. Тэгэхэд ах ерөөсөө зүгээр болохгүй байна шартах гэдэг чинь ийм аймаар юм уу гээд байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ах намайг унтаж байхад ажилдаа явчихсан байсан. Тэгээд би Гэрэлт-Одынд болон Хуягаа ахынд идэшийг нь хийлцэж өгчихөөд харанхуй болж байхад Өлзийбаяр ахынд очсон.  Батбаяр өдөр гэрийн гадаа таарсан болохоор бид 2 хамт Хуягаа ахынд оччихоод Өлзийбаяр ахынд очсон. Өлзийбаяр ахын гэрт очихоос өмнө Цэвээнжавын гэрт ороход Чулуунбаяр ах, Цэвээнжав, Баатараа, Болдоо нар 0.75 литрийн Сайхан гээд архи уугаад сууж байсан. Тэр архинаас нь хамт уучихаад Чулуунбаяр, Батбаяр бид гурав Өлзийбаяр ахын машиныг янзлах гээд очоод янзалж байтал Чулуунбаяр ах өө наадах чинь мөдгүй юм байна удах юм байна гээд харихаар явсан. Тэгээд би араас нь 1 цаг орчмын дараа яваад очиход Чулуунбаяр ах ирээгүй манай хүү ганцаараа гэртээ байсан. Тэгээд би Чулуунбаяр ахыг буцаад явчихаж дээ гэж бодсон. Би харих замдаа замаараа хүргэн Гэрэл-Цолмонгийнд оччихоод гэртээ харьсан. Гэрэлцолмонгийнд байж байхад Батбаяр над руу залгаад Чулуунбаяр ах харьсан байна уу гэж асууж байсан. Тэгээд тэр шөнө Чулуунбаяр ах ирж хоноогүй. Маргааш өглөө нь 09.00 цаг өнгөрч байхад би хүүгээ дагуулаад Өлзийбаяр ахын гэрлүү явж байхад замд Чулуунбаяр ах хэвтэж байсан. Манай хүү эхэлж харсан байсан. Манай хүү хөөе Чука ахаа босоочээ гэхээр нь хартал талийгаач байсан. Очоод харахад гар царай нь цайчихсан сонин болчихсон байсан. Тэгээд би Өлзийбаяр ахынд очиж хэлээд цагдаа дуудсан. Намайг очоод харахад нас барсан нь тодорхой байсан. Талийгаач ах архи уухаараа Батбаяр руу байнга дайрдаг юм. Миний харснаар түлхэж унагаасан цохиж байхыг нь би хараагүй гэх мэдүүлэг / 1-р хх-н 34-37/

 

Насанд хүрээгүй гэрч О.Наранбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг өдөр Чука ахын төрсөн өдөр байсан юм. Чука ахын бүтэн нэрийг нь би мэдэхгүй. Бид нар гэртээ байж байгаад Батаа ах, Чука ах, аав бид нар Цоомоо ах дээр очиж уулзаж аав Отгоо, Цоомоо ахаас архины мөнгө авсан.  Дараа нь 2 шил жижиг архыг Хуягаа ахын дэлгүүрээс очиж авсан. Тэндээсээ шууд Мандах ахын гэрт нь очсон. Мандах ахын гэрт манай аав Отгоо, ах Чука, ах Батаа, нар Мандах ахтай нийлж 2 шил архийг ууж суусан. Нэг шил архиа ууж дуусгаад 2 дахь шил архиа ууж талдаа оруулаад бид нар гэртээ харьцгаасан. Архи их ууснаасаа болоод аав Отгоо, ах Чука, ах Батаа нар хоорондоо муудалцсан. Би тухайн үед орондоо ороод хэвтэж байсан болохоор маргалдах чимээ нь сонсогдоод байсан. Чука ах Батаа болилдоо гээд байхаар нь би харсан чинь түлээний хайрцагнаас Батаа ах хөрөөдөж тайрч хагалсан богино модыг авч хаалган талын цонхны дэргэдэх түшлэгтэй сандал дээр Чука ахыг сууж байхад нь толгойн хэсэгт нь 3 удаа цохьсон. Эхний 2 удаагийн цохилтон дээр сандал дээр сууж байгаад 3 дахь удаагаа цохиход нь шалан дээр унасан. Дараа нь Батаа ах шууд гэрээс гараад явчихсан. Чука ах цохиулсан газраа хэвтээд байсан чинь аав очоод тэврээд орон дээр гаргасан. Намайг өглөө босоод харахад Чука ах бөөлжөөд байсан. Тэр өдөржин гэртээ хэвтсэн. Аав бид хоёр Гэрэлт-Од ахынд очсон. Орой 6.00 цагийн орчимд бид хоёр гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Чука ах уушиг өвдөөд байна гээд гал түлээд сууж байсан. Маргааш өглөө нь намайг босоход Чука ах ажилдаа явчихсан байсан гэх мэдүүлэг / 1-р хх-н 45-49/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08шэ/80 дугаартай:

Цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн.  

Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хугарал, их тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн толгойн дух болон зулай хэсэгт цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна. Талийгаачийн цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн гавал тархины гэмтэл нь үүсээд 48-аас дээш цаг хугацаа өнгөрсөн байна гэх шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зураг /1-р хх-ийн 51-58/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 756 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй:

Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалаас үзэхэд талийгаачид осголтын шинж тэмдэг тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно. Шүүх эд эсийн шинжилгээнд талийгаачийн эд эсийн шинжилгээний дээжийг дахин уншуулахад дээрх гавал тархины гэмтэл 48 цагаас дээш хугацааны өмнө үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цусан хураа нь аажим нэмэгдэж тархийг дарах хүртэл өөрийн ухаантай, идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Энэ үеийг саруул үе гэдэг болно. Цаг алдалгүй мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. Тухайн гэмтлийн үед толгой өвдөх, дотор муухайрах болон бусад тархины гэмтлийн шинжүүд илэрч болох бөгөөд хүнд зэргийн согтолттой үед уг шинж тэмдгүүдийг бүдэгрүүлнэ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон  гавал тархины битүү гэмтэл нь толгойн орой хэсэг хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал уг хэсгээр цохих, цохигдох, унах гэх мэт үед үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлт /2-р хх-н 238-239/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1125 дугаартай:

Н.Батбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Н.Батбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Н.Батбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Батбаяр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 60-62/

 

Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Талийгаач нь гавал тархины гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд явах ухамсарт үйлдэл хийх боломжтой учраас хэрэг болсон гэх 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр уг гэмтэл нь үүссэн байх боломжтой. Мөн шүүх эмнэлгийн 08шэ/80 тоот дүгнэлтэнд талийгаачийн гавал тархинаас авсан хатуу хальс бүхий бүлэнг хугацаа тогтоох зорилгоор шүүх эд эсийн нэмэлт шинжилгээнд явуулахад уг бүлэн үүсээд 48 цагаас дээш цаг өнгөрсөн байна гэсэн нь дээрх цаг хугацаанд гэмтэл авсан болохыг баталж байна. Гавал тархины гэмтэл авсан үед толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огих, босож явах үед гуйвах шалтгаанаар хэвтрийн байх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүнд зэргийг согтолттой үед тухайн хүний бие махбодийн онцлог, хоол унд идсэн байдал, архи даах чадвар, архаг суурь өвчин зэрэг байдлуудаас шалтгаалж төв мэдрэлийн болон сэтгэхүйн талаас өөрчлөлт илрэх нь хувь хүн бүрд харилцан адилгүй байдаг гэх мэдүүлэг /1-р хх-н 77-78/

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 3/

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-н 4-8/

-мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1-р хх-н 9/

-цогцос болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 10-11/

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-н 16-22/

-Н.Чулуунбаярын нас барсаныг бүртгэж олгосон гэрчилгээний хуулбар /1-р хх-н 107/

 

Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 18-19 цагийн хооронд талийгаач Чулуунбаяр ажлаасаа ирэхэд нь Отгонбаяр бид хоёр төрсөн өдрийн бууз чимхээд байж байсан. Талийгаач гол гарья ахых нь төрсөн өдөр юм чинь ганц шил архи ууя гэсэн. Тэгээд Отгонбаяр, Чулуунбаяр, Наранбаяр нарын хамтаар Мандалын гэрт орсон чинь Баатараа, Улаанаа, Мандах 3 нэг шил 0.75 литрийн архи уугаад сууж байсан. Тэгээд тэр архинаас нь уугаад сууж байтал талийгаач Чулуунбаяр, Улаанаа, Баатараа хоёрт 5000 төгрөг өгөөд архинд явуулсан. 0.75 литрийн архи авчирсаныг уучихаад харихаар бид нар гарцгаасан. Гэртээ ирэнгүүтээ ор орондоо орцгоосон. Тэгсэн чинь талийгаач Чулуунбаяр цагаан хэрэглэлийг сольчихсон байсан чинь оронд ороод нөмрөх гэсэн чинь уурлаад босч ирсэн. Тэгэхээр нь би талийгаачийг түлхэж унагаахад талийгаач орны толгойн дээр байдаг шүүгээг мөргөж унасан. Тэгснээ намайг ална гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би түлээний хайрцагнаас эрхий, долоовор хуруу бөөрөнхийлж нийлүүлсэн хэмжээний диаметртэй богинохон түлээний модыг авч толгойн орой хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгэхэд талийгаач намайг ална гэхээр нь би хувцасаа өмсөөд орны толгойд байх шүүгээнээс ногоон иштэй хутга авч гараад гадаа байх жижиг амбаарын дээврийн хар цаасны завсар нуусан. Учир нь талийгаач Чулуунбаяр ах, Отгонбаяр ахтай хэрэлдэх байх гэж бодсон юм. Тэндээсээ шууд Улаанаагийн гэрт очоод нөгөө хоёр маань агсам тавиад унтуулахгүй юм шиг байна танайд хоночихье гэж гуйж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 11-12 цагийн орчимд Отгонбаяр, Улаанаагийнд гүйж ирээд талийгаач бөөлжөөд байна гэж хэлэхээр нь би шартчихсан биз гэж хэлсэн. Тухайн үед би том ах Өлзийбаярын машиныг янзалж байсан чинь Өлзийбаяр ахын эхнэр нь зул ороох хөвөн байхгүй гэж хэлэхээр нь манайд хөвөн байгаа би очоод аваад ирье гэж хэлээд гэртээ очиж хөвөн авах үед талийгаач хэвтэж байхаар нь яасан бэ гэхэд үхлээ гэж хэлэхээр нь дүү нь ганц юм олж ирэх үү гэхэд үгүй ах нь ууж чадахгүй юм шиг байна гэж хэлэхээр нь буцаад хөвөнгөө аваад Өлзийбаяр ахын эхнэр Отгонцэцэгт өгсөн. Тэгээд орой нь би Мандахын гэрт хоносон. Өглөө нь Отгонбаяр орж ирээд талийгаач өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Талийгаачийн цогцос нь Баатраагийнхаас холгүйхэн модон дотор байсан юм. Би талийгаачийг эхэлж түлхэж унагаах үед орны дээд хэсэгт байх шүүгээг ар хэсгээрээ мөргөж унасан. Босч ирээд ална гээд дайрхаар нь түлээний хайрцагнаас богинохон бургас аваад толгойн орой хэсэгт нь нэг удаа цохисон. Талийгаач намайг заамдаж л авсан. Миний биед гэмтэл учруулаагүй. Бид нарын согтолтын зэрэг гайгүй байсан. Би тухайн үед Чулуунбаярыг цохисон модоо түлээний хайрцагт хийчихээд яваад өгсөн. Тухайн үед Чулуунбаяр ах намайг зуураад заамдаад авчихсан байсан юм тэгэхээр нь би нэг л удаа толгойн оройн хэсэгт нь модоор цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Н.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 100/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 99/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдийн төрсний лавлагаа, хүүхдийн талаарх баримт, гэрэл зураг /1-р хх-н 176-180/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, насанд хүрээгүй гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Н.Б нь үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогчийг түлхэж унагасан, модоор толгой руу нь цохисоны улмаас хохирогчийн гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хугарал, их тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл үүссэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, энэ үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэстэй.

 

Гэмт хэргийн талаар гэрч Н.Отгонбаяр, насанд хүрээгүй гэрч О.Наранбаяр, шүүгдэгч Н.Б нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нь өөр хоорондоо зөрүүгүй, амь хохирогчийн толгойн хэсэгт гэмтэл үүсч болох үйлдэл болсон, гавал тархинд гэмтэл учирсан тухай агуулгатай байх ба хоорондоо уялдаа холбоотой байна.

Тухайн хэрэг учрал болсон гэх байр нь хавтаст хэргээс үзэхэд нэг хэсгээс бусад хэсэгт юу болж байгаа нь харагдахаар зохион байгууллтай байх ба үүдний хэсэгхэн газрыг намхан ханын пийшингээр тусгаарласан ч пийшингийн нөгөө талд болж байгаа үйлдлийг нөгөө талаас нь харах боломжтой байдалтай байна.

Гэрт амь хохирогч болон шүүгдэгч нарыг маргалдах, амь хохирогч шүүгдэгч рүү дайрах үед шүүгдэгч түлхэж унагах, толгой руу нь модоор цохих үйлдлийг бусад хүмүүс харах бүрэн боломжтой, хоорондын зай ойр болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харагдана. Иймд гэрч, насанд хүрээгүй гэрч нарыг болсон үйл явдлыг бүрэн харсан гэж дүгнэх нь зүйтэй.

 

Амь хохирогчид гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хугарал, их тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамрын угалзанд зулгаралт гэмтэл үүссэн. Амь хохирогч Н.Чулуунбаяр нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болохыг шинжээч эмч нар үзэж судлан тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байна. Гавал тархины битүү гэмтэл болон гавал тархины гэмтэл гэх ойлголт нь нэг ижил утгыг илэрхийлэнэ. Уг гэмтэл толгой, дух, зулай хэсэгт олон удаа цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэнэ хэмээн шинжээч дүгнэсэн. Унах үедээ толгойн хэсгээр гадны биетийг мөргөх нь цохих, цохигдох үйлдэлтэй адил гавалд гэмтэл учруулдаг. Толгойн бүрэлдэхүүн хэсэгт дух болон зулай хэсэг хамаарах ба амь хохирогч толгойн ар хэсгээр хатуу биет мөргөж унах үед дух ясны шугаман хугарал үүссэнийг, тархины зулай хэсгийн хатуу хальсан дээр цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа үүссэн нь 2 түүнээс олон удаагийн цохилтын улмаас үүссэнийг илэрхийлж байна. Харин хүн унах үед толгойн орой хэсэг болох зулай хэсэгт гэмтэл үүсэх боломжгүй юм. Цохих болон унахад үүсгэгдэнэ гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Амь хохирогч нь тухайн гэмтлийг биедээ авснаас хойш ямар хугацаа өнгөрсний дараагаар нас барсан эсэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь хохирохгүй байх боломжтой байсан эсэх нь хэргийн зүйлчлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Амь хохирогчийн гавал тархинаас хатуу хальс бүхий бүлэнг эд эсийн шинжилгээнд авч амь хохирогчийн гавал тархинд цусан хураа үүссэнээс хойш ямар хугацаа өнгөрсөнийг тогтоосон  нь шинжээчийн мэдүүлэгээр нотлогдож байх ба уг  цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархийг дарах хүртэл өөрийн ухаантай, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой гэжээ.

 

Шинжээчийн дүгнэлтэд осгосон гэх шинж тогтоогдсонгүй гэснээс үзэхэд амь хохирогч нас барсаны дараагаар цогцост хөлдөх үйл явц явагдсан нь хэргийн газрын үзлэг хийсэн “... цогцосыг хөдөлгөж доод хэсгийг нь үзэхэд цогцосны цээж, толгой хэсгийн  цас хайлсан...” гэх тэмдэглэлээр, цогцост задлан шинжилгээ хийх гэхэд хөлдүү байсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон мөрдөн байцаагчийн цогцос хөлдүү байсан тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн амь хохирогчийг модоор цохьсон болон түлхэж унагасан гэх үйлдэлүүд нь тус тусдаа гэмт хэргийн шинжийг агуулахгүй байх ба харин шүүгдэгчийн дээрх үйлдэлүүдийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч улмаар тодорхой цаг хугацааны дараа нас барж байгаа үйл явдал нь нэг үр дүн болох нас барсаныг илэрхийлж байх тул энэ үйлдэлийг хүнд гэмтэл учруулсан гэж үзэж болохгүй.

 

Амь хохирогчийн согтолтын зэрэг нь нас барахтай шалтгаант холбоогүй, зөвхөн хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсаныг нотлож байна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн нь амь хохирогчийн биед үүссэн гэмтлийн шинжийг бүдэгрүүлэх, шартсан гэх бодол санааг төрүүлж төөрөгдөлийн байдлыг үүсэгсэн байна. Ийм нөхцөл байдал үүссэнээр шинжээчийн дүгнэлтэд дурьдсанчлан яаралтай тусламж үзүүлж, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд амь нас аврагдах байсан боломжийг үгүйсгэжээ. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдоогүй гэсэн нь тэрээр эрүүл байсныг нотлож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн амь хохирогчийн эсрэг хийж буй үйлдэлийг байх ёстой, болдог зүйл гэж өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан байдал нь гэмт үйлдэл болж эсрэгээр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийг шүүгдэгч алана гэх санаа зорилго байхгүй байсан ч түлхэхэд унаж, юм мөргөж бие махбодидоо гэмтэл авах боломжтой, толгой руу модоор цохих зэрэг нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг мэдсэн атал Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бол биш.

 

Шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг анх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулж, яллагдагчаар татан байцааж, бусад ажиллагааг хийсэн. Энэ явцад 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилснээр тухайн хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн зарим ажиллагааг шинээр болон шинэчлэн хийсэн, улмаар яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, яллагдагч Н.Бт тухайн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулан, өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авсан байна.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ч.Болдбаатарын хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.

 

Хүнийг алах гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар араваас дээш  арван таван жил хорих, харин 2015 оны Эрүүгийн хуулийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар наймаас арван таван жил хорих ял болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмыг баримтлан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Бын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, амь хохирогч, шүүгдэгч нарын харьцааны байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Н.Б нь хэргийн учир нийт 690 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Байды овогт Н.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Быг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон зургаан зуун ер хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайх хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                         ШҮҮГЧ                                  Э.ЧИНГИС

 

                                         ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН